Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2020/02610

 

2020 08   26

184/ШШ2020/02610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч В.Амартүвшин, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар гудамж, .. тоот хаягт оршин суух, эмэгтэй, М овогт Д.П /регистрийн дугаар: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. дугаар гудамж, .. тоот хаягт оршин суух, эрэгтэй, С овогт Д.Б /регистрийн дугаар: .../,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ... тоот хаягт бүртгэлтэй, эмэгтэй, Б овогт А.Г /регистрийн дугаар: .../,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. дүгээр байрны .. тоот хаягт бүртгэлтэй, эрэгтэй, Л овогт Л.Б /регистрийн дугаар: .../,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, Эрхүүгийн гудамж, 10г тоот хаягт байрлах Монголын нотариатчдын танхим,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж, Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр хаягт байрлах Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарт холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох, гэрээ гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах, Г ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, түүний өмгөөлөгч Н.Ц, хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, хариуцагч А.Г, хариуцагч Л.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Т, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, гэрч Ж.Ал, М.Н, шинжээч Б.Э, Э.С, С.С, иргэдийн төлөөлөгч Я.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Төгөлдөрмөнх

нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Б бид хоёр 1971 онд гэр бүл болж хамтран амьдраад бидний дундаас 2 хүүхэд төрсөн. Бид гэр бүл болохдоо Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, ... тоотод 1973 оноос хойш хадам эцэг Б.Д-ын хамт тавуулаа нэг өрхийн данстай хамт амьдарч байсан. Улмаар хадам эцэг нас барснаар бид өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч байна. 2002 онд би нөхөртөө Манайх нүүрний хашаа юм чинь хүнсний жижиг дэлгүүр барья гэж хэлж нөхөр хүүхдийн хамт жижиг дэлгүүр барьсан. Хүүхдүүд тусдаа гарснаар дэлгүүрээ ганцаараа ажиллуулахад хүндрэлтэй байсан учир дэлгүүрээ бусдад түрээслэхээр шийдвэрлэж хашааныхаа буланд Түрээсэлнэ гэж зар хадсан. Манай зарын дагуу А.Г гэдэг хүүхэд манай дэлгүүрийг түрээсэлсэн ба би түрээсийн мөнгийг нь авдаг байсан. Манай дэлгүүрийг түрээсэлсэн А.Г нь түрээсийн дэлгүүрт ээжийгээ суулгаж байгаад өөрөө бусдын бичиг баримтыг хуурамчаар үйлдэж залилсан гэх гэмт хэрэгт холбогдож 5 жил 6 сараар шоронд орсон тул ээж нь нэг хэсэг ажиллуулаад байраа хүлээлгэн өгч дэлгүүрийг суллаад явсан. Гэтэл саяхан 2013 оноос миний дэлгүүрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдсан гэх асуудал сөхөгдөн гэрч ирлээ. Миний дэлгүүрийг надаас зөвшөөрөл авалгүйгээр бусдад худалдах, миний дэлгүүрийг надад мэдэгдэлгүйгээр хэн нэгэн этгээд худалдан авч болдог хууль байхгүй. Иймд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-нд хариуцагч Д.Б гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Яргайтын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220200...дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон газрыг буцаан шилжүүлж, Д.Б бид хоёрыг энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь хууль бусаар Г ХХК-д 36 м.кв талбай бүхий газрыг шилжүүлсэн тул Г ХХК-д олгосон 36 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү. Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Б нь гэрээнд Д.Б гарын үсэг зураагүй байхад түүнийг гарын үсэг зурсан мэтээр, хууль зөрчиж нотариатын үйлдэл хийсэн байх тул 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн маргаан бүхий гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү. Мөн нотариатч Л.Бийн энэ хууль бус үйлдлээс болж шүүхийн зардал, өмгөөлөгчийн зардал гэх мэт хохирол учирсан тул гэм хорын хохиролд 1.300.000 төгрөгийг нотариатч Л.Бээс гаргуулж өгнө үү. Монголын нотариатчдын танхимаас гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний дэлгүүрийг түрээсэлж байсан А.Г надад ямар ч мөнгө өгөөгүй байж худалдан авсан мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Би А.Гтай холбоотой маргааны тухай эхнэрээсээ нууж байсан ба 2013 онд хэрэг хэрэгсэхгүй болох үед нь л эхнэртээ хэлж болсон явдлыг ойлгуулсан. Д.П нь А.Гтай маргаантай байгаа асуудлыг 2013 онд анх мэдсэн ба мэдсэнээсээ хойш хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэлээ гаргажээ. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан дундын эд хөрөнгийг захиран зарцуулахдаа Д.Пгийн зөвшөөрлийг авах шаардлага хуульчлагдсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх гэж заасан байна. Нэгэнт

хуулийн шаардлагын дагуу нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Д.Б нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зураагүй, нотариатын бүртгэлд ч мөн гарын үсэг зураагүй. Гэрээ хүчин төгөлдөр байгуулагдаагүй тул гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцааж, нэхэмжлэгчийг хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн нотариатч Л.Б нь хууль зөрчиж хуурамч гэрээг гэрчилсэн тул нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, түүнээс гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэв.

Хариуцагч А.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2003-2004 онд Д.Бгийн өмчлөлийн дэлгүүрийг түрээслэж байсан юм. 2004 онд хариуцагч Д.Б нь хүүхэд Солонгос явах болоод яаралтай мөнгө хэрэг болчихлоо гэхээр нь би 36 м.кв талбай бүхий дэлгүүрийг 3.000.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн нотариатч Л.Б дээр хариуцагч Д.Б бид хоёр хамт очиж Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, мөн өдөртөө 3.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь гэрээгээ үндэслэн 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр өөрийн үүсгэн байгуулсан Г ХХК-ийг бүртгүүлсэн. Мөн гэрээний дагуу дэлгүүр байрлаж буй 36 м.кв газар эзэмших эрхийг Д.Бгээс шилжүүлж авсан юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь Г ХХК-д эзэмшүүлсэн 36 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болгосон боловч захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэр гарч Г ХХК хуулийн дагуу 36 м.кв талбай газрыг эзэмшиж байгаа болохыг тогтоосон. Иймд надад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Л.Бэд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Иргэн А.Г, Д.Б нар нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг гэрчлүүлэхдээ өөрсдийн биеэр ирж, бичиг баримтуудаа үзүүлж гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч Д.Пгийн нөхөр одоо хариуцагч болоод байгаа Д.Б нь би гэрээ хийгээгүй, гарын үсгээ гэрээ болон бүртгэлийн дэвтэрт зураагүй гэх мэт илт худал, гомдол нэхэмжлэл гарган дээрх гэрээтэй холбоотой бүхий л асуудлаар холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байсан бөгөөд тэдгээр байгууллагууд шалган тогтоож шийдвэрлэсэн дараах хүчин төгөлдөр эрх зүйн актууд хэрэгт авагдсан байгаа. Үүнд: Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2008 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 156 дугаар тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн 2008 оны 1017, 3497, 3498, 2010 оны 2350 дугаартай дүгнэлтүүд, Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны ..дугаар сарын ..-ний өдрийн 19.. дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны .. дүгээр сарын ..-ны өдрийн 2.. дугаар тогтоол зэрэг. Хуулийн бүхий л байгууллага асуудлыг бүх талаас нь шалгаж, нотариатчийг ямар нэгэн хууль зөрчөөгүй болохыг тогтоосоор байтал нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн аль аль шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгааг анхаарч үзнэ үү. Иймд хариуцагч Л.Бэд холбогдох нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын ...-ны өдрийн 1.. дугаар захирамжаар Г ХХК-д тус дүүргийн 18 дугаар хороонд 36 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай олгосон байна. Г ХХК-д олгосон газар эзэмшүүлэх гэрчилгээнд иргэн Д.Б маргаан гаргасан учир Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 171 дүгээр захирамжаар хүчингүй болгосон. Иймд иргэн Д.Пгийн нэхэмжлэлтэй А.Гд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбоотой маргааныг Иргэний шүүхэд хянан шийдвэрлэхгүй тул Д.Пгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Монголын нотариатчдын танхим шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нотариатын танхим нь Нотариатын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар нотариатчдыг эгнээндээ нэгтгэсэн тэдний мэргэжлийн үйл ажиллагааг энэ хууль болон өөрийн дүрэмд заасны дагуу уялдуулан зохицуулах, эрх ашгийг нь хамгаалах зорилготой төрийн бус байгууллага юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар Монголын нотариатчдын танхимыг хариуцагчаар татах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монголын нотариатчдын танхимд холбогдох Д.Пгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд Б.Ц нь нэхэмжлэгч Д.П, хариуцагч Д.Б нарын хүүхэд нь юм. Гэр бүлийн гишүүний хувьд нэхэмжлэгч Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг бүхэлд нь дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын ... тоот хаягт байрлах 36 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хариуцагч А.Г, Д.Б нарт холбогдуулж, уг хэлцлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Л.Бэд холбогдуулж, Г ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргажээ. /хх (5) 66 дугаар тал/

Хариуцагч Д.Бгээс бусад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд маргасан байна.

1. Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах, үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулах, хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн хариуцагч А.Г, Д.Б нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Д.Б, А.Г нар нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын ... тоот хаягт байрлах 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг доорх газрын хамтаар 3.000.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулснаар хариуцагч А.Ггийн үүсгэн байгуулсан Г ХХК маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, газрын эзэмшигчээр эрх бүхий байгууллагад бүртгэгджээ. /хх (1) 217 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.П нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргахдаа, худалдагч тал болох Д.Б нь гэр бүлийн гишүүдээсээ зөвшөөрөл авах ёстой байсан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан байна.

Хариуцагч Д.Б нь 2003-2004 оныг хүртэл 1 жилийн хугацаанд уг хөрөнгийг хариуцагч А.Гд түрээслүүлж байсан, ийнхүү түрээслүүлэхдээ гэрээг дангаар хийсэн байх ба уг гэрээний талаар Д.Бгийн гэр бүлийн гишүүдийн зүгээс эсэргүүцээгүй, маргаагүй байна. Ийнхүү Д.Бгийн мэдэлд байсан 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч Д.П хамтран өмчлөх эрхтэй талаар улсын бүртгэлд бүртгэгдээгүйгээс гадна, гэрээ хийх үед буюу 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар хөрөнгө байрлаж байсан газрыг хариуцагч Д.Б дангаар эзэмших эрхтэй байсан байна. Харин хожим буюу 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, Нийслэлийн Засаг даргын ... дугаар захирамжаар маргаан бүхий 36 м.кв газар дээр давхцуулан гуравдагч этгээд Б.Цд газар өмчлүүлэх шийдвэр гаргасныг шүүх хүчингүй болгожээ. /хх (1) 168, 207, 270 дугаар тал, хх(2) 62-63 дугаар тал/

Дээрх тохиолдолд худалдагч Д.Бг уг хөрөнгийн өмчлөгч биш гэж үзэх, улмаар уг хөрөнгийг дангаар худалдах эрхгүй гэж худалдан авагч А.Г мэдэх боломжгүй юм.

Ийнхүү эрх бүхий этгээдтэй хэлцэл хийж байгаад итгэж, үнэмшиж болох үндэслэл хариуцагч А.Гд байх тул А.Г болон Д.Б нарын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээдтэй, хүчин төгөлдөр хэлцэл хийсэн гэж итгэж үнэмшсэн худалдан авагч А.Ггийн итгэл үнэмшлийг шүүх Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хамгаалах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2, 126.2.4-т заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө хамтран өмчлөх дундын хөрөнгөд хамаарах тухай хуулийн зохицуулалт нь гэрлэгчид болон гэр бүлийн гишүүд-ийн хооронд үүссэн /Д.П-Д.Б/ эд хөрөнгийн харилцааг зохицуулахад хэрэглэгдэх эрх зүйн зохицуулалт юм. Иймд гэр бүлийн гишүүн /Д.Б/ болон гуравдагч этгээд /А.Г/-ийн хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хуулийн энэ зохицуулалт хэрэглэгдэхгүй.

Нөгөө талаас, хариуцагч А.Г болон Д.Б нар 2004 оны 04

дүгээр сарын 15-ны өдөр хэлцэл хийх үед нэхэмжлэгч Д.П нь маргаан бүхий хөрөнгийг Д.Бтэй хамтран өмчлөх эрхтэй талаар улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан болохыг дээр дурдсан. Ийнхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2, 91.2.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Пг хөрөнгийн хамтран өмчлөгч байсан гэж үзэж, түүний эрхийг хамгаалах боломжгүй юм.

Нэхэмжлэгч Д.П болон хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүйгээс, маргаан бүхий гэрээ байгуулагдахаас өмнө буюу 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Д.Б болон Д.Пд газар өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2004 оны 152 дугаартай захирамж гарч, газрын хамтран өмчлөгчид болсон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан. /хх(1)-205 дугаар тал/

Нэг талаас, нэхэмжлэгч Д.Пд газрыг хамтран өмчлүүлэх шийдвэр гарсныг мэдсээр байж дангаар хэлцэл хийж, хөрөнгийг бусдад худалдсан бол энэ нь худалдан авагч /А.Г/-ийн бус, худалдагч / Д.Б/-ийн буруу юм. Энэ тохиолдолд Д.Бг тухайн хөрөнгийн өмчлөгч гэдэгт итгэж гэрээ байгуулсан худалдан авагч буюу хариуцагч А.Гг буруутгах боломжгүй.

Нөгөө талаас, маргаан бүхий 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газар нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 152 дугаар захирамжаар Д.Б, Д.П нарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 477.02 м.кв талбай бүхий газрын хэсэг биш болох нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаартай магадлалаар тогтоогдож байна. /хх(1)-154-158 дугаар тал/

Ийнхүү маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагч А.Г нь шударгаар олж авсан байх тул тухайн хөрөнгийн өмчлөх эрхийг Д.Бд буцаан шилжүүлж, улмаар Д.Б болон Д.П нарыг үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоох боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь, 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд хариуцагч Д.Б гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр маргасан. Нэхэмжлэгчийн энэ үндэслэлээс үзвэл, тэрээр Д.Б болон А.Г нарын хооронд гэрээ байгуулагдаагүй байхад А.Г нь хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн байна.

Хариуцагч А.Г болон Д.Б нарын хооронд 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд Д.Б гарын үсэг зурсан болох нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 19.. дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2008 оны ..61 дугаартай тогтоолоор тогтоогдсон тухай хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаартай магадлалд дурджээ. /хх (1) 154-158 дугаар тал/

Мөн маргаан бүхий хэлцэлд Д.Б гарын үсэг зурж, гэрээ байгуулсан, түүний гарын үсгийг хэн нэгэн дуурайлгаж /гэрэлтүүлж, хуулбарлаж/ зураагүй болох нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2010 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 23.. дугаартай Шинжээчийн дүгнэлт гэх бичмэл баримт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 19.. дугаартай шинжээчийн дүгнэлт, Д.Бгийн газрын албанд бичиж өгсөн өөрийн өргөдөл зэрэг бичмэл баримтуудаар тогтоогдож байна. /хх (5) 108 дугаар тал, хх (1) 214 дүгээр тал/

Дээр дурдсан баримтуудыг нэхэмжлэгч няцааж чадаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч А.Гг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 36 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан шилжүүлэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Б болон хариуцагч А.Г нарт холбогдуулан дээр дурдсан хоёр үндэслэлээр шаардлага гаргасан. Нэгд, гэрээнд Д.Б гарын үсэг зураагүй буюу гэрээ огт байгуулагдаагүй, хоёрт, гэрээг хамтран өмчлөгчийн зөвшөөрөлгүй байгуулсан буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дээрх үндэслэлүүд нь харилцан бие биенээ үгүйсгэсэн үндэслэлүүд байна. Тухайлбал гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг бол гэрээ огт байгуулагдаагүй буюу талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй тухай ойлголт. Харин хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл бол гэрээ байгуулагдсан боловч хүчин төгөлдөр бус байх тохиолдол юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.П нь нэг талаас гэрээ байгуулагдаагүй гэж үзсэн атлаа гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нь эргэлзээтэй бөгөөд учир зүйн холбоогүй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах бүхий л ажиллагааг хийсэн боловч нэхэмжлэгч дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үндэслэлийн хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Д.Б нь мөн гэрээ байгуулагдаагүй, эсхүл зохих этгээдийн зөвшөөрөлгүй хэлцэл хийсэн хэмээн зөрүүтэй тайлбар гаргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч хэргийн талаар үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй байдаг. Үнэн зөв тайлбар өгөх тухай зохигчдод хуулиар хүлээлгэсэн энэ үүрэг нь тухайн этгээддээ эрх зүйн үр дагавар буюу хариуцлагыг бий болгодог. Тухайлбал энэ үүргийг зохигч мэдсэн атлаа эргэлзээтэй, зөрүүтэй тайлбарууд гаргасан бол түүнийг үнэн, зөв гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй болдог байна.

Иймд хариуцагч Д.Бгийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм.

2. Нотариатын үйлдлийг хүчингүй болгож, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулахыг хүссэн хариуцагч Л.Бэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч Л.Б нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.1.1-д заасны дагуу гэрчилж, баталгаажуулжээ.

Талуудын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г нотариатч гэрчлэх үед маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн хамтран өмчлөгч нар бий эсэхийг, эсхүл гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх өөр эрх бүхий этгээдүүд байгаа эсэхийг шалгах ёстой байсан гэж нотариатчийг буруутгах боломжгүй юм.

Түүнчлэн нотариатч нь гэрээ хэлцлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нягтлах үүрэг хүлээжээ. Нотариатч хуулиар хүлээсэн эдгээр үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй. Иймд нотариатчаас гэм хорын хохирол гаргуулах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Д.П болон хариуцагч Д.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс, Сүхбаатарын районы Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанаас 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бд олгосон Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивт эх хувиараа хадгалагдаж байхад нотариатч Л.Б уг баримтыг эх хувиас нь хуулбарлаж гэрчилсэн мэтээр баримт бичиг үйлдсэн хэмээн нотариатчийг буруутгажээ.

Дээрх үндэслэл нь гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, улмаар нотариатчаас гэм хорын хохирол төлбөр гаргуулах үндэслэл болохгүйгээс гадна Сүхбаатарын районы Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх захиргаанаас 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Д.Бд олгосон Амины хэрэгцээнд газар эдлэх эрхийн үнэмлэх нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр, маргаан бүхий гэрээг нотариатч гэрчлэх тухайн цаг мөчид архиваас гараагүй, архивт хадгалагдаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Ийнхүү нотариатч нь талуудын хүсэл зоригийг хуульд заасан журмын дагуу гэрчилсэн, хууль болон бусад хэм хэмжээг зөрчөөгүй байх тул Д.Б, А.Г нарын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох боломжгүй, түүнээс гэм хорын хохирол, төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

3. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухай:

Маргаан бүхий 36 м.кв талбай бүхий газрыг, газрын анхны эзэмшигч Д.Бгийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Г ХХК-д эзэмшүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 107 дугаартай шийдвэр гаргажээ. /хх (1) 184, 214 дүгээр тал/

Хариуцагч А.Гд биш, Г ХХК-д газар эзэмшүүлэх эрх олгосон, газар эзэмшүүлэх шийдвэрийг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба биш, Чингэлтэй дүүргийн Засаг дарга олгосон байна.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар, иргэний хэргийн шүүх нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдлыг харьяалан шийддэг байна.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага мөн байх тул түүний, эсхүл бусад захиргааны байгууллага албан тушаалтны гаргасан шийдвэр /газар эзэмших эрх олгосон/-ийг хянах, хүчингүй болгох эрхийг иргэний хэргийн шүүхэд олгоогүй гэж үзнэ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д заасан үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, энэ шаардлагад төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Д.Пгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4. Бусад

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь Монголын нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Монголын нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсан болохыг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоно. /хх (3) 102 дугаар тал, (4) 124 дүгээр тал/

Нэхэмжлэгч Д.П нь 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Д.Б, А.Г нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, үр дагаврыг арилгуулах, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Яргайтын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220200...дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах, энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан, мөн гэрээг гэрчилсэн 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын үйлдлийг хүчингүй болгох, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах шаардлагыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д: Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж заажээ.

Гэрээ хэлцлийг гэрчилж буй нотариатын үйлдэл нь дангаар эрх зүйн үр дагаврыг бий болгодоггүй байна. Иймд нотариатын үйлдэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь гэрчлэгдэж буй гэрээ хэлцэлд хамаарах хөөн хэлэлцэх хугацаатай нэгэн адил тооцогдоно. Хэдийгээр нэхэмжлэгч Д.П нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн дотор иргэний шүүхэд хандаж, зохих журмын дагуу нэхэмжлэл гаргаагүй боловч тэрээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр цагдаагийн байгууллага, захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан, нөхөр Д.Б нь шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байсан, газрын албанд хандаж байсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан үндэслэлээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзсэн болно.

Мөн хариуцагч Л.Бийн үйлдлийн улмаас хожим гэм хорын хохирол учирсан /шүүхэд маргаан шийдвэрлэхтэй холбоотой зардал гарсан/ хэмээн шаардсан тул Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан үндэслэлээр гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 126 дугаар зүйлийн 126.1-д заасан үндэслэлгүй тул А.Г болон Д.Б нарын хооронд байгуулагдсан 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо, Яргайтын .. дугаар гудамж, .. тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-220200...дугаарт бүртгэгдсэн 36 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буцаан гаргуулах, энэ хөрөнгийн хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч А.Г, Д.Б нарт холбогдох Д.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэлгүй тул 2004 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А.Г, Д.Б нарын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож, гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Л.Бэд холбогдох Д.Пгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Г ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох Д.Пгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.П нь гэм хорын хохиролд 1.300.000 төгрөг гаргуулах тухай Монголын нотариатчдын танхимд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг баталж, нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316.500 төгрөгөөс, 70.200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2611199691 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Д.Пд олгож, үлдэх хэсгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

 

ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН

Л.ОЮУНЦЭЦЭГ