Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0774

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0774

Улаанбаатар хот

“З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга ... нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “З” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “З” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын 15417Х тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О давж заалдах гомдолдоо: “З” ХХК нь Дорноговь аймгийн Их Хэт сумын Зүлэгт 3-р багийн 6 тоотод байрлан үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт 15417Х тоот 62.88 га талбай бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.

2015 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Их Хэт, Айраг болон тодорхой хэдэн сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан зуд болж, байгалийн гамшигт байдал бий болсон. “З” ХХК нь Дорноговь аймаг болон сумуудын удирдлагаас гаргасан хүсэлтийн дагуу байнга үйл ажиллагаа явуулдаг Их Хэт сумын малчдад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байгаад дараа нь үргэлжлүүлэн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны хооронд хил залгаа орших Айраг суманд ажилласан. “З” ХХК нь байгалийн гамшигт байдлын улмаас Дорноговь аймгийн Их Хэт сумаас Улаанбаатарт очиж, өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын 15417Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж чадаагүй юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “З” ХХК-ийг Дорноговь аймгийн Их Хэт суманд байрладаг, тухайн хугацаанд Их хэт суманд туслалцаа үзүүлэн ажилласан болохыг болон хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахад саад болсон давагдашгүй хүчин зүйл тохиолдсоныг анхаарч үзсэнгүй.

15417Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр олгогдсоноос хойш өнөөг хүртэл жил бүрийн хайгуулын ажлын төлөвлөгөөг гарган түүнийхээ дагуу 55.4 сая төгрөгийн хайгуулын ажлыг хийж тайлан гарган баталгаажуулсаар ирсэн. 2016 онд бид өрөмдлөг, технологийн дээжлэлтийн ажил гүйцэтгэн үргэлжлүүлэн ажиллах байсан. Гэвч бидний олон жилийн хөдөлмөр, олон сая төгрөгийн хайгуулын ажлын зардал, ажилчдын байр хадгалагдах эсэх зэрэг нь томоохон хохирол учруулахаар болоод байна. 15417Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүйгээс үүдэн манай компанид учирсан хохирлыг барагдуулах талаар анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрлээгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 заасан хэргиийн нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг үнэлэх үүргээ дутуу хэрэгжүүлсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 тоот шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч “З” ХХК-иас “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “З” ХХК-д олгосон ашигт малтмалын 15417Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.Наранцацрал тусгай зөвшөөрөл сунгуулах талаар хэлэлгүй тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн Дорноговь аймгийн Айраг суманд онцгой байдлын ажлаар ажиллаж байсан” гэх боловч эдгээр нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын 15417Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэж дүгнэх боломжгүй байна.

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж заасан бөгөөд энэ зохицуулалт нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг үүрэгдүүлсэн заалт байна.

Харин Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах талаар мэдэгдэх үүргийг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд ...” гэж заасны дагуу зөвхөн тусгай зөвшөөрөл барьцаалагчийн өмнө хүлээх бөгөөд энэ хэргийн хувьд дээрх үүргийг хэрэгжүүлэх нөхцөл байдал байхгүй байх тул хариуцагч байгууллагыг тусгай зөвшөөрлийг сунгуулах талаар мэдэгдээгүй гэж буруутгах боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл хариуцагчийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж чадаагүй гэх нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч “З” ХХК-ийг ашигт малтмалын хайгуулын 15417Х тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлөө холбогдох баримтуудын хамт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө өгөөгүйг зөвтгөх шалтгаан болохгүй.

            2. Дорноговь аймгийн Айраг сумын Сөрт-2 нэртэй газарт орших 62.88 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд олгосон ашигт малтмалын хайгуулын 15417Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2010 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “З” ХХК-д олгож, улмаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 125 тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл сунгасан байна.[1]

            Дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болохоос 1 сарын өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө “З” ХХК-иас хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл гаргах байсан боловч Дорноговь аймгийн Айраг суманд үүссэн байгалийн гамшигт туслахаар томилолтоор ажилласан гэжээ.

            Гэтэл “З” ХХК-ийн захирал Ч.Б нь Дорноговь аймгийн Айраг сум Сөрт-2 хайгуулын объект байр зүйн зураг хийх, сум орон нутгийн ажил, байгалийн гамшигт туслах, холбогдох арга хэмжээ авахаар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд томилолтоор ажилласан[2] нь цаг хугацааны хувьд өргөдөл гаргах боломжит хугацаанаас зөрүүтэй, энэхүү томилолт нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл гаргахад саад учруулаагүй байна.

            Иймд анхан шатны шүүхийг хэргийн нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг үнэлэх үүргээ дутуу хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                   ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ 

ШҮҮГЧ                                                                Э.ХАЛИУНБАЯР 

ШҮҮГЧ                                                                Д.БААТАРХҮҮ

 

 

 

 

[1] Хэргийн 7 дахь тал

[2] Хэргийн 11 дэх тал