Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/01555

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэртэй, Ш ХХК хариуцагч Х ХХК К-д холбогдуулан гаргасан батлан даалтын гэрээний үүрэгт нийт 490 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2019 оны 06 сарын 28-ны өдрийн Т/401 дугаар батлан даалтын гэрээгээр хариуцагч Х ХХК К нь Шунхлай трейдинг ХХК болон Сауд гоби коэл транс ХХК хоорондын газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг батлан даасан. Үүрэг гүйцэтгэгч нь шатахуун хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор төлбөр төлөх үүргийг хүлээсэн бөгөөд 2019 оны 08 сарын 04-ний өдөр төлөлт хийж эхлэх ёстой байсан. Гэвч өнөөдрийн байдлаар зээлээр худалдан авсан шатахууны төлбөр болох 392 058 600 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй 5 сар болж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 12 сарын 03-ны өдрийн байдлаар 214 949 478 төгрөгийн алданги үүссэн. Иймд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, гүйцэтгэж чадахгүй болсон тул Батлан даалтын гэрээнд заасан үүрэг гүйцэтгэгчийн гүйцэтгээгүй үүргийг хариуцах батлан даагчийн үүрэг Х ХХК К-д үүссэн байна. Нэхэмжлэгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК болон батлан даагч Х ХХК К-д гэрээнд заасан үүргээ биелүүлэх талаар бүх хэлбэрээр шаардлага тавьсан боловч үр дүн гарсангүй.

Иймд 2019 оны 06 сарын 28-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу үүссэн үндсэн төлбөр 392 058 600 төгрөг, 2019 оны 12 сарын 03-ны өдрөөр тооцсон алданги 214 949 478 төгрөг, нийт 607 008 078 төгрөгөөс батлан даалтын гэрээнд заасан хэмжээ буюу 490 000 000 төгрөгийг Х ХХК К-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Х ХХК К нь 2019 оны 06 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-тай Батлан даалтын гэрээ байгуулсан ч Сауд гоби коэл транс ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс цуцалсан. Энэхүү гэнэтийн хүчин зүйлээс хамаарч үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК-ийн гүйцэтгэвэл зохих үүргийг хариуцах нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр байгаа батлан даагчийн үүргээс татгалзах эрхтэй.

Нэхэмжлэгч нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ тус гэрээний жинхэнэ үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК-аас нэхэмжлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Манай компани Шунхлай трейдинг ХХК-аас нийт 593 062 400 төгрөгийн шатахуун авснаас 201 003 800 төгрөгийг төлж, 392 058 600 төгрөгийн өглөгтэй гэх тооцоо байгаа. Үндсэн үүрэг гүйцэтгэгчийн тухайд компанийн үйл ажиллагаа түр доголдсоны улмаас гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж байгаа боловч нэхэмжлэгч компанийн өмнө гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзаагүй байгаа болно. Шунхлай трейдинг ХХК-аас худалдан авсан шатахууны өр төлбөрөө ойрын хугацаанд өөрсдөө төлж барагдуулах бөгөөд энэ талаар Ш ХХК эрх бүхий хүмүүстэй уулзаж тохиролцохоор төлөвлөж байгаа билээ. Шунхлай трейдинг ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлээс үзэхэд тус компани 607 008 078 төгрөгийн авлагатай гэсэн байх ба манай компани алдангийг хүлээн зөвшөөрөхгүй талаар тус компанид албан ёсоор мэдэгдэж байсан.

Батлан даалтын гэрээний зорилго нь үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу үүрэг гүйцэтгүүлэгчийн эрсдэлийг бууруулах явдал юм. Иймд Х ХХК К-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х ХХК К-аас батлан даалтын гэрээний үүрэг 490 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 607 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 607 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл хууль зүйн хувьд тогтоогдоогүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч Шунхлай трейдинг ХХК нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сауд гоби коэл транс ХХК-ийг үүргээс чөлөөлж, батлан даагчид холбогдуулан шаардлага гаргаж буй нь гүйцэтгээгүй үүргийг зохих ёсоор гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах талаарх Иргэний хуульд заасан үүргийн болон гэрээний эрх зүйн зохицуулалттай нийцэхгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт заасны дагуу Х ХХК К нь Ш ХХК өмнө батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангах буюу нөхөх хариуцлага хүлээх ёстой. Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу шатахууны үнэ төлөх үүрэг хүлээх ёсгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.2 дахь хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Үүрэг үүсгэсэн худалдах, худалдан авах гэрээнд Х ХХК К оролцоогүй буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлд заасны дагуу шатахууны үнийг төлөх үүргийг хамтран хүлээгээгүй. Үндсэн үүрэг үүсэхгүйгээр батлан даалтын гэрээний үүрэг, хариуцлага гэж байхгүй бөгөөд шатахууны үнийг шаардах эрх Шунхлай трейдинг ХХК-д батлан даалтын гэрээний дагуу бус худалдах, худалдан авах гэрээний дагуу үүссэн нь ойлгомжтой. Нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэсэн үндэслэлээр тус компанийг төлбөр төлөх чадваргүй болсон гэж тайлбарлаж байгаа нь энэхүү хэргийн хувьд ач холбогдолгүйн зэрэгцээ уул тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон Сауд гоби коэл транс ХХК-ийн бичгийн тайлбар, гаргаж өгсөн нотлох баримтуудаар няцаагдаж байгааг шүүх анхаарч, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйд гомдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Шунхлай трейдинг ХХК нь хариуцагч Х ХХК К-д холбогдуулан батлан даалтын гэрээний дагуу нийт 490 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Сауд гоби коэл транс ХХК нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 35/

 

Хэрэгт авагдсан 2019 оны 06 сарын 28-ны өдрийн Т/401 дугаар Батлан даалтын гэрээ-г нэг талаас үүрэг гүйцэтгүүлэгч Шунхлай трейдинг ХХК, нөгөө талаас гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК, гуравдагч талаас батлан даагч Х ХХК К тус бүрийн эрх бүхий этгээдүүд байгуулж, уг гэрээгээр Шунхлай трейдинг ХХК болон Сауд гоби коэл транс ХХК нарын хооронд мөн өдөр байгуулагдсан Т/400 дугаар Худалдах, худалдан авах гэрээ-ний үүргийг Х ХХК К 490 000 000 төгрөгийн хэмжээнд батлан даах нөхцөлийг харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх 8-10, 11-16/

 

Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу талууд өглөг, авлагаа тооцон 2019 оны 09 сарын 30-ны өдрийн байдлаар Сауд гоби коэл транс ХХК нь Шунхлай трейдинг ХХК-д шатахууны үнэ 392 058 600 төгрөгийн өглөгтэй талаар акт үйлджээ. /хх 18/

 

Нэхэмжлэгч Шунхлай трейд ХХК нь үүрэг гүйцэтгэгч Сауд гоби коэл транс ХХК болон батлан даагч Х ХХК К-д худалдах, худалдан авах гэрээний болон батлан даалтын гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа бичгээр мэдэгдсэн нь хэрэгт авагдсан талуудын хооронд харилцсан албан бичгээр тогтоогдож байна. /хх20-26/

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэж Ш ХХК Х ХХК К-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Учир нь Батлан даалтын гэрээ-ний 3 дугаар зүйлийн 3.1, 3.16-д үүрэг гүйцэтгэгчээс үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байхаар, үүргээ гүйцэтгээгүй гэдгийг гэрээнд заасан хугацаа өнгөрснийг ойлгохоор, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэж чадах эсэхийг нотлохгүйгээр батлан даагчаас шаардах эрхтэй байхаар тус тус харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцах агуулгатай нийцнэ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 214 949 478 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тайлбарладаг боловч нэхэмжлэгч талаас гаргасан алдангийн тооцоололтой маргаагүй, уг тооцооллыг няцаах баримт өөрийн зүгээс гаргаж өгөөгүй болохыг дурьдах нь зүйтэй. Анхан шатны шүүх дээр дурдсан алдангийг үндсэн үүрэг болох 392 058 600 төгрөгийн 50 хувиар тооцон 196 029 300 төгрөгийн алданги төлөх үүрэг үүссэн тухай дүгнэсэн нь Т/400 дугаар гэрээний 4.3, 5.2 болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 460 дугаар зүйлийн 460.5.2-т заасантай нийцэж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 01-ний өдрийн 183/ШШ2020/01146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х ХХК К /түүний өмнөөс бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Сауд гоби коэл транс ХХК төлсөн/-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа 2020 оны 06 сарын 02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 607 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР