Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00198

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2020/00198

 

У ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дугаар шийдвэртэй

У ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Мт холбогдох

Гэрээний үүрэгт 6 613 714 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг ,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : УБТТС ХХК болон Б.М нарын хооронд 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тт-13-012 тоот автомашин түрээслэх гэрээ байгуулсан. Улмаар 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэрээгээ шинэчлэн тт-14-178 тоот Автомашин санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 12-30 УНМ улсын дугаартай Хюандай Элантра маркийн автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмших, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдөр автомашин түрээслэгчийн эзэмшилд бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд акт үйлдсэн байдаг. Гэрээний хугацаанд түрээслэгч Б.М нь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ олон удаа биелүүлээгүй, мөн гэрээний хугацаанд автомашинд маш их хэмжээний эвдрэл гэмтэл учруулж засварын их хэмжээний төлбөртэй болж цаашид гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон тул 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр автомашиныг түр саатуулан, акт үйлдэн хураан авч нэмэлт хугацааг тогтоосон. Нэмэлт хугацаа тогтоосон боловч үүргээ гүйцэтгээгүй нийт 27 хоногийн 810 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй, засварын 5 896 694 төгрөгийн төлбөр, гаднаас авсан сэлбэгийн 336 820 төгрөгийн төлбөр нийт 7 043 514 төгрөгийн төлбөртэй болсон. Гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.10-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болгож түрээслэгчийн гэрийн хаяг руу мэдэгдэх хуудас илгээсэн боловч хаягтаа байхгүй гэсэн шалтгаанаар мэдэгдэх хуудас буцаад манай байгууллагад ирсэн. Гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор түрээслэгчээс УБТТС ХХК нь түрээсийн төлбөрийн 810 000 төгрөг, засварын 5 896 694 төгрөг, гаднаас авсан сэлбэгийн 336 820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70 200 төгрөг, нийт 7 113 714 төгрөгийн төлбөртэй байгаагаас түрээслэгчийн анх гэрээ байгуулахдаа барьцаалсан 500 000 төгрөгийг хасаж тооцон 6 613 714 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: УБТТС ХХК-д 2 жил 10 сарын хугацаанд ажиллаж 20 000 000 гаруй төгрөгийн орлого төлсөн байна. 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр уг машиныг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Энэ хугацаанаас хойш хэдэн сарын дараа өөрийн таньдаг жолооч нараас сураглахад бааз өөр газар руу нүүсэн, миний машины моторыг нь цохиулчихсан гэж ярьж байсан. Би уг автомашины 4 дэх түрээслэгч нь юм байна гэдгээ машин түрээсэлснээс жил гаруй хугацааны дараа мэдсэн. Одоо нэхэмжилж буй 6 613 714 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 4 хоног мөнгөө төлөөгүй тохиолдолд орлого хийдэг гол эх үүсвэр болон такси дуудлагыг хаадаг. Уг хэргийн 36 дугаар талд 2015 оны 10 дугаар сарын 13-ны автомашин хүлээлцэх акт, 37 дугаар талд автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношлогоо, их биеийн засвар үйлчилгээний үнэлгээ зэрэг хуудаснуудад эсвэл миний гарын үсгийг дуурайлган зурсан, миний гарын үсэгтэй хуудсанд сүүлд нь энэ олон эвдрэл гэмтлийг нэмж бичсэн байна. Уг машины моторыг нь өөрсдөө цохиулаад баазын хашаан дотор удаан хугацаагаар байлгасан. Би 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш бааз дээр огт очоогүй болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Мээс 728 520 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБТТС ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 885 194 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22 034 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт хөлслөгч хөлсөлсөн эд хөрөнгийг муутгасан бол хариуцлага хүлээхгүй байхаар заасан байгаа боловч Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.4 дэх хэсэгт түрээслэгч гэрээний хугацаа дуусахад гэрээний зүйлийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан бол санхүүгийн түрээсийн гэрээний зүйлийг худалдан авах . . . эрх, үүрэгтэй байж болно , мөн хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт "түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ" гэж заасан нь элэгдэл хорогдлыг нөхөн төлүүлэх зохицуулалтыг хуульд тусгасан байна. Мөн иргэний хуулийн 317 дугаар зүйлийн 317.1 дэх хэсэгт "энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол хөлслөх гэрээний талаарх энэ хуульд заасан журам нэгэн адил үйлчилнэ" гэж заасан байхад хөлслөх гэрээний зохицуулалт буюу Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3, 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн өөр бүлгийн зохицуулалт хэрэглэн засварын төлбөрийг хангалгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч У ХХК нь санхүүгийн түрээсийн төлбөрийн 810 000 төгрөг, засварын 5 896 694 төгрөг, сэлбэгийн үнэ 336 820 төгрөг, эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70 200 төгрөг нийт 6 613 714 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2/

Зохигчид 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Автомашин түрээслэх тухай ТТ-14-178 тоот гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч У ХХК нь хариуцагч Б.Мт Элантра маркийн 12-30 УНС улсын дугаартай автомашиныг түрээслүүлж, түрээслэгч түрээсийн төлбөрт сар бүр 660 000 төгрөг төлөх, гэрээнд заасны дагуу үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд автомашины өмчлөлийг шилжүүлэхээр тохиролцсон байна.

Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр дээрх гэрээгээ шинэчлэн 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Автомашин түрээслэх гэрээ-ний төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 16 021 591 төгрөг, түрээсийн хүү 2 хувь, түрээсийн хугацааг 2 жил 1 сар байхаар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрээндээ өөрчлөлт оруулж ...гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал 1 жил 11 сар байна, ...нэг сарын түрээсийн төлбөр 660 000 төгрөг бөгөөд нэг сарын түрээсийн хүү 3 хувь, гэрээний нийт үнэ 14 147 055 төгрөг байхаар гэж тус тус өөрчилжээ. /хх.11-18, 31/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1, 313.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаж, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. /хх.6-9/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч бусад түрээслүүлэгч У ХХК гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1-т заасан үндэслэлээр гэрээг цуцалж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр автомашин хүлээлцэх акт үйлдэн хариуцагчаас буюу түрээслэгчээс автомашиныг буцаан авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх.36/

Автомашин хүлээлцэх акт-д 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8- бүгд сэвтэй багаж засах будах хойд гупер засах будах, зүүн хойд керло засах будах, урд гупер, баруун урд керло засах, будах, баруун урд хаалга, баруун хойд хаалганы шил солих, баруун хойд керло засах будах гэж заажээ. /хх.36/

Нэхэмжлэгч У ХХК түрээсийн зүйлийг засаж сайжруулахад гарсан зардал, үйлчилгээний хөлс, сэлбэгийн үнэд 6 233 514 төгрөг нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээний хугацаанд автомашинд их хэмжээний эвдрэл гэмтэл учруулсан гэж тайлбарласан байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2-т зааснаар түрээслүүлэгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг төлүүлэхээр түрээслэгчээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч дээрх шаардлагаа нотлохоор 2018 оноор огноологдсон материалын зарлагын баримт, төлбөрийн баримт, засвар үйлчилгээний нэхэмжлэх гэсэн баримтуудыг ирүүлсэн байгаа боловч дээрх бичгийн баримтаар гарсан зардлууд нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Автомашин хүлээлцэх акт үйлдэж, эд хөрөнгийг хүлээлцэх үед эвдрэл гэмтэл гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь, талуудын үйлдсэн актад нэрлэн заасан гэмтэл, сэвтэй тохирохгүй байгаагаас гадна автомашин хүлээлцсэнээс хойш 3 жилийн дараа гарсан эвдрэлд засвар хийсэн бичгийн баримтыг үндэслэн хариуцагч төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд анхан шатны шүүх талуудын автомашин хүлээлцсэн актад дурдсан хойд гупер солих будах 144 500 төгрөг, урд гупер засаж будах 153 000 төгрөг, баруун хойд хаалганы шил 50 820 төгрөг нийт 348 320 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгахгүй байх үүрэг хүлээдэг бөгөөд хариуцагчийг гэрээнд заасан хугацаанд ердийн элэгдлээс илүү хэмжээгээр муутгасан гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин хариуцагч түрээсийн төлбөрт 810 000 төгрөг төлөөгүй, нэхэмжлэгч барьцаанд 500 000 төгрөг байршуулсан болохыг хэн аль нь үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөр 810 000 төгрөг, автомашиныг засварлахад гарсан зардал 348 320 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 70 200 төгрөг нийт 1 228 520 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн уг үнийн дүнгээс барьцааны 500 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 728 520 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт Хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг гэрээнд заасан нөхцөл, зориулалтаар ашигласны үр дүнд тухайн эд хөрөнгө муудсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй гэж заасан бөгөөд мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан гэх үндэслэл буюу үүргээ зөрчсөн гэх нотлох баримт байхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн 109 114 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО