Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2019/00339

 

АБТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01924 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2104 дугаар магадлалтай,

АБТТ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ММК ХХК-д холбогдох, 

Барьцаа 4.312.000 төгрөг, түрээсийн төлбөрт илүү төлөгдсөн 862.400 төгрөг, нийт 5.174.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч АБТТ ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Манай компанид ажлын байр шаардлагатай болсон тул ММК ХХК-ийн эзэмшлийн талбайгаас түрээслэхээр тохиролцож, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч компанийн захирал А.Болотбек болон хариуцагч компанийн захирал Н.Ариунаа нар өөр үл хөдлөх хөрөнгийн түрээсийн талаар өмнө нь ярилцаж байсан ба уг асуудлын улмаас хоорондоо маргалдан манай компанийг элдвийн зүйлээр шалтаглаж, албан бичиг ирүүлэн дарамталж байсан. Энэ дарамтнаас шалтгаалж манай компани 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр гэрээгээ цуцлая, цаашдаа түрээслэхгүй гэсэн албан бичгийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгснийг хариуцагч компани хүлээн зөвшөөрсөн. Гэтэл 3 сараас эхлээд 3 удаа албан бичиг ирүүлж дарамтлан цаашид түрээслэх боломжгүй болж эхэлсэн. Тухайн үед бид 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл төлбөрөө төлсөн байсан хэдий ч ажиллах боломжгүй болсон тул 04 дүгээр сарын 13-ны өдөр байрыг нь чөлөөлж өгсөн. Манай компани түрээслээгүй 7 хоногийн зөрүү мөнгө болох 862.400 төгрөг, мөн  өмнө нь шилжүүлсэн барьцааны мөнгө 4.312.000 төгрөг, нийт 5.174.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр Поларис барилгын 7 дугаар давхарт байрлах 98 м.кв талбайг түрээслэж, төлбөрийг төлж байсан ба төлбөрийн талаар ямар нэгэн маргаан байхгүй. Манай компанийн хувьд түрээслэгчийн хүсэлтээр 02 дугаар сарын 20-ны өдөр тухайн байрны 1.014 м.кв талбайг чөлөөлж, талбай түрээслэх гэрээг байгуулах эсэхийг тодруулж АБТТ ХХК-ийн захирал А.Болотбектэй захидлаар харилцсан. Энэ хооронд үл ойлголцол болж удаа дараа албан бичгээр харилцаж байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ажлын байр түрээслэх гэрээг цуцлах тухай мэдэгдэл манай талд бичгээр ирсэн ба энэ бичгийг хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр зөвшөөрсөн хариуг өгсөн. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 01 дүгээр сарын19-ний өдрийн түрээсийн гэрээнд хоёрдмол утгатай хоёр заалт орсон байдаг. Үүнд түрээслүүлэгч гэрээг цуцлах бол 1 сарын өмнө, гэрээний 5-д хугацаанаас өмнө цуцлах заалтад 3 сарын өмнө мэдэгдэнэ гэсэн байдаг. Манай талаас энэ гэрээг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр цуцлахыг зөвшөөрсөн байсан. Гэтэл түрээслэгч тал маань түрээсийн талбайн үйл ажиллагаанаас гадна түрээслэгчийн дүрэм, журмыг зөрчиж, байгууллагын цайны газар, угаалгын өрөөг дур мэдэн ашиглах, бохирдуулах зэргээр зүй зохисгүй хандаж эхэлсэн. Тэнд үндсэн ажилтан нь мэдэгдэхгүй замбараагүй хүмүүс байдаг байсан, түрээслэгч компани нь үйл ажиллагаа явуулахдаа тодорхой ажлын цагаар ажиллах, оройн 18 цагаас хойш гадны хүн нэвтрүүлэхгүй, цайны цагийг 13-14 цагийн хооронд цайны өрөөг зүй зохистой ашиглах, барилгын гадна болон ариун цэврийн өрөөг бохирдуулахгүй байлгах, тодорхой өөр хурлын өрөө ашиглах бол урьдчилан мэдэгдэж байхыг шаардсан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 18/67 дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн. Энэ асуудлаас болж компанийн удирдах албан тушаалтантай маргаснаас болж түрээслэхээ больсон. Манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар албадан гаргаж, түрээсийн гэрээг цуцлаагүй. АБТТ ХХК нь гарсныхаа дараа түрээсийн гэрээнд заасан үлдэгдэл хоногийн мөнгө болон барьцаа мөнгийг шаардсан албан тоотыг ирүүлсэн байдаг. Иргэний хуулийн 324 дүгээр 324.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн гэрээнээс чөлөөлөгдөхгүй гэсэн заалтыг тусгасан албан бичгээр хариу өгсөн. Бид гэрээг хугацаанаас өмнө цуцлаагүй тул хуульд заасны дагуу төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01924 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 160 дугаар зүйлийн 160.1, 318 дүгээр зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ММК ХХК-иас ажлын байр түрээслэх гэрээний барьцаа төлбөр болох 4.312.000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр болох 862.400 төгрөг нийт 5.174.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч АБТТ ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ММК ХХК-иас 97.734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч АБТТ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2104 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/01924 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 205 дугаар зүйлийн 205.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ММК ХХК-д холбогдох, түрээсийн гэрээний барьцаа төлбөр болох 4.312.000 төгрөг, түрээслээгүй үлдсэн хоногийн зөрүү төлбөр 862.400 төгрөг, нийт 5.174.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АБТТ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч АБТТ ХХК-ийн төлсөн 98.000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 4 сарын 13-ны өдөр түрээсийн байрыг хугацаанаас өмнө чөлөөлсөн байгаа нь түрээсийн гэрээг цуцлагдах хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул илүү төлөгдсөн төлбөр болон барьцааны гэрээний дагуу авсан мөнгийг хариуцагч ММК ХХК-иас буцаан шаардах эрхгүй” гэж тайлбарлажээ. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд гэрээнээс татгалзсанаар үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдхөөр зохицуулжээ. Түрээсийн гэрээний 5.1-д гэрээг хугацаанаас өмнө цуцлахдаа энэ тухай нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ, мөн гэрээний 5.2.3-т зааснаар түрээслэгч тал гэрээний заалтуудыг зөрчилгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд шилжүүлсэн төлбөрийг буцаан авах эрхтэй байхаар талууд тохиролцсон. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.3-т зааснаар энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй учраас давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэрийг хүчингүй болгож, ММК ХХК-с илүү төлсөн түрээсийн төлбөр, барьцаа нийт 5.174.400 төгрөг гаргуулах АБТТ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч АБТТ ХХК, хариуцагч ММК ХХК-ийн хооронд 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдалд шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3-т заасантай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Түрээсийн зүйл болох Поларис оффиссын 7 давхарын 98 м.кв талбайг түрээслүүлэгч АБТТ ХХК нь түрээслэгч ММК ХХК-ийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн өгч, хариуцагч нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл  түрээсийн төлбөрт сар бүр 4.312.000 төгрөг төлсөн нь тогтоогджээ. Үүнээс гадна  түрээсийн гэрээний 2.2-т зааснаар түрээслэгч нь нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх хэмжээний барьцааг түрээслүүлэгчид төлсөн талаар зохигч маргаагүй байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний зохицуулалт нэгэн адил үйлчлэхийг зохицуулсан бөгөөд түрээсийн гэрээг цуцлах журам тухайн бүлэгт тусгаагүй байна. 

Эд хөрөнгө хөлслөх гэрээг хэрхэн цуцлах талаархи хуульд заасан зохицуулалтаас үзвэл гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэжээ.

Талууд гэрээндээ, гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа энэ тухай нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэхээр тохиролцсон байх тул гэрээ энэ журмын дагуу цуцлагдана. Түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан боловч хариуцагч ММК ХХК 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрээг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр цуцлах мэдэгдлийг нэхэмжлэгч АБТТ ХХК-д хүргүүлснийг тус компани хүлээн зөвшөөрсөн тухай баримт хэрэгт авагджээ.

Харин нэхэмжлэгч АБТТ ХХК нь тохирсон хугацаанаас өмнө буюу 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр түрээсийн байрыг чөлөөлснийг зохигч маргаагүй хэдий ч тус компани гэрээг цуцлах хүртэл хугацаанд түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.

Учир нь түрээсийн байрыг хугацаанаас өмнө чөлөөлсөн явдалд мөн хариуцагч ММК ХХК-ийн гэм буруутай үүргээ зөрчсөн үйлдэл нөлөөлсөн буюу түрээсийн байрыг ашиглах боломжгүй болгосон нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч АБТТ ХХК нь гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр төлөхөөс татгалзах боломжгүй юм.

Түрээсийн гэрээний 5.2.3-т түрээслэгч тал гэрээний заалтуудыг зөрчилгүйгээр гэрээг хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд шилжүүлсэн төлбөрийг буцаан авах эрхтэй гэж заасан нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа нөгөө талдаа 3 сарын өмнө бичгээр мэдэгдэх гэрээ болон хуульд заасан зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноос барьцааны эрх дуусгавар болж барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх  үүрэгтэй боловч ийм нөхцөл үүсээгүй байна.

Давж заалдах шатны шүүх 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл төлсөн төлбөрийг төлөгдснөөр тооцож, 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэлхи түрээсийн төлбөрт барьцааны 4.312.000 төгрөг суутгасныг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2104 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 98.000 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                          Г.АЛТАНЧИМЭГ