Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01593

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2019/01593

 

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдох

 

Ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Б-

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, П.Еркебулан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М-, Д.Х-

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 3 дугаар сард зарлагдсан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцон сонгон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн яамтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Үүнийг эс зөвшөөрч, үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж, харьяалах Иргэний шүүхэд хандсанаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1578 тоот шийдвэр гарч, үүний дагуу ажилдаа жилийн дараа буюу 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайдын Б/33 тоот тушаалаар эгүүлэн томилогдохдоо Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь хариуцагч Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Мөн өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийгдээгүй байгаа. Томилогдох тушаал гарахыг хүлээж байтал 2019 оны 4 дүгээр сарын эхээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул ажлаа хүлээлгэж өг, комисс очно гэсэн мэдээ ирсэн. Ингээд Улаанбаатар хотоос комисс ирж ажил хүлээж аваад, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Ажилд эгүүлэн томилогдоод 10 cap ажиллах хугацаанд ажил олгогч нь хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгээгүй. Томилогдсоны дараах хэдэн саруудад миний бие УБ-т ажлаар очих болгондоо хөдөлмөрийн гэрээгээ хийх талаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай уулздаг боловч ямар нэгэн шалтаг шалтгаанаар хойшлуулдаг байсан. Ажилдаа эгүүлэн томилогдож ажилласан энэ 10 сарын хугацаанд маш олон удаа ЭМЯ-ны Газар, хэлтсийн дарга нар утасдан ажлаа өг, өргөдлөө бич гэдэг тулган шаарддаг байсан.

Гэтэл намайг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт болон хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, дотоод аудитын дүнг үндэслэн 10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь тогтоогдож байх тул гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Аудитын дотоод дүгнэлтэд дурдагдсан Т.Б-ын шийдвэрээр хулдаас худалдан авсан гэсэн нь зөвхөн миний шийдвэр биш бөгөөд БОЭТ-д магадлан итгэмжлэлийн шалгалт ирэхтэй холбоотой 2017 оны 12 дугаар сарын захирлын зөвлөлөөр хэлэлцэн хамтын шийдвэр гарсан бөгөөд намайг 2018 оны 3 дугаар 15-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсанаас хойш нийлүүлэгдэн Б.Амаржаргал захирлын шийдвэрээр тасгуудад тараагдсан бөгөөд би ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсан гэх мэт надтай холбоотой нотлох баримт огт байхгүй надтай огт холбогдолгүй асуудлыг надтай холбон, зөвлөн туслах удирдамжтай ирсэн дотоод аудитын дүгнэлтэн доторх худалдан авалт хийсэн гэсэн үг үсгээр хөөцөлдөн, хариуцлага тооцон ажлаас халж байгаа нь хууль бус шийдвэр юм. Эрүүл мэндийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа хийгдээгүй, хуулиа зөрчсөн. Ажил хүлээлцсэн өдөр нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөр тооцож 2 сар 05 хоног буюу 49 хоногийн цалин нэхэмжилж байгаа. Үүнийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцоход нэг сарын дундаж 1 358 899 төгрөг, ажлын 22 хоногоор бодоход өдрийн цалин 61 768 төгрөг болж байгаа. Ингээд үүнийг 49 хоногт үржүүлэхэд 3 026 632 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Б-ыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Эрүүл мэндийн сайдын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, Т.Б-ыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн яамнаас хийсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын шалгалтаар дараах зөрчлийг илрүүлж, 2017 оны 3 дугаар сард Данитос ХХК-аас нэг метр нь 25 500 төгрөгийн үнэтэй, 850 метр нийт 21 675 000 төгрөгийн хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр авсан, төсөвт тусгаагүй тул өнөөг хүртэл төлбөр хийгдээгүй, данс бүртгэлд тусгалгүй иржээ гээд шалгалтаар илэрсэн зөрчилд дүгнэлт хийж дахин зөрчил гаргахгүй байх, санхүүгийн сахилга батыг сахиж ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл Т.Б- нь 10 000 000 төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг мэдсээр байж Динатос ХХК-аас худалдан авсан гэх хулдаасны үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн нь банкны баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 2018 онд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, хийсэн дотоод аудитын дүнг үндэслэн түүнийг 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Эрүүл Мэндийн Яамны Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Т.Б- давж заалдах гомдолдоо: 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримтын огноо нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан баримт байх бөгөөд хүлээн авсан гарын үсэг нь хэнийх болох нь тодорхойгүй гарын үсгийн тайлал байхгүй баримт. Хүлээлгэн өгсөн гарын үсэггүй. Энэ баримтаар Дина тос ХХК нь 21 675 000 төгрөгөө авсан гэж үзэж байгаа бол 9 500 000 төгрөгөөс бусад шилжүүлсэн баримт хаана байгаа нь тодорхойгүй. Тиймээс энэ баримт нэхэмжлэгчийг мөнгө шилжүүлсэн гэж нотлох баримт болохгүй. Дина тос ХХК-д зузаан хулдаас авах зардал биш, анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

2. Ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас халсан үндэслэлтэй тохирсон байх ёстой. Хариуцагч нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг баримталсан нь ажлаас халсан үндэслэлтэй тохироогүй. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материалын 6.2-д Т.Б-ын шийдвэрээр хулдаас худалдан авсан гэсэн нь Т.Б-ын хэдэн оны хэдэн сарын хэдний өдрийн ямар шийдвэрээр хулдаас худалдан авсан нь тодорхойгүй мөртлөө уг хулдаасыг 2017 оны 3 дугаар сард авсан гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ажлаас халагдсан байгаа. Ямар нэгэн төлбөрийн акт тогтоогоогүй болно. 2017 оны ажлыг шалгаагүй шалгах удирдамж ч байгаагүй. Уг хулдаас Б.Амаржаргал захирлын шийдвэрээр тасгуудад тараагдсан бөгөөд нэхэмжлэгч ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй, энэ талаар ямар ч нотлох баримт байхгүй, нотлогдоогүй асуудал болно. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримт нэхэмжлэгчид хамааралгүй бөгөөд ажлаас халагдсаны дараа гарч ирсэн баримт. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохдоо ямар ч үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, гарын үсэг зураагүй. Хариуцагчаас өгсөн уг гэрээнд нэхэмжлэгчийн гарын үсгийг дардас ашиглан хуурамчаар дууриалган зурсан, огноо засвартай гэрээ байсан бөгөөд уг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.5-д заасныг шүүх буруу үнэлж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт хамаарахгүй. Тэгээд ч дээрх зөрчил тогтоогдоогүй болно.

3. Эрүүл мэндийн сайд нь захиргааны албан тушаалтан тул түүний гаргасан тушаал шийдвэрийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа хийгдээгүй, хуулиа зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Эрүүл мэндийн яаманд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талуудын хооронд 2014 оноос хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд Эрүүл мэндийн сайд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 дугаар тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 5.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийсэн дотоод аудитын дүнг үндэслэн Т.Б-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-9, 11-20/ Уг тушаалд Т.Б- 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гомдлоо гаргасан нь хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх1-2, 22 дахь тал/

Хариуцагч тал нэхэмжлэгчийг ... 2017 оны 3 дугаар сард Данитос ХХК-аас нэг метр нь 25 500 төгрөгийн үнэтэй, 850 метр нийт 21 675 000 төгрөгийн хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр худалдан авч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, ... төсөвт тусгаагүй тул өнөөг хүртэл төлбөр хийгдээгүй болох нь аудитын шалгалтаар илэрсэн гэж маргаж, энэ үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан нөхцөл тогтоогдсон тохиолдолд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах эрхийг уг хуулиар олгосон байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч Т.Б-ыг дээрх хуульд заасан зөрчил гаргасан гэх үндэслэлээ нотлохоор Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материалыг шүүхэд гарган өгчээ. /хх-62-66/ Уг дүгнэлтийн 6.2 дахь хэсэгт тус төвийн дарга Т.Б-ын шийдвэрээр 2017 оны 3 дугаар сард Динатос ХХК-иас ... 21 675 000 төгрөгийн үнэтэй хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр авсан байна гэж тэмдэглэгдсэн байна. /хх-65/ Гэтэл нэхэмжлэгч Т.Б-ын гаргасан гэх шийдвэр нь хэрэгт авагдаагүйн гадна тухайн худалдан авах ажиллагаа хийсэн цаг хугацаанд Эрүүл мэндийн сайдын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч нь Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, уг албан тушаалд Б.Амаржаргал томилогдон ажиллаж байсан болох нь хэргийн 5,6 дахь талд авагдсан баримтуудаар нотлогдож байна. Иймээс Дотоод аудитын газрын шалгалтаар илэрсэн зөрчил нь нэхэмжлэгч Т.Б-ын буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул хариуцагч Рафлес Интернэшнл Монголиа ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзлээ.

Түүнчлэн хариуцагч байгууллага нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг зөрчсөн байна. Учир нь нэхэмжлэгч Т.Б-ын буруутай үйлдэл нь Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хяналт шалгалтаар илрүүлсэн гэж үзвэл уг хугацаанаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад хариуцагч тал 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 дугаартай тушаал гаргаж ажлаас халжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянана.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна гэж үзэж давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоон, ажлаас хууль бусаар халсан үр дагаврыг арилгахыг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б-ын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасны дагуу тооцоход 4 665 800 төгрөг болж байна. /2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл/

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 665 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-од олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД