Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00580

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00580

 

 

 

С.М,,Д.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Шарга-12 СӨХ-нд холбогдох

Үйлчлэгч жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалин гаргуулах, бараа материал, засварын зардалд 3 250 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч С.М, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.М, би 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 07/31 тоот тушаалаар, манай нөхөрД.Б- 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/26 тоот тушаалаар Шарга-12 СӨХ-д үйлчлэгч-жижүүрээр тус тус ажилд орсон. 2018 оны 4 сар хүртэл хэвийн ажиллаж байсан. Шарга-12 СӨХ-ны удирдлага 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр солигдож, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр биднийг тус СӨХ-ийн үйлчлэгч-жижүүрийн ажлаас халсан. Үүнийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шүүх шийдвэрлэж, үйлчлэгч- жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, энэ өдрийг хүртэл хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл цалин хөлсгүй ажиллуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хохирсоор байна. Бид ажлаа тасралтгүй хийж байгаа боловч цэвэрлэгээний материал огт авч өгдөггүй. Өөрсдөө материалаа авч, цэвэрлэдэг. Бидэнд нэг ч төгрөгийн цалин өгөөгүй байж, СӨХ-д түрээсийн төлбөр өгөөгүй 3.930.000 төгрөгөөр хохироосон гэж СӨХ нь шүүхэд нэхэмжилсэн боловч тус гүжирдлэг үндэслэлгүй болохыг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурлаар тогтоож, шийдвэр гарсан. Бид 2018 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй байгаа ба 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин ажлаас халсан тушаал гаргалаа. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1.600.000 төгрөгийг гаргуулах, цэвэрлэгээний 6 сарын материалын зардалд 150.000 төгрөг, нийт 1.750.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 НэхэмжлэгчД.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 12 дугаар байрны 3 дугаар орцны үйлчлэгч-жижүүрийн ажилд тушаалтай. Намайг талбай дээр очсон байхад ир гэж СӨХ-оос утсаар ярихаар нь эхнэр С.М,тай уулзчих гэж би хэлсэн. Удирдлагаа хууль бус гэж бодоод ажлаа 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хийсээр л байсан. Иймд 2018 оны 06 сарын 27-ны өдрөөс хойшхи хугацааны цалин 1.441.000 төгрөг, цэвэрлэгээний материал авсан мөнгө 70.000 төгрөг, нийт 1.511.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.   

Хариуцагч Шарга-12 СӨХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.М,,Д.Б- нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гарч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахаар нэхэмжлэгч нарыг би дуудсан. Шарга-12 СӨХ-ны захирлын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 18, 19 тоот тушаалаар С.М,,Д.Б- нарыг орцны үйлчлэгч-жижүүрийн ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар СӨХ-ны дотоод журмаа танилцуулах гэтэл С.М, нь хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл танилцахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрт олгохоор тогтоосон 1.340.000 төгрөгийг бөөнд нь бүтэн авч байж, хөдөлмөрийн гэрээ хийх болно гэсэн. Ийнхүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах, ажилд авсан тушаалыг хүлээн авах, дотоод журамтай танилцахаас татгалзсан. Нэхэмжлэгч нар үйлчлэгч-жижүүрийн ажлаа хийхгүй, хөлслөдөг байрандаа байхгүй, оршин суугчдаас гомдол гарсны үндсэн дээр ажлыг нь Ц.Оргодол гэдэг үйлчлэгчээр хийлгэсэн. 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №22 тушаалаар цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой үзлэг шалгалтыг Хяналтын зөвлөлийн даргаар ахлуулсан комиссоор хийлгэхээр тогтоож, хяналтын зөвлөл, өдөр тутмын ажилд хяналт тавьдаг нябо-байцаагч н.Номин, жижүүр н.Догоодорж нарын бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд шалгалт хийхэд хангалтгүй байсан тухай холбогдох дүгнэлтүүд гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Удирдах зөвлөлд танилцуулсан ба хурлаас холбогдох арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд даалгасан тогтоол гарч, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. Мөн СӨХ-ны удирдлагын талаар ёс зүйгүй /хууль бус удирдлага гэж/ хандаж, харилцсан. С.М,,Д.Б- нар нь 3, 5 дугаар орцны цахилгааны шиттэй 0 тоот өрөөг сард 100.000 төгрөгөөр хөлслөдөг юм. Нэг өрөөнд нь өөрсдөө амьдарч, нэгийг нь бусдад хөлслүүлдэг юм билээ. Байрандаа байхгүйгээс шитээс тоолуурын заалт харахаар удаа дараа очсон эрчим хүчний байгууллагын ажилтан ажлаа хийх боломж олгохгүй байна гэж гомдол гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан, ажлаас чөлөөлсөн тушаал 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гарч, 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр жижүүр Ц.Оргодолоор нэхэмжлэгч нарт хүргүүлж, хүлээлгэн өгсөн. Иймээс хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл ч ажиллаагүй, үүнээс хойш ч ажиллаагүй тул цалин шаардах эрхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.6, 69 дугаар зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Шарга-12 СӨХ-оос ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалинд 1.200.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарт тус бүр 600.000 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс үйлчлэгч-жижүүрийн ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлын хэсгүүд болон цэвэрлэгээний материалын үнэ, ажилласан хугацааны цалинд С.М, нэхэмжилсэн 1.150.000 төгрөг,Д.Б- нэхэмжилсэн 911.000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч С.М, төлсөн 11.750 төгрөгийг улсын орлогод үлдээж, С.М,аас 32.160 төгрөгийг,Д.Б-гээс 39.126 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 37.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувааж олгохоор тогтоож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч С.М,,Д.Б- нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тэтгэврийн хүмүүс тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байхад биднээс 71.286 төлөхөөр шийдвэр гарсан. Сууц өмчлөгчдийн холбооноос сард 2 удаа, ойролцоогоор 12.000-13.000 төгрөгийн цэвэрлэгээний материал өгдөг талаар нотлох баримтыг СӨХ-ноос гаргуулаагүй шийдвэрлэсэн. Шарга-12 СӨХ-ны дарга гэх Д.Алтантогос хууль бус гэдгийг нотлох баримтаар гаргаж өгөөд байхад хариуцагчийн талд шийдвэр гаргаж байгаад харамжсаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.М,,Д.Б- нар нь хариуцагч Шарга-12 СӨХ-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, засварын хөлс 220 000 төгрөг, цэвэрлэгээний материал авсан 150 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарыг урьд эрхэлж байсан дээрх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 1 340 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хариуцагч Шарга-12 СӨХ-ны гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч нарыг 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 19, 20 тоот тушаалаар үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс, ажилд томилсон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна. Энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ...Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг нэхэмжлэгч нар зөрчөөгүй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Харин шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлтэй хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарыг хариуцагч Шарга-12 СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлаа хангалттай гүйцэтгээгүй, ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлаа олон хоногоор орхиж явсан зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, СӨХ-ны дотоод журмын 3.1.1, 4.1, 44, 4.5, 4.8 дахь заалтууд, ажлын хэсгийн дүгнэлт, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн үйлчлэгч-жижүүрийн ажлаас чөлөөлжээ.

Ажил олгогчийн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэл заасан боловч мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болохыг шалгаж тогтоосон комиссын дүгнэлт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй.

Хариуцагч тал ...2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №22 тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнтэй комисс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд шалгалт хийхэд цэвэрлэгээ үйлчилгээ, хангалтгүй байсан тухай холбогдох дүгнэлтүүд гарсан... гэж тайлбарлаж, уг ажлын хэсгийн тайланг гаргаж ирүүлсэн байх боловч уг тайланд нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарын мэргэжил, ур чадварын талаар дүгнэгдээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар заажээ.

 

Нэхэмжлэгч нар ямар ажил үүргийн хуваарийг баримтлан ажиллах талаар хэрэгт баримт авагдаагүй байхаас гадна удирдлагаас ямар үүрэг даалгавар өгсөн, түүнийг нь хэрхэн биелүүлээгүй болохыг, оршин суугчдаас удаа дараа гомдол гаргасан гэх тайлбараа хариуцагч нотлоогүй байна.

 

...Ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлаа олон хоногоор орхиж явсан зөрчлийг удаа дараа гаргасан... гэсэн үндэслэл заасан боловч энэ талаар ажлын хэсгийн тайлангуудад нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарын нэр тусгагдаагүй, УБЦТС ХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шаардлага гэх баримтаар сахилгын зөрчил давтан гаргасан гэж дүгнэх үндэслэл болохгүй байна.

Дээрх ажлын хэсгийн тайланг нэхэмжлэгч нарт танилцуулаагүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй байх бөгөөд тэдгээрийн зөрчлийг хэлэлцсэн гэх Шарга-12 СӨХ-ны удирдах зөвлөлийн хуралд оролцуулаагүй тохиолдолд хариуцагч Шарга-12 СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 31 тоот тушаалыг хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулагдаагүй, өмнө нь ямар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан талаар баримт байхгүй тохиолдолд нэхэмжлэгч нарыг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзсэн нь дээрх байдлаар үндэслэлтэй болоогүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Шарга-12 СӨХ-ны үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааг тооцох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нарт сар бүр 240 000 төгрөгийн цалин хөлс олгодог болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд 6 сар, 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор тус бүр 2 151 620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэв. Мөн ажилгүй байсан 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс, ажилд томилсон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны олговорт тус бүр 240 000 төгрөгийг нэмж олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нар 150 000 төгрөгийн цэвэрлэгээний материал худалдан авсан нь нотлогдоогүй, засварын зардалд 220 000 төгрөг гаргуулах шаардлагаа өөрчилсөн талаар шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2018/03077 дугаар шийдвэрээр талуудын хоорондын эд хөрөнгө хөлслөх гэрээнээс үүдэлтэй маргаан шийдвэрлэгдсэн байна.

 

Түүнчлэн шүүх гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг байтал улсын тэмдэгтийн хураамжийг буруу хуваарилсан байгааг залруулах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангав.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарыг Шарга-12 СӨХ-ны үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 2 391 620 төгрөгийг хариуцагч Шарга-12 СӨХ-ноос гаргуулж нэхэмжлэгч С.М,,Д.Б- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цэвэрлэгээний материал 150 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын ...С.М,аас 32.160 төгрөгийг,Д.Б-гээс 39.126 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 37.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувааж олгохоор тогтоосугай гэснийг ...хариуцагчаас 91 481 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ