Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2020/00502

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн    

          2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Т.Б-

          Хариуцагч: Эрүүл мэндийн яаманд холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Ш.Мөнгөнцэцэг нарын гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Б-, түүний өмгөөлөгч П.Еркебулан, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Миний бие 2014-03 сард зарлагдсан Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтанд оролцон сонгон шалгаруулалтын бүх шатыг амжилттай давж, Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 13 дугаар тогтоолыг үндэслэн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлаар томилогдон ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн яамтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн 2017-03-15-ны өдрийн Б/98 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-г үндэслэн санхүүгийн зөрчил гарган хөдөлмөрийн гэрээнд заасан гэрээг цуцлах үндэслэл тогтоогдсон гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Үүнийг эс зөвшөөрч, үндэслэлгүй ажлаас халагдсан гэж үзэж, харьяалах шүүхэд хандсанаар СБД-н ИХАШШ-н 2017-05-31-ний өдрийн 1578 тоот шийдвэр гарч, үүний дагуу ажилдаа жилийн дараа буюу 2018-05-30-ны өдөр Эрүүл мэндийн сайдын Б/33 тоот тушаалаар эгүүлэн томилогдохдоо Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь хариуцагч Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Мөн өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нөхөн олговроо аваагүй, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийгдээгүй байгаа. Томилогдох тушаал гарахыг хүлээж байтал 2019-04 сарын эхээр ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул ажлаа хүлээлгэж өг, комисс очно гэсэн мэдээ ирсэн. Ингээд УБ хотоос комисс ирж ажил хүлээж аваад, 2019-03-29-ний өдөр Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг өгсөн. Ажилд эгүүлэн томилогдоод 10 cap ажиллах хугацаанд ажил олгогч нь хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ хийгээгүй. Томилогдсоны дараах хэдэн саруудад миний бие УБ-т ажлаар очих болгондоо хөдөлмөрийн гэрээгээ хийх талаар Төрийн захиргааны удирдлагын газрын даргатай уулздаг боловч ямар нэгэн шалтаг шалтгаанаар хойшлуулдаг байсан. Ажилдаа эгүүлэн томилогдож ажилласан энэ 10 сарын хугацаанд маш олон удаа ЭМЯ-ны Газар, хэлтсийн дарга нар утасдан ажлаа өг, өргөдлөө бич гэдэг тулган шаарддаг байсан. Гэтэл намайг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн 2019-03-29-ний өдрийн Б/07 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дах заалт болон хөдөлмөрийн гэрээний 5.1.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7.3 дахь хэсэг, дотоод аудитын дүнг үндэслэн 10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь тогтоогдож байх тул гэсэн хууль бус үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан. Аудитын дотоод дүгнэлтэд дурдагдсан Т.Б-ын шийдвэрээр хулдаас худалдан авсан гэсэн нь зөвхөн миний шийдвэр биш бөгөөд БОЭТ-д магадлан итгэмжлэлийн шалгалт ирэхтэй холбоотой 2017-12 сарын захирлын зөвлөлөөр хэлэлцэн хамтын шийдвэр гарсан бөгөөд намайг 2018-03-15-ны өдрийн тушаалаар ажлаас халагдсанаас хойш нийлүүлэгдэн Б.Амаржаргал захирлын шийдвэрээр тасгуудад тараагдсан бөгөөд би ямар нэгэн тушаал шийдвэр гаргаагүй, ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурсан гэх мэт надтай холбоотой нотлох баримт огт байхгүй надтай огт холбогдолгүй асуудлыг надтай холбон, зөвлөн туслах удирдамжтай ирсэн дотоод аудитын дүгнэлтэн доторх худалдан авалт хийсэн гэсэн үг үсгээр хөөцөлдөн, хариуцлага тооцон ажлаас халж байгаа нь хууль бус шийдвэр юм. Эрүүл мэндийн сайд нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа хийх ёстой. Сонсох ажиллагаа хийгдээгүй, хуулиа зөрчсөн. Ажил хүлээлцсэн өдөр нь 2019-04-08-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл 2019-06-13-ны өдрөөр тооцож 2 сар 05 хоног буюу 49 хоногийн цалин нэхэмжилж байгаа. Үүнийг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалингийн дунджаар тооцоход нэг сарын дундаж 1,358,899 төгрөг, ажлын 22 хоногоор бодоход өдрийн цалин 61,768 төгрөг болж байгаа. Ингээд үүнийг 49 хоногт үржүүлэхэд 3,026,632 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

      Хариуцагч тайлбартаа: Т.Б-ыг Эрүүл мэндийн сайдын 2019-03-29-ний өдрийн Б/07 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн. Эрүүл мэндийн сайдын зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, Т.Б-ыг 2018-05-30-ны өдрийн Б/38 дугаартай тушаалаар Ховд аймаг дахь бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2018-06-19-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Эрүүл мэндийн яамнаас хийсэн санхүүгийн хяналт шалгалт, дотоод аудитын шалгалтаар дараах зөрчлийг илрүүлж, 2017-03 сард Данитос ХХК-аас нэг метр нь 25 500 төгрөгийн үнэтэй, 850 метр нийт 21,675,000 төгрөгийн хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр авсан, төсөвт тусгаагүй тул өнөөг хүртэл төлбөр хийгдээгүй, данс бүртгэлд тусгалгүй иржээ гээд шалгалтаар илэрсэн зөрчилд дүгнэлт хийж дахин зөрчил гаргахгүй байх, санхүүгийн сахилга батыг сахиж ажиллахыг зөвлөсөн байдаг. Гэтэл Т.Б- нь 10сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр шууд худалдан авсан нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг мэдсээр байж Динатос ХХК-аас худалдан авсан гэх хулдаасны үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн нь банкны баримтаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1.5, ТБОНӨХБАҮХАТХ-н 7.3, 2018 онд Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, хийсэн дотоод аудитын дүнг үндэслэн түүнийг 2019-04-02-с эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэр гаргаж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан Т.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2019/01371 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Эрүүл мэндийн яамнаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4 665 800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б-од олгон, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсан байна.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Ш.Мөнгөнцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх “Т.Б-ын шийдвэрээр 2017-03 дугаар сард “Динатос” ХХК-иас ....21 675 000 төгрөгийн үнэтэй хулдаасан материалыг худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр авсан байсан. Гэтэл нэхэмжлэгч Т.Б-ын гаргасан гэх шийдвэр нь хэрэгт авагдаагүйн гадна... тухайн цаг хугацаанд ажлаасаа чөлөөлөгдсөн байх тул .... Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзлээ” гэжээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон давж заалдах гомдолдоо “...Т.Б-ын шийдвэрээр хулдаас худалдан авсан гэсэн нь зөвхөн миний шийдвэр биш бөгөөд БОЭТ-д магадлан итгэмжлэлийн шалгалт ирэхтэй холбоотой 2017-12 дугаар сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн хамтын шийдвэр гарсан...” гэж бичиж, өөрийн нэхэмжлэл, тайлбараараа өөрөө худалдан авах ажиллагаа хийх шийдвэр гаргасан гэдгээ хэлчихээд байхад энэ нь нотлогдоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Мөн худалдан авах ажиллагаа хийлгүйгээр хулдаас худалдан авсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа байна, дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулсан аудитын дүгнэлт гарчихаад байхад үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-г зөрчсөн үйлдэл. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 15.5-д “Хуулийн 40.1.5 -д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино заасан байдаг. Үүний дагуу ажил олгогчийн буюу яамны дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон гэж үзэж байна. Мөн давж заалдах шатны шүүхээс ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т заасан хугацааг зөрчсөн байна. Учир нь нэхэмжлэгч Т.Б-ын буруутай үйлдэл нь ЭМЯ-ны хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 2018-09-01-ний өдрийн хяналт шалгалтаар ирүүлсэн гэж үзвэл уг хугацаанаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байсан” гэжээ. Эрүүл мэндийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ховд аймаг БОЭТ-ийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн аудитын дүгнэлтээр төсөвт суулгаагүй, Худалдан авах ажиллагаа хийлгүйгээр төсвийн хөрөнгө захиран зарцуулсан байна. Цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулсан байхад Т.Б- нь Аудитын дүгнэлт гарснаас хойш 2 сарын дараа “Динатос” ХХК-нд үлдэгдэл төлбөр болох 9,500,000 төгрөгийг шилжүүлж, хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан байсан. Гэтэл Давж заалдах шатны шүүх “Т.Б-ын буруутай үйлдэл нь ... 2018-09-01-ний өдрийн хяналт шалгалтаар ирүүлсэн гэж үзвэл уг хугацаанаас хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад ажлаас халсан байна гэж” үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хамтын шийдвэр гаргаж хулдаас худалдан авах асуудлыг шийдвэрлэсэн гэж байгаа боловч Байгууллагын удирдлага бөгөөд Төсвийн ерөнхий менежер нь хуваарилагдсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүрэгтэй байдаг. Энэ үүргээ Т.Б- нь биелүүлээгүй гэж үзнэ. Харин анхан шатны шүүх дээрх үйл ажиллагааг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Т.Б- 2019-04-15-ны өдөр Эрүүл мэндийн яаманд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаардсан байна. 

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..санхүүгийн зөрчил гаргасан..” нь тогтоогдсон гэж маргажээ. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        1. Эрүүл мэндийн сайд 2019-03-29-ний өдөр Б/07 дугаартай тушаал гаргаж, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн гэрээний 5.1.5, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийсэн дотоод аудитын дүнг үндэслэн “...худалдан авах ажиллагаа явуулахгүйгээр 10 сая төгрөгөөс дээш үнэ бүхий зүйлийг худалдан авсан...” гэж  Т.Б-ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн байна. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийнхээ үндэслэл болгожээ.

        Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах урьдчилсан нөхцөлд хамаарна. 

        Ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа хариуцагч нь “Эрүүл мэндийн яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн 2018 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт, дотоод аудит хийсэн дүнгийн материал” –г /хх62-66/ зэргийг  шүүхэд өгсөн байх боловч эдгээр баримтаар ажилтны гаргасан гэх зөрчил нотлогдоогүй байна.

        Иймд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

        2. Хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт буй баримтын хэмжээнд зохигчийн тайлбар, нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэнэ.

        Хариуцагч Эрүүл мэндийн яам нь Т.Б-ын нэхэмжлэлийг баримтаар үгүйсгэж чадаагүй буюу Эрүүл мэндийн сайдын 2019-03-29-ний өдрийн Б/07 дугаар тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг давж заалдах шатны шүүх хангасан нь Хөдөлмөрийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.       

        3. Ажил олгогч хууль бус шийдвэр гаргасан нь ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох үндэслэл болдог тул шүүх Т.Б-ыг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн хуулийг зөрчөөгүй болно. Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд нийцнэ.   

        Харин эрх бүхий байгааллага нь Т.Б-ын түр гүйцэтгэж буй ажлын байранд зохих журмын дагуу томилгоо хийхэд энэ тогтоол саад болохгүй.

        4. Давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын хэмжээнд дүгнэлт хийхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхив.  

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарахгүй буюу  магадлалыг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй тул давж заалдах шатны шүүх  магадлалынхаа “хянавал” хэсэгт хариуцагчийг “...Рафлес Интернэшнл Монголия ХХК...” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь буруу болохыг тэмдэглэх нь зүйтэй гэж үзлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1593 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хэрлэнчимэг, Ш.Мөнгөнцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ