Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2020/00845

 

Д.З-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02242 дугаар шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 727 дугаар магадлалтай,

        Нэхэмжлэгч: Д.З-

        Хариуцагч: Ж.Э-ад холбогдох

          нийт 22,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхланбаяр, хариуцагч Ж.Э-, түүний өмгөөлөгч С.Базарсад, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: 2015-05-21-ний өдөр Сүмбэр-Эрдэнэ урлангийн захирал Ж.Э-тай хөөрөг хийлгэх ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажлын үр дүнг Ж.Э-ын зүгээс 2015-10-15-ны өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэрээний нөхцөлийн дагуу хөөрөг нь даваа толгой, алтан нуух ноён сэрвээ, зааны ясан халбагатай, бөгс нь 33-35 мм диаметрийн толгой тавих ямар нэг сэвгүй, толбогүй цагаан хаш байх шаардлагыг хангасан байх ёстой байсан. Дээрх хөөргийг хийлгэх ажлын хөлсийг 20сая төгрөг байхаар тохиролцож, захиалагч миний зүгээс 2015-05-21-ний өдөр 3сая төгрөг, 2015-06-23-ны өдөр 7сая төгрөг, 2015-07-03-ны өдөр 10сая төгрөгийг тус тус өөрийн Голомтбанкны ........0970 төгрөгийн данснаас хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Миний зүгээс хөлсийг нэгэнт төлсөн байгаа учраас Иргэний хуулийн 355.1-д заасан үндэслэлээр гэрээг цуцалж, Ж.Э-ад хөөрөг хийх гэрээний ажлын хөлсөнд төлсөн 20сая төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 2сая төгрөг төлсөн болно. Иймд хариуцагч Ж.Э-аас нийт 22сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Д.З- бид хоёр нэг нутаг, урьд нь ч бас надаас хөөрөг авч өгөлцөж байсан. Д.З- “их гарын цагаан хаш хөөрөгтэй болох гэсэн чинь их үнэтэй байна.... боломжийн хөөрөгтэй болгож өгч чадах уу” гэхээр нь “...болно гэхдээ чулуу их ховор байгаа яарахгүй бол болох байлгүй...” гэсэн. Эхлээд 13сая төгрөгөөр хаш чулуу аваад 33-ын амтай хаш хөөрөг хийж өгөхөд түүнийг авч яваад маргааш нь голоод буцааж авчирч өгсөн. Дараа нь дахиад 8сая хаш чулуу аваад 35-тай хөөрөг хийж өгсөн бас түүнийг авч яваад буцааж өгсөн. Тэгэхээр нь “... 2 хөөрөг хийж өглөө чи авсангүй... сайн чулуу олдтол хүлээж бай, зөвхөн 1 хөөрөгний чулуу 30сая-50сая төгрөг гээд байна яарахгүй бол гайгүй чулуу ороод ирдэг, хүлээ...” гэж хэлсэн. Төд удалгүй “.... та хөөргөөр ч хамаагүй мөнгөө төлөөд бай...” гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд гадагшаа явах гэж байна гэхэд нь нэг сая төгрөг, эхнэрийнх дансанд 1,5 сая төгрөг, унтлагын өрөөний сет 880,000 төгрөг, орос хаш чулуу 2 хөөрөг хийхэд нийт 21сая төгрөг, болор 1 хөөрөг, 26-тай 8сая төгрөг, барын нүдэн дунд гарын 1 хөөрөг 1,500,000 төгрөг, жижиг гарын цагаан хаш 1 хөөрөг 3,500,000 төгрөг, өөрөө орос ногоон хаш чулуугаар 1 хөөрөг хийгээд өг гээд ажлын хөлс нь 1,500,000 төгрөг болсон хөөргийг хийж өгсөн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 183/ШШ2018/02242 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан Ж.Э-аас 16,620,000 төгрөгийг гаргуулж, Д.З-т олгож, нэхэмжлэлээс 4,380,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 267,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

 

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 727 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02242 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас төлсөн 237,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зохигчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг ялангуяа хариуцагч өөрийн татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөх, шударга шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх зэрэг Үндсэн хуульд заасан эрхийг ноцтой зөрчлөө. Тодруулбал уг хэрэг маргааныг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралд тус хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой мэдүүлэг өгч чадах 14 настай Э.Золзаяаг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх “бага насны насанд хүрээгүй хүүхэд гэрч байж болохгүй” гээд хүлээж аваагүй ба энэ тухай Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч анхан шатны хурлын тэмдэглэл дээр “хариуцагчийн зүгээс уг гэрчээс татгалзсан байна” хэмээн ор үндэсгүй зүйлийг дурдаж гомдлыг мөн л хэрэгсэхгүй орхисонд гомдолтой байна. Анхан шатны шүүх ИХШХШТХ болон бусад хууль тогтоомжийг зөрчиж үндэслэлгүй, хууль бус шийдвэр гаргасан байтал давж заалдах шатны шүүх мөн л үндэслэл бүхий шийдвэрийг гаргасангүй.Магадлалд хариуцагчийн өмгөөлөгчийг ИХШХШТХ-н 96.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй гэжээ. Гэтэл бодит байдалд хариуцагч болон өмгөөлөгчийн хувьд хуульд заасан 3 хоног бус 30 хоног болсон боловч хурлын тэмдэглэлтэйгээ танилцах боломж бололцоо олгогдоогүй. Өөрөөр хэлвэл,тухайн үед анхан шатны шүүх хурал болсоноос хойш шийдвэр нь 1 сарын дараа гарсан ба анхан шатны хурлын тэмдэглэлтэй танилцаж чадахгүй байсаар 2018-12-26-ны өдрийн байдлаар “бэлэн болоогүй, гараагүй” байна гэсээр гомдол гаргах хугацаа дуусах өдөр байсан тул яахын аргагүй гомдлоо гаргасан ба давж заалдах шатны хурал дээр л “хариуцагч тал гэрч асуулгахаас өөрсдөө татгалзсан” гэдэг ор үндэсгүй худал зүйл бичигдсэнийг олж мэдсэн. Мөн уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн өмнөх шатны шүүх хурлуудад нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр Б.Гэрэлтуяа гэх хүн байсан боловч 2018-10-12-ны шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ирээгүй ба өмнө нь өмгөөлөгчөөр оролцож байсан Б.Жавхланбаяр оролцсон ба уг маргааныг шийдвэрлэхэд хууль ёсны бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн эсэх нь мөн л тодорхойгүй байна. Мөн зохигч талуудын хоорондын маргааны гол зүйл болсон ажлын хөлсөнд хөөрөгнүүд өгсөн эсэх талаар нэхэмжлэгч талаас Лхагва Ариунжаргал нарыг оролцуулж гэрчийн мэдүүлэг авахуулахад Лхагваа нь “Д.З-т ганц хөөрөг байдаг тэр нь загасны хэлбэртэй шүрэн толгойтой хөөрөг” гэж мэдүүлэхэд Ариунжаргал нь “Д.З- ахад байнга хэрэглэдэг нэг л хөөрөг байдаг бор хөөрөг байдаг, хөөргөө мартсан гэхэд нь би авч өгч байсан” зэргээр гэрчүүдийн мэдүүлэг ноцтой зөрүүтэй байхад шүүхээс хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтыг тогтоох үүднээс нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хуульд заасан боломж, арга хэмжээг авалгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд уг хэрэг маргааныг хуулийн дагуу, холбогдох хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчилгүйгээр, мөн хэргийн оролцогчдийн эрхийг бүрэн хангаж хэргийг шийдвэрлэж өгнө үү. Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлэхэд нэхэмжлэгч Д.З- нь нэг ч удаа хуралд оролцоогүй ба энэ удаагийн хуралд өөрийг нь заавал оролцуулж хэргийн талаар бодитой, үндэслэл бүхий шийдвэр гаргахад маш ихээр нөлөөлөх тул тус хяналтын шатны шүүх хуралд нэхэмжлэгчийг оролцуулах хүсэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

           Д.З- нь 2017-09-19-ний өдөр шүүхэд хандаж, Ж.Э-аас 22,000,000 төгрөг шаардахдаа “...хөөрөг хийлгэхээр 2015-05-21-ний өдөр 3сая төгрөг, 2015-06-23-ны өдөр 7сая төгрөг, 2015-07-03-ны өдөр 10сая төгрөг өгсөн...гэрээг цуцалж 20 сая төгрөгөө буцааж авна..өмгөөлөгчийн хөлс 2 сая төгрөг төлсөн тул мөн авна...” гэжээ. 

           Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөгөөс дансаар 1,000,000 төгрөг,  880,000 төгрөгийн үнэтэй хөнжил, 1,500,000 төгрөгийн үнэтэй барын нүдэн хөөргийг хариуцагчаас авсан нь тогтоогдсон... өмгөөллийн хөлс гаргуулах үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийснийг, давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Д.З- нь Ж.Э-аар хөөрөг хийлгэхээр 2015-10-25-ны өдөр тохиролцож нийт 20,000,000 төгрөг өгсөн болох нь тогтоогджээ. 

         Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

         Хоёр шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн зохицуулалтад нийцжээ.

      Зохигчийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын хэн аль үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

         Д.З- гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг төлсөн тул захиалагч ажил гүйцэтгэх гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Захиалагч ажил гүйцэтгэгчээс гэрээний зүйлийг, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол гэрээг цуцлахыг шаардах эрхтэй.

         2. Зохигчийн тайлбараас үзвэл, захиалагч гэрээнээс татгалзсан, үүнийг ажил гүйцэтгэгч зөвшөөрсөн буюу ажлын хөлс 20,000,000 төгрөгт тооцоон мөнгө, эд зүйл өгч байсан нь тогтоогдсон тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-г зөрчөөгүй гэж үзнэ.

        Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтын талаар өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хуулийн хэрэглэх ёстой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. 

          3. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй тул энэ тухай гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлд нийцэхгүй байна. 

          Зохигч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх зохигчийн гаргаж өгсөн, баримтын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргасан тохиолдолд нотлох баримтыг шүүх бүрдүүлнэ.

         Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна. 

           Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд 14 настай этгээдийг гэрчээр асуулгах /хх109/ хүсэлтээс татгалзаагүйг мөн гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах хүсэлт гаргасан баримтгүй байх тул шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчөөгүй байна.    

          “....тэмдэглэлд гэрчтэй холбоотой мэдээллийг буруу бичсэн...тэмдэглэлийг хугацаанд нь гаргаагүй гэх гомдол нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 168 дугаар зүйлийн 168.1-т нийцжээ. 

       Иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болох тул “...нэхэмжлэгчийг биечлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах..” тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1., 116 дугаар зүйлийн 116.3-г зөрчинө

        Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхино.

      4. Харин шүүх 22,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс 16,620,000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооны алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэр,магадлалд өөрчлөлт оруулж, “...4,380,000 төгрөг...” гэснийг “.... 5,380,000 төгрөг...” гэж залруулна.  

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 727 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/02242 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “....4,380,000 төгрөг...” гэснийг “.... 5,380,000 төгрөг ..” гэж өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4- т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 241,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ