Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 02242

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2018/02242

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ривер гарден 1 хотхон, 318 дугаар байр, 203 тоотод оршин суух, Хэх овогт Дондовцэрэнгийн Занабазарын /РД:ЙК84020718/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Шаравын гудамж, 43 дугаар байр, 22 тоотод оршин суух, Арш овогт Жамбалжавын Эрдэнэбатад /РД:ЙС75112418/ холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 2 000 000, нийт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр /ШТЭҮ-2165/, хариуцагч Ж.Э, түүний өмгөөлөгч С.Базарсад /ШТЭҮ-2338/, гэрч н.Лхагва, А.Ариунжаргал, Л.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.                                                                                          

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Миний бие 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр “Сүмбэр Эрдэнэ” урлангийн захирал Ж.Этай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажлын үр дүнг Ж.Эын зүгээс 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй цагаан хаш байх шаардлагыг хангасан байх ёстой байсан. Дээрх хөөргийг хийлгэх ажлын хөлсийг 20 000 000 төгрөг байхаар тохиролцож, захиалагч миний зүгээс 2015 оны 5 дугаар сарын 21-нд 3 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 23-нд 7 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-нд 10 000 000 төгрөгийг тус тус өөрийн нэр дээр Голомт банкны 1170000970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Гэрээний дагуу Ж.Э нь хөөргийг захиалсан шаардлагын дагуу тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан. Гэрээний үүргийг биелүүлэх хугацаа өнгөрөөд 2 жил гаруй болсон байхад хариуцагчийн зүгээс хөөргийг хийж эхэлсэн талаар огт мэдэгдэл байхгүй, удаа дараа шаардлага тавьсан ч үүргийн гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл огт биелүүлэхгүй байгаа, мөн залгасан ч утсаа авахгүй байгаа нь гэрээний үүргээ ерөөс биелүүлэхгүй гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т заасны дагуу хэрвээ ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй бол захиалагч ажлын хөлсийг төлөхөөс татгалзах эрхтэй байдаг. Гэвч миний зүгээс хөлсийг нэгэнт төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 355.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, Ж.Эад хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Түүнчлэн миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн эрх зүйн туслалцаа авч байгаа бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2 000 000 төгрөг төлсөн болно. Иймд хариуцагч Ж.Эаас хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлсөн 2 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Этай 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хөөрөг хийхээр харилцан тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 25-нд бичгээр хэлцэл хийсэн. Цагаан хаш хөөргийг 20 000 000 төгрөгөөр хийхээр тохиолцож, үнийг бүрэн шилжүүлсэн байдаг. Гэтэл 2 удаа цагаан хаш хөөрөг хийж ирж үзүүлсэн боловч таалагдаагүй, шаардлага хангаагүй учраас буцаан өгсөн. 2 жил гаруй хугацаа өнгөрч байхад хэлцэлд дурдсан буюу харилцан тохиролцсон хөөргөө хийж өгөөгүй. Тиймээс гэрээнээс татгалзаж, хөөрөг хийлгэхээр өгсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Хариуцагч нь 1 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрдөг, бас хөнжлийн сэтийг авсан талаараа маргахгүй. Харин бэлэн 1 500 000 төгрөг, хөөрөгнүүд хийж өгсөн гээд байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс аваагүй гэдэг, хариуцагч ч өөрөө үүнийг нотлох баримтгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

 

Хариуцагч Ж.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Ж.Э нь “Сүмбэр Эрдэнэ” урланг ажиллуулсаар 8 жилийг ардаа орхилоо. Д.З бид 2 нэг нутаг, урьд нь ч бас надаас хөөрөг авч өгөлцөж байсан. Сайн ах дүүгийн харилцаатай байсан. Дүү Д.З нь их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэсэн чинь их үнэтэй байна нутгийн ах дүүдээ боломжийн хөөрөгтэй болгож өгч чадах уу гэхээр нь болно гэхдээ чулуу их ховор байгаа яарахгүй бол болох байлгүй гэсэн юм. Яарах юу байхав гээд бид 2 тохирч хөөрөг хийх чулууг өөрт нь үзүүлээд үнэ ханшаа тохирсон юм. Эхлээд 13 000 000 төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь голоод буцааж авчирч өгсөн. Дараа нь дахиад 8 000 000 хаш чулуу аваад 35-тай хөөрөг хийж өгсөн бас түүнийг авч яваад буцааж өгсөн. Би хүмүүст үзүүлнэ надад таалагдахгүй байна гэсэн. Тэгэхээр нь ах нь чамд 2 хөөрөг хийж өглөө чи авсангүй учраас сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30 000 000-50 000 000 төгрөг гээд байна яарахгүй бол гайгүй чулуу ороод ирдэг юм одоо тэгвэл хүлээ гэж хэлсэн. Төд удалгүй дүүдээ та хөөргөөр ч хамаагүй төлж бай гэхээр нь за гэсэн. Гадуур хаш хөөрөг сайн нь  100 сая-200 сая хооронд байна гэж хэлсэн. Ингээд төлж эхлэхээр болсон. Үүнд:

1.Гадагшаа явах гэж байна 1 000 000 төгрөг,

2.Дараа нь /эхнэрийнх дансанд/ 1 500 000 төгрөг,

3.Унтлагын өрөөний сет-1 ш 880 000 төгрөг,

4.Орос хаш чулуу 2 хөөрөг хийхэд нийт 21 000 000 төгрөг болсон.

5.Болор хөөрөг-1 ш, 26-тай 8 000 000 төгрөг,

6.Барын нүдэн хөөрөг дунд гарын-1 ш 1 500 000 төгрөг,

7.Жижиг гарын цагаан хаш хөөрөг-1 ш 3 500 000 төгрөг,

8.Өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1 500 000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн. Би энэ хүнд өөрийнх нь хүссэнээр боломжоороо хандаж, байхад надад ингэж хандаж байгаад маш их  гомдож байна. төрийн албанд ажилд орсон гэхээр нь өөрийн хийдэг төрийн сүлд хүртэл бэлэглэж байлаа. Удаа дараа уучлалт гуйж ирсэн гэтэл эрүүл, согтуу үедээ элдэв хэл амаар доромжилж, дарамталдаг болсон. Ийм учраас утсаа авахад хэцүү байдаг болсон. Би хэлсэн бүгдийг нь өгөөд ирсэн надад өр байхгүй байх гэж бодож байна. Би хүний мөнгийг идэж уусан зүйл байхгүй тус болсоор өдий хүрсэн. Иймд та бүхэн надад үүсээд байгаа асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

 Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие их гарын цагаан хаш хөөрөг хийж өгнө гэж 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Заас авсан нь үнэн. Гэвч уг мөнгөнд нь хэлцэлд дурдсан, харилцан тохиролцсон шиг хөөрөг хийх боломжгүй байсан. Энэ талаар өөрт нь хэлж байсан. Хоёр ч удаа цагаан хаш хөөрөг хийгээд өгсөн боловч таалагдахгүй гээд буцаан өгсөн. Тэгээд мөнгөнд тааруулаад аятайхан хөөрөг хийгээд өгвөл авья гэсэн болохоор нь би алтан үст болор хөөргийг 8 000 000 төгрөгт, барын нүдэн хөөргийг 2 500 000 төгрөгт хийснийг 1 500 000 төгрөгт тооцсон, мөн ажил дээрээ байхад нь цагаан хаш хөөрөг, гартаам хөөрөг 2 авч очоод цагаан хаш хөөргийг нь 4 000 000 төгрөгт тооцож өгсөн. Мөн ногоон хаш чулууг хөөрөг хийлгэнэ гэж манай эхнэрээр өгүүлсэн, түүгээр нь ногоон хаш хөөрөг хийгээд 2 500 000 төгрөгт тооцож өгсөн. Энэ бүхэн миний тэмдэглэлийн дэвтэрт бичээстэй байгаа. Төрийн албан хаагч болсон гээд Төрийн сүлд хүртэл бэлэглэсэн, бэлэглэсэн учраас үүнийг тооцохгүй. Харин 880 000 төгрөгийн хөгжлийн сэтийг манай эхнэрээс авсан, цагаан сараар золголт хийнэ, мөнгө хэрэгтэй байна гэхэд нь эхнэртэйгээ хамт 1 500 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн. Иймд нэхэмжлэгчид 20 000 000 төгрөгт нь тооцож мөнгө, хөөрөгнүүд өгсөн, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн зардал гэж нэхээд байгааг зөвшөөрөхгүй гэв.  

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Эад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол 2 000 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.З нь хариуцагч Ж.Этай 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хөөрөг хийх гэрээ”-г байгуулж, хариуцагч нь даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбагатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй их гарын цагаан хаш хөөргийг 20 000 000 төгрөгт багтаан 2015 оны 10 дугаар сарын 15-нд багтаан хийж гүйцэтгэж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр, хийж хүлээлгэж өгөх хөөрөг нь захиалагчид таалагдахгүй бол төлбөрийг буцаан олгохоор харилцан тохиролцож, ажлын хөлсөнд 20 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан “Хөөрөг хийх гэрээ”, нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулга, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 4-14-р хуудас/

Зохигч талууд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Хөөрөг хийх гэрээ” байгуулсан, ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 20 000 000 төгрөгийг төлсөн талаараа маргаагүй, хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг зөрчиж, их гарын цагаан хаш хөөргийг хийж гүйцэтгэх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй 2 жил болж байгаа тул гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

            Хариуцагч нь гэрээний үнэ болох 20 000 000 төгрөгт их гарын цагаан хаш хөөрөг хийж боломжгүй байсан, 20 000 000 төгрөгт нь дүйцүүлэн өөр хөөрөгнүүдийг хийж өгсөн, бэлнээр 2 500 000 төгрөг, хөнжлийн сэт зэргийг өгсөн тул гэрээнээс татгалзах шаардлагыг зөвшөөрөхгүй, гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

 

Хариуцагч Ж.Э нь нэхэмжлэгч Д.Зт алтан үст болор хөөрөгийг 8 000 000 төгрөгт, барын нүдэн хөөргийг 1 500 000 төгрөгт, цагаан хаш хөөргийг 4 000 000 төгрөгт, ногоон хаш хөөргийг 2 500 000 төгрөгт тус тус тооцож  өгсөн, мөн гадагшаа явах гэж байхад нь 1 000 000 төгрөг, цагаан сараар золголт хийнэ гэхээр нь 1 500 000 төгрөгийг, 880 000 төгрөгийн хөнжлийн сэтийг тус тус хүлээлгэн өгсөн болох нь гэрч нарын мэдүүлэг, тэмдэглэлийн дэвтрийн бичилтээр, гэрэл зургуудаар тус тус нотлогдоно гэсэн. /хэргийн 99-100, 105-107-хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 1 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн, 880 000 төгрөгийн хөнжлийн сэтийг хүлээн авсан талаараа маргаагүй боловч ажлын хөлсөнд хөөрөг тооцож аваагүй, өөр хөөрөгнүүд авах талаар тохиролцоогүй, уг хөөрөгнүүдийг хүлээлгэн өгөөгүй гэж мэтгэлцсэн.

Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түүний улбар шар өнгөтэй тэмдэглэлийн дэвтэрт “...2016.05.06-нд шөнө 12 цагт Занабазарт 1 ш алтан үст болор хөөрөг 8 000 000-д хүү тооцохгүй үнэ тохиролцон өглөө”, цэнхэр дэвтэрт “...2016 он 2.5 Занаад мөнгөндөө барын нүдэн хөөрөг 1 500 000 авсан”, ...7.5-нд Занабазар ногоон хаш хөөрөг 1 500 000 хийлгэв”, “...10.5-нд Занабазар 18-тай хаш хөөргийг 3 500 000 бодож авлаа. 1 500 000+8 000 000+3 500 000 нийт 13 000 000 тооцов” гэсэн байх боловч дэвтэрт зурсан гарын үсгийг хариуцагч нь өөрөө зурсан талаараа маргаагүй, уг баримтаар хөөрөгнүүдийг ажлын хөлсөнд тооцон нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн хариуцагчаас нэхэмжлэгчид 4 хөөрөгийг хүлээлгэн өгсөн болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдоно гэсэн бөгөөд гэрч Лхагва нь шүүх хуралдаанд “...Ж.Э гуайгаар өмнө нь манай хүн хөөрөг хийлгэж байсан, Д.Зт 1 л хөөрөг байдаг, энэ нь загасны хэлбэртэй хөөрөг шүрэн толгойтой 8 000 000 төгрөгөөр авч байсан, 1 цагаан хөөрөг хийгээд өгөхөд таалагдахгүй гээд буцаасан гэсэн, хөөрөгнүүд өгч байхыг нь хараагүй” гэж, гэрч А.Ариунжаргал нь “...би Ж.Э гэдэг энэ хүнийг харж байснаа санахгүй байна, танихгүй. Д.З ахад байнга хэрэглэдэг 1 л хөөрөг байдаг, бор хөөрөг байдаг, хөөргөө мартсан гэхэд нь би авч өгч байсан” гэж, гэрч Л.Ууганбаяр нь “...хөөрөг хийлгэнэ гээд ногоон чулуу Д.Зын эхнэр өгч байсан, би нөхөртөө өгөөд хөөрөг хийж өгсөн гэсэн, өмнө нь Д.Зт хөөрөг хийж өгч байсан” гэж тус тус мэдүүлсэн тул алтан үст болор хөөрөг, цагаан хаш хөөрөг, ногоон хаш хөөрөгнүүдийг хариуцагч нь нэхэмжлэгчид өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Харин барын нүдэн хөөрөгийг гэрч А.Ариунжаргал нь Д.Зт байдаг хөөрөг мөн байна гэж мэдүүлсэн тул уг хөөрөгний үнэ болох 1 500 000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

Мөн хариуцагч нь 1 500 000 төгрөгийг эхнэрийн хамт цагаан сарын золголтын мөнгө хэрэгтэй байна гэхэд нь нэхэмжлэгчид бэлнээр өгсөн гэж тайлбарласан боловч тайлбараа баримтаар нотлоогүй, гэрч Л.Ууганбаяр нь уг мөнгийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр хамт явсан гэх боловч мөнгийг өгч байхад нь байгаагүй, хараагүй гэж тайлбарласан болно.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбагатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй их гарын цагаан хаш хөөргийг хийж  хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй болох нь зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцлаж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.

Хариуцагч Ж.Э нь хэлэлцэн тохирсон гэрээнд заасан хугацаандаа их гарын хаш цагаан хөөрөгийг хийж гүйцэтгэх ажлаа хийж гүйцэтгээгүй, үүргээ биелүүлэхийг урьдчилан сануулж байсан боловч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.3-д заасны дагуу гэрээнээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй, хариуцагч нь 225 дугаар зүлийн 225.4-д заасан үндэслэл байгаа эсэх нь баримтаар нотлоогүй тул талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хөөрөг хийх гэрээ”-нээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

Хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар их гарын хаш цагаан хөөрөгийг хийж гүйцэтгэж, захиалагчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “гэрээний талууд гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийн хариуцагчид ажлын хөлсөнд төлсөн мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд төлсөн 20 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хариуцагч нь 1 000 000 төгрөг, 880 000 төгрөгийн хөнжлийн сэтийг хүлээлгэн өгснийг хүлээн зөвшөөрсөн, мөн барын нүдэн хөөрөгний үнэ 1 500 000 төгрөгийг тус тус хасч, 16 620 000 төгрөгийг /20 000 000-1 000 000-880 000-1 500 000=16 620 000/ гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

  Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэж өмгөөлөгчийн зардал 2 000 000 төгрөгийг нэхэмжилж, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг шүүхэд ирүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”, 227.3-д “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардлыг хохиролд тооцно” гэж зааснаар боловч өмгөөлөгчид хууль зүйн үйлчилгээний төлбөрт 2 000 000 төгрөгийг төлж зардал гаргасан эсэх талаарх баримтыг ирүүлээгүй тул түүний хохирол гэж нэхэмжилсэн 2 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:   

 

1.Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зааснаар хариуцагч Ж.Э 16 620 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.З олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4 380 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 241 050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                      

 

 

 

                            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                            Д.ХУЛАН