Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 42

 

“Зүлэгт булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга З.Оюунгэрэл, нэхэмжлэгч “Зүлэгт булаг” ХХК-ийн захирал Ч.Батаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2016/0774 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Зүлэгт булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Зүлэгт булаг” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “ “Зүлэгт булаг” ХХК-д олгогдсон ашигт малтмалын хайгуулын 15417Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн 221/МА2016/0774 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Оролзодмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. “Зүлэгт бүлаг” ХХК нь өөрийн эзэмшлийн 15417Х тоот тусгай зөвшөөрлийнхөө хугацааг сунгуулах тухай өргөдлийг гаргах буюу Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үүргийг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдалд байсныг анхаарч үзсэнгүй. “Зүлэгт булаг” ХХК нь Дорноговь аймгийн Их Хэт сумын Зүлэгт 3-р багийн 6 тоотод байрлан үйл ажиллагаагаа явуулдаг ба 2015 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн Их Хэт, Айраг болон тодорхой хэдэн сумуудын нутаг дэвсгэрийг хамарсан зуд болж, байгалийн гамшигт байдал бий болсон тул “Зүлэгт булаг” ХХК нь орон нутагтаа гамшгийг даван туулах ажлыг хийж байсан. 2015 оны 12 сард Дорноговь аймгийн Их Хэт, Айраг сумуудад байгалийн гамшигт байдал тулгарсан нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэж байна.

Давагдашгүй нөхцөл байдлын улмаас 15417Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө 1 сарын өмнө гаргаж чадаагүй. Өөрөөр хэлбэл “Зүлэгт булаг” ХХК үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж байгаа шалтгааныг нарийвчлан тогтоохгүй байна. Түүнчлэн хүндэтгэн үзэх шалтгаанаар үүргээ гүйцэтгэж чадаагүй “Зүлэгт булаг” ХХК Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст ямар хохирол учруулсан нь ойлгомжгүй байна.

2. “Зүлэгт булаг” ХХК өмнө нь тус тустай зөвшөөрлийг 2012 оны 12 дугаар сарын 19-нд сунгуулж байсан ба сунгуулах өргөдөл гаргадаг гэдгийг мэдэх туршлагатай юм. 2015 оны 12 дугаар сарын 19-нд сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй нь байгалийн гамшигт байдал тохиолдсон газарт ажиллаж байсан гэдгийг нотлох нийтэд илэрхий үйл баримт юм. Нийтэд илэрхий үйл баримт хэмээн үзсэн учраас “Зүлэгт булаг” ХХК-ийн зүгээс шүүхэд нотлох баримт бүрдүүлээгүй. Харин анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр нотлох баримт болгон бүрдүүлэх ёстой хэмээн буруутгасан тул бүрдүүлэн өгөх хүсэлтэй байгаа юм.

Түүнчлэн, “Зүлэгт булаг” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт хоёр өөр цаг хугацааны хоёр өөр үүргийг нэгтгэн шийдэж байгааг алдаатай гэж үзэж байна. Эхний хугацаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д зааснаар “Зүлэгт булаг” ХХК нь 15417Х тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс өмнө хугацаа сунгуулах өргөдөл гаргах үүрэгтэй хамааралтай бол хоёр дахь хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс 2016 оны 1 дүгээр сарын 19-ний хооронд хуульд заасан хугацаанд хугацаа сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж, хугацаа сунгуулах өргөдөл гаргах үүрэгтэй хамааралтай юм. “Зүлэгт булаг” ХХК нь 2015 оны 12 дугаар сараас 2016 оны 1 дүгээр сарын 20-ны хооронд байгалийн гамшигт байдалтай байгаа газруудад дайчлагдан ажилласан, гэхдээ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 20-ны хооронд хил залгаа Айраг суманд тохиолдсон байгалийн гамшигт тусалсан.

Анхан шатны шүүхэд “Зүлэгт булаг” ХХК нотлох баримтыг 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс өмнө хугацаа сунгуулах өргөдөл гаргаж чадаагүйн шалтгаан нь нийтэд илэрхий үйл баримт, мөн үйл ажиллагаагаа явуулдаг Их хэт сумаас томилолт авах шаардлагагүй байсан тул бүрдүүлээгүй байна.

“Зүлэгт булаг” ХХК нь 15417Х тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс өмнө сунгуулах өргөдлөө гаргахад саад болсон хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо хүчин төгөлдөр байх хугацаа дуусаагүй байхад буюу 2016 оны 1 дүгээр сарын 19-нөөс өмнө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст тайлбарлах боломжтой байсан. Гэтэл тухайн тайлбараа ч 2016 оны 1 дүгээр сарын 19-нөес өмнө гаргаж чадаагүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааныг Айраг суманд ажилласан томилолтоороо нотолж байгаа юм.

Нотлох баримтад авагдсан Айраг суманд ажилласан томилолтын баримт бол хугацаа сунгуулах өргөдлийг хүндэтгэн үзэх шалтгаанаар 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс өмнө гаргахад саад болсон хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримт биш юм.

Шүүхийн шийдвэрт “цаг хугацааны хувьд өргөдөл гаргах боломжит хугацаанаас зөрүүтэй, энэхүү томилолт нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдөл гаргахад саад учруулаагүй байна” гэж үзсэн нь 2015 оны 12 дугаар сарын 19-нөөс өмнө тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөл гаргахад саад болсон хүчин зүйлийг, 2016 оны 1 дүгээр сарын 19-нөөс өмнө тайлбараа гаргаж чадаагүй үйл явдлыг нотолсон томилолтын баримтаар шийдээд байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хоёр дахь хугацааны үүргийн гүйцэтгэлд саад болсон хүчин зүйлийг нотолсон баримтаар эхний хугацааны үүргийн гүйцэтгэлд саад болсон хүчин зүйлийг нотолсон баримт болгон шийдвэрлэснийг нотлох баримт алдаатай үнэлсэн гэж үзэж байна.

3. “Кадастрын мэргэжилтэн н.Наранцацрал тусгай зөвшөөрөл сунгуулах талаар хэлэлгүй тусгай зөвшөөрлийн хугацааг цуцлах нөхцөлийг бүрдүүлсэн” гэх боловч 15417Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсон гэж дүгнэх боломжгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь, Кадастрын мэргэжилтэнд төлбөр төлөгч 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ээлжит жилийн төлбөрийн баримтаа өгөхөд тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа болон төлсөн төлбөрийн хэмжээнд хяналт тавих үүрэгтэй юм. Түүнийг ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгээгүй болохыг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна.

Гэтэл н.Наранцацрал нь төлбөрийн баримтыг хүлээн аваад 7 хоногийн дараа ирж тусгай зөвшөөрлөө аваарай гэсэн нь үүргээ хэрэгжүүлээгүй, хайхрамжгүй хандсан гэж үзэхээр байгаа юм. н.Наранцацрал нь 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр төлбөрийн баримтыг үүргийнхээ дагуу хяналт тавиад, 7 дахь жилийн төлбөрийг хүлээж авах боломжгүй байгааг мэдэгдсэн бол компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас 4 хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаандаа сунгуулах өргөдлөө гаргаж чадаагүй болохоо тайлбарлах боломжтой байсан гэж үзэж байна. Тус тусгай зөвшөөрлийг дүусгавар болгоход түүний хайхрамжгүй үйлдэл нөлөөлсөн болохыг анхаарч үзсэнгүй.

Анхан шатны шүүхэд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар авалгүй зөвхөн гэрчийн мэдүүлэг авч хэргийг шийдсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэнгүй гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Зүлэгт булаг” ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахыг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд “хүндэтгэн үзэх шалтгаанаар хуульд заасан хугацаанд багтаан хүсэлт гаргаж чадаагүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

“Зүлэгт булаг” ХХК нь Дорноговь аймгийн Айраг суманд, Сорт-2 нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа 2016 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр дуусах байжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчийн тухайд хуулийн хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй, гагцхүү “хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн, захиргааны ажилтан төлбөр төлөх үед нэхэмжлэгчид мэдэгдээгүй, ажилдаа хайнга хандсан” гэх үндэслэлээр маргажээ.

Дорноговь аймгийн Айраг суманд үүссэн байгалийн гамшигт туслахаар тус компанийн захирал томилолтоор ажиллаж байсан, “хүндэтгэх шалтгаантай” гэх тайлбар нь хэрэгт авагдсан “Зүлэгт булаг” ХХК-ийн албан томилолтоор няцаагдсан, цаг хугацааны хувьд 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойшхи үйл баримтад хамааралтай, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Нэхэмжлэгчийн “гамшгийн байдал нь нийтэд илэрхий үйл баримт учраас нотлох баримт бүрдүүлээгүй, харин шүүхээс нотлох баримт бүрдүүлэх ёстой хэмээн буруутгасан тул бүрдүүлэн өгөх хүсэлтэй байна, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх гомдлын хувьд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар нийтэд үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлэх бөгөөд тухайн үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь гол нөхцөл байна. Гэтэл нэхэмжлэгчийн дээрх тайлбар нь “нийтэд илэрхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт чухал ач холбогдолтой баримт биш байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгох ба нэхэмжлэгч компанийн захирал томилолтоор ажиллаж байсан байдал нь хуулийн этгээдийг хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах ажил нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд хуулиар шаардсан баримтыг нэгэн зэрэг бүрдүүлэн захиргааны байгууллага хүсэлт гаргах ба энэ нь захиргааны байгууллагын үүрэг биш тул нэхэмжлэгчийн “захиргааны ажилтан ажилдаа хариуцлагагүй хандсан” тухай гомдол үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127 дугаар зүйлийн 127.2.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 766 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 221/МА2016/0774 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ  

ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ