Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 65

 

 

Ж.Эод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор А.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д,
шүүгдэгч Ж.Э,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж  шийдвэрлэсэн,  2016 оны  08 дугаар  сарын  22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Эод холбогдох 3 хавтас,  652 хуудас бүхий, 201510000283 дугаартай хэргийг хохирогч Ц.О, хохирогчийн өмгөөлөгч Х.Д нарын гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Э д холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч ‎Ж.Э нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, 35 дугаар зөрлөгийн Замын-Үүд, Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай засмал зам дээр 2015 оны 10 дугаар сарын 18-наас 2015 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Хово маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцсоны улмаас иргэн Д.Мийн жолоодож явсан *** УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж Д.Мийн амь насыг хохироож, иргэн М.Пийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, бусдад 8550000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Эыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгэдгч Ж.Эод тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,
Шүүгдэгч Ж.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ж.Эын эзэмшлийн Хово маркийн автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцагчийн 2016 оны 02 сарын 22-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болцогч Хас банкинд буцаан олгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.2 дахь хэсагт зааснаар шүүгдэгч Ж.Эоос 342000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ашид билгүүн ХХК-нд олгож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эоос 15053390 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Од 14397170 төгрөг, хохирогч М.Пид 656220 төгрөгийг тус тус олгож, хохирогч Ц.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас 126483691 төгрөгийг, хохирогч М.Пийн нэхэмжлэлийн шаардлагаас 3400000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Оийн 58234126 төгрөгний хохирол, хохирогч М.Пийн 1243780 төгрөгийн хохирлыг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 68 дугаар зүйлийн 68.2.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эод урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эод оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг,
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Ц.О давж заалдсан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтыг сольж хийсэн /хх-137/, миний хүүг байхгүй болохоос өмнөх он сартай 8 ширхэг баримт /хх-42/ наасан байх тул эзнийг нь олж шалгаж өгнө үү. Мөн авилгал авсан хэргээр ажлаасаа халагдсан өмгөөлөгч С.Н хүн өмгөөлөөд явж байгаа тул түүний ажлыг шалгаж өгнө үү. Байцаагч Өлзийжаргал ямар нэгэн сонирхлын үүднээс Эын цусыг шинжилгээнд явуулалгүй 22 хонож, цусыг ээдүүлсэн нь албан тушаалаа буруу ашигласан зүйл болсон. Би машиныг дахин үнэлүүлэх хүсэлтэй байна. Оршуулгын зардлыг их хассан байна, жишээ нь буудалд 30 гаран хүн хоносон, үүний мөнгийг, мөн 49 хоногийн мөнгийг бүтэн авмаар байна. Миний өнчин үлдсэн 3 жаахан охин, бэрийг бодож мэргэн зөв шийдэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч Х.Д давж заалдсан гомдолдоо: Хохирогч Ц.Оийн давж заалдсан гомдолтой санал нэг байгаа  бөгөөд хохирогч нарын хохирол бүрэн гүйцэт барагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар ЭБШХуульд заасны дагуу битүүмжилсэн Ж.Эын эзэмшлийн Хово маркийн автомашиныг Хас банкны мэдэлд буцааж олгох шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Прокурор А.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бүрдүүлсэн учраас хуурамч гэх зүйл байхгүй. Машины үнэлгээг давтан гаргуулах шаардлага байхгүй, машины хохирлын үнэлгээ, даатгалын хэмжээ нь гарчихсан байгаа. Энэ хэмжээгээр шүүх хохирогчид учирсан хохирлыг гаргуулахаар шийдсэн байгаа. Мөн хохирогч Ц.Оээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 126483691 төгрөгийг гэм хорын улмаас учирсан хохирол биш гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн хова маркийн машины эзэмшигч нь Хас банк. Тийм учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар машиныг эзэмшигчид нь буцааж шийдвэрлэх нь зүйтэй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул оролцогчдоос гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн 136, 42-р  хуудсанд байгаа баримтуудыг хохирогч талаас гаргаж өгсөн баримт байгаа. Үүнийг сольсон асуудал байхгүй. С.Н өмгөөлөгчийн хувьд хувь хүнтэй хамааралтай учраас энэ хэрэгтэй хамааралгүй гэж үзэж байна. Үүнийг харьяаллын дагуу шийдвэрлүүлнэ биз. Миний хүүхэд ноцтойгоор нас барлаа. Э нилээн хурдтайгаар явж байсан гэдгээрээ Э дайраад алчихсан нэг ёсондоо хүн амины хэрэг, авто осол биш гэсэн утгаар бичсэн байна. Үүнийг мөрдөн байцаалтын шатанд шалгаад тогтоосон байгаа. Өлзийжаргалын талаар өчнөөн удаа яригдаж байна. Өлзийжаргал нь албан тушаал буураад сахилгын шийтгэл ногдуулсан байгаа. Машины үнэлгээг хохирогчийн талаас зөвшөөрсний үндсэн дээр 220 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Энэ үнэлгээгээр хохирлыг тогтоочихсон байгаа. Хохирол төлбөрөөс хассан нь анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт бүгдийг нь нарийвчлан шүүж үзэхэд нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримт байгаагүй учраас шүүх хасч шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Д өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд 2 жилийн өмнөөс Хэнтий аймгийн Хас банкинд машин шилжсэн байдаг. Энэ машиныг хохирогч талд өгөх боломж байхгүй. Хас банкны өмчлөлийн машин гэж ойлгох хэрэгтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Э нь Хово маркийн ачааны шаланз 35-80 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.15 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Д.Мийн жолоодож явсан *** УНТ улсын дугаартай Ниссан кондор маркийн автомашинтай мөргөлдөж, Д.Мийн амь насыг хохироож,  иргэн М.Пийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан тул анхан шатны шүүх түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр заалтыг хангасан байна гэж үзлээ.

Хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Х.Д нарын давж заалдсан гомдлын дагуу хэргийг хянахад прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг 3 хавтасаар бүрдүүлж шүүхэд шилжүүлсэн ба гомдолд дурдсан 137, 42 дугаар хуудаснуудад авагдсан нотлох баримтыг сольсон, хуурамч нотлох баримт хавсаргасан нь аль хавтаст хэргийн хуудаснууд болохыг хохирогч тодорхой заагаагүй, мөн ямар нотлох баримт байсан, одоо ямар нотлох баримт болон өөрчлөгдсөн юм гэдгийг, эдгээр баримтууд нь хэрэгт ямар ач холбогдолтой байсан юм гэдгийг тус тус тодорхой бичээгүйгээс уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Хэргийг шалгасан мөрдөн байцаагч Даваацэрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н нар нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг сольсон гэдгийг үндэслэл бүхий нотлох баримтанд үндэслэж гаргаагүй ба шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н, мөрдөн байцаагч Даваацэрэн, Өлзийжаргал нартай холбоотой гомдлыг тухайн хүний холбогдох удирдах байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх ёстой болно. Шүүх энэ тухай гомдлыг хэлэлцэхгүй.

Шүүгдэгч Ж.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн 7.15 буюу саадыг тойрон гарахдаа өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчсөний улмаас энэ гэмт хэрэг гарсан ба шүүгдэгчийн гэм буруутай нь зам тээврийн ослын талаарх Дорноговь аймгийн Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2015-11-18-ны 96 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2016-04-05-ны 154 тоот дүгнэлт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний  2016-05-17-ны 211 тоот дүгнэлт, мөн хохирогч нарын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон 72, 472, 1365 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн болон хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд  зэргээр тус тус тогтоогдож байх тул анхан шатны шүүхээс түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэсэн нь үндэслэлтэй байна. Хэргийн нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн зүйлчлэл нь тохирсон байна.

Хохирогч Д.Мийн жолоодож явсан *** УНТ улсын дугаартай Ниссан Кондор маркийн автомашины эвдрэлийн талаарх  “Ашид билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлангаар 9.505.000 төгрөгөөр засварлагдах боломжтой нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 212-213/

Хохирогч Ц.О шүүгдэгчээс оршуулгын зардалд 9.638.171 төгрөг, 49 хоног хураасны зардалд 4.242.600 төгрөг,  автомашины үнэ 31.000.000 төгрөг, байрны зээлийн үлдэгдэл төлбөрт 58.234.216 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100.000.000 төгрөг бүгд 203.114.987 төгрөгийг,  хохирогч М.П нь эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 3.500.000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд нь хохирогчийн шарил, автомашиныг нь тус тус зөөхөд гарсан зардал болох автомашинуудын шатахууны болон ирсэн хүмүүсийн хоносон зочид буудлын зардал, оршуулгын зардал зэрэгт 7.765.520 төгрөг, 49 хоног хураахад гарсан зардалд 1.126.650 төгрөг,  хохирогчийн автомашины эвдрэлийг засварлахад гарах зардалд 9.505.000 төгрөг бүгд 18.397170 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзсэн ба үүнээс хохирогчийн эхнэр Б.Ганзулд шүүгдэгчээс урьдчилан өгсөн 4000.000 төгрөгийг хасч 14.397170 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Од олгуулах,  хохирогч М.Пийн эмчилгээний нотлох баримтаар тогтоогдож байгаа  656.220 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгохоор, үлдэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрхэх талаар дүгнэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.

Шүүгдэгч Ж.Эын өмчлөлийн Хово маркийн 35-80 ХЭҮ улсын дугаартай автомашин нь Дорноговь аймгийн Хас банкны 2015-02-03-ны 1390008427-01 тоот фидуцийн гэрээний зүйл /3-р хх-ийн 28-38/ болох нь тогтоогдож байгаа ба гэрээ ёсоор үүргийн гүйцэтгэл хангагдтал Хас банкны өмчлөлд 2015 оны 02 дугаар сарын 03-нд шилжсэн байх тул анхан шатны шүүхээс Хас банкны мэдэлд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн хэмжээ хязгаар нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг хэлэлцэх эрхгүй тул хохирогч Ц.Оийн зүгээс давж заалдах гомдолдоо хавсаргасан хохиролын талаарх шинээр гаргаж ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлэхгүй болно.

Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хохирогч Ц.О, түүний өмгөөлөгч Х.Д нараас гаргасан хавтаст хэргийн 137, 42 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтыг сольсон, хуурамч нотлох баримт хавсаргасан, эдгээр ажиллагаануудыг хийсэн мөрдөн байцаагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарыг шалгуулах,  гэмт хэргийн зүйлчлэл тохирохгүй байна,  хохирогчийн автомашины үнэлгээг дахин хийлгүүлэх, оршуулга, 49 хоног хураасны зардал хаслаа, шүүгдэгчийн эзэмшлийн Хово маркийн автомашиныг Хас банкны мэдэлд шилжүүлсэн нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Жигмэдийн Эод холбогдох Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны 76 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Ц.О болон түүний өмгөөлөгч Х.Д нарыг давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдсугай.  

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                    ШҮҮГЧИД                                      Г.ТЭГШСУУРЬ

                                                                                          А.САЙНТӨГС