Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01358

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01358

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Болдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Д.Болдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д холбогдох

 

- Талуудын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн,

 

- 12 553 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Болд

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Дарьсүрэн

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Бямбадорж

Хариуцагчийн өмгөөлөгч: П.Бямбадорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Миний бие 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Экологийн дулаан хаус ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр эрчим хүчний хэмнэлттэй 86,6 м.кв талбайтай, гражын талбай 35,8 м.кв гадна саравчны талбай 27.35 м.кв өвлийн орон сууцыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 30 хүртэл барихаар тохиролцсон. Барилга нь ашиглалтад орсон боловч хүн амьдрах боломжгүй байсан тул тус компанид засч өгөхийг удаа дараа шаардсан ч сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 02-07-91/883 дугаар дүгнэлт гарч, уг дүгнэлтээр буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгахаар тогтоож, уг дүгнэлтийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй тул бөгөөд Экологийн дулаан хаус ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Экологийн дулаан хаус ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол 66 593 875 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэрээ байгуулагдсанаар Д.Болд гэрээний төлбөрт 66 593 875 төгрөгийг бүрэн төлсөн. Барилгын суурь хийхээр тохирсон байсан учраас барилгын тусгай зөвшөөрөлтэй Есөн Зэв ХХК-тай тохиролцон 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр барилгын суурь, бохирын цооног хийж гүйцэтгэх гэрээ байгуулан хийлгэсэн. Суурийн ажил дууссантай холбогдуулан ямарваа нэг гомдол тавиагүй бөгөөд хариуцагч Экологийн дулаан хаус ХХК барилга барих ажлаа эхлүүлсэн. Хариуцагч байгууллага жаазтай халаалтын зураг дурсгаж, та байшиндаа орох боломжтой гэж хэлээд байрандаа нүүж орсон байдаг. Байрандаа нүүж орсноос хойш агааржуулалт байхгүй, хүйтэн, нүд хорсох зэрэг нөхцөл байдал гарч байснаас гадна байшингийн хана цоорхой байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 400 тоот улсын ахлах байцаагчийн шаардлага гарсан. Барилгыг газар дээр нь очиж үзэхэд гадрын хучилтын карказын Ц хэлбэрийн төмрийн өндөр нь 22 мм төмөр биш байна. Таазны гипсэн хавтангийн дээр 12 мм зузаантай хавтан, гурван давхар 30 мм зузаантай шилэн хөвөн, 12 мм зузаантай ОСВ хавтан, уур тусгаарлагч байх ёстой гэдэг дарааллаар ажлыг гүйцэтгээгүй байна. Дээврийг хөөсөнцөр болон шилэн хөвөнгөөр дулаалаагүй байгааг тодотгож өгсөн. Барилгын материалууд нь гарал үүслийн болон тохирлын гэрчилгээгүй, ажил гүйцэтгэсэн далд ажлын акт байхгүй, 2013 онд барьсан барилгаа захиалагч талд албан ёсны акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй байна гэдгийг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын талбай эргэлзээтэй байсан учраас талбайн зөрүүг тодруулахаар мэргэжлийн байгууллагад хандсан байдаг. Хүсэлтийн дагуу мэргэжлийн байгууллага Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын ашигтай талбайгаар тооцоход 86,5 м.кв байхаас 17,35 м.кв зөрүүтэй гарсан. Гараашийн талбай 33,21 м.кв байхаас 3,31 м.кв зөрүүтэй, саравчны ашигтай талбай 27,35 м.кв байхаас 17,51 м.кв зөрүүтэй буюу нийт 36,7 м.кв дутуу барьсан гэдгийг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлт тус бүрт Экологийн дулаан хаус ХХК нь гологдол, дутагдалтай, Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, үүргээ биелүүлээгүй байна гэдгийг тухай бүрт нь дүгнэлтээрээ тогтоосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээч томилогдон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 07/102-02 тоот дүгнэлт гарсан. Шинжээч барилгад биечлэн очиж үзлэг хийсэн ба дүгнэлтээр барилгын зураг төсөл, угсралтын үеийн зураг байгууллагаас зөрүүтэй, хана таазны дулаалга нь барилгын дулаан хамгаалалтын норм дүрмийн хүснэгтийн дөрөв дэх хэсэгт заасан дулаан техникийн шаардлагыг хангахгүй байгааг зааж өгсөн. Дээврийн гадна хүрээ, битүүмжийн хавтан нь ус чийгт тэсвэргүй, ховхорч хөндийрч унасан байдалтай байна гэдгийг дүгнэлтэд бичсэн байна. Цонх нь 2 давхар шилтэй, шил хоорондын зай 14 мм байх, дулааны улиралд гаднаас дотогш ус орох нөхцөл байдал бүрдсэн байна. Ус зайлуулах нүх, суваг байхгүй байгаа нь норм дүрэм стандартыг хангахгүй байгааг зааж өгсөн. Барилгын гадна, дотор хана, таазанд хэрэглэсэн полистрол хавтан, чийг тусгаарлагч хавтан нь барилгын материалын гэрчилгээ, чанарын сертификат байхгүй байна гэж заасан. Барилгын норм дүрмийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс болоод дулаан алдалт үүсэх боломжтой гэдгийг дүгнэлтэд дурьдсан байна. Шинжээчээс асуусан асуултад хариулсан байдлаас харвал барилгад дулаалга хийлгүйгээр, одоо байгаагаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хэвийн элэгдэл хорогдлыг хасч тооцоход энэ барилга нь тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг хангаж байна уу гэдэг асуулт байсан. Иймд, гэрээний төлбөрт төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн захирал Б.Бямбадорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Болдын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг татгалзлаа нотлохоор фото зураг, холбогдох баримтуудыг хангалттай өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Болд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр сайн дурын үндсэн дээр хувийн орон сууц бариулах хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцож барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Барилгын ажил хийж эхлэхээс өмнө нэхэмжлэгч Д.Болд гэрээг зөрчиж эхэлсэн. Гэрээний дагуу барилгын суурь хийх ёстой байсан. Барилгын суурийг хийж, метр квадратаа гаргах байсан. Гэрээний 1.3.1, 3.1, 3.12-т заасны дагуу барилгын зураг төслөө өөрөө боловсруулах байсан бөгөөд захиалагч өөрийн зардлаар зургаа гаргах дээрх заалтуудыг зөрчөөд манай компанид санал тавьсан. Манай компанид энэ технологийн дагуу яаж баригддаг яг тийм магадлан хийлгэсэн зураг байдаг. Иргэн Д.Болд дээрх 02/13 тоот гэрээний 1.3.1, 3.1, 3.12-д заасны дагуу барилгын зураг төслөө боловсруулах, захиалагч зураг төслөө тус технологийн дагуу өөрийн зардлаар баталгаажуулсан байх заалтуудыг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтээр болон гэрээний холбогдох заалтуудаар нотлогдож байгаа болно. Гэрээний 2.3, 3.9, 3.10, 4.9-т зааснаар захиалагч нь гэрээнд заагдаагүй ямар нэг барилгын нэмэлт ажлын өөрчлөлт хийх бол гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдэж улмаар 2 тал харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн бол зураг төсөл зохиогчийн зөвшөөрлөөр нэмэлт, өөрчлөлт хийх бөгөөд захиалагч холбогдох зардлыг бүрэн хариуцахаар заасан. Гэтэл Д.Болд манай компанид албан ёсоор мэдэгдэлгүй дур мэдэн зуух, яндан байрлуулж хана болон таазыг гэмтээсэн байсан нь зөвхөн гэрээгээ зөрчсөн асуудал төдийгүй барилгын чанарт нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн Д.Болд байшингийн суурин доогуурх цэвэр усны трубаг ямар ч дулаалгагүй хийснээс өвөлдөө хөлдөж хагаран ус гарч, шалан доогуур Д.Болдын хийсэн шалны халаалтын системийг норгон шатааж ажиллахгүй болгосон тул бидний хийсэн паркетан шалыг хуулж авсан, барилгыг бүхэлд нь усанд автуулснаар уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарах гол шалтгаан болсон байна. Энэ нь гэрээний 4.9-д гадны ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч талаас шалтгаалаагүй хохирлыг буруутай этгээд өөрөө хариуцах ёстой бөгөөд түүний үйлдэл Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 46.1.4, 46.1.5, 46.4 зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 дугаар шинжээчийн дүгнэлтээр "Сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан тааз нь механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн, дээврийн гадна хүрээ хэсгийн хавтанцарууд унаж зай гарсан зэрэг эвдрэл гэмтлүүд зураг 1-12" гэсэн нь Д.Болд бидэнтэй байгуулсан Гэрээний 4.9, 2.6 дахь заалтууд, Барилгын тухай хуулийн 46.1.3, 46.1.4, 46.1.5, 46.4, 37.1.14 дэх заалтуудыг зөрчиж барилгын битүүмжлэлийг алдагдуулж таазыг дотроос нь эвдэн орж хучлага дулаалгыг нь бусниулсан үйлдэлтэй шууд хамааралтай бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Барилгын дээврийн битүүмжийг манайд мэдэгдэхгүйгээр задалж эвдсэн, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагавар болох хохирлыг манайх хариуцахгүй гэж үзэж байна. Манайх Д.Болдын байшинг барьж байх үед буюу 2013 оны хавар дуусаагүй байхад Д.Болдынх нүүж ороод амьдарч байсан. Гэтэл 2014 оны 6 сард Д.Болд байшингийн шалан доороос ус гараад байна гэхээр нь очиж үзэхэд паркетан шалыг хуулаад авчихсан бөөн ус чийг болчихсон сууриа өрөмдөөд зогсож байсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтийн 7 "шал болон шугаман суурийг дулаалаггүй хийсэн байгаа тул барилгын дулаан техникийн норм дүрэм шаардлагыг хангахгүй байна" гэсэн байна. Уг нь Д.Болд өөрийн хийсэн сууриа засч халаалтын тоног төхөөрөмжөө хийх ёс журмаар хийгээд манайх хананы гэмтлийг засаад асуудлыг шийдэх боломжтой. Д.Болдын байшингийн хана, таазанд чийг тусгаарлагч, шилэн хөвөнг зохих стандартын дагуу хийсэн боловч Д.Болд таазны 2 давхар шилэн хөвөн хийснийг 1 давхрыг хуулж авсан байсан учраас манайх байшингийн дулаалга болон чийг тусгаарлагч хийгээгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Манайд Д.Болд нь зураг төсөл хийлгэх гэхэд маш үнэтэй байна танайх хямдхан хийгээд өгөөч гэж хүссэний дагуу мөн Барилгын тухай хуулийн 25.8, Засгийн газарын 151 дугаар тогтоолыг үндэслэн Д.Болдын байшингийн зураг төслийг итгэмжлэгдсэн зургийн дагуу Д.Болдын өөрийнх хүсэлтийн дагуу өөрийн инженерээрээ гаргуулан өөрт нь танилцуулж зөвшөөрсний үндсэн дээр байшинг нь зургийн дагуу барьсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр "барилгын угсралтын ажил нь зураг төслийн дагуу хийгдсэн байна" гэж тогтоогдсон. Иймд Д.Болд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж манай компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, манай компаниас ажлын хөлсөнд төлсөн мөнгөө нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн захирал Б.Бямбадорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу манай байгууллага барилгын зураг төслийг хийхээр тохиролцсон. Манай байгууллагаар хийлгэсэн зураг төслийн үнэ 3 743 750 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Д.Болд төлөх ёстой байсан. Мөн нэхэмжлэгч Д.Болд манайхаас халаалтын системийн эко зурган халаагуур худалдаж авсан ба үнэ нь 630 000 төгрөгийг болсон ч уг мөнгийг мөн төлөөгүй. Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өмгөөлөгчид 4 удаагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр төлсөн 7 730 000 төгрөг, мөн Мөнх-Оргил трейд ХХК-д шинжээчийн зардалд төлсөн 450 000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, нийт 12 553 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Д.Болд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Байшингийн зургийн үнийг 149,75 м.кв талбайг 27 000 төгрөгөөр үржүүлэн гаргасан байдаг. Байшингийн зурөг төслийн үнийг төлье гэтэл уг зураг төсөл нь шаардлага хангахгүй байсан. Голден морген ХХК-иар хэмжилт хийлгэхэд барилгын нийт талбай 111,09 м.кв гэж гарсан. Үүнийг няцаасан ямарваа нэгэн баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Өөрсдөө суурь жижиг учраас барилга жижиг болсон гэж ярьдаг. Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага хангаагүй зураг байсан. Мөн энэ зургийг шүүх дээр маргаж байх явцад гаргаж өгсөн ба энэ зургийг тухайн үед зуруулж, захиалагчид танилцуулаагүй. Барилгын зураг байхгүй байсан талаар тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдаг. Иймд энэ талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эко халаагуурын үнэ болох 630 000 төгрөгийг мөн нэхэмжилсэн байна. Халаагуурыг барьж өгсөн байр болгондоо бэлэглэдэг, дурсгадаг гээд байрандаа нүүж орох үед бэлэглэж байсан. Бэлэг биш байсан гэж хэлж байгаа бол буцаан өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн шаардлагын тухайд хэрэгт П.Бямбадорж өмгөөлөгчтэй хийсэн 4 удаагийн гэрээ байна. Уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар заалтаар нэхэмжилж байгаа бол ойлгомжгүй байна. Гэрээг үзвэл Экологийн дулаан хаус ХХК, өмгөөлөгч хоёрын хооронд байгуулагдсан дөрвөн ижил гэрээ байна. Гэрээг дүгнэсэн актыг нь харахад ямар актаар, ямар ажил дүгнэж хүлээлцэж байгаа нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас 33 296 937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 296 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 12 553 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 440 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 230 760 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 324 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болдод, нэхэмжлэгч Д.Болдоос шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд 225 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн захирал Б.Бямбадорж давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгoй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Д.Болд болон хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн хийсэн ажил болон байшингийн дулаан алдахад нөлөөлж байгаа хүчин зүйлийн талаар тодорхой бичсэн байна. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ зөвхөн Экологийн дулаан хаус ХХК-ийн хийсэн ажлын доголдлыг дурдаж, Д.Болдын хийсэн ажил болон гэрээний талдаа мэдэгдэхгүйгээр дур мэдэн хийсэн ажил болон эвдсэн зүйлүүд нь байшинд биет доголдол үүсэхэд хүйтэн болох нь нөлөөлсөн эсэхийг дүгнэхгүй орхиж хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна. Экологийн дулаан хаус ХХК нь "Д.Болдын хийсэн байшингийн суурь, дулааны холболттой холбоотойгоор үүссэн доголдол болон түүний дур мэдэн хийсэн бусад үйлдлүүд тухайлбал манай компанийн хийсэн дээвэр, таазыг хуулж, эвдсэн нь байшин дээвэр, таазнаас дулаан алдах гол шалтгаан болсон" гэж шүүхэд удаа дараа тайлбар өгч байсан. Шинжээч Л.Ганбаатарын дүгнэлтэд "сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн" гэсэн байгаа бөгөөд энэ нь хийсэн зүйл чанаргүйгээс дулаан алдах шалтгаан болсон биш харин гаднын нөлөөгөөр дээврийн хэсгийг нурааж цөмлөсөн болохыг "механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн" гэж тодруулж өгсөн байна. Энэ нь бидний яриад байгаа нэхэмжлэгчийн дур мэдэн байшингийн таазын цөмлөж нураасан, эвдэж сүйтгэсэн үйлдэл нь байшингийн дээврээс дулаан алдах шалтгаан болсноос манай хийсэн ажлын чанарын доголдолтой ямар ч холбоогүй гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт "... гаднын ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хохирлыг хариуцахгүй" гэж заасан. Мөн гэрээний 2.3, 3.9, 3.10-т зааснаар захиалагч нь гэрээнд заагдаагүй ямар нэг барилгын нэмэлт ажлын өөрчлөлт хийх бол гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдэж, улмаар 2 тал харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн бол зураг төсөл зохиогчийн зөвшөөрлөөр нэмэлт, өөрчлөлт хийх бөгөөд захиалагч холбогдох зардалыг бүрэн хариуцахаар заасан. Гэтэл Д.Болд манай компанид албан ёсоор мэдэгдэлгүй дур мэдэн зуух, яндан байрлуулж хана болон таазыг эвдэж, цөмлөж, гэмтээсэн нь зөвхөн гэрээгээ зөрчсөн асуудал төдийгүй барилгын дулаан алдахад нөлөөлөх шалтгаан болсон гэж үзэж байна. Уг байшинг Д.Болд өөрийн биеэр хүлээн авч барилгын жижиг заслын зарим ажил дүусаагүй байхад зэрэгцэн байшиндаа орж амьдарч эхэлсэн бөгөөд ажил дуусахад талуудын байгуулсан гэрээний сүүлийн хуудсанд "Ажил хүлээн авсан" гэсний ард гарын үсгээ зурсныг захиалагч тал ажлаа хүлээн авсан гэж үзэж байна. УМХЕГ-ын ахлах байцаагч Л.Ганбаатарын хариулт өгсөн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд 7 дахь асуултад "... Фото зургуудаас харахад шал болон шугаман суурийг дулаалаагүй байгаа тул барилгын дулаан техникийн нормын шаардлага хангахгүй байх үндэстэй байна", мөн 9 дэх асуултад "...Захиалагч Д.Болдоос суурийн талаар асууж тодруулахад тус суурийн ажлын зураг, төсөл, ил далд ажлын акт, бетоны бат бэхийн лабораторийн шинжилгээний дүн байхгүй, зөвхөн суурийн ажил гүйцэтгэж байх үеийн 7 ширхэг фото зураг байна. Фото зургуудаас харахад шал болон шугаман сууринд чийг болон дулаан тусгаарлалт хийгээгүй байна. Иргэн Д.Болд сууриа хийхдээ геологийн дүгнэлт гаргуулаагүй, ургамалт үеийн хөрсийг хуулсан, хөрсийг сольсон эсэх нь тодорхойгүй байна" гэж дүгнэсэн. Мөн 11 дүгээр асуултад "Дээрх байшингийн хүйтэн байгаа нь суурь, шалны дулаан алдалттай холбоотой гэж үзэж байна" гэж байшингийн дулаан алдалтын шалтгааныг Д.Болдын хийлгэсэн суурь, шалны доогуурх дулааны шугамнаас болж байна" гэж тодорхой бичсэн байна. Энэ нь шал болон шугаман суурийг дулаалаагүйгээс шалны доогуур Л.Болдын хийсэн дулааны шугам хөлдөж ус, уур олгойдож дулаан алдагдах гол шалтгаан болсон гэж манай компанийн өгч байгаа тайлбарыг нотолж байгаа юм. Хэрэгт авагдсан фото зургуудаас харахад дулаан алдаж харласан, чийг цохисон газрууд хана, таазны хэсэгтээ биш харин суурь, шал хэсгээс байгаа нь харагдаж байгаа нь мөн л дээрх асуудлыг нотолж байна. Дээрх байдлаар манай компаниас шүүхэд хандан гаргасан болон шүүх хурал дээр ярьсан тайлбартаа удаа дараа дурдаж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл болгон өгсөн нотлох баримт болон үйл баримтыг шинжээчийн дүгнэлт нотолсон байна. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шинжээчийн дүгнэлтээс зөвхөн Экологийн дулаан хаус ХХК-ийг буруутгах үндэслэл болсон хэсгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж харин нэхэмжлэгчийн бусдаар хийлгэсэн ажлын чанар, байшингийн дулаан алдалтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл гэсэн шинжээчийн дүгнэлтийг үнэлээгүй. Нэхэмжлэгч Д.Болдын өөр компаниар хийлгэсэн барилгын суурь стандартын дагуу байгаа эсэх талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, харин шинжээч Л.Ганбаатарын дүгнэлтэд "шал болон шугаман суурийг дулаалаагүй байгаа нь барилгын дулааны техникийн нормыг хангаагүй, байшингийн дулаан алдахад нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь суурь, шалны дулаан алдалттай холбоотой гэж үзэж байна" мөн "сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн" гэсэн асуудлууд нь Д.Болдын Есөн зэв ХХК-иар хийлгэсэн мөн түүний эвдсэн, сүйтгэсэнтэй л холбоотой асуудлууд байхад хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, доголдолтой ажил хийсэн гэж буруутгасан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Шалны доогуурх дулааны холболтыг дулаалгагүй хийсэн нь Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 46.1.4, 46.1.5, 46.4 гэх зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг шүүхэд олон удаа тайлбарласан.

Шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 дугаар магадлалд анхан шатны шүүх шинжээч томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шинжээч томилох журмыг зөрчсөн тул шүүх шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байгаа нь хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл гэж үзсэнийг тодорхой бичсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/0Ю14 дугаар бүхий шийдвэрт гүйцэтгэгч талыг гэрээний үүргээ биелүүлээгүй буюу биет байдлын доголдолтой байшин барьж өгсөн гэж нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаж манай компанид төлсөн мөнгөө гаргуулах нэхэмжлэл гаргасан. Гэрээний татгалзлыг шүүх зөвшөөрч шийдвэр гаргасанд гомдолтой байна. Д.Болдын өөр компаниар хийлгэсэн байшингийн суурь, шалны шугамын дулааны холболтыг стандартын дагуу хийгээгүй байгаагаас дулаан алдах гол шалтгаан болж байна. Мөн тааз, дээврийн хэсгийг цөмлөж нураасан болохыг шинжээчийн дүгнэлтэд тодорхой заасан. Шүүхэд гаргасан тайлбар болон фото зургуудаар Д.Болдын дур мэдэн зуух тавьсан, дээврийг дээш нь цоолж яндан гаргаснаас манай компанийн хийсэн ажлууд эвдэрч, гэмтсэнийг нотолж өгсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4.2 дахь заалтад "гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан" бол үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй байхаар заасан. Нэхэмжлэгч Д.Болдын бусдаар гүйцэтгүүлсэн ажил, өөрийнх нь гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин гэрээний нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр хийсэн ажил, эвдсэн нурааж, цөмлөсөн үйлдэл нь байшингийн дулаан алдалт, эвдрэл гэмтэлд шууд нөлөөлсөн нь шинжээч Л.Ганбаатарын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 07/102/02 дугаар бүхий дүгнэлтэд тодорхой заасан байна. Иймд нэхэмжлэгч Д.Болдын буруутай үйлдэл байшингийн доголдолд шууд нөлөөлсөн байхад түүнийг авч үзэхгүйгээр манай компаниас 33 296 937 гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Бид ажлаа дуусгаад хүлээлгэж өгөөд явсан. Тухайн үед байшин ямар ч асуудалгүй байсан. Гэтэл Д.Болдын шалны доогуур дулаалгагүй хийсэн дулааны холболтоос болж ус алдаж, уур үүссэн нь байшинд эвдрэл үүсэх шалтгаан болсон. Байшингийн дээврийн хэсэг, шалыг нь хуулсан. Хүн амьдрахгүй 4 жил орчим болж байгаа байшин ямар дүр төрхтэй байх нь ойлгомжтой. Бид одоогийн байгаа шиг байшин барьж өгөөгүй. Хүний амьдрах нөхцөлийг бүрэн хангасан байшин барьж өгсөн. Д.Болд үүнийг сайн мэдэж байгаа.

Нэхэмжлэгч Д.Болд барилгын суурийг буруу хийснээс энэ бүхэн үүссэн бөгөөд тэрээр Барилгын тухай хуулийн 12.1.1, 37.1.1, 37.1.3, 37.1.14, 40.2, 46.1.4 заалтыг зөрчсөний улмаас суурины доогуур усны шугам нь өвөл хөлдөн хагарч шалны доор ус тунаран хөлдөж хавар дулаарахад шалнаас ус гарч барилгын чанарт ноцтой гэмтэл учирсан болох нь УМХГ-ын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 асуултуудын дагуу шинжилгээ хийж гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд энэ хохирлыг талуудын хийсэн гэрээний 4.9-д заасны дагуу Д.Болд өөрөө хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 37.6 дахь хэсэгт зааснаар захиалагч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг өөрөө хариуцахаар зохицуулсан байгаа тул Д.Болд өөрийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж дур мэдэн хийсэн зүйлийнхээ улмаас учирсан хохирлоо өөрөө л хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болд давж заалдах гомдолдоо:

... Нэхэмжлэгчийн гэрээний зүйлийн доголдлын талаар гаргасан тайлбар нь Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-91/883 тоот дүгнэлт, улсын ахлах байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-78/400 тоот "Экологийн дулаан хаус" ХХК-нд хүргүүлсэн шаардлага, дулаан алдалтын хэмжилтийн дүгнэлт, Голден морган ХХК-ийн талбайн хэмжилт хийсэн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтууд болон шүүх хуралдаанд дүгнэлтээ тайлбарласан тайлбараар тогтоогдож байна гэж, мөн хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, доголдолгүй ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх тайлбар нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна, тайлбараа нотолж дээр дурдсан баримтуудыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, хариуцагчаас холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн гэрээний дагуу шилжүүлсэн хөлсийг бүхэлд нь буцаан гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлагыг буруутгах боломжгүй байна гэж зөв дүгнэсэн атлаа дээрх бичгийн нотлох баримтууд болон, шинжээчийн дүгнэлтээр гэрээний зүйлийн доголдол бий болоход нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байх бөгөөд нэхэмжлэгч нь байшингийн суурь, халаалтын системийг өөрөө хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба суурийн дулаан алдалт, халаалтын систем эвдэрч уп алдсан зэрэг үйл баримтууд нь байшинг ердийн байдлаар ашиглагдах боломжгүй болсон энэ нөхцөл байдалд нөлөөлсөн байх ба энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэж буй нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгч байшингийн суурь, бохирын цооногийг '"Экологийн дулаан хаус" ХХК-иар бус "Есөн зэв" ХХК-иар тусад нь гэрээ байгуулан нийт 21 250 000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн бөгөөд "Экологийн дулаан хаус" ХХК нь бэлэн болсон суурин дээр байшин барих үүргийг Д.Болдтой байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хүлээсэн байсан. Иймд Болд нь "Экологийн дулаан хаус" ХХК-ийн барьсан байшин чанарын шаардлага хангахгүй байгааг, энэ нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө холбогдох эрх бүхий байгууллагын буюу Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-91/883 тоот дугнэлт, Улсын ахлах байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-78/400 тоот "Экологийн дулаан хаус" ХХК-нд хүргүүлсэн шаардлагаар нотлогдож байсан. Өөрөөр хэлбэл суурь ямар байхаас үл хамаараад "Экологийн дулаан хаус" ХХК-ийн барьсан байшин нь чанарын шаардлага хангахгүй байгаа нь дулаан алдалтын хэмжилтын дүгнэлт, Голден морган ХХК-ийн талбайн хэмжилт хийсэн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, Баянзүрх дуүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 66 593 875 төгрөг гаргуулах нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг, халаалтын системийн үнэ 630 000 төгрөг, өмгөөлөгч болон шинжээчийн хөлс 8 130 000 төгрөг, нийт 12 553 750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажлын үр дүн биет байдлын доголдолтой байсан гэж тайлбарласан байна.

Талуудын хооронд 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 02/13 тоот барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч Экологийн дулаан хаус ХХК нь төмөр арагт бүтээцтэй 86,6 м.кв талбай бүхий хувийн сууц, 35,8 м.кв талбай бүхий граж, 27,36 м.кв талбай бүхий гадна саравчны талбай зэргийг барьж, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч Д.Болд нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд 66 593 875 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 3-7/

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Д.Болд нь хариуцагч Экологийн дулаан хаус ХХК нь уг гэрээгээр хүлээсэн үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх ёстой.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.Болд ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 59 934 550 төгрөг бэлнээр болон дансаар төлсөн, гэрээний үлдэгдэл төлбөр болох 6 659 325 төгрөгийг бараа материалын хэлбэрээр төлж, талууд тооцоо нийлсэн байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. Хэрэв гүйцэтгэсэн ажилд ямар нэгэн доголдол илэрвэл захиалагч тал Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын үр дүнг хүлээж авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байдаг.

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-91/883 тоот өвлийн орон сууцны байшингийн ашиглалтын тухай дүгнэлтэд ...Д.Болдын өвлийн зориулалттай орон сууцны барилгын баталгаат хугацаа дуусаагүй байгаа тул Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д барилга байгууламжийн чанарын баталгаат хугацаа дуусаагүй байхад өөрийнх нь буруутай ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгана гэж зааснаар барилгын гүйцэтгэгч Экологийн дулаан хаус ХХК-аар засуулж ашиглалтын шаардлагад нийцүүлэх нь зүйтэй гэсэн байна. /1хх-ийн 12 тал/

Мөн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-78/400 тоотоор ...шаардлагатай хийц бүтээцийг задлан үзэх, холбогдох стандартад нийцсэн материалаар засан сайжруулах замаар илэрсэн гэмтлийг 2014 оны 7 дугаар сарын 1-ний дотор бүрэн арилгахыг шаарджээ. /1хх 13 тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хүсэлтээр шинжээчээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагч Л.Ганбаатарыг томилсон байх бөгөөд түүний 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 дугаар дүгнэлтээр ... Барилгын дулаан алдалтын шалтгаан нь суурь, шал, хана, тааз хучилтын дулаалгыг барилгын дулаан техникийн шаардлага, норм дүрмийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс шалтгаалсан байх үндэстэй байна, тус барилгад дулаалга, засвар хийхгүйгээр одоогийн байдлаар ашиглахад Барилгын тухай хуулийн 9.1.1-д заасан хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэжээ. /3хх-ийн 3-8 тал/

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд дээрх тохиолдолд нэхэмжлэгч Д.Болд нь гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөө бүхэлд нь буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

Маргаан зүйл болж буй барилгын дулаан алдагдал нь нэхэмжлэгч Д.Болдын буруутай ажиллагаанаас үүссэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан захиалагчийн өөрийн хариуцлагын хэмжээ, хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэж хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас гэрээний үүрэгт шилжүүлсэн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгчид Д.Болдод олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Экологийн дулаан хаус ХХК нь ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг, халаалтын системийн үнэ 630 000 төгрөг, өмгөөлөгч болон шинжээчийн хөлс 8 130 000 төгрөг, нийт 12 553 750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ. Талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 2-ийн тайлбар хэсэгт зааснаар гэрээний нийт үнэд халаалтын системийн үнэ багтаагүй байх тул зурган халаагуурын үнэ 630 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Болдоос гаргуулах нь зүйтэй байна. Харин ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажлын зураг гаргах нь ажил гүйцэтгэхэд шаардлагатай үндсэн ажилд хамаарах тул хөлсийг гаргуулах үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Мөн хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн эрх зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч хөлслөн ажиллуулах эсэх, түүний эрхийн асуудал учраас өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгийг гэрээний үүрэг зөрчигдсөнтэй шууд шалтгаант холбоотой үүссэн хохирол гэж үзэхгүй, шинжээчийн зардал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд шүүхийн зардалд хамаарах эдгээр зардал болох 8 130 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Болдоос гаргуулах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Болдоос халаалтын системийн үнэ 630 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д олгож, үлдэх ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг, өмгөөлөгч болон шинжээчийн хөлс 8 130 000 төгрөг, нийт 11 923 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцлан, татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байдаг бөгөөд хариуцагч Экологийн дулаан хаус ХХК нь барилгад үлдэж болох үр дүнг буцаан шаардаагүй тул сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно. Гэвч хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргах эрхийг энэ магадлал хөндөөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч Д.Болд гэрээнээс татгалзсан тул ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт төлсөн 66 593 875 төгрөгийг хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Болдоос 630 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д олгож, үлдэх 11 923 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдсан нэхэмжлэгч Д.Болдын гомдлыг хангаж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн захирал Б.Бямбадоржийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг дараах байдлаар өөрчилсүгэй.

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас 66 593 875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Болдод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Болдоос 630 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д олгож, үлдэх 11 923 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 440 төгрөг, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 760 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 490 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Болдод, нэхэмжлэгч Д.Болдоос улсын тэмдэгтийн хураамжид 19 550 төгрөг гаргуулан хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д олгож, нэхэмжлэгч Д.Болдоос шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд 225 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-д тус тус олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Болдын гомдлыг хангаж, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн захирал Б.Бямбадоржийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Болдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 440 төгрөг, хариуцагч Экологийн дулаан хаус ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 204 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

                                                  

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ 

ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ Ц.ИЧИНХОРЛОО