Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00484

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00484

 

 

 

Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 5-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр миний хүү Лхагвасүрэнгийн Балжиннямаас 23.150.157 төгрөг гаргуулж Баясах хульж ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж байгаа. Анх миний хүү Баясах хульж ХХК-д ажилд ороход барьцаа хэрэгтэй гэснээр миний байрыг элдэв дутагдал гаргавал хангуулахаар барьцааны гэрээг үйлдсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмч болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүү Л.Балжиннямын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө гээд хуран битүүмжилж ажиллагаа явуулсан. Улмаар надад мэдэгдэлгүйгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 84.333.300 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 59.033.310 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84 333 300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр Лхагвасүрэнгийн Балжиннямаас 22 817 836 төгрөг гаргуулж Баясах хульж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлбөр төлөгч Л.Балжиннямын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 176 тоот тогтоолоор Хөрөнгө Эстимейт₮ ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч Хөрөнгө Эстимейт ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дүгнэлтээр дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 84 333 300 төгрөг гэж үнэлсэн.

Уг үнэлгээг төлбөр төлөгч Л.Балжинням, өмчлөгч Ж.Эрдэнэцэцэг нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 84 333 300 төгрөгийн 70 хувиар тооцон 59 033 310 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох болохыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 3/16300 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч миний бие нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо,16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84.333.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь миний эрх ашгийг илт хохироосон тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан билээ.Шийдвэр гүйцэтгэлийн албанаас үнэлгээ хийхдээ өмчлөгч миний саналыг авсан ба би өөрийн орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн.Гэтэл үнэлгээний байгууллага нь миний орон сууцыг надад мэдэгдэлгүйгээр ,зах зээлийн үнээс хэт доогуур буюу 84 333 300 гэж миний байрыг 2 дахин бага үнээр үнэлсэнд гомдолтой байгаа болно.Шүүх нзхэмжлэгч намайг өөрийн байрыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлснийг нотлох баримтаар нотлоогүй,нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэжээ. Би энэ дүгнэлтийг хүлзэн зөвшөөрөхгүй байна. Би орон сууцаа зах зээлийн үнэлгээгээр буюу 150 000 000 төгрөг гэж үнэлсэндэгэхээр миний байрыг үнэлэхдээ өмчлөгч миний саналыг харгалзах ёстой гэж үзэж байна. Иймд гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэж,уг шийдвэрийг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байгаа гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр Л.Балжиннямаас 23 150 157 төгрөг гаргуулж "Баясах хульж" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /Х.х-ийн 16-17 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн эд хөрөнгийн мэдүүлгийг авч, улмаар Ж.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 120/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 120/03 дугаар тогтоолоор хураасан. /Х.х-ийн 21, 27-28 дугаар тал/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчөөс үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч Л.Балжинням, өмчлөгч Ж.Эрдэнэцэцэг нараас үл хөдлөх эд хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрөн хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус ирүүлсэн байна. /Х.х-ийн 35, 37-38 дугаар тал/

Төлбөр төлөгч, өмчлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинжээчээс хөрөнгийг 84 333 300 төгрөгөөр үнэлжээ. /Х.х-ийн 38-44 дүгээр тал/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаанд оруулах доод үнийн талаар тохиролцоогүй бол мэргэжлийн үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувиар дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоох учиртай.

Ийнхүү Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан дээрх болон эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн / 2002 оны / 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсэгт заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэг нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр байрыг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Анхан шатны шүүх Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Ж.Эрдэнэцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ