Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01626

 

Б.М-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалтай,

Б.М-н нэхэмжлэлтэй,

МХХК-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 6.872.712 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би М (МАК) ХХК-д эрх зүйн газрын хуульчаар ажиллаж байгаад 2014 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүүхэд төрүүлж, улмаар хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаатай байх үедээ ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч хүлээн аваагүй шүүхэд хандсанаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2373 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10.423.255 төгрөг гаргуулах өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр М ХХК-д хандан цалин хөлсийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан ч өнөөдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоогоогүй байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Б.М-н нэг өдрийн дундаж цалинг 81.818 төгрөгөөр тогтоосон. Иймд 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 3 сар 18 хоногийн хугацаа буюу 84 хоногийн олговор 6.872.712 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч МХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2007 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2373 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Б.М-гийн 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн хүсэлтийн дагуу 2373 дугаартай магадлалд заагдсан 10.423.255 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Хаан банк дахь түүний 5029640023 тоот дансанд шилжүүлж, компанийн ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд авах тухай Б/038 тоот тушаал гарсан. Б/038 тоот тушаалаар Б.М-гийн өмнө ажиллаж байсан газар, нэгж, албан тушаал, цалин, хөдөлмөрийн нөхцөлийг хэвээр хадгалж шийдвэрлэсэн. Б.М-г жирэмсний болон амаржсаны , хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд, мөн 2018 оны 1 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байгаа бөгөөд түүнийг ажлаас халах, чөлөөлөх талаар компанийн эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн шийдвэр гараагүй. Компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчтэй уулзаж ажилдаа орох боломжтой талаар мэдэгдсэн боловч энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг тайлбарыг өгч татгалзсан байдаг. Мөн Б.М-гийн хувьд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атлаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд одоог хүртэл ажилласаар байгаа бөгөөд нөгөө талаас хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажлын байрандаа ажиллах үүргээ өөрөө биелүүлэхгүй байна. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш М ХХК-ийн эрх зүйн газарт хуульчийн албан тушаал дээр ажиллаагүй нь зөвхөн нэхэмжлэгч Б.М-гийн өөрийн шийдвэр, хүсэл сонирхлоос хамаарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 6.463 622 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.М-д олгон үлдсэн 409.090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 118.367 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.370 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 645 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 1331 дугаартай магадлалыг эс хүлээн зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Шүүхээс 2017.09.25-2018.01.17-ны хооронд нэхэмжлэгчийг ажилгүй байсан, нөхөн олговор олгох ёстой хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх заалтын “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт хариуцагчаас хамаарсан, түүний буруутай үйлдлээс хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй, гүйцэтгэх боломж гараагүй, түүнээс хамааран цалин хөлсөө авч чадаагүй байх нөхцөл хамаардаг. 2017.09.25-2018.01.17-ны хооронд нэхэмжлэгч Компанид ажиллаагүй нь зөвхөн өөрийнх нь шийдвэр, хүсэл сонирхлоос хамаарсан. Компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9-р сард нэхэмжлэгчтэй уулзаж ажилдаа орох боломжтой талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч “энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ” гэдэг тайлбарыг өгч татгалзсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ХУДИХАШШ-ийн 2017 оны 2007 дугаартай шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч 2017.10.24-ний өдөр давж заалдах гомдол гаргасан. Нэхэмжлэгч 2017 оны 2007 дугаартай шийдвэр гарснаас хойш ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй бөгөөд Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан. Компанийн зүгээс ажилдаа орох асуудал нээлттэй байгаа талаар нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж байсан. 2017 оны 2007 дугаартай шийдвэр ИХШХШт хуулийн 120.1.1 -т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй, нэхэмжлэгчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаан 2017.11.17- ны өдөр болж Талууд хяналтын журмаар гомдол гаргаагүй тул ИХШХШт хуулийн 120.1.2-т зааснаар 2017.12.28-ны өдөр шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Ажилтны ажилгүй байсан хугацаанд хариуцагч эсхүл нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэхийг гол болгох ёстой атал шүүх энэ нөхцөл байдлыг үл хайхран хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 645 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1331 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.М-гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч МХХК-д холбогдуулан 6.872.712 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ажилгүй байсан үеийн олговор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.

Нэхэмжлэгчийг МХХК-ийн эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоосон Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн 2007 дугаар шийдвэр хүчин төгөлдөр байна /хэргийн 5-15 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, ажил олгогч 2018 оны 1 дүгээр сарын 18-ний өдөр Б/038 дугаар тушаал гаргаж,  нэхэмжлэгчийг хуульчийн ажилд томилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцна.

Түүнчлэн ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан, нэхэмжлэгч  ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гарсан  өдрөөс ажилд томилсон өдөр хүртэл хугацааны цалинтай тэнцэх  олговрыг шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоос бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн  буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй, нэхэмжлэгч 2018 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан ажилгүй байсан хугацааг 79 хоногоор тооцож, нэхэмжлэлээс 6.463.622 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/00645 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Жавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 118.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ