Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01331

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01331

 

 

Б.Мандхайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Мандхайн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монголын алт ХХК-д холбогдох

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6 872 712 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Мандхай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Жавхлан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Мандхай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний Б.Энхтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Мандхай нь Монголын алт ХХК-д эрх зүйн газрын хуульчаар ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүүхэд төрүүлж, улмаар хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаатай байх үедээ ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч хүлээн аваагүй шүүхэд хандсанаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэрээр шийдвэрлэснийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2373 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10 423 255 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Б.Мандхай нь 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Монголын алт ХХК-д хандан шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул ажилд авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан ч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.Мандхайн нэг өдрийн дундаж цалинг 81 818 төгрөгөөр тогтоосон. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 3 сар 18 хоногийн хугацаа буюу 84 хоногийн олговор 6 872 712 төгрөгийг хариуцагч Монголын алт ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Мандхай нь Монголын алт ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2007 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2373 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Б.Мандхайгийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хүсэлтийн дагуу 2373 дугаартай магадлалд заагдсан 10 423 255 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Хаан банк дахь түүний 5029640023 тоот дансанд шилжүүлж, компанийн ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд авах тухай Б/038 тоот тушаал гарсан. Б/038 тоот тушаалаар Б.Мандхайгийн өмнө ажиллаж байсан газар, нэгж, албан тушаал, цалин, хөдөлмөрийн нөхцөлийг хэвээр хадгалж шийдвэрлэсэн. Б.Мандхайг жирэмсний болон амаржсаны , хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд, мөн 2018 оны 1 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байгаа бөгөөд түүнийг ажлаас халах, чөлөөлөх талаар компанийн эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ хүчинтэй буюу компанийн ажилтан хэвээр байгаа. Компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчтэй уулзаж ажилдаа орох боломжтой талаар мэдэгдсэн боловч энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг тайлбарыг өгч татгалзсан байдаг. Улмаар компанийн байгууллагын хөгжлийн газраас 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Б.Мандхайтай биечлэн уулзаж Б/038 тоот тушаалыг танилцуулж, түүнээс ажилдаа хэзээ орох талаар тодруулахад би шүүхэд дахин хандах бодолтой байна, энэ асуудал шийдвэрлэгдсэний дараа ажилдаа орох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг өгч байсан. Мөн Б.Мандхайгийн хувьд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атлаа Үндэсний хөрөнгө орууллатын банкинд одоог хүртэл ажилласаар байгаа бөгөөд нөгөө талаас хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажлын байрандаа ажиллах үүргээ өөрөө биелүүлэхгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш Монголын алт ХХК-ийн эрх зүйн газарт хуульчийн албан тушаал дээр ажиллаагүй нь зөвхөн нэхэмжлэгч Б.Мандхайгийн өөрийн шийдвэр, хүсэл сонирхлоос хамаарсан. Нэхэмжлэгч 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл заалттай нийцэхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын алт ХХК-иас 6 463 622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мандхайд олгон үлдсэн 409 090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 118 367 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан давж заалдах гомдолдоо:

... Компанийн зүгээс 2373 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсны дараа түүнд 10 423 255 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Хаан банк дахь нэхэмжлэгчийн 5029640023 тоот дансанд шилжүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр ажилд эгүүлэн авах тухай Б/038 тоот тушаал гаргаж, танилцуулж гарын үсэг зуруулсан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны хооронд компанийн эрх зүйн газарт хуульчийн албан тушаалд ажиллаагүй нь зөвхөн нэхэмжлэгчийн өөрийн шийдвэр, хүсэл сонирхлоос хамаарсан. Тодруулбал, компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9-р сард нэхэмжлэгчтэй уулзаж ажилдаа орох боломжтой талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч "энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ" гэдэг тайлбарыг өгч татгалзсан. Нэхэмжлэгч Б.Мандхай Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж цалин хөлсөө авч байгаа. Нөгөө талаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны хооронд нэхэмжлэгчийг компанид ажиллуулахгүй байх сөрөг үйлдлийг компанийн зүгээс огт гаргаагүй. Гэтэл Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтын "ажилгүй байсан бүх хугацаа" гэдэг нь талуудын гомдлоор хэргийг давах, хяналтын журмаар хэргийг хэлэлцэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаа хамаарахаар байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж буй энэ хэрэг дээр ажилтны ажилгүй байсан хугацаанд ажил олгогчийн эсхүл ажилтны өөрийнх нь буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг гол болгох ёстой атал анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг үл хайхран хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны хооронд нэхэмжлэгч компанид ажиллаагүй нь компанийн зүгээс үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй атал нэхэмжлэгч өөрийн шийдвэр, үйлдэлдээ зөвхөн компанийг буруутгаж, улмаар ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байгаа бөгөөд хууль зүйн үндэслэлгүй шаардлага байна. Өөрөөр хэлбэл, манай компани нь энэ хэргийн хариуцагч биш. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 645 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Мандхайгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Мандхай нь хариуцагч Монголын алт ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 6 872 712 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч байгууллага ... компанийн удирдлагууд нэхэмжлэгчтэй 2017 оны 9 сард уулзаж ажилдаа орох талаар мэдэгдсэн боловч тэрээр ажлаа хийгээгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг нэн даруй биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн өдөр буюу 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Б.Мандхайг Монголын алт ХХК-ийн эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 470 222 төгрөгийг хариуцагч Монголын алт ХХК-аас гаргуулан Б.Мандхайд олгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-9 тал/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2373 дугаар хүчин төгөлдөр магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10 423 255 төгрөгийг хариуцагч Монголын алт ХХК-аас гаргуулан Б.Мандхайд олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 10-15 тал/

 

Ажил олгогч дээрх шийдвэр, магадлалыг биелүүлж Монголын алт ХХК-ийн ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Б/038 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.Мандхайг хуульчаар 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс ажиллуулахаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Мандхай нь ажилд эгүүлэн авах тухай тушаалтай 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр танилцсан талаарх бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 25 тал, ар тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч Монголын алт ХХК нь нэхэмжлэгч Б.Мандхайг ажлаас хууль бусаар халсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийг 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр биелүүлж нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон байх тул дээрх хугацааны нөхөн олговрыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн ажилгүй байсан хугацааны 79 хоногтой тэнцэх хэмжээний олговорт 6 463 622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр тооцож 6 463 622 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...нэхэмжлэгч Б.Мандхай нь ажилдаа ороогүй, тэрээр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь тогтоогдсон байхад ажилгүй байсан хугацааны олговрыг давхардуулан гаргасан гэсэн үндэслэл зааж байгаа боловч хууль бус шийдвэр гаргасан ажил олгогчийг уг хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор олгох үүргээс шүүхийн шийдвэр биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөр байгууллагад ажиллаж цалин хөлс авч байсан гэсэн үндэслэлээр чөлөөлөх боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Монголын алт ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118 370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ц.ИЧИНХОРЛОО