Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 01371

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э яаманд холбогдох,

         

Ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнгөнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Т.Б миний бие 1996 онд Анагаах Ухааны Их сургуулийн Хүүхдийн эмчилгээний ангийг хүний их эмч мэргэжлээр, 2012 онд Удирдлагын Академийг төрийн удирдлагын менежерээр, 2014 онд төрийн удирдлагын магистраар тус тус төгссөн, анагаах ухааны боловсролын болон удирдахуйн ухааны магистр, хүүхдийн эмчийн ахлах зэрэгтэй. Мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан суралцаж, хүүхдийн болон дүрс оношилгооны хос мэргэжилтэй болсон. 1996 оноос өнөөдрийг хүртэл Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд их эмчээс эхлээд тасгийн эрхлэгч, аймгийн эрүүл мэндийн газрын дарга, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирал хүртэлх ажлыг хийж ирсэн.

Миний бие 2014 оны 3 дугаар сард зарлагдсан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцон сонгон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Э яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллах болсон.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Э яамтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажлллаж байсан.

Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дах заалтуудыг үндэслэн “санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Үүнийг эс зөвшөөрч, үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж, харъяалах Иргэний шүүхэд хандсанаар СБД-ийн ИХАШШ-н 2017.05.31-ний 1578 тоот шийдвэр гарч, үүний дагуу ажилдаа жилийн дараа буюү 2018.05.30-нд ЭМС-н Б/33 тоот тушаалаар эгүүлэн томилогдохдоо Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь хариуцагч Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Мөн өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо аваагүй, НДШ-ийн нөхөн төлж, дэвтэрт бичилт хийгдээгүй байгаа.

Жинхлэн томилогдох ёстой байсан учраас жинхэлсэн тушаал гарахыг хүлээж байтал 2019 оны 04 сарын эхээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул ажлаа хүлээлгэж өг, комисс очино гэсэн мэдээ ирсэн. Ингээд УБ хотоос комисс ирж ажил хүлээж аваад, 2019.03.29-ны Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн.

Ажилд эгүүлэн томилогдоод 10 cap ажиллах хугацаанд ажил олгогч нь хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгээгүй. Томилогдсоны дараах хэдэн саруудад миний бие УБ-т ажлаар очих болгондоо хөдөлмөрийн гэрээгээ хийх талаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай уулздаг боловч ямар нэгэн шалтаг шалтгаанаар хойшлуулдаг байсан.

Энэ 10 сарын хугацаанд аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг байнга ажлын байрны дарамт үзүүлдэг, ажлын цагаар олон эмч ажилчдыг өрөөндөө дуудан загнах, ажпын байран дээр телевиз авчран бужигнуулах гэх мэтээр дураараа авирлан улмаар ЭМЯ-нд бичгээр болон өөрийн биеэр очиж байнга худал мэдээлэл хүргэн ЭМЯ-наас 2018 оны 9 дүгээр сард ХШҮДАГазраас, 2019 оны 3 дугаар сард Эмнэлгийн тусламжийн газрын даргаар ахлуулсан 2 удаагийн хяналт үнэлгээ ирж ажил шалгаад явсан. Ажилдаа эгүүлэн томилогдож ажилласан энэ 10 сарын хугацаанд маш олон удаа ЭМЯ-ны Газар, хэлтсийн дарга нар утасдан ажлаа өг, өргөдлөө бич гэдэг тулган шаарддаг байсан. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын сүүлээр бүүр их эрчимжин 2019 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга утсаар, аймгийн Засаг дарга өрөөндөө дуудан Сайд чамд ойлгуул, чамайг ажлаа өг, өргөдлөө бичээд эмчээ хий, намын эмэгтэйчүүдийн холбооноос Сайдад дарамт ихтэй байна гэж дамжуулан хэлүүлж байсан. Би алдаа дутагдал гаргаагүй, ажпаа хийж чадаж байгаа, өмнөх шүүхийн шийдвэр бүрэн биелээгүй байна, өргөдлөө бичиж өгөхгүй гэсэн хариулт өгсөн.

Гэтэл намайг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах заалт болон хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, дотоод аудитын дүнг үндэслэн “10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь тогтоогдож байх тул” гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажпаас халсан.

Ажил огогч Д.Сарангэрэл нь надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 ба 3 дугаар заалтыг зөрчин ажил олгогчийн үүргээ биелүүлээгүй байж байгуулаагүй гэрээний 5.1.5 дахь хэсэг нь би юу байгааг мэдэхгүйгээр ажпаас халагдаж байна. Мөн хөдөлмөрийн гэрээ хийгээгүй байж надад үүрэг хариуцлага тооцон, Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйл заалтуудаар ажпаас халж байгааг би хууль бус гэж үзэж байна.

Тухайн аудитын дотоод дүгнэлтэнд дурьдагдсан Т.Бын шийдвэрээр хулдаас худалдан авсан гэсэн нь зөвхөн миний шийдвэр биш бөгөөд БОЭТ-д магадлан итгэмжлэлийн шалгалт ирэхтэй холбоотой 2017 оны 12 дугаар сарын захирлын зөвлөлөөр хэлэлцэн хамтын шийдвэр гарсан бөгөөд намайг 2018-3-15-ны тушаалаар ажлаас халагдсанаас хойш нийлүүлэгдэн Б.Амаржаргал захирлын шийдвэрээр тасгуудад тараагдсан бөгөөд би ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ямар нэгэн гэрээн дээр гарын үсэг зурсан гэх мэт надтай холбоотой нотлох баримт огт байхгүй надтай огт холбогдолгүй асуудлыг надтай холбон, зөвлөн туслах удирдамжтай ирсэн дотоод аудитын дүгнэлтэн доторх худалдан авалт хийсэн гэсэн үг үсгээр хөөцөлдөн, хариуцлага тооцон ажлаас халж байгаа нь хууль бус шийдвэр юм.

Эрүүл мэндийн сайд бол Захиргааны албан тушаалтан. Тиймээс ЗЕХ-н 27-д зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа хийгдээгүй, хуулиа зөрчсөн.

Иймд миний бие өөрийн хөдөлмөрлөх зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Ажил хүлээлцсэн өдөр нь 2019 оны 04 сарын 08-ны өдөр байгаа бөгөөд энэ өдрөөс өнөөдөр буюу шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 2019 оны 06 сарын 13-ны өдрөөр тооцож 2 сар 05 хоног буюу 49 хоногийн цалин нэхэмжилж байгаа. Үүнийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцоход нэг сарын дундаж 1,358,899 төгрөг, ажлын 22 хоногоор бодоход өдрийн цалин 61,768 төгрөг болж байгаа. Ингээд үүнийг 49 хоногт үржүүлэхэд 3,026,632 төгрөгийг нэхэмжилж байгаа.” гэв.

 

Нэхэмжлэгч Т.Бын өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрүүл мэндийн сайд 2019 оны 03 сарын 29-ний өдрийн Б/07 ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргахдаа МУЗГ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т заасныг үндэслэл болгосон байдаг бөгөөд энэ нь зөвхөн эрх олгосон заалт байдаг. Үүнд “хууль тогтоомжид өөрөө заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, эрхлэх захирлыг чөлөөлөх болон томилно” гэсэн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтны санаачлагаар цуцална гэсэн байдаг. Мөн 40 дүгээр зүйлийн 40.1.5-т зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан нь тогтоогдсон бол ажлаас чөлөөлж болно гэсэн байдаг. Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-т заасныг баримталсан байсан. Тухайн үед ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгчид хөдөлмөрийн гэрээний нэг хувь байхгүй байгаа учраас хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь заалт ямар заалт байсан эсэх талаар олж харах боломжгүй байсан. Нэхэмжлэгчийн өмнө нь байгуулж байсан хөдөлмөрийн гэрээнд 5.1.5 гэсэн заалт байгаагүй. Тэгэхээр энэ гэрээ шинэчлэгдсэн гэрээ болж таарч байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчилд тооцогдох заалтыг барьсан байна. Иймд ноцтой зөрчил гаргасанд тооцож байна уу, ажил олгогчийн итгэлийг алдаж буруутай үйлдэл, эс үйлдэхгүй тогтоогдсон гэж ажлаас халж байгаа эсэхийг шүүгч тодруулан асуухад, аль аль нь гэж хариулахад энэ асуултыг ойлгоогүй. Тийм учраас хөдөлмөрийн гэрээнд заасан 5.1.5-т заасан заалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтад хамааралгүй юм. Төрийн болон Орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3 дахь хэсгийг үндэслэсэн. Үүнд: “захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа ажил үйлчилгээг энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно” гэсэн байна. Тэгэхээр 2018 оны 11 сарын 07-ны өдөр 9,500,000 төгрөгийн төлбөрийн баримт дээр гарын үсэг зурсан асуудал нь энэ хуулийн заалттай нийцэж байгаа юм. 2018 оны 03 сарын 68 тоот тогтоол, мөн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 129 тогтоолоор босго үнэ нь 10,000,000 төгрөгөөс доошгүй байна гэсэн байдаг. Үүний дагуу босго үнийн дүнгээс доош байгаа учраас тухайн хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэв.

 

Хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнгөнцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Т.Бын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж, дараах тайлбарыг хариуцагчийн зүгээс гаргаж байна.

Т.Быг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн.

Учир нь Т.Быг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/98 тоот тушаалаар ажлаас чөлөөлж, СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний 1578 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоолгосон байдаг. Энэхүү шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын зүгээс биелүүлж, Т.Быг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэж дурдсан байна.

Эрүүл мэндийн сайд нь Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын түр орлон гүйцэтгэгч Т.Бтой 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд энэхүү Хөдөлмөрийн гэрээний 5.1.5-д “Ажилтны мэдлэг, ур чадвар хариуцлагагүй байдлаас шалтгаалж төсвийн хөрөнгө оруулалтыг зохион байгуулах, гүйцэтгэлийн хяналт, хөрөнгө оруулалтын үр дүнтэй холбоотой зөрчил гаргахыг хориглож”, 10.1.3-т “Гэрээний 5 дугаар зүйлийн аль нэг заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг зогсоох”-оор заасан байдаг.

Э яамнаас хийсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын шалгалтаар дараах зөрчлийг илрүүлж, 2017 оны 03 дугаар сард Данитос ХХК-иас нэг метр нь 25 500 төгрөгийн үнэтэй, 850 метр нийт 21 675 000 төгрөгийн хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр авсан, төсөвт тусгаагүй тул өнөөг хүртэл төлбөр хийгдээгүй, данс бүртгэлд тусгалгүй иржээ гээд шалгалтаар илэрсэн зөрчилд дүгнэлт хийж дахин зөрчил гаргахгүй байх, санхүүгийн сахилга батыг сахиж ажиллахыг зөвлөсөн байдаг.

Гэтэл Т.Б нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчин Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол, 2018 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаар 10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг мэдсээр байж “Динатос” ХХК-иас худалдан авсан гэх хулдаасны үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн нь банкны баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, 2018 онд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, хийсэн дотоод аудитын дүнг үндэслэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Төөмөөгийн Быг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Иймээс Т.Бын шүүхэд гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                            

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч Т.Б хариуцагч Э яаманд холбогдуулан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч Э яам нь нэхэмжлэгч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж маргасан.

 

          2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэгт 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр утсаар мэдэгдсэн боловч хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэгийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан болох нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Албан тушаалд эгүүлэн томилох тухай Б/38 дугаар тушаалын болон 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, № А0155625 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон 10 000 000/арван сая/ төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан гэх үндэслэлээр 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Б/07 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.

 

Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т “Төрийн албан хаагчийн ... энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хөдөлмөрийн гэрээг ... ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:”, 40.1.5-д “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;” гэж заасан.

 

Хариуцагчийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ховд аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материалаар нэхэмжлэгч нь 2017 оны 3 дугаар сард “Дина тос” ХХК-иас нийт 21 675 000/хорин нэгэн сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн үнэтэй хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр худалдан авсан болох нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ховд аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материалын хуулбараар тогтоогдож байна.   

 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ... санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна.” гэж заасан.

 

Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан хариуцагчийн дотоод аудитор нэхэмжлэгч нь санхүүгийн зөрчил гаргасан болохыг тогтоосон байна.

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Захиалагч энэ хуулийн 8.1.2-т заасан босго үнээс бага төсөвт өртөгтэй бараа ... энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан журмыг мөрдөхгүйгээр шууд худалдан авч болно.”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Засгийн газар нь барааны, ажлын, үйлчилгээний гэсэн ангилал тус бүрээр дараахь босго үнийг тогтооно:”, 8.1.2-т “шууд худалдан авч болох бараа ... төсөвт өртгийн дээд хязгаар;” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь 10 000 000/арван сая/ төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг буюу нийт 21 675 000/хорин нэгэн сая зургаан зуун далан таван мянга/ төгрөгийн үнэтэй хулдаасан материалыг худалдан авах шийдвэр гаргаагүй гэж маргаж байх боловч “Дина Тос” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хулдаасан материалын төлбөрт 9 500 000/есөн сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн болох нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримтын болон 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 621 Төлбөрийн хүсэлтийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол болон 2018 оны 129 дүгээр тогтоолыг зөрчсөн болох нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Орлогын баримтын хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн № 621 Төлбөрийн хүсэлтийн болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ховд аймаг дахь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материалын хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан мөнгө болон эд хөрөнгө хариуцсан этгээд болох нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтад заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна.

 

          Шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Э яамны Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч Э яамны Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Бын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ХИШИГБАТ