Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00673

 

 

 

 

 

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2019/00673

 

 

д - ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00567 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч д - ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, О.С-т холбогдох

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 953 210 төгрөг гаргуулахаар тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч О.С- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч д - ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус ББСБ-аас 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 162748 тоот 10.050.000 төгрөгийн үнийн бүхий зээлийн гэрээний дагуу Г.Ганчимэгт 9.953.210 төгрөгийг шилжүүлсэн. Бид Г.Ганчимэгтэй холбогдон зээлээ төлөхийг шаардсан боловч ямар ч зээл аваагүй, танай ББСБ-аас нөхрийнхөө нэр дээр зээл авах гээд материалаа өгч байсан боловч бүтээгүй, миний дансанд мөнгө шилждэг өдөр танай байгууллагаас нэг эмэгтэй яриад андуураад зээл шилжүүлчихлээ, та энэ данс руу хийгээд өгөөч гээд нэг данс хэлэхээр нь хэлсэн данс руу нь шилжүүлсэн, би тэр мөнгөөс нэг ч төгрөг аваагүй гэж тайлбарласан. Г.Ганчимэг бидэнд өөрийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгыг гаргаж өгсөн ба уг дансны хуулгаас үзэхэд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 31 минутад д - ББСБ ХХК-ийн Хаан банкны 5086013480 тоот данснаас Ганчимэгийн 5107042819 тоот дансанд 9.953.210 төгрөг шилжигдэж орсон байсан ба Г.Ганчимэгийн дансаас 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 05 цаг 47 минутад 9.953.210 төгрөг 5076135172 тоот дансанд шилжигдсэн байсан. Энэ дансны эзэмшигч нь О.С- байсан ба манай байгууллагын Улаанбаатар дахь салбарт салбарын эрхлэгч, эдийн засагчаар ажиллаж байсан А.Болорчимэгийн нөхөр нь байсан. А.Болорчимэгтэй уулзаж, энэ талаар асуухад Энхмаа нь манай гэр бүлд өглөгтэй байсан ба үүнийгээ өгөхдөө Г.Ганчимэгийн нэр дээр хуурамч зээлийн материал бүрдүүлж төлсөн байх гэж тайлбарласан. Г.Ганчимэгт 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 162748 тоот Зээлийн болон Барьцааны гэрээг үзүүлэхэд Би ямар ч зээлийн, барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй, Ү-2204039782 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг мэдэхгүй,  миний нэр дээр ямар ч орон сууц байдаггүй, нотариатч дээр очиж ямар нэгэн гэрээнд гарын үсэг зураагүй гэсэн тайлбар өгсөн. Барьцааны гэрээн дээр улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэгчийн тамга дарагдсан байсан тул бид барьцаа хөрөнгөтэй холбоотой мэдээллийг авахаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргахад дээрх үл хөдлөх эд хөрөнгө өөр хүний өмчлөлийн гэсэн тайлбарыг амаар өгсөн ба өмчлөгч биш учраас дэлгэрэнгүй лавлагаа өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Мөн ТҮЦ машинаас Г.Ганчимэгийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй гэсэн лавлагаа гарсан. Мөн зээлийн хувийн хэрэгт хавсаргасан иргэний үнэмлэхийн зураг нь Г.Ганчимэгийнх биш байсан. Дээрхээс үзэхэд д - ББСБ ХХК нь Г.Ганчимэгээс зээлийн болон барьцааны гэрээний дагуу үүрэг гүйцэтгэхийг шаардах боломжгүй байгаа ба харин О.С- нь д - ББСБ ХХК-ийн 9.953.210 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн 9.953.210 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.С- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б.Энхмаад 50.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлсэн. Тухайн үед Б.Энхмаа нь тендерт орох гээд мөнгөний хэрэг гарлаа гээд авсан. Хүүгээ сар бүр миний данс руу хийж байгаад сүүлийн 2-3 сарын хүү өгөөгүй, үлдсэн зээлээ цувуулаад өгөхөөр тохирсон. 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр миний 5076135172 тоот дансанд орлого орсон бөгөөд тухайн үед Б.Энхмаа залгаад нөгөө зээлээсээ төллөө гэж хэлсэн тул би энэ мөнгийг Б.Энхмааг шилжүүлсэн гэж бодсон. Хаанаас ирснийг мэдээгүй, Б.Энхмаагаас гэсэн агуулгатай байсан, Г.Ганчимэгийг танихгүй. Миний бие урьд өмнө хэзээ ч хувь хүн албан байгууллагаас залилан хийж бусдад хохирол учруулж байгаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан , Анчин овогтой Оросоогийн Сүхбаатараас /РД:НЦ78020272/ үндэслэлгүй хөрөнгөжсөн 9.953.210 төгрөг гаргуулах тухай Дэвжих нэхий ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 175.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч д - ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талууд хуулга баримт дээрх өөрсдийн эзэмшлийн дансны хувьд маргахгүй байх бөгөөд тухайн тохиолдолд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй байгаа боловч нэхэмжлэгчийг бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр шилжүүлсэн гэж үзэхгүй юм. Учир нь зээлийн гэрээний дагуу "д - ББСБ" ХХК нь Г.Ганчимэгийн дансанд зээлийг шилжүүлсэн ба "Дэвжих нэхий ББСБ" ХХК-аас О.С-ын дансанд мөнгийг шилжүүлсэн гэж үзэх байдал хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхгүй байна. Нөгөөтэйгүүр Г.Ганчимэг нь нэхэмжлэгч байгууллагын ажичтны хүсэлтээр О.С-ын данс руу "Энхмаагаас" гэж шилжүүлснийг "д - ББСБ" ХХК-аас шилжүүлсэн гэж үзэхгүй юм гэж дүгнэсэн. Гэтэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих нь хөрөнгө шилжүүлсэн этгээд болон уг зүйлийг олж авсан этгээд нарын хоорондох асуудлаас гадна гуравдагч этгээдийн хөрөнгө шилжүүлэх үүрэг давхар яригддаг. д - ББСБ ХХК-аас зээлийн гэрээний дагуу иргэн Г.Ганчимэгт 9.953.210 төгрөгийг шилжүүлсэн. Гэхдээ тухайн зээлийн хувийн хэрэгт бүрдүүлсэн материал нь хуурамч, зээлийн болон барьцааны гэрээнд зурагдсан гарын үсэг Г.Ганчимэгийнх биш байсан тул талуудын хооронд үүрэг үүсээгүй. Харин Г.Ганчимэг нь тухайн мөнгийг хариуцагч О.С-ын дансанд үнэ төлбөргүй шилжүүлсэн байдаг. Тиймээс Иргэний хуулийн 492, 494 дүгээр зүйлүүдийг үндэслэл болгон нэхэмжлэгч д - ББСБ ХХК нь хариуцагч О.С-аас дээрх мөнгийг шаардах эрхтэй гэж үзэж байгаа болно. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан эхлэхэд хариуцагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй байсан. Гэтэл шүүх хуралдаан даргалагч хариуцагчийг өмгөөлөгчтэйгээ хамт оролцох эсэхийг тодруулалгүйгээр хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэхээр шүүх хуралдаан завсарласан. Гэтэл шүүх хуралдаан даргалагч хариуцагч, түүний өмгөөлөгчийн хамт хэргийг хэлэлцээд шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч д - ББСБ ХХК нь хариуцагч О.С-т холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 9 953 210 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст д - ББСБ ХХК гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн... талаар тайлбар гаргасан байхад шүүх маргааны зүйлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа эсэхийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна. Хариуцагч О.С-т нэхэмжлэгч компанийн ажилтнуудаас ямар үндэслэлээр мөнгөн хөрөнгө шилжсэн нөхцөл байдал буюу үйл баримт нь эрүүгийн хэрэгтэй холбоотой байх боломжтой.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа бол шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, эсхүл мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох учиртай. Гэтэл энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлийн болон барьцааны гэрээ, хариуцагч талаас гаргаж өгсөн барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. /хх-ийн 12-18, 31-35/

 

Түүнчлэн, Г.Ганчимэг нь энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан байхад шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШЗ2019/02902 дугаар захирамжаар шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, ...нэхэмжлэлээс өөр агуулгаар шаардлага гаргасан... гэсэн үндэслэл муутай дүгнэлт хийж хүлээн авахаас татгалзаж хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ. /хх-ийн 53/

 

Г.Ганчимэгийн дансаар маргааны зүйл болох 9 953 210 төгрөгийг О.С-ын данс руу шилжсэн байгаа тохиолдолд түүний тайлбар хэрэгт ач холбогдолтой байж болохоор байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-т тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/00567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ