Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00727

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2019/00727

 

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2018/02242 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.З-ын нэхэмжлэлтэй, хариуцагчж.Э-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 2 000 000, нийт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Ж.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч С.Базарсад, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.З- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сүмбэр-Эрдэнэ урлангийн захирал Ж.Эрдэнэбаттай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажлын үр дүнг Ж.Эрдэнэбатын зүгээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй цагаан хаш байх шаардлагыг хангасан байх ёстой байсан. Дээрх хөөргийг хийлгэх ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохиролцож, захиалагч миний зүгээс 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээр Голомт банкны 1170000970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэрээний дагуу Ж.Эрдэнэбат нь хөөргийг захиалсан шаардлагын дагуу тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэвч миний зүгээс хөлсийг нэгэнт төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээг цуцалж,ж.Э-д хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн эрх зүйн туслалцаа авч байгаа бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2 000 000 төгрөг төлсөн болно. Иймд хариуцагчж.Э-ас хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 2 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Эрдэнэбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Ж.Эрдэнэбат нь Сүмбэр-Эрдэнэ урланг ажиллуулсаар 8 жилийг ардаа орхилоо. Д.З- бид 2 нэг нутаг, урьд нь ч бас надаас хөөрөг авч өгөлцөж байсан. Дүү Д.З- нь их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэсэн чинь их үнэтэй байна нутгийн ах дүүдээ боломжийн хөөрөгтэй болгож өгч чадах уу гэхээр нь болно гэхдээ чулуу их ховор байгаа яарахгүй бол болох байлгүй гэсэн. Эхлээд 13 000 000 төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь голоод буцааж авчирч өгсөн. Дараа нь дахиад 8 000 000 хаш чулуу аваад 35-тай хөөрөг хийж өгсөн бас түүнийг авч яваад буцааж өгсөн. Тэгэхээр нь ах нь чамд 2 хөөрөг хийж өглөө чи авсангүй учраас сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30 000 000 - 50 000 000 төгрөг гээд байна яарахгүй бол гайгүй чулуу ороод ирдэг юм одоо тэгвэл хүлээ гэж хэлсэн. Төд удалгүй дүүдээ та хөөргөөр ч хамаагүй төлж бай гэхээр нь за гэсэн. Ингээд Гадагшаа явах гэж байна 1 000 000 төгрөг, эхнэрийнх дансанд 1 500 000 төгрөг, унтлагын өрөөний сет 880 000 төгрөг, орос хаш чулуу 2 хөөрөг хийхэд нийт 21 000 000 төгрөг, болор 1 хөөрөг, 26-тай 8 000 000 төгрөг, барын нүдэн дунд гарын 1 хөөрөг 1 500 000 төгрөг, жижиг гарын цагаан хаш 1 хөөрөг 3 500 000 төгрөг, өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1 500 000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагчж.Э-ас 16 620 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.З-т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч С.Базарсадад давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шүүхээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсгийг баримталж нэхэмжпэлийг хангасан нь үндэслэлгүй юм. Учир нь уг хуулийн зохицуулалт нь гэрээний аль нэг тал гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225.1 226.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үүрэг гүйцэтгээгүй байх зэрэг урьдчилсан нөхцөл шаардлагыг агуулдаг. Хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагчаас гэрээний үүргээ ноцтой зөрчсөн нөхцөл тогтоодоогүй мөн нэхэмжлэгч талаас үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон эсэх нь тодорхойгүй байхад шүүхээс холбогдох хуулийн зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж уг хэргийг шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно гэж заасан байх тул хариуцагч талаас уг хэргийн нөхцөл байдлын талаар ач холбогдолтой мэдээлэл өгч чадах 14 настай Э.Золзаяаг гэрчээр оролцуулах хүсэлтэй байсан боловч шүүх хүлээж аваагүй бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцэхгүй байна. Насанд хүрээгүй гэрч Э.Золзаяагаас мэдүүлэг авах боломж хангаагүй нь уг хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн ба энэ нь хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Хариуцагч талын өмгөөлөгч С.Базарсад миний бие хэргийн материалтай танилцах гэтэл 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байдлаар бэлэн болоогүй байсан учир тэмдэглэлээ үзэж танилцах боломж олдоогүй. Зохигч талуудын хооронд маргааны гол зүйл болох ажлын хөлсөнд тохиролцож хөөрөгнүүд өгсөнийг гэрчлүүлэхээр нэхэмжлэгч талаас хоёр гэрч оролцуулсан. Гэтэл гэрч нэхэмжлэгчийн эхнэр Лхагваа нь ...Д.З-т ганц л хөөрөг байдаг тэр нь загасны хэлбэртэй шүрэн толгойтой хөөрөг гэж, гэрч Ариунжаргал нь ...Д.З- ахад байнга хэрэглэдэг нэг л хөөрөг байдаг бор хөөрөг байдаг, хөөргөө мартсан гэхэд нь би авч өгч байсан зэргээр гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад шүүхээс хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтыг тогтоож тодруулах үүднээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах боломжтой байсан ч хуульд заасан уг арга хэмжээг авсангүй. Мөн энэ талаар хариуцагч талаас хүсэлт гаргах ямар ч боломж бололцоо олгоогүй. Иймд хариуцагч талаас Д.З-т өгсөн хөөрөгнүүдийн талаар тэмдэглэсэн 2 ширхэг тэмдэглэлийн дэвтрээ өгсөн боловч уг дэвтэрт зөвхөн хариуцагч өөрөө гарын үсэг зурсан байна гээд нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэдэг нь тогтоодохгүй байна гэжээ. Энэ нь аливаа асуудлаар шүүхэд гаргаж өгч буй тэмдэглэлийн дэвтэрт заавал маргалдагч талын гарын үсгийг зуруулсан тохиолдолд нотлох баримт болно гэсэн ойлголтыг тулгаж байна. Иймд уг хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 зааснаар нэхэмжлэгч Д.З-, Ж.Эрдэнэбат нарын хоорондын үүрэг дуусгавар болсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн хариуцагчж.Э-ас 16.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Д.З- нь хариуцагчж.Э-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 2 000 000, нийт 22 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчдын хооронд  2015 оны 10 дугаар сарын 25ы өдөр Хөөрөг хийх гэрээг бичгээр хийж, уг гэрээгээр хариуцагч нь даваа толгой, алтан нуух, ноён сэрвээ, зааны ясан халбагатай, 33-35 мм диаметр хэмжээтэй толгой тавих, ямар нэг сэвгүй, толбогүй их гарын цагаан хаш хөөргийг 20 000 000 төгрөгт багтаан 2015 оны 10 дугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгэн, захиалагчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг төлөхөөс гадна хариуцагчийн хийсэн хөөрөг нь нэхэмжлэгчид таалагдахгүй бол төлбөрийг буцаан олгох, 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс хойш алданги тооцох, сарын 5 хувийн хүү тооцох зэргээр харилцан тохиролцсон ба шүүх уг гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв болжээ. /хх-ийн 4/

 

Талууд гэрээ байгуулсан талаар болон ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн үйл баримтын талаараа маргаагүй, харин дээрх ажил гүйцэтгэх гэрээнээс нэхэмжлэгч татгалзсантай холбоотойгоор хариуцагч нь ажлын хөлсийг нэхэмжлэгчид буцаан өгсөн эсэх талаар маргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгт багтаан их гарын цагаан хаш хөөрөг хийх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээг цуцлахад хамаарах Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5 дах хэсэгт зааснаар гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцалдаг бөгөөд ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчилдэг. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй ба анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосныг буруутгах боломжгүй байна.

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 1 000 000 төгрөг, 880 000 төгрөгийн хөнжлийн цуглуулгыг хүлээлгэн өгснийг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтанд үндэслэн барын нүдэн хөөрөгний үнэ 1 500 000 төгрөгийг тус тус хасч, 16 620 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч нь 20 000 000 төгрөгт нь дүйцүүлэн өөр хөөрөгнүүдийг хийж өгсөн, бэлнээр 2 500 000 төгрөг, 880 000 төгрөгийн хөнжлийн цуглуулга зэргийг өгсөн тул гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн хариуцагчийн гэх улбар шар өнгөтэй тэмдэглэлийн дэвтэрт ...2016 оны 05 дугаар сарын 06-ны шөнө 12 цагт Занабазарт 1 ш алтан үст болор хөөрөг 8 000 000-д хүү тооцохгүй үнэ тохиролцон өглөө, цэнхэр дэвтэрт ...2016 он 2.5 Занаад мөнгөндөө барын нүдэн хөөрөг 1 500 000 авсан, ...7.5-нд Д.З- ногоон хаш хөөрөг 1 500 000 хийлгэв, ...10 сарын 05-ны өдөр Д.З- 18-тай хаш хөөргийг 3 500 000 бодож авлаа. 1 500 000+8 000 000+3 500 000 нийт 13 000 000 тооцов гэсэн тэмдэглэл хийгдсэн байх боловч уг дэвтэрт нэхэмжлэгч гарын үсэг зураагүй тул нэг талын гаргасан баримтаар эдгээр хөөрөгнүүдийг ажлын хөлсөнд тооцон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, хариуцагчийн тайлбар болон тэмдэглэлийн дэвтэрт тусгагдсан алтан үст болор хөөрөг, цагаан хаш хөөрөг, ногоон хаш хөөрөгнүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн болох нь гэрч н.Лхагва, А.Ариунжаргал, Л.Ууганбаяр нарын мэдүүлгээр мөн нотлогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирол гэж өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Хариуцагчийн өмгөөлөгч ...Э.Золзаяаг гэрчээр асуух хүсэлтээс татгалзсан байх тул гэрчийн мэдүүлэг аваагүй гэх гомдол үндэслэлгүй байхаас гадна шүүх хуралдааны тэмдэглэлийн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дах хэсэгт заасан журмын дагуу хүсэлт гаргаж байгаагүй тул энэ талаарх гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12ы өдрийн 183/ШШ2018/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ