Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01745

 

Д.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалтай

Д.Бын нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг, халаалтын системийн үнэ 630 000 төгрөг, өмгөөлөгчийн болон шинжээчийн хөлс 8 130 000 төгрөг, нийт 12 553 750төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Б.Бямбадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр “Э” ХХК-тай “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр эрчим хүчний хэмнэлттэй 86,6 м.кв талбайтай, гражийн талбай 35,8 м.кв, гадна саравчны талбай 27.35 м.кв өвлийн орон сууцыг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богинод 2013 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 30 хүртэл барихаар тохиролцсон. Барилга нь ашиглалтад орсон боловч хүн амьдрах боломжгүй байсан тул тус компанид засч өгөхийг удаа дараа шаардсан ч сүүлдээ утсаа авахгүй алга болсон. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гомдол гаргаж, 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 02-07-91/883 дугаар дүгнэлт гарч, уг дүгнэлтээр буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн чанарын зөрчлийг өөрийн зардлаар арилгахаар тогтоож, уг дүгнэлтийг хариуцагч байгууллагад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй тул “Э” ХХК-д холбогдуулан 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр анх 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Э” ХХК-тай 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-нээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол 66 593 875 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Гэрээ байгуулагдснаар Д.Б гэрээний төлбөрт 66 593 875 төгрөгийг бүрэн төлсөн. Барилгын суурь хийхээр тохирсон байсан учраас барилгын тусгай зөвшөөрөлтэй “Есөн зэв” ХХК-тай тохиролцон 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр барилгын суурь, бохирын цооног хийж гүйцэтгэх гэрээ байгуулан хийлгэсэн. Суурийн ажил дууссантай холбогдуулан ямарваа нэг гомдол тавиагүй бөгөөд хариуцагч “Э” ХХК барилга барих ажлаа эхлүүлсэн. Хариуцагч байгууллага жаазтай зурган халаагуур дурсгаж, та байшиндаа орох боломжтой гэж хэлээд байрандаа нүүж орсон байдаг. Байрандаа нүүж орсноос хойш агааржуулалт байхгүй, хүйтэн, нүд хорсох зэрэг нөхцөл байдал гарч байснаас гадна байшингийн хана цоорхой байсан. Нэхэмжлэгчийн гомдлоор Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийн дагуу 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 400 тоот улсын ахлах байцаагчийн шаардлага гарсан. Барилгыг газар дээр нь очиж үзэхэд гадрын хучилтын карказын Ц хэлбэрийн төмрийн өндөр нь 22 мм төмөр биш байна. Таазны гипсэн хавтангийн дээр 12 мм зузаантай хавтан, гурван давхар 30 мм зузаантай шилэн хөвөн, 12 мм зузаантай ОСВ хавтан, уур тусгаарлагч байх ёстой гэдэг дарааллаар ажлыг гүйцэтгээгүй байна. Дээврийг хөөсөнцөр болон шилэн хөвөнгөөр дулаалаагүй байгааг тодотгож өгсөн. Барилгын материалууд нь гарал үүслийн болон тохирлын гэрчилгээгүй, ажил гүйцэтгэсэн далд ажлын акт байхгүй, 2013 онд барьсан барилгаа захиалагч талд албан ёсны акт үйлдэн хүлээлгэж өгөөгүй байна гэдгийг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барилгын талбай эргэлзээтэй байсан учраас талбайн зөрүүг тодруулахаар мэргэжлийн байгууллагад хандсан байдаг. Хүсэлтийн дагуу мэргэжлийн байгууллага Монгол улсад мөрдөгдөж байгаа барилгын ашигтай талбайгаар тооцоход 86,5 м.кв байхаас 17,35 м.кв зөрүүтэй гарсан. Гражийн талбай 33,21 м.кв байхаас 3,31 м.кв зөрүүтэй, саравчны ашигтай талбай 27,35 м.кв байхаас 17,51 м.кв зөрүүтэй буюу нийт 36,7 м.кв дутуу барьсан гэдгийг тогтоосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон шинжээчийн дүгнэлт гарсан. Дүгнэлт тус бүрт “Э” ХХК нь гологдол, дутагдалтай, Барилгын тухай хууль тогтоомж зөрчсөн, үүргээ биелүүлээгүй байна гэдгийг тухай бүрт нь дүгнэлтээрээ тогтоосон. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шинжээч томилогдон 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 07/102-02 тоот дүгнэлт гарсан. Шинжээч барилгад биечлэн очиж үзлэг хийсэн ба дүгнэлтээр барилгын зураг төсөл, угсралтын үеийн зураг байгууллагаас зөрүүтэй, хана таазны дулаалга нь барилгын дулаан хамгаалалтын норм дүрмийн хүснэгтийн дөрөв дэх хэсэгт заасан дулаан техникийн шаардлагыг хангахгүй байгааг зааж өгсөн. Дээврийн гадна хүрээ, битүүмжийн хавтан нь ус чийгт тэсвэргүй, ховхорч хөндийрч унасан байдалтай байна гэдгийг дүгнэлтэд бичсэн байна. Цонх нь 2 давхар шилтэй, шил хоорондын зай 14 мм байх, дулааны улиралд гаднаас дотогш ус орох нөхцөл байдал бүрдсэн байна. Ус зайлуулах нүх, суваг байхгүй байгаа нь норм дүрэм стандартыг хангахгүй байгааг зааж өгсөн. Барилгын гадна, дотор хана, таазанд хэрэглэсэн полистрол хавтан, чийг тусгаарлагч хавтан нь барилгын материалын гэрчилгээ, чанарын сертификат байхгүй байна гэж заасан. Барилгын норм дүрмийн дагуу хийж гүйцэтгээгүйгээс болоод дулаан алдалт үүсэх боломжтой гэдгийг дүгнэлтэд дурдсан байна. Шинжээчээс асуусан асуултад хариулсан байдлаас харвал барилгад дулаалга хийлгүйгээр, одоо байгаагаар шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хэвийн элэгдэл хорогдлыг хасч тооцоход энэ барилга нь тухайн үед мөрдөгдөж байсан Барилгын тухай хуулийн 9.1.1 дэх заалтын шаардлагыг хангаж байна уу гэдэг асуулт байсан. Иймд гэрээний төлбөрт төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бын өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, уг татгалзлаа нотлохоор фото зураг, холбогдох баримтуудыг хангалттай өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Д.Б 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр сайн дурын үндсэн дээр хувийн орон сууц бариулах хүсэлт гаргасны дагуу талууд харилцан тохиролцож “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан. Барилгын ажил хийж эхлэхээс өмнө нэхэмжлэгч Д.Б гэрээг зөрчиж эхэлсэн. Гэрээний дагуу барилгын суурь хийх ёстой байсан. Барилгын суурийг хийж, метр квадратаа гаргах байсан. Гэрээний 1.3.1, 3.1, 3.12-т заасны дагуу барилгын зураг төслөө өөрөө боловсруулах байсан бөгөөд захиалагч өөрийн зардлаар зургаа гаргах дээрх заалтуудыг зөрчөөд манай компанид санал тавьсан. Манай компанид энэ технологийн дагуу яаж баригддаг яг тийм магадлан хийлгэсэн зураг байдаг. Иргэн Д.Б дээрх 02/13 тоот гэрээний 1.3.1, 3.1, 3.12-д заасны дагуу барилгын зураг төслөө боловсруулах, захиалагч зураг төслөө тус технологийн дагуу өөрийн зардлаар баталгаажуулсан байх заалтуудыг зөрчсөн болох нь Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтээр болон гэрээний холбогдох заалтуудаар нотлогдож байгаа болно. Гэрээний 2.3, 3.9, 3.10, 4.9-т зааснаар захиалагч нь гэрээнд заагдаагүй ямар нэг барилгын нэмэлт ажлын өөрчлөлт хийх бол гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдэж улмаар 2 тал харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн бол зураг төсөл зохиогчийн зөвшөөрлөөр нэмэлт, өөрчлөлт хийх бөгөөд захиалагч холбогдох зардлыг бүрэн хариуцахаар заасан. Гэтэл Д.Б манай компанид албан ёсоор мэдэгдэлгүй дур мэдэн зуух, яндан байрлуулж хана болон таазыг гэмтээсэн байсан нь зөвхөн гэрээгээ зөрчсөн асуудал төдийгүй барилгын чанарт нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн Д.Б байшингийн суурин доогуурх цэвэр усны трубаг ямар ч дулаалгагүй хийснээс өвөлдөө хөлдөж, хагаран ус гарч, шалан доогуур Д.Бын хийсэн шалны халаалтын системийг норгон шатааж ажиллахгүй болгосон тул бидний хийсэн паркетан шалыг хуулж авсан, барилгыг бүхэлд нь усанд автуулснаар уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарах гол шалтгаан болсон байна. Энэ нь гэрээний 4.9-д гадны ямар нэг хүчин зүйлийн нөлөөгөөр уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал хохирлыг хариуцахгүй гэсэн заалтын дагуу гүйцэтгэгч талаас шалтгаалаагүй хохирлыг буруутай этгээд өөрөө хариуцах ёстой бөгөөд түүний үйлдэл Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 46.1.4, 46.1.5, 46.4 зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн байна. Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 дугаар шинжээчийн дүгнэлтээр "Сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан тааз нь механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн, дээврийн гадна хүрээ хэсгийн хавтанцарууд унаж зай гарсан зэрэг эвдрэл гэмтлүүд зураг 1-12" гэсэн нь Д.Б бидэнтэй байгуулсан Гэрээний 4.9, 2.6 дахь заалтууд, Барилгын тухай хуулийн 46.1.3, 46.1.4, 46.1.5, 46.4, 37.1.14 дэх заалтуудыг зөрчиж барилгын битүүмжлэлийг алдагдуулж таазыг дотроос нь эвдэн орж хучлага дулаалгыг нь бусниулсан үйлдэлтэй шууд хамааралтай бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Барилгын дээврийн битүүмжийг манайд мэдэгдэхгүйгээр задалж эвдсэн, түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагавар болох хохирлыг манайх хариуцахгүй гэж үзэж байна. Манайх Д.Бын байшинг барьж байх үед буюу 2013 оны хавар дуусаагүй байхад Д.Бынх нүүж ороод амьдарч байсан. Гэтэл 2014 оны 6 сард Д.Б байшингийн шалан доороос ус гараад байна гэхээр нь очиж үзэхэд паркетан шалыг хуулаад авчихсан бөөн ус чийг болчихсон сууриа өрөмдөөд зогсож байсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтийн 7-д "шал болон шугаман суурийг дулаалгагүй хийсэн байгаа тул барилгын дулаан техникийн норм дүрэм шаардлагыг хангахгүй байна" гэсэн байна. Уг нь Д.Б өөрийн хийсэн сууриа засч халаалтын тоног төхөөрөмжөө хийх ёс журмаар хийгээд манайх хананы гэмтлийг засаад асуудлыг шийдэх боломжтой. Д.Бын байшингийн хана, таазанд чийг тусгаарлагч, шилэн хөвөнг зохих стандартын дагуу хийсэн боловч Д.Б таазны 2 давхар шилэн хөвөн хийснийг 1 давхрыг хуулж авсан байсан учраас манайх байшингийн дулаалга болон чийг тусгаарлагч хийгээгүй гэснийг зөвшөөрөхгүй байна. Манайд Д.Б нь зураг төсөл хийлгэх гэхэд маш үнэтэй байна танайх хямдхан хийгээд өгөөч гэж хүссэний дагуу мөн Барилгын тухай хуулийн 25.8, Засгийн газрын 151 дугаар тогтоолыг үндэслэн Д.Бын байшингийн зураг төслийг итгэмжлэгдсэн зургийн дагуу Д.Бын өөрийнх хүсэлтийн дагуу өөрийн инженерээрээ гаргуулан өөрт нь танилцуулж зөвшөөрсний үндсэн дээр байшинг нь зургийн дагуу барьсан. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр "барилгын угсралтын ажил нь зураг төслийн дагуу хийгдсэн байна" гэж тогтоогдсон. Иймд Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж манай компанитай байгуулсан гэрээнээсээ татгалзаж, манай компаниас ажлын хөлсөнд төлсөн мөнгөө нэхэж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Бямбадорж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу манай байгууллага барилгын зураг төслийг хийхээр тохиролцсон. Манай байгууллагаар хийлгэсэн зураг төслийн үнэ 3 743 750 төгрөг болсон бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Д.Б төлөх ёстой байсан. Мөн нэхэмжлэгч Д.Б манайхаас халаалтын системийн эко зурган халаагуур худалдаж авсан ба үнэ нь 630 000 төгрөг болсон ч уг мөнгийг мөн төлөөгүй. Манай талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өмгөөлөгчид 4 удаагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр 7 730 000 төгрөг төлсөн, мөн “Мөнх-Оргил трейд” ХХК-д шинжээчийн зардалд 450 000 төгрөг төлсөн тул нийт 12 553 750 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Байшингийн зургийн үнийг 149,75 м.кв талбайг 27 000 төгрөгөөр үржүүлэн гаргасан байдаг. Байшингийн зураг төслийн үнийг төлье гэтэл уг зураг төсөл нь шаардлага хангахгүй байсан. “Голден морген” ХХК-иар хэмжилт хийлгэхэд барилгын нийт талбай 111,09 м.кв гэж гарсан. Үүнийг няцаасан ямарваа нэгэн баримт хариуцагч талаас гаргаж өгөөгүй. Өөрсдөө суурь жижиг учраас барилга жижиг болсон гэж ярьдаг. Барилгын зураг төсөлд тавигдах шаардлага хангаагүй зураг байсан. Мөн энэ зургийг шүүх дээр маргаж байх явцад гаргаж өгсөн ба энэ зургийг тухайн үед зуруулж, захиалагчид танилцуулаагүй. Барилгын зураг байхгүй байсан талаар тухайн үед гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байдаг. Иймд энэ талаарх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эко халаагуурын үнэ болох 630 000 төгрөгийг мөн нэхэмжилсэн байна. Халаагуурыг барьж өгсөн байр болгондоо бэлэглэдэг, дурсгадаг гээд байрандаа нүүж орох үед бэлэглэж байсан. Бэлэг биш байсан гэж хэлж байгаа бол буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Өмгөөлөгчийн хөлс нэхэмжилсэн шаардлагын тухайд хэрэгт П.Бямбадорж өмгөөлөгчтэй хийсэн 4 удаагийн гэрээ байна. Уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар заалтаар нэхэмжилж байгаа бол ойлгомжгүй байна. Гэрээг үзвэл “Э” ХХК, өмгөөлөгч хоёрын хооронд байгуулагдсан дөрвөн ижил гэрээ байна. Гэрээг дүгнэсэн актыг нь харахад ямар актаар, ямар ажил дүгнэж хүлээлцэж байгаа нь тодорхойгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 33 296 937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 296 937 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн 12 553 750 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 440 төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 230 760 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 324 434 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод, нэхэмжлэгч Д.Боос шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд 225 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Э ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг дараах байдлаар өөрчилж,

1. “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 66 593 875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч Д.Боос 630 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож, үлдэх 11 923 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 526 440 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 760 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 490 919 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бод, нэхэмжлэгч Д.Боос улсын тэмдэгтийн хураамжид 19 550 төгрөг гаргуулан хариуцагч “Э” ХХК-д олгож, нэхэмжлэгч Д.Боос шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд 225 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Э” ХХК-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Бын гомдлыг хангаж, хариуцагч “Э” ХХК-ийн захирал Б.Бямбадоржийн гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 440 төгрөг, хариуцагч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 387 204 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна гэж үзэж байгаа тул доорх гомдлыг гаргаж байна.Үүнд:

Нэг. Давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 3 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. 2016 оны 09 дүгээр сард Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд анхан шатны шүүх, мөн оны 12 дугаар сард Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус хэлэлцсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 дугаар бүхий магадлалаар “иргэн Д.Б “Э” ХХК-ийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2016/05810 дугаар шийдвэрийг “Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхэд буцаасан.

Анхан шатны шүүхэд хэргийг буцаасан өдрөөс хойш хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцэх хүртэл жил гаруй хугацаанд:

1. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж гэрээт ажлын хөлсөнд төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

Анхан шатны шүүх Улсын мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилж тус газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Л.Ганбаатар шинжилгээг хийж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр № 07/102/02 дугаар бүхий шинжээчийн дүгнэлт гаргасан.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлүүдийг тусгайлан тодорхой заасан. Үүний нэг нь “хэрэгт авагдсан баримтуудаар талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил бүрэн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр хүлээсэн үүргээ зохигчдын хэн аль нь биелүүлсэн эсэх, тэдний хийж гүйцэтгэсэн ажлын чанарын доголдолтой нь бусдын гүйцэтгэсэн ажлын чанарт нөлөөлсөн эсэхийг тодруулах шаардлагатай”-г тусгайлан хэрэг шийдвэрлэх үндэслэлийг заасныг үндэслэлтэй шийдлээ гэж үзсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн зохигчдын маргааны гол зүйл болох байшинд доголдол /дулаан алдалт/ үүсэх асуудал нь, гэрээний аль тал нь буруутай үйл ажиллагаатай, гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна гэдгийг тогтоосон хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтыг бодитой үнэлж, дүгнэсэн шүүхийн шийдвэр л хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангана гэдэгтэй санал нийлж байсан.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан дээрх шаардлагыг хангах зорилгоор анхан шатны шүүхээс шинжээч томилсон.

Улсын мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн улсын ахлах байцаагч Л.Ганбаатар шинжилгээг хийж 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр № 07/102/02 дугаар бүхий шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлж өөрөө анхан шатны шүүх хуралд биечлэн оролцож тайлбар өгсөн.

Шинжээчийн дүгнэлтдээ Ажил гүйцэтгэх гэрээний талууд ажлаа гэрээ болон барилгын ажлыг гүйцэтгэх, захиалгаар гүйцэтгүүлэхтэй холбогдох бусад хууль тогтоомж, стандартын дагуу хийгдсэн эсэхийг нилээд бодитой шинжилж нэхэмжлэгч Л.Болдын буруутай үйлдлүүд болон түүний өөр этгээдээр хийлгэсэн байшингийн суурь, сантехникийн систем дулаан алдахад нөлөөлсөн болохыг дүгнэлтдээ дараах байдлаар тусгасан байгаа.Үүнд:

Шинжээч Л.Ганбаатарын дүгнэлтэд “сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн” гэсэн байна. Энэ нь Л.Болд өөрөө дур мэдэн байшингийн таазын хэсгийн дулаалгыг хуулж, нурааж цөмлөсөн байсныг “механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн” гэж тодруулж өгсөн байна гэж үзэж байна.

Энэ нь талуудын байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгчийн эрх, үүрэг гэсэн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “...гаднын ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр уг барилга байгууламжид эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд хохирлыг хариуцахгүй” гэж заасан. Мөн гэрээний 2.3, 3.9, 3.10-т зааснаар захиалагч нь гэрээнд заагдаагүй ямар нэг барилгын нэмэлт ажлын өөрчлөлт хийх бол гүйцэтгэгч талд бичгээр мэдэгдэж улмаар 2 тал харилцан тохиролцож нэмэлт, өөрчлөлтийг хийхээр шийдвэрлэсэн бол зураг төсөл зохиогчийн зөвшөөрлөөр нэмэлт, өөрчлөлт хийх бөгөөд захиалагч холбогдох зардлыг бүрэн хариуцахаар заасан гэрээгээр хүлээсэн үүргээ нэхэмжлэгч Д.Б зөрчсөнийг төдийгүй энэ нь байшин дулаан алдахад нөлөөлөх хүчин зүйлийн нэг болсныг харуулж байна.

Уг байшинг 2013 оны 6 дугаар сард Д.Б өөрийн биеэр, биетээр хүлээн авч барилгын жижиг заслын зарим ажил дуусаагүй байхад зэрэгцэн байшиндаа нүүн орж амьдарч эхэлсэн бөгөөд ажил дуусахад талуудын байгуулсан гэрээний сүүлийн хуудсанд “Ажил хүлээн авсан” гэсэн заалтын ард нь гарын үсгээ зурсныг захиалагч тал ажлаа хүлээн авсан гэж үзэж байна. Гарын үсгээ зурж ажил хүлээн авахдаа байшингийн доголдлын талаар ямар нэг асуудал, гомдол тавиагүй бөгөөд хүлээн авлаа гээд гарын үсгээ зурсан тул ажил хүлээн авахад байшинд захиалагч гомдол гаргах доголдол байгаагүй гэж үзэж байна.

Байшингаа хүлээн авснаас хойш түүний гэрээний үүргээ зөрчин дур мэдэн хийсэн үйлдлийн улмаас хохирол учирсан бол Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.14-д зааснаар “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах” гэсэн заалтын дагуу өөрийн хийсэн зүйлээ өөрөө л хариуцах ёстой гэж үзэж байна.

Байшингийн суурийн талаар шүүхээс тавьсан асуултад Улсын Мэргэжлийн Ерөнхий газрын ахлах байцаагч Л.Ганбаатарын дүгнэлтийн 7 дахь асуултын хариултад “3 хавтасны 7,8,9,11 хуудас, фото зургуудаас харахад шал болон шугаман суурийг дулаалаагүй байгаа тул барилгын дулаан техникийн нормын шаардлага хангахгүй байх үндэстэй байна”, мөн 9 дэх асуултад “... захиалагч Д.Боос суурийн талаар асууж тодруулахад тус суурийн ажлын зураг, төсөл, ил далд ажлын акт, бетоны бат бэхийн лабораторийн шинжилгээний дүн байхгүй, зөвхөн суурийн ажил гүйцэтгэж байх үеийн 7 ширхэг фото зураг байна. Фото зургуудаас харахад шал болон шугаман сууринд чийг болон дулаан тусгаарлалт хийгээгүй байна. /Зураг 13, 15/. Иргэн Д.Б сууриа хийхдээ геологийн дүгнэлт гаргуулаагүй, ургамалт үеийн хөрсийг хуулсан, хөрсийг сольсон эсэх нь тодорхойгүй байна.

“Э” ХХК “Д.Бын хийсэн байшингийн суурь, дулааны холболттой холбоотойгоор үүссэн доголдол болон түүний дур мэдэн хийсэн бусад үйлдлүүд тухайлбал манай компанийн хийсэн дээвэр, таазыг хуулж, эвдсэн нь байшин дээвэр, таазнаас дулаан алдах гол шалтгаан болсон” гэж шүүхэд удаа дараа тайлбар өгч байсан.

Мөн “Дээрх байшингийн хүйтэн байгаа нь сууринаас хамааралтай эсэх? гэсэн 11 дүгээр асуултад шинжээч дүгнэлтдээ “Дээрх байшингийн хүйтэн байгаа нь суурь, шалны дулаан алдалттай холбоотой гэж үзэж байна” гэж байшингийн дулаан алдалтын шалтгааныг Д.Бын хийлгэсэн суурь, шалны доогуурх дулааны шугамнаас болж байна” гэж тодорхой бичсэн байна. Гэтэл Д.Б байшингийн суурь, шалаа хийлгэсэн компанийн ажлын доголдлыг ярихгуй манай хийсэн ажилтай холбон хохирол нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан фото зургуудад дулаан алдаж харласан, чийг цохисон газрууд хана, таазны хэсэгтээ биш харин суурь, шал хэсгээс байгаа нь харагдаж байгаа нь хариуцагчийн хийсэн ажлын доголдлоос байшингийн дулаан алдалт шалтгаалаагүй болохыг нотолж байгаа болно.

Гэтэл анхан шатны шүүх ч, давж заалдах шатны шүүх ч хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шинжээчийн дүгнэлтээс зөвхөн “Э” ХХК-ийг буруутгах үндэслэл болсон хэсгийг шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж харин нэхэмжпэгчийн бусдаар хийлгэсэн ажлын чанар /суурь, дулааны холболт/ болон өөрийнх нь гэрээгээ зөрчиж хийсэн үйлдлүүд /таазыг цөмлөсөн, дур мэдэн хана цөмлөж зуух тавьсан/ байшингийн дулаан алдалтад нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд болж байгаа талаар шинжээчийн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа үнэлж, үндэслэл болгоогүйд гомдолтой байна.

Д.Бын бусдаар хийлгэсэн ажлын чанар болон түүний Барилгын тухай хууль болон талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг зөрчсөн үйлдлүүдийг нотлох хангалттай нотлох баримт хэрэгт авагдсан байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэт нэг талыг барьж “...маргаан болж буй барилгын дулаан алдагдал нь нэхэмжлэгч Д.Бын буруутай ажиллагаанаас үүссэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт заасныг баримтлан захиалагчийн өөрийн хариуцлагын хэмжээ, хохирол учрахад нөлөөлсөн гэж үзэн хохирлын хэмжээг 50 хувиар бууруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.Бын өөр компаниар хийлгэсэн барилгын суурь стандартын дагуу байгаа эсэх талаар эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй, харин шинжээч Л.Ганбаатарын дүгнэлтэд “шал болон шугаман суурийг дулаалаагүй байгаа нь барилгын дулааны техникийн нормыг хангаагүй, байшингийн дулаан алдахад нөлөөлж байгаа гол хучин зүйл нь суурь, шалны дулаан алдалттай холбоотой гэж үзэж байна” мөн “сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн” гэсэн асуудлууд нь Д.Бын “Есөн зэв” ХХК-иар хийлгэсэн, мөн түүний эвдсэн, сүйтгэсэнтэй л холбоотой асуудлууд байхад хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, доголдолтой ажил хийсэн гэж буруутгасан хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шалны доогуурх дулааны холболтыг дулаалгагүй хийсэн нь Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 46.1.4, 46.1.5, 46.4 гэх зэрэг заалтуудыг ноцтой зөрчсөн үйлдэл гэдгийг шүүхэд олон удаа тайлбарласан боловч хэрэгсэхгүй байгаад гомдолтой байна.

Энэ нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг үнэлэх гэсэн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёр. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалд уг хэргийг өмнө нь хэлэлцсэн тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 дугаар магадлалтайгаа зөрчилдөж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2015 дугаар магадлалд “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Барилгын хөгжлийн төв, “Лэндс” ХХК, Шинжлэх ухаан технологийн сургуулийн Барилга архитектурын сургуулийн геотехнологийн судалгааны баг, “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм.

Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалаар дээрх дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийн эсрэг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 02-07-91/883 тоот дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 02-07-78/400 гэсэн дүгнэлтүүд нь Д.Бын эгч Дэлгэрмаа гэдэг хүн ажилладаг бөгөөд, Д.Б өөрийн ашиг сонирхлын дагуу бүрдүүлсэн дүгнэлтүүдээс “Э” ХХК-ийн талаарх заалтуудыг тус компанийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болгосонд гомдолтой байна. Энэ тухай шүүх хурал дээр удаа дараа хэлж анхааруулж байсан.

Тус шүүх 1 жил гаруй хугацааны өмнө нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзсэн нотлох баримтуудыг хэргийг дахин хэлэлцэж шийдвэрлэхдээ үндэслэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд харин шүүхээс анх удаа зохих холбогдох хуулийн тогтоомжийн дагуу томилогдсон шинжээчийн дүгнэлтэд гэрээний 2 талын буруу зөвийг тогтоон өгсөн дүгнэлтэд дүгнэлт хийсэнгүй, мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудад дүн шинжилгээ хийж хэргийг эргэлзээгүй, үнэн бодит байдалд дүгнэлт хийлгүй хэргийг шударгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Гурав. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байхад бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалд “Талууд ажил гүйцэтгэх гэрээг цуцлан татгалзсан байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч “Экологиин дулаан хаус” ХХК-ийн гэрээнээс татгалзсантай холбоотой шаардлага гаргах эрхийг энэ магадлал хөндөөгүй болохыг дурдах нь зүйтэй” гэсэн байна.

“Э” ХХК нь иргэн Д.Бтой байгуулсан гэрээний дагуу ажлыг гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Хэрэгт авагдсан ажил хүлээн авсан гэсэн Д.Бын гарын үсэгтэй баримт байгаа. /хх-1-240/ Энэ нь Д.Б биет байдлын доголдолгүй байшин хүлээн авсан болохыг нотлох баримт гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхэд хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчлийг сайтар тодруулж шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэсэн байна. Үүнийг давж заалдах шатны магадлалд Д.Бын шаардах эрхийн үндэслэл гэж дүгнэсэн байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтууд “Э” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчлийн улмаас иргэн Д.Бын эрх зөрчигдсөн гэдгийг бүрэн нотлоогүй, харин ч Д.Бын гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хариуцан хийлгэхээр үүрэг хүлээсэн барилгын суурийг хууль тогтоомжид заасан технологи, журам, стандартын дагуу хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, хийлгэсэн гэдгээ нотлох баримтыг ирүүлээгүй, сантехникийн шугам, шалны дулаалга нь барилгын дулаан алдахад нөлөөлж байгаа гэсэн мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт гарсан байхад нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзаж учирсан хохирлоо нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.4 дэх хэсэгт дараах тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нөхөн төлбөр төлөхгүй гэсэн үндэслэл буюу мөн хэсгийн 205.4.2 дахь заалтад “гэрээний зүйл үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас гэмтсэн, муудсан, дутсан, устсан;” бол үүрэг гүйцэтгэгч нөхөн төлбөр төлөхгүй байхаар заасан.

Нэхэмжлэгч Д.Бын бусдаар гүйцэтгүүлсэн ажил, өөрийнх нь гэрээ болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчин гэрээний нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр хийсэн ажил, эвдсэн нурааж, цөмлөсөн үйлдэл нь байшингийн дулаан алдалт, эвдрэл гэмтэлд шууд нөлөөлсөн нь шинжээч Л.Ганбаатарын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр № 07/102/02 дугаар бүхий дүгнэлтэд тодорхой заасан байна.

Бид ажлаа дуусгаад хүлээлгэж өгөөд явсан. Тухайн үед байшин ямар ч асуудалгүй байсан. Гэтэл Д.Бын шалны доогуур дулаалгагүй хийсэн дулааны холболтоос болж ус алдаж, уур үүссэн нь байшинд эвдрэл үүсэх шалтгаан болсон. Байшингийн дээврийн хэсэг, шалыг нь хуулаад хаячихсан, шалнаасаа хүйтэн цан цохин мөөгөнцөрдсөн байшин ямар дүр төрөхтэй байх нь ойлгомжтой. Бид одоогийн байгаа шиг байшин барьж өгөөгүй. Хүний амьдрах нөхцөлийг бүрэн хангасан байшин барьж өгсөн. Д.Б үүнийг сайн мэдэж байгаа. Гэтэл 2014 оны 06 сард Д.Б байшингийн шалан доороос ус гараад байна гэхээр нь очиж үзэхэд паркетан шалыг хуулаад авчихсан бөөн ус чийг болчихсон сууриа өрөмдөөд зогсож байсан. Таны хийлгэсэн суурь, шалны дулааны шугамаас л болсон байна шүү дээ гэж хэлэхэд юу ч хэлээгүй, буруугаа хүлээж байсан. Би хэдий манай буруу биш боловч чийг авснаас болж хана, таазны ганц нэг газар будаг хагарсан зэргийг засч болох юм гээд 2 ч удаа ажилчидаа явуулахад эзэнгүй, утсаа авахгүй байсан бөгөөд Д.Б нь дахин надтай уулзаагүй байж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байсан.

Байшингийн суурийг Д.Б тавьсан. Манай компани зөвхөн байшинг нь барьсан. /хана, тааз/ Суурь буруу бол суулт үүсэх, байшинд гажилт үүсэх гээд олон асуудал бий. Мөн өвөл ус гарсан гэж байгаа. Энэ нь ямар хөрс байгаагаас шалтгаална. Цэвдэгтэй бол байнга хүйтэн байх асуудал үүснэ, суурийг дулаалаагүй учир.

Манай компани үнэхээр доголдолтой байшин барьж доголдлыг нь нууж байгаад Д.Бод хүлээлгэж өгөөд асуудал үүссэн бол хохирлыг хариуцна. Гэтэл Д.Б барьсан байшиндаа орохдоо ямар нэг доголдол байгаа талаар тухайн үед огт мэдэгдээгүй нэг жил тэндээ амьдарсан. Дараа нь өөрийнх нь хийсэн ажилтай холбоотой ус алдаж, асуудлууд үүсээд түүний улмаас үүссэн үр дагаврыг манай компанид үүрүүлж мөнгө гаргуулах гэсэн асуудал байгаа юм.

“Сантехникийн узелийн өрөөний хучилтын хавтан тааз нь механик үйлчлэлийн улмаас цөмөрсөн, дээврийн гадна хүрээ хэсгийн хавтанцарууд унаж зай гарсан зэрэг эвдрэл гэмтлүүд зураг 1-12” гэсэн нь Д.Б манай компанитай байгуулсан гэрээний 4.9, 2.6, дахь Барилгын тухай хуулийн 46.1.3, 46.1.4, 46.1.5, 46.4, 37.1.14 заалтуудыг зөрчиж барилгын битүүмжлэлийг алдагдуулж таазыг дотроос нь эвдэн орж хучлага дулаалгыг нь бусниулсан үйлдэлтэй шууд хамааралтай бөгөөд энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Барилгын дээврийн битүүмжийг манайд мэдэгдэхгүйгээр задалж эвдсэн түүний буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн үр дагавар болох хохирлыг манайх хариуцахгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Б барилгын суурийг буруу хийснээс энэ бүхэн үүссэн бөгөөд тэрээр Барилгын тухай хуулийн 12.1.1, 37.1.1, 37.1.3, 37.1.14, 40.2, 46.1.4 заалтыг зөрчсөний улмаас суурины доогуур усны шугам нь өвөл хөлдөн хагарч шалны доор ус тунаран хөлдөж хавар дулаарахад шалнаас ус гарч барилгын чанарт ноцтой гэмтэл учирсан болох нь Улсын Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №07/102/02 тоот шинжээчийн дүгнэлтийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12 асуултуудын дагуу шинжилгээ хийж гаргасан дүгнэлтээр тогтоогдсон байна. Иймд энэ хохирлыг талуудын хийсэн гэрээний 4.9-д заасны дагуу Д.Б өөрөө хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.

Барилгын тухай хуулийн 14.3, 37.1.14, 37.6 дахь хэсэгт зааснаар захиалагч өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг өөрөө хариуцахаар зохицуулсан байгаа тул Д.Б өөрийн гэрээ болон холбогдох хууль тогтоомжийг зөрчиж дур мэдэн хийсэн зүйлийнхээ улмаас учирсан хохирлоо өөрөө л хариуцах ёстой гэж үзэж байна.

Иргэн Д.Б нь манай компанийн барьж өгсөн байшинг манайд мэдэгдэхгүйгээр санаатайгаар байшингийнхаа шалыг хуулж хаясан, дээврийн таазыг онгойлгон дулаалгын бусниулж эвдэн сүйтгэж хүн амьдрах боломжгүй болгосон байсан нь Д.Б өөрөө энэ хариуцлагыг хүлээх нь шударга ёсонд нийцэх байхаа.

Нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй хэт нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн, гүйцэтгэгчээс нөхөн төлбөр гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байхад гаргуулахаар шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс үнэлэх боломжгүй гэж дүгнэсэн нотлох баримтыг үндэслэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Д.Б “Э” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 66 593 875 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, ажлын зургийн хөлс 3 743 750 төгрөг, халаалтын системийн үнэ 630 000 төгрөг, өмгөөлөгчийн болон шинжээчийн хөлс 8 130 000 төгрөг, нийт 12 553 750 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардаж, сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “Э” ХХК-иас 33 296 937 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх шаардлагыг, сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчлөхдөө үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлээс 630 000 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахдаа хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчид хэний буруутай үйлдлээс хохирол учирсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 02/13 тоот “Барилгын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулж, “Э” ХХК захиалагчийн өмчлөлийн газар дээр Төмөр арагт бүтээцтэй, 86.6мкв талбайтай, 35.8 мкв гражийн талбай, 27.3мкв талбай бүхий гадна саравчны талбайтай 1ш хувийн орон сууцыг чанарын өндөр түвшинд барьж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, Д.Б нь ажлын хөлсөнд 66 593 875 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг 343.1. дэх заалтад нийцжээ.

Гүйцэтгэгч 2013 оны 06 дугаар сард барилгыг барьж дуусгасан, захиалагч орон сууцыг биет байдлаар хүлээн авч, нүүж орсон, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байна.

Барилга ашиглалтад орсноосоо хойш өвөл нь дулаан алдагдал ихтэй болж, хүн амьдрах боломжгүй, дулааны улиралд ч хүйтэн, агааржуулалт байхгүйн улмаас хананууд цантаж, хагарч, шалан дороос ус гарсан гэх мэт олон зөрчлүүд байснаас байрыг ашиглах боломжгүй болсон, улмаар тус барилгад дулаалга засвар хийхгүйгээр одоогийн байдлаар ашиглахад хүн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзаж, ажлын хөлсөнд төлсөн 66 593 875 төгрөгийг буцаан шаарджээ.

Нэхэмжлэгч нь тус барилгын суурийн ажлыг “Есөн зэв” ХХК-иар хийлгүүлсэн, “Э” ХХК нь бэлэн болсон суурин дээр барилга барих ажил гүйцэтгэсэн, барилгын дулаан алдалт нь суурь, шал, хана, тааз хучилтын дулаалгыг барилгын дулаан техникийн шаардлага, норм, дүрмийн дагуу гүйцэтгээгүйгээс шалтгаалсан, барилгын узелийн өрөөний хавтан тааз гадны нөлөөгөөр цөмөрч гэмтсэн, дээврийг хуулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 07/102/02 дугаар шинжээчийн дүгнэлтээр шал болон шугаман суурийг дулаалаагүй, чийг болон дулаан тусгаарлалт хийгээгүй, сууриа хийхдээ геологийн дүгнэлт гаргуулаагүй, ургамалт үеийн хөрсийг хуулсан, хөрсийг сольсон эсэх нь тодорхойгүй, барилгын шаланд хийгдсэн усны шугам өвөл хөлдөж хагарсны улмаас шалны дороос ус алдаж байшингийн дулаан алдагдсан гэж үзжээ.

Мөн барилгын хана, таазны дулаалга нь Барилгын дулаан хамгаалалт БНбД 23-02-09 нормын хүснэгт 4-т заасан шаардлагыг хангаагүй гэжээ.

Иймд барилгын дулаан алдалт буюу гүйцэтгэсэн ажлын үр дүн дан ганц хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилтай холбоогүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын хөлсийг бүхэлд нь буцаан гаргуулах боломжгүй.

Д.Бын шаардлага нь гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгахтай холбоотой байна.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.-т зааснаар захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчээр уг доголдлыг арилгуулах, эсхүл шинээр гүйцэтгүүлэх, тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэг арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг арилгаж, түүнтэй холбоотой зардлаа нөхөн төлүүлэх тус тус эрхтэй юм.

Доголдлыг арилгахад 48 786 442 төгрөгийн зардал гарахаар төсөвлөгдсөн нь Барилгын хөгжлийн төвийн Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Иймд дээрх зардлаас нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан доголдолд хамаарах зардлыг хасч үлдэх төлбөрийг хариуцагчаар хариуцуулах нь зүйтэй.

Д.Бын  амины орон сууцны засварт 48 786 442 төгрөгийн зардал гарахаар төсөвлөгдсөн байх тул үүнээс шалны болон дээврийн ажлын доголдлын засварт хамаарах (4 176 880+5 120 117) 9 296 997 төгрөгийн зардлыг хасч, үлдэх 38 489 445 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, магадлалын энэ заалтад зохигч гомдол гаргаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1358 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2018/01014 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.1., 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар хариуцагч “Э” ХХК-иас 38 489 445 төгрөгийг гаргуулан, Д.Бод олгож, нэхэмжлэлээс үлдэх 28 104 430 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын богинод байрлах хувийн орон сууцыг Д.Бод үлдээж, Д.Боос 630 000 төгрөгийг гаргуулан “Э” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж,  2 дахь заалтын “...324 434...” гэснийг “...350 397...” гэж, “225 000 төгрөгийг” гэснийг “225 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 19 550 төгрөгийн хамт” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.Бямбадоржоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 919 төгрөгийг шүүгчийн захирамжаар Б.Бямбадоржид буцаан олгосугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Б.УНДРАХ

                           ШҮҮГЧ                                            Х.ЭРДЭНЭСУВД