Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 01924

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 27 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01924                             Улаанбаатар хот

                                 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: МХХК /РД:7/-д холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 5,174,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.                                                                                       

ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                   

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “А ХХК нь мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд ажлын байр шаардлагатай болсон тул МХХК-ийн эзэмшлийн талбайгаас 2018.01.19-ний өдөр түрээслэхээр тохиролцож, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Манай А ХХК-ийн захирал Болатбек болон МХХК-ийн захирал Ариунаа нар хоорондоо өөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн талаар өмнө нь ярилцаж байсан ба энэ шалтгааны улмаас хоорондоо маргалдаад манай компанийг элдвийн зүйлээр шалтаглаж, албан бичиг ирүүлэн дарамталж байсан. Энэ дарамтнаас шалтгаалж манай компани 5 дугаар сарын 21-ний өдрөөр гэрээгээ цуцалъя, цаашдаа түрээслэхгүй гэсэн албан бичгийг 2 дугаар сарын 21-ний  өдөр өгсөн ба үүнийг хариуцагч компани нь хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 3 сараас эхлээд 3 удаа албан бичиг ирүүлж дарамтлан түрээслэх боломжгүй болж эхэлсэн. Тухайн үед бид 4 дүгээр сарын 21-нийг хүртэл төлбөрөө төлсөн байсан хэдий ч ажиллах боломжгүй болсон тул 4 дүгээр сарын 13-ны өдөр байрыг нь чөлөөлж өгсөн. Манай компани түрээслээгүй 7 хоногийн зөрүү мөнгө болох 862.400 төгрөг, мөн 1 сарын барьцааны мөнгө болох 4.312.000 төгрөг, нийт 5.174.000 төгрөгийг нэхэмжилж байна. Нэмж хэлэхэд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээнд заагдсан үүргүүдийг зөрчиж байгаагүй, аргагүй эрхэнд талбайг нь чөлөөлж өгсөн” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр Поларис барилгын 7 дугаар давхарт байрлах 98 м.кв талбайг түрээслэж, төлбөрийг төлж байсан ба төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Манай компаний хувьд түрээслэгчийн хүсэлтээр 2 дугаар сарын 20-ны өдөр тухайн байрны 1014 м.кв талбайг чөлөөлж, талбай түрээслэх гэрээг байгуулах эсэхийг тодруулж  А ХХК-ийн захирал Болатбектэй захидлаар харилцсан. Энэ хооронд үл ойлголцол болсон. Энэ талаар удаа дараа албан бичгээр харилцаж байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл манай талд бичгээр ирсэн ба энэ бичгийг хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөвшөөрсөн хариуг өгсөн. Талуудын хооронд байгуулсан 2018.01.19-ний түрээсийн гэрээнд хоёрдмол утгатай хоёр заалт орсон байдаг. Үүнд түрээслүүлэгч гэрээг цуцлах бол 1 сарын өмнө, гэрээний 5-д хугацаанаас өмнө цуцлах заалтад 3 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Манай талаас энэ гэрээг 5 дугаар сарын 21-ний өдрөөр цуцлахыг зөвшөөрсөн байсан, гэтэл түрээслэгч тал маань түрээсийн талбайн үйл ажиллагаанаас гадна түрээслэгчийн дүрэм, журмыг зөрчиж, байгууллагын цайны газар, угаалгын өрөөг дур мэдэн ашиглах, бохирдуулах зэргээр зүй зохисгүй хандаж эхэлсэн. Тэнд үндсэн ажилтан нь мэдэгдэхгүй замбараагүй хүмүүс байдаг байсан, түрээслэгч компани нь үйл ажиллагаа явуулахдаа тодорхой ажлын цагаар ажиллах, оройн 18 цагаас хойш гадны хүн нэвтрүүлэхгүй, цайны цагийг 13-14 цагийн хооронд цайны өрөөг зүй зохистой ашиглах, барилгын гадна болон ариун цэврийн өрөөг бохирдуулахгүй байлгах, тодорхой өөр хурлын өрөө ашиглах бол урьдчилан мэдэгдэж байхыг шаардсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18/67 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ асуудлаас болж компанийн удирдах албан тушаалтантай маргасны улмаас гэнэт л гарч явсан, манай компаний зүгээс ямар нэгэн байдлаар албадан гаргаж, түрээсийн гэрээг цуцлаагүй. А ХХК нь гарсныхаа дараа түрээсийн гэрээнд заасан үлдэгдэл хоногийн мөнгө болон барьцаа мөнгийг шаардсан албан тоотыг ирүүлсэн байдаг.  Иргэний хуулийн 324.1-д зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн гэрээнээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг тусгасан албан бичгээр хариу өгсөн. Бид гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй тул хуульд заасны дагуу төлөх үүрэггүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

         Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2018.01.19-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээний барьцаа төлбөр болох 4,312,000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр болох 862,400 төгрөг нийтдээ 5,174,400 төгрөгийг МХХК-иас нэхэмжилсэн, хариуцагч нь нэхэмжлэлийн үнийн дүнгийн  талаар маргаагүй боловч төлбөрийг бүхэлд нь төлөх хуулийн үндэслэлгүй гэж маргажээ.

Хэргийн баримтаас үзэхэд талууд хоорондоо 2018.01.19-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээ байгуулсан, түрээслүүлэгч МХХК өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-81 тоот хаягт байрлах, үйлчилгээ зочид буудлын зориулалттай барилгын 7 давхарт 98 м.кв талбай бүхий оффисийн өрөөг түрээслэгчид зохих болзол төлбөртэй шилжүүлсэн байна.

Талуудын хооронд түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Түрээсийн гэрээний 1.2, 2.1, 2.2-т зааснаар 2018.01.19-ний өдрөөс 2019.01.19-нийг хүртэл 1 жилийн хугацаагаар, сарын төлбөр 3,920,000 төгрөг /НӨАТ тооцоогүй, ашиглалтын зардал орсон/, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг түрээслүүлэгч талд төлөхөөр тохиролцсон, түрээслэгч нь 2018.04.21-нийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлсөн, мөн барьцаа төлбөрт 4,312, 000 төгрөг /НӨАТ тооцсон/-ийг байршуулсан байсан талаар талууд маргаагүй байна.

Дээрх тохиролцоо нь Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1-д түрээсийн төлбөрийг мөнгө, эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болно, 320 дугааар  зүйлийн 320.1-д түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэсэн заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэлд дурдсанаар “...түрээсийн талбайн хэмжээ анх гэрээнд заагдсанаас бага байсан, компанийн ажилтан, албан хаагчдыг үл ялих зүйлээр шалтаглан дарамтлах нь ихэссэн” гэх үндэслэлээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах саналыг түрээслэгч А ХХК гаргаж, түрээсийн гэрээний 5.1-д зааснаар 3 сарын дараа буюу 2018.05.21-ний өдөр талбайг чөлөөлөхийг хүссэн албан бичгийг 2018.02.21-ний өдөр хариуцагчид хүргүүлсэн байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээнээс татгалзсанаар үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөнө.

Түрээслүүлэгч тал дээрх албан бичгийг хүлээн авч, 2018.01.19-ний өдрийн ажлын байр түрээслэх гэрээг 2018.05.21-ний өдрөөс дуусгавар болгох саналыг хүлээн зөвшөөрсөн, харин Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д зааснаар гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, нэхэмжлэлийн шаардлага 5,174,400 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй болохыг мэдэгдсэн А ХХК-ийн 2018.04.18-ны өдрийн 18/71 албан     тоот хэрэгт авагджээ.

Түрээсийн гэрээний 5.1-д гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа энэ тухай нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ, мөн гэрээний 5.2.3-т зааснаар түрээслэгч тал гэрээний заалтуудыг зөрчилгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд шилжүүлсэн төлбөрийг буцаан авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.3-т зааснаар энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй болно.

Иймд талуудын хооронд үүссэн маргаан, үл ойлголцолын улмаас түрээслэгч нь 2018.04.13-ны өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн байх тул 2018.04.21-нийг хүртэлх төлөгдсөн түрээсийн төлбөрийн зөрүү 862,400 төгрөг, барьцаанд шилжүүлсэн 4,312,000 төгрөгийг тус тус буцаан авах эрхтэй байна.  

Хариуцагч татгалзалын үндэслэлээ түрээслэгч солигдохтой холбогдох зохицуулалт буюу Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-д заасан түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй заалтаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 324.2-т түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөхөөр заажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн  204 дүгээр зүйлийн 204.1, 160 дугаар зүйлийн 160.1, 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч МХХК-иас ажлын байр түрээслэх гэрээний барьцаа төлбөр болох 4,312,000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр болох 862,400 төгрөг нийтдээ 5,174,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар МХХК ХХК-иас 97,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЭНХЦЭЦЭГ