Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2020/00053

 

   С.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалтай,

С.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй,

“Ш” СӨХ-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, бараа материалын зардал гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогосын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.М, Д.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.М би 2017.11.09 өдрийн 07/31 тоот тушаалаар, манай нөхөр Д.Б 2017.10.05 өдрийн 02/26 тоот тушаалаар Ш СӨХ-нд үйлчлэгч-жижүүрээр тус тус ажилд орсон. 2018 оны 4 сар хүртэл хэвийн ажиллаж байсан. Ш СӨХ-ны удирдлага 2018.04.05 өдөр солигдсон. 2018.04.17 өдөр биднийг тус СӨХ-ийн үйлчлэгч-жижүүрийн ажлаас халсан. Үүнийг 2018.06.27 өдөр шүүх шийдвэрлэж, үйлчлэгч-жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, энэ өдрийг хүртэл хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн.

2018.07.24 өдөр намайг СӨХ-оос дуудсан. Очиход энэ хуралдаанд оролцож буй Ч.Болортуул нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авья, хөдөлмөрийн гэрээ хийе гэж хэлсэн. СӨХ-ны дотоод журамтай танилц гэхээр нь би хүлээж авахгүй гэсэн. Дарга нь шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоосон мөнгийг бөөнөөр нь өгч чадахгүй нь, цувуулж өгье гэхээр нь би мөнгөө бөөнөөр нь авна гэсэн юм. Мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дараа нь саяхан авсан.

Манайх 3 болон 5-р орцны 0 тоот 2 байрыг түрээсээр эзэмшдэг. Цалингаасаа өрөөнүүдийн түрээс 100 000 төгрөгийг суутгуулж төлдөг байтал 2018.04.05 өдөр Ш СӨХ өрөөний цоожны голыг эвдэж, Д.Алтантогос тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс дарга Нямбалыг хэл үгээр доромжилж, нягтлан бодох Алтанхуягийг зодож, танхайран тамга тэмдэг, бичиг баримтууд, эд зүйлийг булаан авсан бөгөөд энэ асуудлаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.

Ажилд тогтоосон шүүхийн шийдвэр 2018.06.27 өдөр гарсан боловч өнөөдрийг хүртэл цалин хөлсгүй ажиллуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хохирсоор байна.

Бид ажлаа тасралтгүй хийж байгаа боловч цэвэрлэгээний материал огт авч өгдөггүй. Өөрсдөө материалаа авч, цэвэрлэдэг. Бидэнд нэг ч төгрөгийн цалин өгөөгүй байж, СӨХ-нд түрээсийн төлбөр өгөөгүй 3 930 000 төгрөгөөр хохироосон гэж СӨХ нь шүүхэд нэхэмжилсэн боловч тус гүжирдлэг үндэслэлгүй болохыг 2018.10.16 өдрийн шүүх хурлаар тогтоож, шийдвэр гарсан. Бид 2018 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй байгаа ба 2018.09.18 өдөр дахин ажлаас халсан тушаал гаргалаа.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 600 000 төгрөгийг гаргуулах, цэвэрлэгээний 6 сарын материалын зардалд 150 000 төгрөг, нийт 1 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Намайг манай оршин суугчид ажлаа сайн хийдэг гэдэг юм гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 12-р байрны 3-р орцны үйлчлэгч-жижүүрийн ажилд тушаалтай. Миний тайлбар, нэхэмжлэл С.Мынхтай адилхан. Манайх хөдөө нэг жижиг талбайд ногоо тарьсан, түүнийгээ ээлжээр явж эргэдэг юм. Намайг талбай дээр очсон байхад ир гэж СӨХ-оос утсаар ярихаар нь эхнэр С.Мтай уулзчих гэж би хэлсэн. Удирдлагаа хууль бус гэж бодоод ажлаа 2018.11.10 хүртэл хийсээр л байсан тул 2018 оны 06 сарын 27 өдрөөс хойших хугацааны цалин 1 441 000 төгрөг, цэвэрлэгээний материал авсан мөнгө 70 000 төгрөг, нийт 1 511 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.М, Д.Б нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.27 өдрийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахаар нэхэмжлэгч нарыг би дуудсан. Д.Б нь Би хөдөө талбай дээр байна, С.Мтай ярьчих гэсэн. С.М ирсэн. Ш СӨХ-ны захирлын 2018.07.24 өдрийн 18, 19 тоот тушаалаар С.М, Д.Б нарыг орцны үйлчлэгч-жижүүрийн ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар СӨХ-ийн дотоод журмаа танилцуулах гэтэл С.М нь хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл чинь хаа хамаагүй дотоод журам танилцуулах гэлээ гээд танилцахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрт олгохоор тогтоосон 1 340 000 төгрөгийг бөөнд нь бүтэн авч байж, хөдөлмөрийн гэрээ хийх болно гэсэн. Ийнхүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах, ажилд авсан тушаалыг хүлээн авах, дотоод журамтай танилцахаас татгалзсан. Нэхэмжлэгч нар үйлчлэгч-жижүүрийн ажлаа хийхгүй, хөлсөлдөг байрандаа байхгүй, оршин суугчдаас гомдол гарсны үндсэн дээр ажлыг нь Оргодол гэдэг үйлчлэгчээр хийлгэсэн. 2018.07.27-ны өдрийн №22 тушаалаар цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой үзлэг шалгалтыг Хяналтын зөвлөлийн даргаар ахлуулсан комиссоор хийлгэхээр тогтоож, хяналтын зөвлөл, өдөр тутмын ажилд хяналт тавьдаг нябо-байцаагч Номин, жижүүр Догоодорж нарын бүрэлдэхүүнтэй комисс 2018.07.30, 2018.08.13, 2018.08.27 өдрүүдэд шалгалт хийсэн. Удаа дараагийн шалгалтаар нэхэмжлэгч нар ажлын байрандаа байхгүй, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байсан тухай холбогдох дүгнэлтүүд гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг 2018.08.30 өдөр Удирдах зөвлөлд танилцуулсан ба хурлаас холбогдох арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд даалгасан тогтоол гарч, 2018.09.18 өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. СӨХ нь орц бүрээр үйлчлэгчийг цалинжууулах санхүүгийн боломжгүй болсон тул цөөхөн үйлчлэгч, жижүүр ажиллуулах, бусад орцны цэвэрлэгээ, үйлчилгээг хавсруулах шаардлагатай болсон. Тэгээд цөөхөн ажиллаж байгаа ажилчдын нэг хэсэг нь болох эдгээр хүмүүс цэвэрлэгээ хийхгүй, ажлын байрандаа ирэхгүй, хөлсөлсөн байрандаа байхгүй, хог ачилт хийх/хогийн бункер онгойлгох/, цахилгааны түгээх/тоолуур харах/ ажлыг хийх боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй болохоор хэл ам гараад ийм асуудал болсон юм.Мөн СӨХ-ны удирдлагын талаар ёс зүйгүй/хууль бус удирдлага гэсэн/ хандаж, харилцсан. С.М, Д.Б нар нь 3, 5-р орцны цахилгааны шиттэй 0 тоот өрөөг сард 100 000 төгрөгөөр хөлсөлдөг юм. Нэг өрөөнд нь өөрсдөө амьдарч, нэгийг нь бусдад хөлслүүлдэг юм билээ. Байрандаа байхгүйгээс шитээс тоолуурын заалт харахаар удаа дараа очсон эрчим хүчний байгууллагын ажилтан ажлаа хийх боломж олгохгүй байна гэж гомдол гаргасан. 0 тоот өрөөний хөлсийг төлөөгүйгээс тус шүүхэд гэрээний үүргийн асуудлаар 2018.10.16 өдөр нэг хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхээр 2018 оны 08 сард шүүхээс товлосон хуралдаануудыг С.М ах хүнд өвчтэй байгаа гэсэн шалтгаанаар, 09 сард товлосон хуралдаануудыг хөдөө ургац хураалт дээр ажиллаж байгаа шалтгаанаар бүхэлд нь хойшлуулж, 10 сард ирж хэргийг шийдвэрлүүлсэн. Одоо энэ шийдвэрээс хойших түрээсийн гэрээний маргааны талаар өөр хэрэг тус шүүхэд бас хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2018.10.24 өдөр шүүхэд гаргасан, ажлаас чөлөөлсөн тушаал 2018.09.18 өдөр гарч, 2018.09.21 өдөр жижүүр Ц.Оргодолоор нэхэмжлэгч нарт хүргүүлж, хүлээлгэн өгсөн. Иймээс хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан.

С.М, Д.Б нар СӨХ-ны дотоод журмын 3.2.2-т зааснаар ажил олгогчтой ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлэхгүй, уг журмын 4.1-д заасан, удирдах ажилтнуудыг хууль бус гэж бүдүүлэг, ёс зүйгүй харилцсан, 4.4-т заасан оршин суугчид, удирдах ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, 4.5-д заасан гэрээ болон ажлын байрны үүргээ биелүүлэхгүй , 4.6-д заасан энэхүү журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2018.09.18 өдрийг хүртэл ч ажиллаагүй, үүнээс хойш ч ажиллаагүй тул цалин шаардах эрхгүй гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.6, 69 дугаар зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Шарга -12 СӨХ-оос ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалинд 1 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М, Д.Б нарт тус бүр 600 000 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс үйлчлэгч-жижүүрийн ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлын хэсгүүд болон цэвэрлэгээний материалын үнэ, ажилласан хугацааны цалинд С.М нэхэмжилсэн 1 150 000 төгрөг, Д.Б нэхэмжилсэн 911 000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч С.М төлсөн 11 750 төгрөгийг улсын орлогод үлдээж, С.Маас 32 160 төгрөгийг, Д.Бгээс 39 126 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 37 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувааж олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч С.М, Д.Б нарыг Ш СӨХ-ны үйлчлэгч, жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 2 391 620 төгрөгийг хариуцагч Ш СӨХ-ноос гаргуулж нэхэмжлэгч С.М, Д.Б нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх цэвэрлэгээний материал 150 000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “...С.Маас 32 160 төгрөгийг, Д.Бгээс 39 126 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 37 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувааж олгохоор тогтоосугай” гэснийг “...хариуцагчаас 91 481 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогос хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн 7 дугаар хороо 12 байрны 3-00 тоотод оршин суух С.М, Д.Б нарын нэхэмжлэлтэй “Ш” СӨХ-д холбогдох Үйлчлэгч-жижүүрийн ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалин гаргуулах, бараа, материал, засварын зардалд 3 250 000 төгрөгийг гаргуулах иргэний хэрэгт Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр гарч, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.М, Д.Б нар давж заалдах гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дүгээр сарын 29-ны өдрийн 580 дугаар магадлал гарсан.

Гэвч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Ш СӨХ /324 оршин суугчдын/ эрхийг зөрчсөн гэж үзэх байх тул магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д заасан үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “...Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзсэн нь дээрх байдлаар үндэслэл болоогүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн хуульд нийцээгүй байна” гэжээ.

Гэтэл 2018.06.27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу 2018.07.24-ны өдрийн 18, 19 дугаар тушаалаар ажилд томилон, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар тус өдөр уулзсан боловч тушаал гардан авах, хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан. Энэ тухай БГД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурал дээр С.М, Д.Б нар нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д зааснаар зохигчид хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйг хүлээн зөвшөөрсөн. Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог” гэж, 21 дүгээр зүйлийн 21.7-д “Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ. Гэтэл хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй, хуулиар заасан хэлбэрийн шаардлага хангаагүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлсэн тохиолдолд тэдний хоорондох маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэх бөгөөд харин хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь тогтоогдвол маргааныг Иргэний хуулийн /369 дүгээр зүйлийн 369.3., гэм хор, гэх мэт/ дагуу шийдвэрлэнэ.” гэсэн байхад Хөдөлмөрийн хуулийн дагуу шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж зааснаар гэрээ байгуулахаас С.М, Д.Б нар татгалзсан учир хэлцэл, гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж үзэж байна.

2.  580 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Ажил олгогч дээрх тушаалд Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэл заасан боловч мэргэжил, ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй болохыг шалгаж тогтоосон комиссын дүгнэлт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй.

Хариуцагч тал  тайлбарлаж, уг ажлын хэсгийн тайланг гаргаж ирүүлсэн боловч уг тайланд нэхэмжлэгч С.Мажинлхам, Д.Б нарын мэргэжил, ур чадварын талаар дүгнэгдээгүй байна.” гэжээ.

Гэтэл Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-д “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон”, Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-д “тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно.” гэжээ. 2018.07.27-ны өдрийн 22 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2018.07.30, 2018.08.13, 2018.08.27-ны өдрүүдийн шалгалтаар С.Мын хариуцсан 3-р орц, Д.Бгийн хариуцсан 8-р орцны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байсан, өөрсдөө эзгүй, анхааруулах арга хэмжээ авч чадаагүй болон ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан байтал шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас үнэлээгүй гэж үзэж байна.

3. Мөн магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж үзсэн нь дээрх байдлаар үндэслэлгүй болоод, ажил олгогчийн тушаал хуульд нийцээгүй” гэжээ.

Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2 дахь хэсэгт “”ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. ”, 15.4 дэх хэсэгт “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. ” гэжээ. С.М, Д.Б нарын гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хурлын үед гаргасан тайлбарт Ш СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Алтантогосыг хууль бус, хүн зодож, тамга тэмдэг булаан авсан гэх мэтээр бичиж, нэр хүндийг гутааж байсан, Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлд зааснаар ажил олгогчид мэдэгдэж, чөлөө авалгүйгээр хөдөө тариалангийн талбай руу явах, эзгүй байх үе байдаг /УБЦС ХК-аас ирүүлсэн шаардлага/, энэ тухай мэдэгдэж байгаагүй тухай хурлын тэмдэглэлд туссан байхад давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас үнэлээгүй гэж үзэж байна.

4. Магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлаа удаа олон хоногоор орхиж явсан зөрчлийг удаа дараа гаргасан... гэсэн үндэслэл заасан боловч ажлын хэсгийн тайлангуудад нэхэмжлэгч С.М, Д.Б нарын нэр тусгагдаагүй” гэжээ. 2018.06.27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шүүхийн шийдвэр болон зохигчдын тайлбараар С.М нь 3-р орцны үйлчлэгчээр, Д.Б нь 8-р орцны үйлчлэгчээр ажиллаж байсан нь нотлогддог ба 2019.01.14-ны шүүх хурал дээр С.М, Д.Б нар 3, 8-р орцны үйлчлэгч-жижүүрээр ажилладаг байсан тухай хэлсэн, хурлын тэмдэглэлд туссан мөн ажлын хэсгийн 3 удаагийн тайланд 3, 4, 8-р орцны цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байсан тухай туссан, фото зургаар орсон байхад нэр тусгагдаагүй гэсэн нь нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв талаас үнэлээгүй гэж үзэж байна.

5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсэгт “нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн 2018.09.18-ны өдрөөс давж заалдаж шатны магадлал гарсан өдөр хүртэл хугацаагаар ажилгүй байсан хугацааг тооцох нь 240 000 төгрөгийн цалин хөлс олгодог болох нь талуудын тайлбараар нотлогдож байгаа бөгөөд 6 сар, 10 хоногийн цалин, хөлстэй тэнцэх олговор тус бүр 2 151 620 төгрөгийг хариуцагчаас... ” гэжээ. 6 сар 10 хоногийн цалин хөлс 1 549 000 төгрөг байтал 2 151 620 төгрөг гэсэн нь ойлгомжгүй байна. 6*240 000=1 440 00, 240 000/ 22=10 910*10=109 100, 1 440 00+109 100=1 549 100.

Иймээс нь магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.М, Д.Б нар нь “Ш” СӨХ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, бараа материалын зардал гаргуулахаар шаардсныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шүүхийн шийдвэр гарч, ажилд томилсон тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт тус бүр 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс цэвэрлэгээний материал 150 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

“Ш” СӨХ-ийн гүйцэгтэх захирал 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 19, 20 дугаартай тушаал гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/02127 дугаар шийдвэрийг биелүүлж С.М, Д.Б нарыг “Ш” СӨХ-д үйлчлэгч, жижүүрийн ажилд нь томилсон боловч 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр “...удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлын байрыг олон хоногоор орхиж явсан зөрчлийг удаа дараа гаргасан...” гэх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 40.1.4.-т зааснаар ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

С.М, Д.Б нар “...тушаалд заасан зөрчлийг гаргаж байгаагүй, тушаал үндэслэлгүй гарсан...” гэж маргажээ.

    Давж заалдах шатны шүүх ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй, тушаалд заасан үндэслэл баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэгт цугларсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул магадлал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2., 40.1.4., 69 дүгээр зүйлийн 69.1. дэх заалтад нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Иймд “...ажилтан хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан, ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь байгууллагын ажлын хэсгийн шалгалтаар тогтоогдсон, сахилгын зөрчил давтан гаргасан нь баримтаар нотлогдсон байхад давж заалдах шатны шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн...” гэх үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцсон үндэслэлээ магадлал буруу бичсэн тул энэ талаарх гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нар 2018 оны 06 дугаар сарын 27-ноос ажилд томилсон 2018 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацааны олговор аваагүй, ажилд томилогдсноос хойш 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин ажлаас халсан, ажилласан хугацааны цалин аваагүй, ажлаас халсан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс хойших шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны олговор нэхэмжилжээ.

Хоёр шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 07 дугаар сарын 24-нийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 240 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.

    Ажил олгогч 2018 оны 06 дугаар сарын 27-ноос хойших хугацаанд ямар нэг олговор, цалин хөлс олгоогүй байх тул нэхэмжлэгч нарт энэ өдрөөс хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор олгох нь зүйтэй.

    Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №04 дүгээр тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 000 төгрөгөөр, 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн №05 дугаар тогтоолоор Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 320 000 төгрөгөөр, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 420 000 төгрөг байхаар тус тус тогтоожээ.

    Ажил олгогч нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн тогтоосон 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн тушаалд 1 сарын цалинг 240 000 төгрөгөөр тогтоосон байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинг тогтоосон гэж үзэн 2019 оны цалин хөлстэй тэнцэх олговрыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 320 000 төгрөгөөр тооцох үндэстэй.

Ингээд 2018 оны 06 дугаар сарын 27-ноос 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх олговрыг сарын 240 000 төгрөгөөр, 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс ажилд эгүүлэн тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны олговрыг сарын 320 000 төгрөгөөр тус тус тооцоход нэг ажилтанд оногдох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 422 324 төгрөгтэй тэнцэж байх боловч нэхэмжлэгч нар тэдэнд олгох олговорт холбогдуулан гомдол гаргаагүй тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч Д.Алтантогосын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 481 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД