| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 108/2019/0037/Э |
| Дугаар | 148 |
| Огноо | 2020-03-25 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 148
Э.Н-т
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, хохирогч А.С, шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1194 дүгээр магадлалтай, Э.Нт холбогдох 1807006700021 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй, Нийслэлийн Налайх дүүргийн 103 дугаар дунд сургуульд багш ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын 4а-21 тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч улмаар А.С-тай дахиж архи авахуулах гэлээ гэж маргалдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Э.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-ийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Э.Н-ийг 3 жил 4 сарын хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-т оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй С овогтой М /РД: **06302100/, С овогтой А /РД: **11281500/, С овогтой С /РД: **16221967/, С овогтой С РД: **17222230/ нарыг асран хамгаалах үүргийг төрсөн эцэг А.С-д хүлээлгэсүгэй” гэсэн,
“Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулж,
Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Н, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Сүхээ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Н гаргасан гомдолдоо “Э овогтой Н миний бие Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 121 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 1194 дүгээр магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлэн нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад хүмүүжиж байна.
Улмаар миний бие сурган хүмүүжүүлэгчээр ажиллаж удаа дараа шагнал урамшуулал авч нийгэмд өөрийн чадлаар нэмэр болж байсан.
Нөхөртэйгээ хүүхэд байхаасаа үерхэж, нөхөрлөж гэр бүл болж, 4 хүүхдийн эцэг, эх болсон боловч нөхөр маань сүүлийн үед байнгын архи, дарс ууж хэрүүл зодооны асуудалтай байх болсон. 4 хүүхдээ элэг бүтэн өсгөж, бусдын адил ажиллаж амьдрах гэж маш их хичээсэн боловч нөхрийн маань ааш авир улам даамжирч хутга, шөвөг гаргаж над руу дайрснаар би ийм хэрэгт холбогдоод байна.
Би хувь хүний хувьд даруу төлөв, тэвчээртэй, ямар нэгэн зүйлд хариуцлагатай ханддаг, ахуйн хүмүүжилтэй хүн. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амьдарснаар ийм байдалд хүрсэн.
Иймд миний гэм бурууг бодитойр дүгнэж надад хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү. Би 4 хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшил, сурлага, эрүүл мэндэд туйлын их санаа зовж байна. Цаашид хүүхдүүддээ үлгэр жишээч улам сайн ээж байж нийгэмд хувь нэмрээ оруулна гэдгээ амлаж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу гаргасан гомдолдоо “Э.Н-ийн өмгөөлөгч О.Алтанчулуу миний бие нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1194 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Хохирогч Э.Снь удаа дараа зөрүүтэй мэдүүлэг өгдөг, хутга булаалдах болон хүч хэрэглэсэн эсэхэд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Мөн Э.Н-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй.
Э.Н-ийн болон гэрчийн мэдүүлэгт хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас тухай гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлал өндөр байдаг. Энэ талаараа шүүхэд гаргасан гомдолдоо удаа дараа манай нөхөр архи ууж, агсам тавьдаг байсан гэж гомдол гаргадаг.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа хэлсэн саналдаа “Шат шатны шүүх хэргийг буруу зүйлчилсэн. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байсан. Э.Н “А.С-г айлгах гэж хутга барьсан боловч хохирогч булааж авах гэж дайрсан” талаар мэдүүлсэн. Мөн А.С-ийн “хутгыг булааж авах гэтэл дүрэгдсэн” гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийхэд шүүгдэгч, хохирогч нарын анхны мэдүүлгүүдтэй яг тохирсон. Иймээс хутгыг булаацалдах үед болгоомжгүйгээр хутгалж, гэмтэл учруулсан гэж үзэж байна. Э.Н-т нөхрөө хутгалах санаа зорилго байгаагүй буюу болгоомжгүй үйлдэл. Анхан болон давж заалдах шатны шүүх ганц гэрч болох Э.Б-ийн мэдүүлгийг үнэлсэн. Э.Б мэдүүлэхдээ “эхнэр, нөхөр хоёрын хооронд байх хэрүүл учир цааш хараад сууж байсан, хутга булаацалдах үеийг хараагүй” гэсэн. Тэгэхээр Э.Н хутга барьж, дайрсан үйлдэл хийгээгүй гэдгийг гэрчилсэн байна. Шүүх бодитой болсон үйл явдалд дүгнэлт хийх ёстой. Тэдгээрийн хувийн болон гэр бүлийн байдал, цаашдын хамтын амьдрал, бага насны хүүхдүүдтэй зэрэгт шүүх бодит дүгнэлт хийгээгүй. Энэ хэрэгт хохирогчийн буруу маш их бөгөөд архины мөнгө нэхэж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргасан. Э.Нийн хувийн байдлыг харуулсан баримтууд хэрэгт маш олон байгаа. Хохирогч А.С гэм буруугаа маш сайн ухамсарлаж байгаа бөгөөд ажлаа хийж, хүүхдүүдээ арай гэж авч яваа. Санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг нь нийгмийн хор аюулын хувьд асар их ялгаатай. Иймд зүйлчлэлийг маш сайн анхаарч, өөрчлөн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.С-тай дахиж архи авахуулах гэлээ гэж маргалдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэж, хорих ял оногдуулсан. Анхны яллах дүгнэлт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үйлдэгдэж, шүүгчийн захирамжаар буцааж байсан. Хэргийн материалтай танилцахад сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж, болгоомжгүйгээр хүнд гэмтэл учруулсан гэх нөхцөл байдал харагдахгүй байна. Харин хутгыг зэвсгийн чанартайгаар хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Энэ талаар хяналтын шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийх байх” гэв
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Э.Н нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, “Гандан-Уул”-ын 4а-21 тоотод А.С, Э.Б нартай архидан согтуурч, улмаар А.С-тай дахиж архи авахуулах гэлээ гэж маргалдан зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хэвлий тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Н-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь ялын сонгох төрөлгүй буюу таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгч Э.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, тухайн хэрэгт оногдуулж болох хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн тогтоож 3 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.
Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангажээ.
Хяналтын шатны шүүхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн үйл баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуулиар олгогдоогүй бөгөөд хэргийн материалыг судалж үзэхэд шүүгдэгч Э.Н нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, эсхүл санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсаны улмаас зэвсгийн чанартай зүйл болох хутгаар хохирогч А.С-г хатгаж, биед нь хүнд гэмтэл учруулсан гэж үзэх, мөн анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын Үндсэн хуульд “үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх” нь иргэн бүрийн журамт үүрэг хэмээн заасан бөгөөд хохирогч А.С-гийн “барилгын ажил эрхэлдэг, хүүхдүүдээ халамжлах боломжгүй” гэсэн тайлбар нь өөрийн хүүхдүүдээ тэжээн тэтгэх, асран хамгаалах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй ба давж заалдах шатны шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан А.С-гийн өөрийнх нь насанд хүрээгүй хүүхдүүдийн асрамжийн асуудлыг түүнд тухайлан хариуцуулсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Н-ийн “... миний гэм бурууг бодитойгоор дүгнэж надад хорихоос өөр төрлийн шийтгэл оногдуулж өгнө үү”, өмгөөлөгч О.Алтанчулуугийн “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1194 дүгээр магадлалын тогтоох хэсгийн “Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар насанд хүрээгүй С овогтой М /РД: **06302100/, С овогтой А /РД: **11281500/, С овогтой С /РД: **16221967/, С овогтой С РД: **17222230/ нарыг асран хамгаалах үүргийг төрсөн эцэг А.С-д хүлээлгэсүгэй” гэсэн заалтыг хүчингүй болгож, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.Н болон түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН