Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00392

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/00392

 

 

 

Ш.Баярсүхийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнзул, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ш.Баярсүхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох

Хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн дагуу урьдчилан төлсөн 26 170 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, Ш.Баярсүхээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 450 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, нийт 42 450 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Баярсүх нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуучнаар эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус газарт шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 102 дугаар байрны подвальд орших 77 м.кв хагас подвалийг нийт 58 520 000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ ёсоор 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөхөөр болсон. Гэрээ байгуулснаас хойш Ш.Баярсүх нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 26 170 400 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлсөн байна. Үүнээс 100 000 төгрөг Нийгмийн даатгалын данс руу биш өөр дансруу шилжин орсон, энэ нь нотлох баримтаар нотлогдож байгаа тул маргах зүйлгүй ба 100 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Гэрээ байгуулах үед хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчиж, гэрээний зүйлийн тухай үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан үүргийн дагуу дээрх подвалийг протокол хөтлөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Улмаар гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараа Ш.Баярсүх дээрх подвалийг Нарлаг Өндөр СӨХ эзэмшдэг болохыг мэдэж Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдэгдсэн боловч эзэмших эрхийн зөрчлийг арилгаж өгөөгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газар гэрээний гол нөхцөл болох гэрээний үнийг төлж дуусмагц худалдан авагчид өмчлөх эрхийг шилжүүлнэ гэснийг зөрчиж Ш.Баярсүхийн өмчлөлд дээрх подвалийг шилжүүлэн гэрээний зүйлийн эзэмших эрхийн маргааныг Ш.Баярсүхээр шийдүүлэхээр болж, тэр хүртэл хугацаанд Ш.Баярсүхийг гэрээний үүргээс чөлөөлсөн.

Иймд Ш.Баярсүх нь Нарлаг Өндөр СӨХ-ийг хариуцагчаар татан Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүтэн жилийн турш гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэх эрхээ эдэлж чадаагүй. Ийнхүү нэхэмжлэгч нь 2015 онд Нарлаг Өндөр СӨХ-ийн хууль бус эзэмшлээс гэрээний зүйлийг чөлөөлмөгц анх удаа дээрх подвальд орж үзсэн бөгөөд подвальд орж үзэхэд Нарлаг Хотхоны цахилгааны төв шит, өндөр хүчдэл тус подвальд байрладаг болохыг олж мэдсэн. Гэвч нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Ш.Баярсүх Р.Баярсүрэнтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр дээрх подвалийг интернет кафе болгон ажиллуулж эхэлсэн. Гэтэл интернет кафе нээгдээд удаагүй байхад Р.Баярсүрэн нь нас барж, Р.Баярсүрэнгийн оруулсан хөрөнгийг хүүхдүүд нь нэхэмжилснээр Ш.Баярсүх нь эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Мөн анхнаасаа Ш.Баярсүхэд уг объектыг худалдан авах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд Р.Баярсүрэн уг байрыг худалдан авах сонирхолтой байсан, түүнд мөнгө байхгүй байсан тул Ш.Баярсүх урьдчилгаа мөнгийг төлж, өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Энэ хэлцэл нь дүр үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмч хөрөнгийг худалдахдаа заавал дуудлага худалдаагаар оруулна гэж заасан байтал энэ зохицуулалтын дагуу худалдаагүй, даргын тушаалаар төрийн өмч хөрөнгийг худалдсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул бие биедээ өгсөн авсан эд зүйлсээ харилцан буцааж өгөх нь зүйтэй тул урьдчилгаанд өгсөн 26 070 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1615 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Эко констракшн ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон Ард Аюушийн өргөн чөлөө 102 дугаар байрны зоорийн давхрын Д хэсэг, 77 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт нь тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн учир үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/8363 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдэгдэж улмаар манай байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон.

Энэ эрхийнхээ дагуу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ш.Баярсүхтэй Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ байгуулан нийт 58 520 000 төгрөгөөр зээлээр худалдсан. Гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байхаар харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан ба Ш.Баярсүх нь гэрээний үүргийн биелэлтэд нийт 26 070 000 төгрөгийг төлсөн.

Мөн 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Нийгмийн даатгалын сангийн өмчийн хөрөнгийг худалдах гэрээний талууд нь харилцан тохиролцож, гэрээний үр дагаврыг талууд хүсч, хүсэл зоригоо хангалттай илэрхийлж гэрээг байгуулсан нь Ш.Баярсүх, Р.Баярсүрэн нарын хооронд байгуулсан гэрээ, Ш.Баярсүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Мэндбаярт хандсан өргөдөл, Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2642 дугаар шүүгчийн захирамж, Ш.Баярсүхийн подвальд байрлах Нарлаг Өндөр СӨХ-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 1809 дугаар шүүгчийн захирамж, Нарлаг Өндөр СӨХ-г албадан чөлөөлүүлэхийг хүссэн зэрэг үйл баримтуудаар тогтоогдож байна. Зохигчийн хооронд байгуулсан Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байх ямар ч үндэслэлгүй юм. Дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Ш.Баярсүх нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Р.Баярсүрэн нас барсан нь тэдний хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохоос биш бидний байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

Манай байгууллага дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж авсан тул хууль зөрчиж хийсэн хэлцэл биш юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Ш.Баярсүхийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 26 070 400 төгрөг гаргуулах тухай Ш.Баярсүхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Ш.Баярсүхээс 42 450 000 төгрөг гаргуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ш.Баярсүхээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288 810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.Баярсүхээс 370 200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдах гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр нийгмийн даатгалын шимтгэлд нийт 964 831 360 төгрөгийг Эко констракшн ХХК-иас гаргуулан авах болсон бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч Эко констракшн ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй нэр бүхий 27 үл хөдлөх эд хөрөнгийг 964 831 360 төгрөгт тооцуулан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмчлөлд шилжүүлсэн. Дээрх 27 үл хөдлөх эд хөрөнгөний нэг нь Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны подвальд орших 77м.кв хагас подваль байсан. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг ноцтой зөрчиж, Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ-нд үндэслэн Нэхэмжлэгч Ш.Баярсүхэд захирлын тушаалын дагуу уг Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны подвальд орших 77м.кв хагас подвалийг нийт 58 520 000 төгрөгөөр худалдаж урьдчилгаа төлбөрт 26 070 400 төгрөгийг авсан.

Ш.Баярсүх нь тухайн үед дээрх подвалийг худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй бөгөөд бодит байдалд Р.Баярсүрэн гэгч нь подвалийг худалдан авах хүсэлтэй байсан боловч урьдчилгаа төлбөрт нь төлөх мөнгө байгаагүйн улмаас Ш.Баярсүхийн хүргэн дүүгээр нь гуйлгаж байгаад Ш.Баярсүхээс урьдчилгаа төлбөрийг нь гаргуулан, худалдах, худалдан авах гэрээг түүний нэр дээр хийлгэсэн юм.

Мөн хариуцагч гэрээнд заасны дагуу подвалийг протокол хөтлөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь дээрх подваль эзэмших эрхийн доголдолтой буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш жил гаруйн хугацаанд Нарлаг Өндөр СӨХ-ийн эзэмшилд байсан ба уг подвальд Нарлаг Хотхон-ны цахилгааны төв шит байрладаг байсныг зориуд нуун дарагдуулж, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн болно. 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №19 тоот Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ-ний нэг талаас хууль зөрчиж хийсэн, нөгөө талаас дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул аль ч тохиолдолд гэрээний үүргийн дагуу урьдчилан төлсөн 26 170 400 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Баярсүх хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.

Гэтэл шүүгч хууль зөрчиж, төрийн өмч хөрөнгийг дур мэдэн худалдсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөн, гэрээг хүчин төгөлдөрт тооцон, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож cepei нэхэмжлэлийн шаардлага 42 450 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүгч талуудын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №19 тоот Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйл, 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 56.5 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардсан байтал шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол шаардаж байгаа мэт дүгнэсэнд гомдолтой байна. Эцэст нь шүүгч талуудын хооронд байгуулагдсан хууль зөрчиж хийсэн хэлцлийг тэгш эрхийн үндсэн дээр, гэрээг чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан гээд хүчин төгөлдөр гэж үзсэнд нь гайхаж байна. Шүүгчийн дээрх дүгнэлт нь талууд харилцан тохиролцсон л бол хууль бус бүхий л наймааг хийж болох мэт ойлгогдож байна. ийнхүү шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсний үндсэн дээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан болно.

Нэхэмжлэгч Ш.Баярсүх нь дээрх подвалийг анх худалдан авах хүсэл сонирхол байгаагүй тул уг гэрээ нь дүр үзүүлж хийсэн хэлцэл байж болох талтай. Энэ тухайд гэрч Ч.Жаргалан, Р.Тогтохбаяр нар мэдүүлдэг. Гэтэл шүүгч гэрч нарын мэдүүлгээс зөвхөн хариуцагчид ашигтай байдлыг дурдан, түүнд үндэслэж шийдвэр гаргасан нь xэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болохыг харуулж байгаа юм. Ш.Баярсүх нь бүтэн жил гаруйн хугацаанд хөөцөлдөж байж подвалийг Нарлаг Өндөр СӨХ-ийн эзэмшлээс авмагц, Р.Баярсүрэн урьдчилгаанд төлөх мөнгө олсон даруйд түүнд нийгмийн даатгалаас авсан үнэ, болзлоор байрыг худалдах гэрээ байгуулсныг шүүгч дүгнээгүй байна.

Хариуцагч байгууллага гэрээний үүрэг зөрчиж эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байхад шүүгч ямар нэг байдлаар хариуцагч байгууллагын буруутай үйлдэлд дүгнэлт хийгээгүй бөгөөд бүтэн жил гаруйн хугацаанд байрны эзэмших эрхийн зөрчлийн улмаас шүүхээр маргасан болох, тухайн подвальд хотхоны өндөр хүчдэлийн шит байдаг тухайд талууд маргахгүй, энэ үйл баримт баримтаар нотлогдсоор байхад хариуцагч алданги шаардах эрхтэй эсэхэд шүүгч хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байсан.

Маргааны зүйл болох Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны подвальд орших 77 м.кв хагас подвалийг 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Эко констракшн ХХК-аас гаргуулж, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмчлөлд шилжүүлсэн байдаг. Гэтэл дээрх подвалыг ямар хууль, дүрэм, журамд үндэслэн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар худалдаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс болон Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газар нь иргэний эрх зүйн хүрээнд бие даасан этгээд болох нь урьд, "Эко констракшн" ХХК-тай маргасан шүүхийн маргаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч болж оролцон, түүний өмчлөлд нэр бүхий 27 объектыг шилжүүлсэн байгаагаас харагдана. Энэ тухай миний бие шүүх хуралдаан дээр хэлж, төрийн байгууллага нь шаталсан тогтолцоотой учир ийнхүү дээд шатны байгууллага нь захиран зарцуулах эрхтэй байдаг эсэх дээр шүүгчийг дүгнэлт хийхийг хүссэн бөгөөд хэрэв энэ нь хууль зүйн үндэслэлгүй бол аав нь хүүхдийнхээ байрыг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсантай ижил үр дагавартай тул зөвшөөрөл аваагүй гэж үзэн иргэний хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэх боломжтой байсан. Гэтэл шүүгч шүүхийн шийдвэр ойлгомжтой, үндэслэл бүхий, эргэлзээгүй, хуулийг бүрэн хэрэглэсэн байх хуулийн шаардлагыг зөрчиж эргэлзээтэй байгаа асуудалд хууль зүйн дүгнэлт хийхгүй шийдвэрлэсэнд мөн гомдолтой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ш.Баярсүх нь хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн дагуу урьдчилан төлсөн 26 170 400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ш.Баярсүхээс гэрээний үүргийн гүйцэтгэлд 32 450 000 төгрөг, алдангид 10 000 000 төгрөг, нийт 42 450 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ш.Баярсүх болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ байгуулан Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны зоорийн давхарт байрлах 77м.кв талбайг нийт 58 520 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 26 070 400 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний агуулга, тэдний тайлбар зэргийг үндэслэн зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ болох талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээний дагуу нэг тал нь худалдагч талд эд хөрөнгийг шилжүүлэн өгөх, нөгөө тал эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй байдаг.

Худалдагч эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны зоорийн давхарт байрлах 77м.кв талбайг өмчлөлдөө шилжүүлэн авч, интернет кафе ажиллуулж байсан болох нь үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч Р.Тогтохбаяр, Ц.Цэвээн нарын мэдүүлэг, талуудын тайлбар зэргээр нотлогдсон. /хх-9, 110-112, 114-116/

Нэхэмжлэгчийн тайлбар, гомдолд дурдсанаар талуудын хоорондын дээрх гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл, худалдан авагч үл хөдлөх хөрөнгө худалдан авах зорилгогүйгээр гэрээ хийсэн, хууль зөрчиж хийсэн гэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан Ш.Баярсүхийн өмч болохыг нотолсон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ш.Баярсүхийн дээрх хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж байсан болон Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн Нарлаг Өндөр СӨХ-г албадан гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай 2015 оны 01 сарын 14-ны өдрийн 1809 дугаар захирамж, худалдан авсан хөрөнгийн үнийн тодорхой хэсгийг төлсөн зэрэг үйл баримтуудаас үзэхэд худалдан авагчийг дээрх хөрөнгийг худалдан авах зорилгогүй байсан гэж үзэхээргүй байна. /хх-35, 66, 82/

Мөн нэхэмжлэгч эд хөрөнгө доголдолтой байсан гэх боловч эд хөрөнгийн өмчлөх эрхээ шилжүүлэн авснаас хойш худалдан авагчид хандан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дах хэсэгт заасан хугацаанд, мөн хуулийн 254.1 дэх хэсэгт заасан шаардлага гаргаж байсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 сарын 21-ны өдрийн 21 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан болон нийгмийн даатгалын сангийн орлогоос бий болсон эд хөрөнгийг худалдан борлуулах, түрээслүүлэх журам-ын 2.1-т ... нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан ... эд хөрөнгийг дуудлага худалдаагаар болон гэрээгээр худалдан борлуулж болно. гэж , 2:5-т ... нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан ... эд хөрөнгийг энэ журмын 2.5.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан нийгмийн даатгалын өрөнд хураагдаж урьд нь 2 ба түүнээс дээш удаа дуудлага худалдаанд орж борлогдоогүй тохиолдолд гэрээгээр худалдан борлуулж болно гэж тус тус заасан, маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, 102-р байрны зоорийн давхарт байрлах 77 м.кв талбай нь өмнө нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2 дах дуудлага худалдаанд орсон боловч борлогдоогүй тул хариуцагчийг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх нь учир дутагдалтай.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах боломжгүй юм.

Талууд гэрээний хавсралтад төлбөр төлөх хуваарийг тохиролцсон, худалдан авагч буюу Ш.Баярсүх нь төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулсан байх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс 26 070 400 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул худалдагч 32 450 000 /58 520 000 - 26 070 400/ төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй болно.

Гэрээний 2.3-т зохигчид алдангийн хэмжээг хоног тутамд 0,05 хувь байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч хугацаа хэтрүүлсэн алдангид 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заажээ. Нэхэмжлэгч хариуцагч байгууллага гэрээний үүрэг зөрчиж эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул алданги төлөхгүй гэж тайлбарлаж байгаа ч энэ нь алдангаас чөлөөлөх, багасгах үндэслэл болохгүй.

Иймд анхан шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэл болон алдангийг хариуцагчаас гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Б.НАРМАНДАХ