Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00926

 

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

 Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр магадлалтай,                                                                                                                                                                

Ж.Э-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Э-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр миний хүү Л.Балжиннямаас 23,150,157 төгрөг гаргуулж "Баясах хульж" ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж байгаа. Анх миний хүү “Баясах хульж” ХХК-д ажилд ороход барьцаа хэрэгтэй гэснээр миний байрыг элдэв дутагдал гаргавал хангуулахаар барьцааны гэрээг үйлдсэн. Үүний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний өмч болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хүү Л.Балжиннямын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө гээд хураан битүүмжилж ажиллагаа явуулсан. Улмаар надад мэдэгдэлгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 84,333,300 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 59,033,310 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,333,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр Л.Балжиннямаас 22,817,836 төгрөг гаргуулж “Баясах хульж” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 02 сарын 03-ны өдөр манай алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлбөр төлөгч Л.Балжиннямын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Э-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2017 оны 05 сарын 29-ний өдөр 176 тоот тогтоолоор “Хөрөнгө Эстимейт" ХХК-ийг шинжээчээр томилсон. “Хөрөнгө Эстимейт” ХХК нь 2017 оны 06 сарын 05-ны өдрийн дүгнэлтээр дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 84,333,300 төгрөг гэж үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч Л.Балжинням, өмчлөгч Ж.Э- нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 84,333,300 төгрөгийн 70 хувиар тооцон 59,033,310 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох болохыг 2017 оны 06 сарын 06-ны өдрийн 3/16300 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Э-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           

Нэхэмжлэгч Ж.Э-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр магадлалыг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан, хэрэглэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан шийдвэр гэж дүгнэсэн нь илт хууль бус болсон гэж үзэж байна. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 хороо, 16 хороолол 48-р байрны 20 тоот 55 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 84,333,300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ нь миний эрх ашгийг илт хохироосон тул уг үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан билээ. НШГА-аас байрны үнэлгээ хийхийн тулд өмчлөгч надаас санал авахад би өөрийн орон сууцыг 150 сая төгрөгөөр үнэлсэн. Гэтэл миний байрыг үнэлэхдээ надад хэлж мэдэгдэлгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу миний өгсөн саналаас 2 дахин бага үнээр үнэлсэн нь өмчлөгч миний эрх ашгийг илтэд хохироосон шударга бус явдал болсон. Миний бие төрийн албанд 38 жил ажилласны үр дүнд орон сууцтай болж энэ байранд гэр бүл, үр хүүхдүүдийн хамт амьдардаг. Хүү маань ажилд ороход барьцааны хөрөнгө шаардахаар нь ажилтай болгохын тулд барьцаанд нь байраа тавьсан билээ. Гэхдээ хүүгийн өр төлбөр болох 23,150,157 төгрөгт орон сууцыг хураан авч байгаа нь тэтгэврийн хөгшин намайг орон гэргүй болгоход хүргэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр Л.Балжиннямаас 23,150,157 төгрөг гаргуулж "Баясах хульж" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөх талаар мэдэгдэн эд хөрөнгийн мэдүүлгийг авч, улмаар нэхэмжлэгч Ж.Э-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 120/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 120/03 дугаар тогтоолоор хураасан тухай баримтууд хэрэгт авагдсан байна.

Төлбөр төлөгч Л.Балжинням, өмчлөгч Ж.Э- нараас үл хөдлөх эд хөрөнгийг 150,000,000 төгрөгөөр үнэлсэн үнийн саналаа 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрөн, хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэх хүсэлтээ 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ирүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн  Шинжээч томилох тухай 176 дугаар тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч хөрөнгийг 84,333,300 төгрөгөөр үнэлсэн баримт байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан эд хөрөнгө үнэлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн / 2002 оны / 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.2.2 дах хэсэгт заасан шаардлагатай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, хэргийн оролцогчдын тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.            

Нэхэмжлэгч Ж.Э- нь ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр байрыг хэт багаар үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж дүгнэж, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.2.2-т нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ж.Э-ийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/02978 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 484 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч Ж.Э-ийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР

                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН