Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

       2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00645

              Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 63 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн М /РД: ШБ84052107/-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах “М”ХХК /РД:2095025/-нд холбогдох,

            ажилгүй байсан хугацааны олговор 6.872.712 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтөгс, хариуцагчийн төлөөлөгч Т.Жавхлан, гэрч Б.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тогмид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Мгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Б.М нь “М”ХХК-д эрх зүйн газрын хуульчаар ажиллаж байгаад 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүүхэд төрүүлж, улмаар хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаандаа ажил, албан тушаалдаа эргэн орох хүсэлтээ өгсөн боловч хүлээн аваагүйтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүйгээр ажил албан тушаалд авахгүй байгаа хариуцагч “М”ХХК-ийн хууль бус шийдвэрийг хүчингүйд тооцож, урьд эрхэлж байсан эрх зүйн газрын хуульч ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэснийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2373 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 10.423.255 төгрөг гаргуулах” өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Б.М нь шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсоны дараа 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “М”ХХК-нд хандан  шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон тул ажилд авч, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохыг хүссэн хүсэлтийг гаргасан ч өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговрыг сайн дураар олгож, ажилд эгүүлэн тогтоогоогүй явсаар ирлээ. Ажлаас халсан нь үндэслэлгүй болсныг шүүхээр тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр миний нэг өдрийн дундаж цалин хөлсийг 81.818 төгрөгөөр тогтоосон. Анхан шатны шүүхээр 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр миний хэргийг  хянан шийдвэрлэснээс хойш ажилгүй байсан хугацааны олговор 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 3 сар 18 хоногийн хугацаанд буюу ажилгүй байсан хугацаанд нийт ажлын 84 хоногийн ажилгүй байсан хугацааны олговор 6.872.712 төгрөгийг “М”ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

         Хариуцагчийн төлөөлөгч Т.Жавхлан шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Б.Мгийн “М”ХХК-нд холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны олговор 6.872.712 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.М нь “М”ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл гаргаж, тус маргааныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2007 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2373 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэсэн. Б.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс 2007 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр давж заалдах гомдол гаргасан байдаг. Харин хариуцагч болор манай компанийн зүгээс ямар нэгэн санал, гомдол гаргаагүй. Улмаар нэхэмжлэгчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр болсон ба талууд 2373 дугаартай магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаагүй тул 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2373 дугаартай магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Б.Мгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хүсэлтийн дагуу 2373 дугаартай магадлалд заагдсан 10.423.255 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хаан банк дахь түүний 5029640023 тоот дансанд шилжүүлж, компанийн ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ажилд авах тухай Б/038 тоот тушаал гарсан. Б/038 тоот тушаалаар Б.Мгийн өмнө ажиллаж байсан газар, нэгж, албан тушаал, цалин, хөдөлмөрийн нөхцөлийг хэвээр хадгалж шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг  иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй бол 2007 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болмогц /2017.11.02/ манай компани түүнийг биелүүлэх байсан. Гэтэл нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргасан учраас 2007 дугаартай шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.1.1-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үздэг тул манай компаний шийдвэрийг биелүүлэх боломжгүй, хойшлуулахаас аргагүй нөхцөл байдал үүссэн. Б.Мг жирэмсний болон амаржсаны , хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд, мөн 2018 оны 1 дүгээр сар хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг компаниас төлж байгаа бөгөөд түүнийг ажлаас халах, чөлөөлөх талаар компанийн эрх бүхий албан тушаалтнаас ямар нэгэн шийдвэр гараагүй, хөдөлмөрийн гэрээ хүчинтэй буюу компанийн ажилтан хэвээр байгаа. Компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9 дүгээр сард нэхэмжлэгчтэй уулзаж ажилдаа орох боломжтой талаар мэдэгдсэн боловч энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг тайлбарыг өгч татгалзсан байдаг. Б.Мгийн хувьд өөрөө хүсвэл шүүхийн шийдвэрийг үл харгалзан “М”ХХК-нд ажиллах асуудал нээлттэй байсан ба энэ талаар ч бид түүнд мэдэгдэж байсан. Улмаар компанийн байгууллагын хөгжлийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Мтай биечлэн уулзаж Б/038 тоот тушаалыг танилцуулж, түүнээс ажилдаа хэзээ орох талаар тодруулахад би шүүхэд дахин хандах бодолтой байна, энэ асуудал шийдвэрлэгдсний дараа ажилдаа орох эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн тайлбарыг Б.М өгч байсан. Мөн дахин Байгууллагын хөгжлийн газраас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.М тушаал танилцуулсаны дагуу ажилдаа ирээгүй учраас  утсаар ярьж, хэзээ ажилдаа орох, хуульчийн ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөл бүрдсэн, бэлэн байгаагаа мэдэгдэхэд  Б.Мгаас би очих боломжгүй, би шүүхэд нэхэмжлэл гаргасан тул ёс зүйн зөрчил үүсч байгаа тул ажилдаа очих боломжгүй гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Компанийн эрх зүйн газраас түүнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс өөрийг чинь ажилд буцаан оруулахаар манай ерөнхийлөгчийн тушаал гараад байна. Энэ талаар өөрт чинь бид мөн мэдэгдсэн. Иймд ажилдаа нэн даруй орно уу, б  ид хүн хүч багатай, ачаалал ихтэй ажиллаж байна, бидэнтэй яаралтай эргэж холбогдоно уу хэмээн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдэгдсэн. Гэвч өнөөдрийн байдлаар Б.М ажиллах үүргээ биелүүлэхгүй байгаа ажил тасалснаар бүртгэгдэж байна. Мөн Б.Мгийн хувьд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан атлаа Үндэсний хөрөнгө орууллатын банкинд одоог хүртэл ажилласаар байгаа бөгөөд нөгөө талаас хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байхад шүүхийн шийдвэрийг биелүүлж ажлын байрандаа ажиллах үүргээ өөрөө биелүүлэхгүй байна. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш “М”ХХК-ийн эрх зүйн газарт хуульчийн албан тушаал дээр ажиллаагүй нь зөвхөн нэхэмжлэгч Б.Мгийн өөрийн шийдвэр, хүсэл сонирхлоос хамаарсан. Нэхэмжлэгч анхнаасаа ажилдаа эргэн орох хүсэл сонирхол байхгүй, цаашид ч орохгүй болохыг дээрх нөхцөл байдлууд тодорхой харуулж байна. Компанийн хоёр нэгжийн удирдлагын шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хооронд маргаан үүссэний улмаас Б.М ажилдаа эргэж орж чадаагүй байна. Гэхдээ 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн дарамт шахалт байхгүй байхад ажилдаа эргэж ороогүй нь өөрийнх нь асуудал юм. Гэтэл нэхэмжлэгч үүндээ “М”ХХК-ийг буруутгаж, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилж буй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл заалттай нийцэхгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

       Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Цолмонгийн мэдүүлгийг  сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Баттогтох нь хариуцагч “М”ХХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 6.872.712 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 6.463.622 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 409.090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2373 дугаар магадлалаар нэхэмжлэгч Б.Мг “М”ХХК-ийн эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд эгүүлэн тогтоож, ажил байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10.423.255 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/038 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан Эрх зүйн газрын хуульчийн ажилд эргүүлэн авсан байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй юм.            

      Нэхэмжлэгч нь дундаж цалин хөлсийг тус шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/02007 дугаар шийдвэрт зааснаар тооцож, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 81.818 төгрөг гэж үзсэн нь үндэслэлтэй боловч ажилгүй байсан хугацааг ажлын 84 хоногоор тооцсон нь буруу байна.

        Иймд шүүх зөвтгөж тооцсон ба нэхэмжлэгч Б.Мн нэг өдрийн дундаж цалинг 81.818 төгрөгөөр тогтоож, дээрх нэг өдрийн дундаж цалин болох 81.818 төгрөгийг ажилгүй байсан 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ажлын 79 хоногоор тооцоход 6.463.622 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэстэй ба үлдсэн 409.090 төгрөгийн шаардлагыг хуульд заасан үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгов.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Б.Мг урьд эрхэлж байсан Эрх зүйн зохицуулалтын газрын хуульчийн ажилд томил гэсэн шүүхийн шийдвэр 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Компанийн эрх бүхий удирдлагууд 2017 оны 9 дүгээр сард Б.Мтай уулзаж ажилдаа эргэн орох боломжтой болохыг мэдэгдсэн боловч  уг асуудлыг шүүхээр шийдвэрлүүлнэ гээд өөрөө татгалзсан, 2018 оны 01 дүгээр сарын 18, 2018 оны 01 дүгээр сарын 19, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд удаа дараа ажилд орсон тушаал гарсан тул ажилдаа орохыг мэдэгдсэн боловч тэрээр ажилдаа ороогүйд “М”ХХК буруугүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

        Гэрч Б.Цолмон нь 2017 оны 9 дүгээр сард “М”ХХК-ийн захирал Н.Цэлмүүн нэхэмжлэгч Б.Мтай уулзах уулзалтыг зохион байгуулснаас бус уулзалтад биечлэн байлцаагүй тул тухайн уулзалтаар юуны тухай яригдсан болохыг тодорхой мэдэхгүй, харин 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б.Мг ажилд эгүүлэн авсан тушаал гарсан, түүнийг танилцуулсан, түүнээс хойш Б.М нь ажилдаа ирээгүй тухай гэрчилж байна.

        Нэхэмжлэгч Б.Мгийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэж байсан 2017 оны 9 дүгээр сард хариуцагч “М”ХХК-иас түүнийг ажилдаа эргэн орохыг санал болгож  компанийн захирал Н.Цэлмүүн нэхэмжлэгчтэй уулзаж байсан, нэхэмжлэгч Б.Мгаас ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээн дээр харилцан тохиролцоогүйгээс шүүхээр хэргийг шийдвэрлүүлсэн байдал нь нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэр гарсанаас хойш ажилд эргүүлэн авах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны олговрыг нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

        Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр гарч талуудын гомдлоор хэргийг давж заалдах болон хяналтын журмаар хянан хэлэлцэж, шүүхийн эцсийн шийдвэр гарч шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх бүх хугацаа ажилгүй байсан хугацаанд хамаарахаар байна.

         Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч байгуулагаас ажилгүй байсан хугацааны олговор 6.463.622 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 124.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа хэмжээнд ноогдох тэмдэгтийн хураамж 118.367 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн  тухай  хуулийн  69  дүгээр  зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М”ХХК-иас 6.463.622 /зургаан сая дөрвөн зуун жаран гурван мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Б.Мд олгон, үлдсэн 409.090 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124.920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжинд 118.367 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХБАЯР