Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2017/02978

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................................. суух, Бодонч овогт Ж.н Э /Регистрийн дугаар:ЧК59030661/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................................................байрлах, НШШГГ/хуучнаар: НШГА/-т холбогдох,.................

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Ц....., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д: нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр миний хүү Л. Б.с 23.150.157 төгрөг гаргуулж Б.Х-д олгохоор шийдвэрлэсний дагуу НШГАнаас уг шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж байгаа. Анх миний хүү “Баясах хульж” ХХК-д ажилд ороход барьцаа хэрэгтэй гэснээр миний байрыг элдэв дутагдал гаргавал хангуулахаар барьцааны гэрээг үйлдсэн. Үүний дагуу НШГА нь миний өмч болох Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг хүүЛ.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө гээд хуран битүүмжилж ажиллагаа явуулсан. Улмаар надад мэдэгдэлгүйгүйгээр зах зээлийн үнээс хэт доогуур буюу 84.333.300 төгрөгөөр үнэлж, дуудлага худалдаанд 59.033.310 төгрөгөөр оруулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд НШГАнаас миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэгдсэн 55 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 84.333.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээр Лхагвасүрэнгийн Балжиннямаас 22.817.836 төгрөг гаргуулж “Б.” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Гүйцэтгэх баримт бичгийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай алба хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлбөр төлөгчЛ.Бын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ж.Эийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 48 дугаар байрны 20 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй 55 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр авагч, төлбөр төлөгч талуудаас үнийн санал авсан боловч хоорондоо харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 176 тоот тогтоолоор “Хөрөнгө Эстимейт" ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээч “Хөрөнгө Эстимейт” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн дүгнэлтээр дээрх орон сууцны зах зээлийн үнэлгээг 84.333.300 төгрөг гэж үнэлсэн.

Уг үнэлгээг төлбөр төлөгчЛ.Б, өмчлөгч Ж.Э нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шинжээчийн тогтоосон үнэ болох 84.333.300 төгрөгийн 70 хувиар тооцон 59.033.310 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох болохыг 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 3/16300 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Ж.Э нь НШШГГ/хуучнаар: НШГА/-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШШ2016/00512 дугаар шийдвэрээрЛ.Баас 23.150.157 төгрөг гаргуулж Б.Х-д олгохоор шийдвэрлэжээ.

Тус газар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөрөө төлөх талаар мэдэгдэн эд хөрөнгийн мэдүүлгийг авч, улмаар Ж.Эийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204065806 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 48 дугаар байрны 20 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 120/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 120/03 дугаар тогтоолоор хураажээ. /хх 14-32/

Өмчлөгч Ж.Эээс тухайн хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан барьцааны зүйл гэдэгт маргаагүй, шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан битүүмжлэх, хураах ажиллагаанд гомдол гаргаагүй тул шүүх энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад төлбөр төлөгчЛ.Б, өмчлөгч Ж.Э нараас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хөрөнгийг 150.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр мөн хуулийн 37.2.2-т зааснаар 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 176 дугаар тогтоолоор “Хөрөнгө Эстимэйт” ХХК-г шинжээчээр томилж, шинжээчээс хөрөнгийг 84.333.300 төгрөгөөр үнэлжээ. /хх 35-45/

Нэхэмжлэгч дээрх үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэж маргаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар /НШГА/-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Эийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   О.ОДГЭРЭЛ