Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 210/ма2018/02104

 

 

 

 

 

 

 

 

 

Ай би тийм техноложиз ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01924 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ай Би тийм техноложиз ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч Монгол микрон кашмер ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4 312 000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр 862 400 төгрөг, нийт 5 174 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: К.Манлай

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ай Би тийм техноложиз ХХК нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд ажлын байр шаардлагатай болсон тул Монгол микрон кашмер ХХК-ийн эзэмшлийн талбайгаас 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр түрээслэхээр тохиролцож, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компанийн захирал н.Болатбек болон хариуцагч компанийн захирал Н.Ариунаа нар хоорондоо өөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн талаар өмнө нь ярилцаж байсан ба энэ шалтгааны улмаас хоорондоо маргалдаад манай компанийг элдвийн зүйлээр шалтаглаж, албан бичиг ирүүлэн дарамталж байсан. Энэ дарамтнаас шалтгаалж манай компани 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр гэрээгээ цуцлая, цаашдаа түрээслэхгүй гэсэн албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн ба үүнийг хариуцагч компани нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 3 сараас эхлээд 3 удаа албан бичиг ирүүлж дарамтлан түрээслэх боломжгүй болж эхэлсэн. Тухайн үед бид 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл төлбөрөө төлсөн байсан хэдий ч ажиллах боломжгүй болсон тул 04 дүгээр сарын 13-ны өдөр байрыг нь чөлөөлж өгсөн. Манай компани түрээслээгүй 7 хоногийн зөрүү мөнгө болох 862 400 төгрөг, мөн 1 сарын барьцааны мөнгө болох 4 312 000 төгрөг, нийт 5 174 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр Поларис барилгын 7 дугаар давхарт байрлах 98 м.кв талбайг түрээслэж, төлбөрийг төлж байсан ба төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Манай компаний хувьд түрээслэгчийн хүсэлтээр 02 дугаар сарын 20-ны өдөр тухайн байрны 1 014 м.кв талбайг чөлөөлж, талбай түрээслэх гэрээг байгуулах эсэхийг тодруулж Ай Би тийм техноложиз ХХК-ийн захирал н.Болатбектэй захидлаар харилцсан. Энэ хооронд үл ойлголцол болж удаа дараа албан бичгээр харилцаж байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл манай талд бичгээр ирсэн ба энэ бичгийг хүлээн авч 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зөвшөөрсөн хариуг өгсөн. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын19-ний өдрийн түрээсийн гэрээнд хоёрдмол утгатай хоёр заалт орсон байдаг. Үүнд түрээслүүлэгч гэрээг цуцлах бол 1 сарын өмнө, гэрээний 5-д хугацаанаас өмнө цуцлах заалтад 3 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Манай талаас энэ гэрээг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр цуцлахыг зөвшөөрсөн байсан. Гэтэл түрээслэгч тал маань түрээсийн талбайн үйл ажиллагаанаас гадна түрээслэгчийн дүрэм, журмыг зөрчиж, байгууллагын цайны газар, угаалгын өрөөг дур мэдэн ашиглах, бохирдуулах зэргээр зүй зохисгүй хандаж эхэлсэн. Тэнд үндсэн ажилтан нь мэдэгдэхгүй замбараагүй хүмүүс байдаг байсан, түрээслэгч компани нь үйл ажиллагаа явуулахдаа тодорхой ажлын цагаар ажиллах, оройн 18 цагаас хойш гадны хүн нэвтрүүлэхгүй, цайны цагийг 13-14 цагийн хооронд цайны өрөөг зүй зохистой ашиглах, барилгын гадна болон ариун цэврийн өрөөг бохирдуулахгүй байлгах, тодорхой өөр хурлын өрөө ашиглах бол урьдчилан мэдэгдэж байхыг шаардсан 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 18/67 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ асуудлаас болж компанийн удирдах албан тушаалтантай маргаснаас болж түрээслэхээ больсон. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар албадан гаргаж, түрээсийн гэрээг цуцлаагүй. Ай Би тийм техноложиз ХХК нь гарсныхаа дараа түрээсийн гэрээнд заасан үлдэгдэл хоногийн мөнгө болон барьцаа мөнгийг шаардсан албан тоотыг ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 324 дүгээр 324.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн гэрээнээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг тусгасан албан бичгээр хариу өгсөн. Бид гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй тул хуульд заасны дагуу төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 160 дугаар зүйлийн 160.1, 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монгол микрон кашмер ХХК-иас ажлын байр түрээслэх гэрээний барьцаа төлбөр болох 4 312 000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр болох 862 400 төгрөг нийт 5 174 400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ай би тийм техноложиз ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Монгол микрон кашмер ХХК-иас 97 734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ай би тийм техноложиз ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан ажлын байр түрээслэх гэрээ-г Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан үүргийнхээ дагуу Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө-81 тоот хаягт байрлах үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилгын 7 давхарт 98 м.кв бүхий оффисын өрөөг нэхэмжлэгч буюу түрээслэгчид шилжүүлсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн бөгөөд энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг дурдсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хоорондоо зөрчилдсөн, бие биеийгээ үгүйсгэсэн, ойлгомжгүй шийдвэр болжээ. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг үндэслэн барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түрээслэгчээс 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тухай мэдэгдлийг түрээслүүлэгчид ирүүлсэн бөгөөд гэрээнд заасны дагуу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд тухайн түрээсийн байрандаа үйл ажиллагаагаа явуулах эрхтэй байсан. Түрээслүүлэгч энэхүү хугацааг нь хүлээн зөвшөөрч энэ талаар хариу албан бичгийг хүргүүлсэн бөгөөд түрээслэгчийн үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж байсан. Ажлын байр түрээслэх гэрээний 5.2.3-д түрээслэгч тал гэрээний заалтуудыг зөрчихгүйгээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд шилжүүлсэн төлбөрийг буцаан авах нөхцөл заасан боловч түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнийг нотолсон баримтыг шүүхэд хүргүүлсэн. Энэхүү үйл баримтыг зохих хэмжээнд үнэлээгүй. Түүнчлэн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түрээслэгч ямар ч үндэслэлгүйгээр түрээсийн байрыг чөлөөлөн хүлээлгэж өгсөн үйлдэл нь 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх түрээсийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. ...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ай Би тийм техноложиз ХХК нь хариуцагч Монгол микрон кашмер ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4 312 000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр 862 400 төгрөг, нийт 5 174 400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдаж, түрээслүүлэгч Монгол микрон кашмер ХХК өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-81 тоот хаягт байрлах, үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилгын 7 давхарт 98 м.кв талбай бүхий оффисийн өрөөг түрээслүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөрт нэг сарын 3 920 000 төгрөгийг төлөх, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг түрээслүүлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна. Түүнчлэн түрээсийн гэрээний 1.2, 2.1, 2.2-т зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, сарын төлбөр 3 920 000 төгрөг /НӨАТ тооцоогүй, ашиглалтын зардал орсон/, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг түрээслүүлэгч талд төлөхөөр тохиролцсон, түрээслэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн, мөн барьцаа төлбөрт 4 312 000 төгрөг /НӨАТ тооцсон/-ийг байршуулсан байсан талаар талууд маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ай Би тийм техноложиз ХХК нь ...түрээсийн талбайн хэмжээ анх гэрээнд заагдсанаас бага байсан, компанийн ажилтан, албан хаагчдыг үл ялих зүйлээр шалтаглан дарамтлах нь ихэссэн гэх үндэслэлээр түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг түрээсийн гэрээний 5.1-д зааснаар 3 сарын дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр талбайг чөлөөлөхийг хүссэн албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн, түрээслүүлэгч тал болох Монгол микрон кашмер ХХК дээрх албан бичгийг хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс дуусгавар болгох саналыг хүлээн зөвшөөрч, харин Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй болохыг мэдэгдсэн 18/71 тоот хариу албан бичгийг түрээслэгчид хүргүүлсэн байна. /хх 21/

 

Түрээсийн гэрээний 5.1-д гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа энэ тухай нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ, мөн гэрээний 5.2.3-т зааснаар түрээслэгч тал гэрээний заалтуудыг зөрчилгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд шилжүүлсэн төлбөрийг буцаан авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.

 

Хүндэтгэн үзэх шалтгаан буюу гэрээг цуцлахад түрээслэгч буюу нэхэмжлэгч Аи Би тийм техноложиз ХХК-ийн хувьд цаашид тухайн түрээсийн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч Аи Би тийм техноложиз ХХК нь хариуцагч Монгол микрон кашмер ХХК-д 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах саналыг хүргүүлснээс үзэхэд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр түрээсийн гэрээг цуцлах ёстой байсан гэж үзнэ.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн байрыг хугацаанаас өмнө чөлөөлсөн байгаа нь түрээсийн гэрээг цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул илүү төлөгдсөн түрээсийн төлбөр болон барьцааны гэрээний дагуу авсан мөнгийг хариуцагч Монгол микрон кашмер ХХК-иас буцаан шаардах эрхгүй юм.

Иймд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01924 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Монгол микрон кашмер ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4 312 000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр 862 400 төгрөг, нийт 5 174 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ай Би тийм техноложиз ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Ай Би тийм техноложиз ХХК-ийн төлсөн 98 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол микрон кашмер ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 97 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Д.ЦОГТСАЙХАН