Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2018/00793

 

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаар магадлалтай,

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй

ЭМ, НДЕГ-т холбогдох,      

Хүчин төгөлдөр бус гэрээний үүргийн дагуу урьдчилан төлсөн 26.170.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний үүргийн гүйцэтгэлд 32.450.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 42.450.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Ш.Б- нь 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуучнаар ЭМ, НДЕГ-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулан тус газарт шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 102 дугаар байрны подвальд орших 77 м.кв хагас подвалийг нийт 58.520.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээ ёсоор 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр урьдчилгаа төлбөр 20.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл төлөхөөр болсон. Гэрээ байгуулснаас хойш Ш.Б- нь 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар 26.170.400 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт төлсөн. Гэрээ байгуулах үед хариуцагч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг зөрчиж, гэрээний зүйлийн тухай үнэн зөв мэдээллийг нэхэмжлэгчид өгөөгүй бөгөөд гэрээ болон хуульд заасан үүргийн дагуу дээрх подвалийг протокол хөтлөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй. Улмаар гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрөө төлсний дараа Ш.Б- дээрх подвалийг Нарлаг Өндөр СӨХ эзэмшдэг болохыг мэдэж Нийгмийн даатгалын ерөнхий газарт мэдэгдсэн боловч эзэмших эрхийн зөрчлийг арилгаж өгөөгүй. Ш.Б- нь Нарлаг Өндөр СӨХ-ийг хариуцагчаар татан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, бүтэн жилийн турш гэрээний зүйлийг эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэх эрхээ эдэлж чадаагүй. Нэгэнт өмчлөх эрхийг шилжүүлэн авсан Ш.Б- Р.Баярсүрэнтэй хамтран ажиллах гэрээний үндсэн дээр подвалийг интернет кафе болгон ажиллуулж эхэлсэн. Гэтэл интернет кафе нээгдээд удаагүй байхад Р.Баярсүрэн нь нас барж, Р.Баярсүрэнгийн оруулсан хөрөнгийг хүүхдүүд нь нэхэмжилснээр Ш.Б- нь эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаар төрийн өмч хөрөнгийг худалдахдаа заавал дуудлага худалдаагаар оруулна гэж заасан байтал энэ зохицуулалтын дагуу худалдаагүй, даргын тушаалаар төрийн өмч хөрөнгийг худалдсан байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул бие биедээ өгсөн авсан эд зүйлсээ харилцан буцааж өгөх нь зүйтэй тул урьдчилгаанд өгсөн 26.070.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭМ, НДЕГ-шүүхэд гаргасан тайлбарт: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1615 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Эко констракшн ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон Ард Аюушийн өргөн чөлөө 102 дугаар байрны зоорийн давхрын Д хэсэг, 77 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид төлбөрт нь тооцон шилжүүлэхээр шийдвэрлэсэн учир үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1/8363 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдэгдэж улмаар манай байгууллага уг үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй болсон. Энэ эрхийнхээ дагуу 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Ш.Б-тэй Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ байгуулан нийт 58.520.000 төгрөгөөр зээлээр худалдсан. Гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулсан байхаар харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан ба Ш.Б- нь гэрээний үүргийн биелэлтэд нийт 26.070.000 төгрөгийг төлсөн. Зохигчийн хооронд байгуулсан Нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл байх ямар ч үндэслэлгүй юм. Дүр үзүүлсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг. Ш.Б- нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлж байсан. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан Р.Баярсүрэн нас барсан нь тэдний хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох үндэслэл болохоос биш бидний байгуулсан гэрээг Иргэний хуулийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. Манай байгууллага дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж авсан тул хууль зөрчиж хийсэн хэлцэл биш юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул Ш.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ЭМ, НДЕГ-шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд: ...гэрээний талууд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарь гаргасан боловч гэрээний үүргийн биелэлтэд 26.070.000 төгрөг төлж, үлдэгдэл 32.450.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд гэрээний 2.3-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутам 0.05 хувийн алданги 10.000.000 төгрөг, нийт 42.450.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Б-ээс гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ы сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...талуудын хооронд байгуулсан гэрээ хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд гэрээний үр дагаврыг шаардах боломжгүй. Хэрэв гэрээний үр дагаврыг шаардсан ч гэсэн алданги шаардах эрхгүй. Дүр үзүүлж хийсэн хэлцэл гэдгийг нотлох бас нэг хэлбэр нь тухайн үед байгуулсан гэрээнд худалдаж байгаа эд хөрөнгийг актаар хүлээлгэж өгнө, төлбөрийг 100 хувь төлснөөр худалдан авагчийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлнэ гэсэн байтал гэрээ байгуулснаас 7 хоногийн дотор Ш.Б-ийн өмчлөлд уг подвалийг шилжүүлсэн. Энэ бүгдээс дүгнээд үзвэл тус гэрээ нь дүр үзүүлсэн гэрээ байсан. Мөн доголдолтой эд хөрөнгө байсан тул алданги төлөх үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 26.070.400 төгрөг гаргуулах тухай Ш.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар Ш.Б-ээс 42.450.000 төгрөг гаргуулж, ЭМ, НДЕГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Ш.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288.810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ш.Б-ээс 370.200 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч ЭМ, НДЕГ- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.560 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийгмийн даатгалын ерөнхий газар нь төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгийг худалдах гэрээнд үндэслэн Ш.Б-эд захирлын тушаалын дагуу Баянгол дүүргийн 7 дугаар хороо, нарлаг хотхон, 102 дугаар байрны подвалд орших 77 м.кв хагас подвалыг нийт 58.520.000 төгрөгөөр худалдаж урьдчилгаа төлбөрт 26.070.400 төгрөгийг авсан. Ш.Б- нь тухайн үед дээрх подвалийг худалдан авах хүсэл зориг байгаагүй бөгөөд бодит байдалд Р.Баярсүрэн гэгч нь авах хүсэлтэй байсан боловч урьдчилгаа төлбөрт төлөх мөнгөгүй улмаас Ш.Б-ээс урьдчилгаа төлбөрийг гаргуулах худалдах-худалдан авах гэрээг түүний нэр дээр хийлгэсэн. Хариуцагч нь гэрээний дагуу подвалийг тэмдэглэл хөтлөн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй. Учир нь уг үл хөдлөх хөрөнгө нь эзэмших эрхийн доголдолтой буюу худалдан авах гэрээ байгуулснаас хойш жил гаруй хугацаанд Нарлаг өндөр СӨХ-ны эзэмшилд байсан ба уг подвалд Нарлаг хотхоны цахилгааны төв шит байрладаг байсныг зориуд нуун дарагдуулж, биет байдлын доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн. Иймд дээрх гэрээ нь нэг талаас хууль зөрчиж хийсэн, нөгөө талаас дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул аль ч тохиолдолд гэрээний үүргийн дагуу урьдчилгаа төлбөрийг шаардах эрхтэй юм. Гэтэл шүүгч хууль зөрчиж, төрийн өмч хөрөнгийг дур мэдэн худалдсан хариуцагчийн үйлдлийг зөвтгөн, гэрээг хүчин төгөлдөрт тооцон, сөрөг нэхэмжлэлийн шаардлага 42.450.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах шаардсан байхад шүүгч хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол шаардаж байгаа мэт дүгнэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Нийгмийн даатгалын зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан болон нийгмийн даатгалын сангийн орлогоос бий болсон эд хөрөнгийг худалдан борлуулах, түрээслэх журмын 2.1, 2.5 дах хэсгийг тус тус үндэслэн хууль зөрчөөгүй гэж үзэн гомдлыг хангахгүй орхисон. Гэтэл дээрх журам нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдлийн хүрээнд худалдан борлуулж болох хөдлөх эд хөрөнгийг худалдах, түрээслэх харилцааг хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө байгааг анхааралгүй, уг журмыг хуулиас дээгүүр тавьж, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсгийг зөрчсөн. Талуудын хооронд байгуудагдсан худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн болохыг гэрч нарын мэдүүлэгээс харагдаж байхад зөвхөн хариуцагчид ашигтай байдлыг дурдан, түүнд үндэслэн шийдвэр гаргасан. Ш.Б- нь бүтэн жил гаруйн хугацаанд хөөцөлдөж байж подвалийг “Нарлаг Өндөр” СӨХ-ийн эзэмшлээс авмагц, Р.Баярсүрэн урьдчилгаанд төлөх мөнгө олсон даруйд түүнд нийгмийн даатгалаас авсан үнэ, болзол нөхцлөөр байрыг худалдах гэрээ байгуулсныг шүүгч дүгнээгүй. Хариуцагч байгууллага гэрээний үүргээ зөрчиж эрхийн болон биет байдлын доголдолтой эд хөрөнгө шийлжүүлсэн байхад шүүгч ямар нэг байдлаар буруутай үйлдэлд дүгнэлт хийгээгүй бөгөөд бүтэн жил гаруйн хугацаанд байрны эзэмших эрхийн зөрчлийн улмаас шүүхээр маргасан болох, тухайн подвальд хотхоны өндөр хүчдэлийн шит байдаг тухайд талууд маргахгүй, энэ үйл баримт баримтаар нотлогдсоор байтал хариуцагч алданги шаардах эрхтэй эсэхэд шүүгч хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ш.Б-, ЭМ, НДЕГ-т холбогдуулж, шилжүүлсэн  26.170.400 төгрөгөө буцаан гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нэхэмжлэгчээс худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 32.450.000 төгрөг, алданги 10.000.000 төгрөг, нийт 42.450.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасныг хэн аль нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчийн хооронд 2013 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нийгмийн даатгалын сангийн өмчийн эд хөрөнгө худалдах-худалдан авах 19 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Ш.Б- Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 102 дугаар байрны подвальд орших 77 м.кв хагас подвалийг нийт 58.520.000 төгрөгөөр худалдан авах, үнийн  урьдчилгаанд 20.000.000 төгрөг, үлдэгдлийг сар тутамд 1.070.000 төгрөг төлснөөр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлбөр төлөгдөж дуусахаар харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагч ЭМ, НДЕГ-, худалдан авагч Ш.Б-эд шилжүүлсэн, тэрээр уг хөрөнгийн өмчлөгчөөр 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, үнэд нийт 26.070.000 төгрөг төлсөн байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул шилжүүлсэн мөнгөө буцаан авна гэсэн бол хариуцагч гэрээ хүчин төгөлдөр, гэрээний үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй учир үлдэх төлбөрийг, хугацаа хэтрүүлсний алдангийн хамт гаргуулна гэжээ.

Гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй талаар хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах хүсэл зориг байгаагүй, бусдын гуйлтаар гэрээ байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл, хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, төрийн өмчийг дуудлага худалдаа явуулахгүйгээр худалдсан нь хууль зөрчсөн хэлцэл гэж нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа үндэслэл хэргийн баримтаар үгүйсгэгдсэн байна.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгө, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагад шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хураагдсан болон нийгмийн даатгалын сангийн орлогоос бий болсон эд хөрөнгийг худалдан борлуулах, түрээслэх журмын 2.1, 2.5, 2.5.1 дах хэсгийг тус тус үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан, шийдвэр гүйцэтгэлийн журмаар худалдан борлогдоогүй хөрөнгийг бусадтай тохиролцож байгуулсан гэрээний үндсэн дээр худалдсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх...” 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол” гэсэн зохицуулалтын  дагуу нэхэмжлэгч Ш.Б-эд худалдан авсан хөрөнгийн үнэд төлсөн 26.170.400 төгрөгийг буцаан шаардах эрх үүсэхгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч ЭМ, НДЕГ- нь худалдсан эд хөрөнгийн үнийн үлдэгдэл төлбөр 32.450.000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

Хоёр шатны шүүх алданги гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ, 2014 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр төлбөр төлөх хуваарийг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэж, алдангид нийт 197.840.255 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдангийг 10.000.000 төгрөг болгон багасгажээ.

Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж ойлгохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан байна.

Худалдах-худалдан авах гэрээний 2.3-т “төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд гэрээний төлбөр төлөх графикт хугацаа хэтэрсэн тухайн өдрөөс хойш хоног тутам 0.05 хувийн алдангийг ногдуулна” гэж заасан боловч Ш.Б- нь хууль болон гэрээнд зааснаар төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, хугацаа хэтрүүлсний хариуцлага буюу алданги төлүүлэх үндэслэл тогтоогдоогүй байгааг хоёр шатны шүүх анхаараагүй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх ...худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Хэргийн баримтаас үзэхэд зохигч гэрээ байгуулж төлбөр төлөх хуваарь тогтоон, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Ш.Б- өөртөө шилжүүлэн авсан хэдий ч  хөрөнгийг өөр этгээд буюу Нарлаг өндөр СӨХ эзэмшиж байснаас маргаан үүссэн,  улмаар Нарлаг өндөр СӨХ-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гарган уг подвалийг чөлөөлүүлсэн нь тогтоогджээ. Үүнээс гадна хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулж үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах, эсхүл төлбөрийг алдангийн хамт гаргуулах гэсэн нэхэмжлэл гаргаж шүүхэд хандаж байжээ.

Худалдагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн буюу эд хөрөнгийн эзэмшил болон өмчлөх эрхийг шилжүүлсэн бол гэрээний дагуу үнийг, хугацаа хэтрүүлсний алданги нэхэмжлэх эрхтэй ба хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдсан 2014 оны 3 сараас эхлэн алданги тооцох боломжгүй.

Нэхэмжлэгч Ш.Б- хэзээнээс эхлэн гэрээний зүйлийг эзэмшиж эхэлсэн цаг хугацаа нь тодорхой бус, нөхцөл байдал өөрчлөгдснөөс зохигчийн хуваарийн дагуу төлбөрийг төлөх өмнөх тохиролцоогоор тодорхойлж, хугацаа хэтрүүлсний хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тул алданги гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 392 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2017/02354 дүгээр шийдвэрийн 2 дах заалтад “...Ш.Б-ээс 42.450.000 төгрөг...” гэснийг “...Ш.Б-ээс 32.450.000 төгрөг...” гэж, 3 дахь заалтын “...370.200 төгрөг...” гэснийг “...320.200 төгрөг...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 500.560 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ