Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01099

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2169 дүгээр магадлалтай,

 *******гийн нэхэмжлэлтэй

Д.Баасансүрэн,*******,*******,*******,*******нд тус тус холбогдох

 А.Гангаа болон******* нарын хооронд байгуулагдсан 2004.04.15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах, Гангаа-Аривжих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч *******гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч*******, хариуцагч*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цолмонгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч *******гээс*******,*******,*******,*******,*******нд тус тус холбогдуулан 2004.04.15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч болохыг тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах, Гангаа-Аривжих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэлгүй тул******* болон******* нарын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5 дугаар гудамж, 55 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202008484 дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах, энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч*******,******* нарт холбогдох *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн*******,******* нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, гэм хорын хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах тухай*******эд холбогдох *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Гангаа-Арвижих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох *******гийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 1,300,000 төгрөг гаргуулах тухай*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,500 төгрөгөөс, 70,200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611199691 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2169 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Гэрчлэгч /нотариат/-ийг гэрчээр асуух гэж 12 удаа хүсэлт гаргасан ба шүүх нотариат бол гэрч биш нотариат, нотариатчийг биш нотариатын төлөөлөгчийг асууж болно, нотариатыг гэрчээр асууж болохгүй гэж 12 удаа шийдвэрлэжээ. Хуучин хуульд нотариатыг гэрчлэгч гэж нэрлэж байгаад сүүлдээ хуульд нотариат гэж нэр томьёо оруулсан байх ба дэлхий дээр дан ганц Монголд гэрчлэгч /нотариат/-ийг гэрчлэл үйлдсэн үйлдэлд нь гэрчлэгч /нотариат/ өөрийгөө өөр этгээдээр төлөөлүүлж гэрчилсэн үйлдлээ хамгаалдаг.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.10.23-ны өдрийн 2169 тоот магадлалын хянавал хэсэгтээ /8-р хуудасны сүүлийн мөр, 9-р хуудасны эхэнд/ ....А.Гангаа******* нарыг 2004.04.15-ны өдөр гэрээ байгуулагдах үед маргаан бүхий хөрөнгө байрлаж байсан газрыг хариуцагч******* дангаар эзэмшиж байсан.... гээд /10-р хуудасны эхний догол мөрөнд/... өөрөөр хэлбэл гэр бүлийн бусад гишүүдээс зөвшөөрөл авах ёстой байсан гэх *******гийн тайлбар үндэслэлгүй... гэсэн байна. 2004.04.09-ны өдөр Нийслэлийн засаг даргын газар өмчлөх шийдвэр гарч гэрчилгээн дээр *******г хамтран өмчлөгч гэж заажээ. /ХХ-160,161, 222/

2004.04.09-ны өдөр хамтран өмчлөх эрхтэй болсон *******гийн эрхийг 6 хоногийн дараа 2004.04.15-ны өдөр зөрчиж, бусдад худалдах эрхтэй гэж шүүх үзжээ. 2004.04.09-ны өдөр *******д тухайн газрын хамтран өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон байхад 2004.04.15-ны өдөр Пүрэвсүрэнгийн эрхийг зөрчсөн нь зөв гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх Баасансүрэн гэсэн 4 бичвэр давхцаж байгаа эсэх дээр шинжээч томилсон. Шинжээч нараас 3 ширхэг а үсэг давхцаж байгаа эсэхийг асуухад а үсэг давхцаж болно гэхдээ бүхэлдээ давхцаагүй гэсэн с үсэг давхцаж байгаа эсэхийг асуухад с үсэг давхцаж болно гэхдээ бүхэлдээ давхцаагүй гэсэн. Ингээд цааш нь н,ү,э,р гээд үсэг нэг бүрээр нь асуух гэсэн боловч шүүх шинжээч нараас бусад үсгийг асуухыг хориглосон. Өөрөөр хэлбэл шинжээч нар Баасанүрэн гэх бичвэрийн элементүүд нь 1-ч мм-ийн зөрөөгүй буюу хэмжээсний хувьд тохирч байгааг үгүйсгэж чадаагүй. Ингээд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй буюу бодит байдлаас өөр болох нь шүүх хурал дээр тогтоогдсон учир дахин шинжээч томилуулах гэхэд шүүх татгалзсан.

Давж заалдах шатны шүүхээс шинжээч нараас асуулт асуусан хэсэгт үзлэг хийсэн тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл шүүх шинжээчийн дүгнэлт ноцтой эргэлзээтэй байдал үүсээд байхад дахин шинжээч томилохоос татгалзсан ба энэ талаар шийдвэрт нэг ч үг оруулаагүй, магадлалд ч оруулаагүй байгаа нь шийдвэр магадлал үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, эргэлзээ төрүүлж байна. Давж заалдах шатны шүүхэд илт худал дүгнэлтийг хэрхэх тухай асуухад цагдаад өгөөд тогтоогдвол шинээр илэрсэн нөхцөлөөр дахин хянуулж болохоор зүйл хэлсэн. Ингэж хүндрүүлж цаг хугацаа алдаж гурван шинжээч нарыг цагдаагаар шалгуулж амьдралаар нь тоглохын шаардлага ч байхгүй зүгээр л дахин шинжээч томилбол болох л байсан. Бид шинжээчийн дүгнэлт, хурлын бичлэг, давж заалдах шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлийг нотлох баримтаар өгч гомдол гаргаснаар давхцал байхгүй гэж дүгнэлт гаргасан 3 шинжээчид хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж одоо тэд нар шалгагдаж байгаа болно.

Шүүх гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 25.1.1, 25.1.3, 72.2-ыг зөрчсөн байхад давж заалдах шатны шүүх энэхүү процессын алдааг зөвтгөн засахад анхаараагүй, хэргийг бүхэлд нь хянаж чадаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх ИХШХШТХ-ийн 25.1.1, 72.2-д заагдсан эсрэг талын шаардлага, ...тэдгээрт тайлбар өгөх эрхийг эдлүүлээгүй. Нэхэмжлэгч ******* ЧД-ийн Газрын албыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байх бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нарт гардуулан тайлбар авсан байх ба анхан шатны шүүх *******гийн Гангаа арвижих ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох гэж өөрчилсөн шаардлагыг хэргийн зохигч, оролцогч нарт гардуулж хариу тайлбар аваагүй, хамтран хариуцагчаар Гангаа арвижих ХХК-ийг татсан эсэх нь эргэлзээтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх бөгөөд үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн засаагүй нь ноцтой зөрчил юм.

Иймд гэрчлэгч /нотариат/-ийг гэрчлэгч биш гэж үзсэн, 2004.04.09-ний өдөр хамтран өмчлөх эрхтэй болсон *******гийн зөвшөөрөлгүйгээр 2004.04.15-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ хийсэн хуульд нийцнэ гэсэн илэрхий зөрчилтэй дүгнэлтийг зөрчилгүй дүгнэлт гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь ИХШХШТХ-ийн 25-р зүйлийн 25.1.1, 25.1.3, 72.2, ИХШХШТХ-ийн 40-р зүйлийн 40.3, дахь заалт, Иргэний хуулийн 183-р зүйлүүд зөрчигдсөнөөр ИХШХШТХ-ийн 172-р зүйлийн 172.2.1, 172.2.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа учир шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...1971 онд*******тэй гэр бүл болж, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоотод 1973 оноос хойш амьдарч байна. 2002 онд хашаандаа жижиг дэлгүүр барьсан байсныг 2003 онд*******д түрээсэлсэн. Гэтэл надаас зөвшөөрөл авалгүйгээр дэлгүүрийг бусдад худалдсан байсныг 2013 онд орж мэдлээ. Иймд миний зөвшөөрөлгүй шилжүүлсэн 2004.04.15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дэлгүүрийн барилга, газрыг зөвшөөрөлгүй шилжүүлсэн 2004.04.15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгож, эрх бүхий этгээдийн эзгүйд энэ гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, улмаар хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирол 1,300,000 төгрөгийг нотариатчаас гаргуулж, маргаж буй дэлгүүрийн доорх газар эзэмших эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг*******нд даалгаж өгнө үү... гэжээ.

 Хариуцагч*******: ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна,******* нь ямар ч мөнгө өгөөгүй байж миний эд хөрөнгийг худалдаж авсан гэж байгаа нь үндэслэлгүй... гэж,

 Хариуцагч*******: ...2003-2004 онд*******гийн өмчлөлийн дэлгүүрийг түрээсэлж байсан. 2004 онд******* нь хүүхэд Солонгос явах яаралтай хэрэг боллоо гэхээр нь 36 м.кв талбайтай дэлгүүрийг 3,000,000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг бэлнээр нь өгсөн. Гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг өөрийн эзэмшлийн Гангаа-Арвижих ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж,

 Хариуцагч*******: ...2004.04.15-ны өдөр*******,******* нар ирж худалдах-худалдан авах гэрээ гэрчлүүлэхээр өөрсдийн биеэр ирж, бичиг баримтуудаа үзүүлэн гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурцгаасан, энэ асуудлаар хуулийн байгууллагаар шалгуулж, шийдвэрлэсэн хүчин төгөлдөр эрхийн актууд гарч, хэрэгт авагдсан байгаа, ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж,

 Хариуцагч*******: ...Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ...захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргааныг Иргэний шүүх хянан шийдвэрлэхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж тус тус маргажээ.

 8. Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж, өмчлөгчөөр тогтоолгох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, Монголын нотариатын танхимд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж тус тус шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 9. Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******* хариуцагч******* нар 1971 онд гэр бүл болсон, тэдгээр нь Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 5-55 тоот хаягт байрлах өөрсдийн өмчлөлийн газар дээр 2002 онд 36 м.кв талбай бүхий дэлгүүрийн барилга барьж үйл ажиллагаа явуулж, 2003 оноос Г.Гангаад түрээслүүлж байсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 Дээрх үйлчилгээний зориулалттай барилга, газар өмчлөх эрх хариуцагч*******гийн өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд 2004.04.15-ны өдөр******* нь*******тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, дэлгүүрийн барилгыг газрын хамт*******д 3,000,000 төгрөгөөр худалдаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх болон газар эзэмших эрхийг шилжүүлсэн, газар эзэмших эрх болон дэлгүүрийн барилга*******гийн эзэмшлийн Гангаа-Арвижих ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна.

 10. Нэхэмжлэгч ******* худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргахдаа гэр бүлийн гишүүдийн хөрөнгийг зөвшөөрөл авалгүй бусдад шилжүүлсэн, гэрээ байгуулахаас өмнө буюу 2004.04.09-ний өдөр ******* хамтран газар эзэмших эрхтэй болсон байхад түүний зөвшөөрөлгүй гэрээ байгуулсан гэж шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч 2003 онд*******,******* нар түрээсийн гэрээ байгуулахад гэрээг А.Баасансүрэн дангаар байгуулсныг ******* хүлээн зөвшөөрч байсан, хожим худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, энэ үед эд хөрөнгө байршиж байсан газрыг******* дангаар эзэмшиж байсан, ******* хамтран өмчлөх эрхтэй талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс *******г өмчлөгч болохыг худалдан авагч******* мэдэх боломжгүй байсан үндэслэлээр 2004.04.15-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр талаар хийсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 126 дугаар зүйлийн 126.2, 126.4, 243 дугаар зүйлийн 243.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 10. Талууд худалдах-худалдан авах гэрээг тойргийн нотариатч*******ээр гэрчлүүлсэн, хариуцагч******* нотариатчийн бүртгэлийн дэвтэрт болон гэрээнд гарын үсэг зурсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010.07.06-ны өдрийн 2350 тоот дүгнэлт, 2020.05.15-ны өдрийн 1964 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байх тул хариуцагч******* гэрээг гэрчлүүлэхээр нотариат дээр очоогүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр 2004.04.15-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах, улмаар учруулсан хохирлыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтыг зөв тайлбарлаж, нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчөөгүй байна.

11. Улмаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Нийслэлийн*******нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг иргэний шүүхээр шийдвэрлэх боломжгүй, хариуцагч нь захиргааны байгууллага гэх үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 12 дугаар зүйлийн 12.4, 117 дугаар зүйлийн 117.1 дэх зохицуулалтад нийцжээ.

 12. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн, зөв талаас нь үнэлсэн байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хангасан гэж үзнэ.

 13. Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2020/02610 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2169 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч *******гийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******гээс 2020.12.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН             Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД             Г.БАНЗРАГЧ

                                            П.ЗОЛЗАЯА

                                              Б.МӨНХТУЯА

                                                  Х.ЭРДЭНЭСУВД