Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02169

 

МАГАДЛАЛ

2020.10.23 Төсөл

П-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэртэй,

 

П-гийн нэхэмжлэлтэй, Б-, Г-, Л.Батцэнд, Монголын нотариатчдын танхим, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалттын албад тус тус холбогдох,

хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах, Гангаа-Аривжих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П-, хариуцагч Б-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагч Г-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б- бид хоёр 1971 онд гэр бүл болж хамтран амьдраад бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид гэр бүл болохдоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоотод 1973 оноос хойш хадам эцэг Б.Дондовын хамт тавуулаа нэг өрхийн данстай хамт амьдарч байсан. 2002 онд хашаандаа жижиг дэлгүүр барьж ганцаараа ажиллуулахад хүндрэлтэй байсан учир бусдад дэлгүүрээ түрээслэхээр болсон. Г-д дэлгүүрийг түрээслэсэн.

Гэтэл 2013 онд надаас зөвшөөрөл авалгүй дэлгүүрийг бусдад худалдсан байсан. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү.

2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд хариуцагч Б- гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 55 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008484 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг буцаан шилжүүлж, Б- бид хоёрыг энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хууль бусаар Гангаа-Арвижих ХХК-д 36 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн тул Гангаа-Арвижих ХХК-д олгосон 36 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү.

Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Батцэнд нь гэрээнд Б- гарын үсэг зураагүй байхад түүнийг гарын үсэг зурсан мэтээр, хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн тул 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн маргаан бүхий гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү.

Нотариатч Л.Батцэндийн энэ хууль бус үйлдлээс болж шүүхийн зардал, өмгөөлөгчийн зардалаар хохирсон тул гэм хорын хохиролд 1 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Монголын нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Б- шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай дэлгүүрийг түрээсэлж байсан Г- надад ямар ч мөнгө өгөөгүй байж худалдан авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Би Г-тай холбоотой маргааныг эхнэрээсээ нууж байсан ба 2013 онд хэрэг хэрэгсэхгүй болох үед эхнэртээ хэлж, болсон явдлыг ойлгуулсан.

П- нь Г-тай маргаантай байгаа асуудлыг 2013 онд анх мэдсэн ба мэдсэнээсээ хойш хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Нэгэнт хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна

Хариуцагч Б- нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, нотариатын бүртгэлд ч мөн гарын үсэг зураагүй. Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцааж, нэхэмжлэгчийг хамт өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Мөн нотариатч Л.Батцэнд нь хууль зөрчиж хуурамч гэрээг гэрчилсэн тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, түүнээс гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2003-2004 онд Б-гийн өмчлөлийн дэлгүүрийг түрээслэж байсан. 2004 онд хариуцагч Б- нь хүүхэд Солонгос явах болоод яаралтай мөнгө хэрэг болчихлоо гэхээр нь би 36 м.кв талбай бүхий дэлгүүрийг 3 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Батцэнд дээр Б- бид хоёр хамт очиж үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, мөн өдөртөө 3 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.

Дараа нь гэрээгээ үндэслэн 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр өөрийн үүсгэн байгуулсан Гангаа-Арвижих ХХК-ийг бүртгүүлсэн. Мөн гэрээний дагуу дэлгүүр байрлаж буй 36 м.кв газар эзэмших эрхийг Б-гээс шилжүүлж авсан. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Гангаа-Арвижих ХХК-д эзэмшүүлсэн 36 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарч Гангаа-Арвижих ХХК хуулийн дагуу 36 м.кв талбай газрыг эзэмшиж байгаа болохыг тогтоосон. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Батцэндийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэн Г-, Б- нар нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчлүүлэхдээ өөрсдийн биеэр ирж, бичиг баримтуудаа үзүүлж гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Б- нь гэрээ хийгээгүй, гарын үсгээ гэрээ болон бүртгэлийн дэвтэрт зураагүй гэх мэт илт худал гомдол, нэхэмжлэл гарган дээрх гэрээтэй холбоотой бүхий л асуудлаар холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байсан бөгөөд тэдгээр байгууллагууд шалган тогтоож шийдвэрлэсэн дараах хүчин төгөлдөр эрх зүйн актууд хэрэгт авагдсан байгаа.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 156 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2008 оны 1017, 3497, 3498, 2010 оны 2350 дугаартай дүгнэлтүүд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1985 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 217 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байгаа.

Иймд хариуцагч Л.Батцэндэд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1 300 000 төгрөг гаргуулах тухай П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаар захирамжаар Гангаа-Арвижих ХХК-д тус дүүргийн 18 дугаар хороонд 36 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байна.

Гангаа-Арвижих ХХК-д олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээнд иргэн Б- маргаан гаргасан учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 171 дүгээр захирамжаар хүчингүй болгосон.

Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргааныг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэхгүй тул П-гийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монголын нотариатчдын танхим шүүхэд гаргасан тайлбартаа: Нотариатын танхим нь Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Монголын нотариатчдын танхимыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монголын нотариатчдын танхимд холбогдох П-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Цолмон нь нэхэмжлэгч П-, хариуцагч Б- нарын хүүхэд. Гэр бүлийн гишүүний хувьд нэхэмжлэгч П-гийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг бүхэлд нь дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэлгүй тул Г- болон Б- нарын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 55 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008484 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах, энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Г-, Б- нарт холбогдох П-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Г-, Б- нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Л.Батцэндэд холбогдох П-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Гангаа-Арвижих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох П-гийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч П- нь гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Монголын нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316.500 төгрөгөөс, 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611199691 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч П-д олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх П- нь Б-, Г- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэжээ. П-, Б- нар нь гэр бүл болоод 40 жилийн турш хамт амьдарч байгаа учир Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй гэж үзэх боломжгүй. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 152 тоот шийдвэрээр П-, Б- нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан бөгөөд Б- дундын өмчлөлийн зүйлийг бусдад худалдах эрхгүй юм.

Дээрх үндэслэлээр П- нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Иргэний хуульд зааснаар шаардлага гаргах эрхтэй юм. Шүүх 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээн дээрхи Баасан+үрэн гэсэн бичвэр давхцаагүй гэж дүгнэжээ. 4-р хавтаст хэргийн 210-р хуудсанд газрын албаны архиваас буулгаж авсан (Б+а+а+с+а+н+ү+р+э+н) Баасанүрэн гэсэн бичвэрийг калькин цаасан дээр буулгаж прокурорын газар хадгалагдаж байгаа гэрээ, шүүхийн төрөлжсөн архивт хадгалагдаж байгаа гэрээ, Нийслэлийн архивт хадгалагдаж байгаа гэрээнүүд дээрхи Баасанүрэн гэсэн бичвэртэй харьцуулан үдсэн байдаг. Үдэгдсэн калькин дээрхи бичвэрийг үдээсээр нь салгаад 210-р хуудсан дахь Баасанүрэн гэсэн бичвэр дээр давхцуулаад энгийн нүдээр үзэхэд Б үсэгний дээд хэсгийн н үсэгийн сүүл бага зэрэг зөрөх боловч а+а+с+а гэсэн дунд талын 4 үсэг мм-ийн зөрүүгүй давхцаж харагдцаг.

Шүүх хурал дээр дээрхи а үсэгний давхцлын талаар шинжээч нараас асуухад давхцлыг үгүйсгэж чадаагүй бөгөөд өөрсдийгөө үсэг бүрээр нь шинжлээгүй, үгсийг бүхэлд нь шинжилсэн гэдэг.

Шинжээч нарын дүгнэлт нь бодит байдлаас зөрүүтэй дүгнэлт гаргасан учир шүүх хурлын өмнө дахин шинжээч томилуулах хүсэлт гаргахад шүүх хүлээн аваагүй. Мэргэжлийн биш ямар ч хүн калькин цаасан дээрхи бичвэр 210-р хуудсан дээрхи бичвэрүүд давхцаж байгааг харж болохоор байтал шүүх эргэлзээтэй дүгнэлтийг үнэлж шийдвэрлэсэн. Дахин шинжээч томилуулах эрхийг хязгаарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.

П- нь Б-, Г- нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хувьд эрх нь зөрчигдсөн.

Дээрх гэрээ нь П-гийн эрхийн зөрчиж хийгдсэн гэрээ тул гэрээ байгуулагдсан уу, эсхүл хуурамчаар уу гэдгээс үл хамааран гэрээг үгүйсгэн шаардах эрх нь гэрээний хувьд гуравдагч этгээдэд хадгалагдаж байгаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хурал дээр тодруулсан ба нэхэмжлэл нь газрын албаны буруутай үйлдлийг тогтоолгох гэсэн шаардлагатай энэ шаардлагыг хариуцагч нарт гардуулан тайлбар авсан байдаг. Шүүх нэхэмжлэлийг тодруулахдаа гэрчилгээг хүчингүй болгуулах болгон тодруулсан ба энэ үйлдэл бол нэхэмжлэлийнн шаардлагыг өөрчлөгдсөнд тооцогдож хариуцагч, гуравдагч этгээдэд танилцуулж тайлбар авах шаардлагатайгаас гадна иргэний маргааныг захиргааны шаардлагатай маргаан болгож өөрчилсөн үйлдэл юм.

Худалдах худалдан авах гэрээг нотариат дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах гэрээний хавсралт болгож, газрын цагаан гэрчилгээг хавсарган нотариатын тэмдэг дарсан байдаг. 2004 оны 03 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших цагаан гэрчилгээг газрын албанд хураалгасан, одоо газрын албанд хадгалагдаж байгаа гэх баримт бий. Шүүхэд цагаан гэрчилгээ байгаа эсэх талаар газрын албанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан ба шүүх зөвшөөрөөгүй.

н.Баасанжав гэдэг хүн гэрээ хийгээд гарын үсгийн тайлалаар Баасан+үрэн гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Эх гарын үсэг гэж байхгүй ба Прокурорын архив, Нийслэлийн архив, Шүүхийн төрөлжсөн архивт хадгалагдаж байгаа гэрээний гарын үсэг нь хуулбар бөгөөд гарын үсгийн тайлал гэх Баасан+үрэн гэсэн бичвэр нь цэнхэр өнгийн будагч бодисоор бичигдсэн гэрэлтүүлэн давхцуулсан гэж үзэхээр үсгийн өндөр, өргөн нь мм-ийн зөрөөгүй давхцаж байдаг.

Нотариатч Л.Батцэнд, Г- нар худалдах худалдан авах гэрээг 3 хувь үйлдэн, талуудад нэг нэг хувь өгсөн гэдэг. Гэтэл одоо прокурорын архивт нэг эх хувь, Нийслэлийн архивт нэг эх хувь, Шүүхийн төрөлжсөн архивт нэг эх хувь дээр нь нотариат болон Баасансүрэн нар нэг, нэг хувь гэвэл 5 эх хувь болчихоод байна. Г- кадастрын зураг хийлгэсэн гэх боловч эх зураг гэж хаана ч байхгүй байгаагаас гадна тэр кадастрын гэх зураг дээр нэр нь орсон газрын албаны мэргэжилтэн н.Алтанцэцэг гэрчээр мэдүүлэг өгөхдөө Энэ бол кадастрын зураг биш харин ТҮЦ-ний зөвшөөрөл, машин засварын газрын зөвшөөрөл зэрэгт хэрэглэгдсэн байршлын тойм зураг гэсэн ба зураг нь газрын албанд байх ёстой гэтэл эх нь хаана ч байгаагүй.

Шүүх хуралдааныг шийдвэрлэх үед Г- нь Б-, Г- нарын байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээний эх гэрээ нь хаана ч байхгүй гэсэн байдаг. Хожим захиргааны шүүхээс үзлэг хийхэд бас эх хувь байхгүй байсан.

Гэтэл захиргааны шүүх хурал дээр газрын албаны мэргэжилтэн н.Нэргүй цүнхнээсээ Б- гэх бичвэртэй гэрээг гаргаж шүүхэд өгсөн ба тэр нь Шүүхийн төрөлжсөн архивт, Г-гийн нөхөр уран хүн байдаг ба тэр хүн нэг хувийг прокурорт гаргаж өгсөн нь прокурорын архивт тус тус хадгалагдаж байна. Чингэлтэй дүүргийн газрын албаны мэргэжилтэн н.Нэргүй худалдах худалдан авах гэрээг газрын албаны архиваас авсан гэх боловч архиваас баримт гадагш гаргасан бүртгэл огт байдаггүй, архивт хадгалагдаж байгаагүй байдаг.

Гэрээ байгуулагдсан гэх өдрөөс хойш Г-гийн ээж нь түрээсийн төлбөр төлж, түрээсээ цуцлаж дэлгүүрийг хүлээлгэн өгч байсан баримт байдаг. Энэ нь худалдах, худалдан авах гэрээг хийгээгүй болохыг нотлоно.

Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П- нь Б-, Г- нарт холбогдуулан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн гэх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 55 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008484 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрын өмч нь П-, Б- нар болохыг тогтоолгох,

Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Гангаа-Арвижих ХХК-д олгосон 36 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Батцэндэд холбогдуулан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1 300 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба Монголын нотариатчдын танхимд холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч Б- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Г-, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын алба, Л.Батцэнд нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Б-, П- нар Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот хаягт байрлах газар дээр 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг барьж, Г-д түрээслэж байсан талаар маргаагүй.

 

Б-, Г- нар 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр худалдагч Б- нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот хаягт байрлах 36 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г-гийн өмчлөлд шилжүүлэх, Г- нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 3 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Талууд гэрээний 3-т дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 3 000 000 төгрөгийг бэлнээр өгч тооцоог дуусгахаар тохиролцов гэж тусгасан байна. /1хх 171-172/

 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн засаг даргын 2004 оны 152 дугаар захирамжийг үндэслэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55а тоот хаягт байрших газрын өмчлөх эрхийг Б-д олгосон байх бөгөөд анхан шатны шүүх Г-, Б- нарыг 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээ байгуулах үед маргаан бүхий хөрөнгө байрлаж байсан газрыг хариуцагч Б- дангаар эзэмшиж байсан, 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 686 дугаар захирамжаар маргаан бүхий 36 м.кв газар дээр давхцуулан гуравдагч этгээд Б.Цолмонд газар өмчлүүлэх шийдвэр гаргасныг шүүх хүчингүй болгосон үйл баримт тогтоогдсон. /1хх 173, 175, 205/

 

Түүнчлэн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 тоот албан бичгээр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55а тоот хаягт байрших газар болон хувийн сууцны өмчлөгчөөр Б-, П- нар бүртгэгдсэн болохыг, мөн хаягийн 55 тоот хаягт байрших үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр Гангаа-Арвижих ХХК бүртгэлтэй болохыг тус тус тодорхойлжээ. /1хх162/

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр Г-, Б- нар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэх боломжгүй.

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 2350 тоот дүгнэлтээр нотариатч Л.Батцэндийн 2004 оны гэрээ бүртгэлийн дэвтэрийн 698 дугаарт Гангаа гэсний доод талд зурагдсан Б-гийн гэх гарын үсэг нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн Б-гийн гэх гарын үсгийн загвартуудтай тохирч байна гэж,

2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1964 тоот дүгнэлтээр Нийслэлийн прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архив, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн төрөлжсөн архив, Нийслэлийн архивын газарт хадгалагдах 2004.04.15 гэх огноотой, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудад Баасанүрэн гэж бичигдсэн шинжилж буй гарын үсгийн тайлалуудыг нэг хүн зурсан байна, 2003.05.16 гэсэн огноотой Түрээсийн гэрээ гэсэн баримтад бичигдсэн Б-гийн гарын үсгийн тайлалын чөлөөт, харьцангуй чөлөөт загвартай тохирно, нариатч Л.Батцэнд, 2004 он 586-1034, бүртгэл гэж хаягласан дэвтэрт зурагдсан шинжилж буй уншигдах Д+б гэсэн үгүүд, ..... үл уншигдах элемент болон нэмэлт элементээс бүтсэн бүтэцтэй шинжилж гарын үсгүүд нь ... Б-гийн гарын үсгийн чөлөөт загвар болон шинжилгээнд ирүүлсэн гарын үсгийн туршилтын загвартай тохирно гэсэн байна.

 

Нэхэмжлэгч П- болон Б- нарын тайлбараас дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед Б- нотариат дээр очоогүй, гэрээнд зурсан гэх гарын үсгийг Б- зураагүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж нотариатчийн гэрээ гэрчилсэн үйлдлийг хүчингүй болгуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдээсээ зөвшөөрөл авах ёстой байсан гэх П-гийн тайлбар үндэслэлгүй бөгөөд Б-г уг хөрөнгийн өмчлөгч биш, уг эд хөрөнгийг дангаар худалдах эрхгүй гэж дүгнэх боломжгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг Г- мэдэх боломжгүй байсан, Г-г Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүх Л.Батцэнд нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-д заасны дагуу гэрчилж, баталгаажуулсан, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нар бий эсэхийг, эсхүл гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх өөр эрх бүхий этгээдүүд байгаа эсэхийг шалгах ёстой байсан гэж нотариатчийг буруутгах боломжгүй, нотариатч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул нотариатчаас гэм хорын хохирол гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

 

Шинжээчид шүүх хуралдаанд оролцсон, шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА