Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 766

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “З*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “ “З*******” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий хэргийг хэлэлцээд 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “Тус компани нь Дорноговь аймгийн А сумын С******* нэртэй газар 62,88 гектар талбайг хамарсан талбайд ******* хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд, компанийн гэрээт геологч О.Ч******* нь ******* дугаартай тусгай зөвшөөрлийн 2016 оны ээлжит төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Н*******д өгч тэмдэглэлээ хийлгэсэн баримтаа авсан байдаг.

Гэтэл 7 хоногийн дараа тэмдэглэлээ хийлгэсэн баримтаа үзүүлж тусгай зөвшөөрлөө авах гэхэд “Танай компани хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах ёстой юм байна. Би ч тэр үедээ танд сунгуулах учиртайг анзаарч хэлсэнгүй. Та ч сунгуулах талаар хэлэлгүй хугацаа алдаж дээ” гэж мэдэн будилж тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлагдах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Компанийн захирал Ч.Б******* миний бие тэр үед Дорноговь аймгийн А суманд цас зуданд нэрвэгдсэн малчдад туслахаар ажиллаж байсан боловч Ашигт малтмалын кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах талаар надад мэдэгдэл өгөөгүй дарагдуулсан байдаг.

******* хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш, тусгай зөвшөөрлийн

жил бүрийн төлбөрийг төлж, төлөвлөгөө болон хайгуулын ажлын гүйцэтгэлийн тайланг Ашигт малтмалын газраар хянуулан ажиллаж 55,440,300 төгрөгийн геологи хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн юм. 2016 онд өрөмдлөгийн болон технологийн дээжлэлтийн ажлыг нэмж гүйцэтгэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байсан юм.

Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрөл сунгагдахгүйд хүрч компанид

55.440.300 төгрөгийн хохирол учрах нөхцөл байдлыг бий болголоо.

Ашигт малтмалын газрын дарга Д.Үд тусгай зөвшөөрөл сунгуулах талаар албан ёсоор хандсан боловч хариуг удаашруулан 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 1/3969 тоот албан бичгээр өгсөн хариунд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана уу гэжээ. Уг бичгийг 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан юм. Гардан авснаас хойш албан байгууллагууд А-ын хурал зөвлөгөөний үеэр 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ажиллаагүй болно.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Н*******ын ажлын хариуцлагагүйгээс шалтгаалан мэдэн будилж ашигт малтмалын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлуулсан хариуцлагыг Ашигт малтмалын газар хүлээх ёстой.

Нөгөө талаар компанийн захирал энэ үеэр Дорноговь аймгийн А суманд онцгой байдлын ажлаар ажиллаж байсныг хүндэтгэн үзэж, компанид учирч болзошгүй хохирлыг бодолцон ******* дугаартай тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар шийдвэр гаргаж, Ашигт малтмалын кадастрын хэлтэст даалгуулахаар нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн Н*******ын ажлын хариуцлагагүй байдлаас шалтгаалж, “З*******” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрөл цуцлагдаж, үүнд нь давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөнийг харгалзан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “Дорноговь аймгийн А сумын нутаг С******* нэртэй талбайд “З*******” ХХК-д 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар анх олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах

тухай өргөдлийг холбогдох баримт бичгийн хамт геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны байгууллагад гаргаж өгөхөөр заасан.

Дээрх хуулийн шаардлагын дагуу “З*******” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөдлөө холбогдох баримтуудын хамт Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хандсан бөгөөд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр “З*******” ХХК-ийн хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжпэлд “...тусгай зөвшөөрлийн 2016 оны ээлжит төлбөрийг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Н*******д өгч тэмдэглэгээ хийлгэсэн баримтаа авсан байдаг. Гэтэл 7 хоногийн дараа тэмдэглэгээ хийлгэсэн баримтаа үзүүлж тусгай зөвшөөрлөө авах гэхэд  “Танай компани хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах ёстой юм байна. Би ч тэр үедээ таньд сунгуулах учиртайг анзаарч хэлсэнгүй. Та ч сунгуулах талаар хэлэлгүй хугацаа алдаж дээ” гэж мэдэн будилж тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлагдах нөхцлийг бүрдүүлсэн байна" гэжээ.

“З*******” ХХК-иас 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* дугаартай тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрт 136,764 төгрөг төлсөн байх бөгөөд ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг тус компаниас гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 2016 оны 01 дүгээр сарын

15-ны өдөр төлсөн гэх төлбөр нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн

22.1.2-т заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах үйлчилгээний хөлс/төлбөр/ биш

бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан ******* дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр болно.

Нэхэмжлэлд “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах талаар надад мэдэгдэл өгөөгүй дарагдуулсан байдаг" гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан

нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч эдлэх"- ийг заасан. Өөрөөр хэлбэл, хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулах эсэх нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх болохоос төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчийг тусгай зөвшөөрлөө сунгуулахыг шаардах үндэслэлгүй юм.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд тухайн хайгуулын

тусгай зөвшөөрөл дуусгавар болно гэж заасан бөгөөд энэ тохиолдолд /дуусгавар

болсон/ Ашигт малтмал газраас /хуучнаар/ тусгай зөвшөөрөл эзэмшигчид

мэдэгдэл хүргүүлдэггүй болно.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан ашигт

малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд мөн зүйлийн

56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэл хүргүүлдэг.

Дээрх үндэслэлүүдээр “З*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “З*******” ХХК нь “тус компанид олгогдсон ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газраас 2010 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр “З*******” ХХК-д Дорноговь аймгийн А сумын нутаг С******* нэртэй 62.88 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар  олгосон, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилээр буюу 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан, өөрөөр хэлбэл уг тусгай зөвшөөрөл энэ өдөр хүртэл хүчинтэй байжээ.

 

Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана”,  22.1.1-д “хайгуулийн тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэжээ. 

Энэ заалтын дагуу  “З*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын ******* тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө дээрх баримтуудын хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гаргаагүй, энэ талаар маргаагүй болно.  

Улмаар тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно”, 53.1.1-т “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл дуусгавар болох нөхцлийг бүрдүүлжээ.

Нэхэмжлэгч “З*******” ХХК-ийн зүгээс Кадастрын хэлтсийн мэргэжилтэн Н.Наранцэцэг нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай сануулаагүйн улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдлаа гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд тусгай зөвшөөрлөө сунгах нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэх үүргийг Ашигт малтмалын газарт хуулиар үүрэг болгоогүй байна. 

Ийнхүү Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргахаар байсан, энэ хугацаанд хүсэлтээ холбогдох баримтын хамт гаргаагүй тул “З*******” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Б******* нь дээрх хугацаанаас хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ныг хүртэл 25 хоногийн хугацаагаар Дорноговь аймгийн А суманд үүссэн байгалийн гамшигт туслахаар томилолтоор ажилласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хугацааны хувьд үзэхээргүй байна.  

Дээрхээс дүгнэвэл “З*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын  Кадастрын хэлтэст даалгах үндэслэлгүй байна. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “З*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “ “З*******” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Д.ХАЛИУНА