Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2019/00200

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 3-р орцны 00 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УА61091606, Хуягт овогт Сампилдэндэвийн Мажиглхам,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 3-р орцны 00 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УУ53041215, Тарвагатай овогт Дагийсүрэнгийн Батхүү нарын нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 7-р хороо, 12-р байрны 8-р орцны 00 тоотод байрлах, гэрчилгээний дугаар 264, Шарга-12 СӨХ-нд холбогдох

 

үйлчлэгч жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалин гаргуулах, бараа материал, засварын зардалд 3 250 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Мажиглхам, Д.Батхүү, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нар СӨХ-ны үйлчлэгч-жижүүрийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилласан хугацааны цалин болон ажилгүй байсан хугацааны олговорт 3 041 000 төгрөг, цэвэрлэгээний материалын үнэ 220 000 төгрөг гаргуулахаар шүүх хуралдаан дээр дэмжсэн шаардлагуудыг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч С.Мажиглхам нэхэмжлэл, тайлбартаа: С.Мажиглхам би 2017-11-09 өдрийн 07/31 тоот тушаалаар, манай нөхөр Д.Батхүү 2017-10-05 өдрийн 02/26 тоот тушаалаар Шарга-12 СӨХ-нд үйлчлэгч-жижүүрээр тус тус ажилд орсон. 2018 оны 4 сар хүртэл хэвийн ажиллаж байсан. Шарга-12 СӨХ-ны удирдлага 2018-04-05 өдөр солигдсон. 2018-04-17 өдөр биднийг тус СӨХ-ийн үйлчлэгч-жижүүрийн ажлаас халсан. Үүнийг 2018-06-27 өдөр шүүх шийдвэрлэж, үйлчлэгч- жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, энэ өдрийг хүртэл хугацааны олговрыг олгохоор шийдвэрлэсэн.

2018-07-24 өдөр намайг СӨХ-оос дуудсан. Очиход энэ хуралдаанд оролцож буй Ч.Болортуул нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авья, хөдөлмөрийн гэрээ хийе гэж хэлсэн. СӨХ-ны дотоод журамтай танилц гэхээр нь би хүлээж авахгүй гэсэн. Дарга нь шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоосон мөнгийг бөөнөөр нь өгч чадахгүй нь, цувуулж өгье гэхээр нь би мөнгөө бөөнөөр нь авна гэсэн юм. Мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар дараа нь саяхан авсан.

Манайх 3 болон 5-р орцны 0 тоот 2 байрыг түрээсээр эзэмшдэг. Цалингаасаа өрөөнүүдийн түрээс 100 000 төгрөгийг суутгуулж төлдөг байтал 2018-04-05 өдөр Шарга -12 СӨХ өрөөний цоожны голыг эвдэж, Д.Алтантогос тэргүүтэй хэсэг бүлэг хүмүүс дарга Нямбалыг хэл үгээр доромжилж, нягтлан бодох Алтанхуягийг зодож, танхайран тамга тэмдэг, бичиг баримтууд, эд зүйлийг булаан авсан бөгөөд энэ асуудлаар Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа.

Ажилд тогтоосон шүүхийн шийдвэр 2018-06-27 өдөр гарсан боловч өнөөдрийг хүртэл цалин хөлсгүй ажиллуулж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хохирсоор байна.

Бид ажлаа тасралтгүй хийж байгаа боловч цэвэрлэгээний материал огт авч өгдөггүй. Өөрсдөө материалаа авч, цэвэрлэдэг. Бидэнд нэг ч төгрөгний цалин өгөөгүй байж, СӨХ-нд түрээсийн төлбөр өгөөгүй 3 930 000 төгрөгөөр хохироосон гэж СӨХ нь шүүхэд нэхэмжилсэн боловч тус гүжирдлэг үндэслэлгүй болохыг 2018-10-16 өдрийн шүүх хурлаар тогтоож, шийдвэр гарсан. Бид 2018 оны 6 сараас эхлэн өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй байгаа ба 2018-09-18 өдөр дахин ажлаас халсан тушаал гаргалаа.

Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 600 000 төгрөгийг гаргуулах, цэвэрлэгээний 6 сарын материалын зардалд 150 000 төгрөг, нийт 1 750 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү? Намайг манай оршин суугчид ажлаа сайн хийдэг гэдэг юм гэв.

 

Нэхэмжлэгч Д.Батхүү нэхэмжлэл, тайлбартаа:Би 12-р байрны 3-р орцны үйлчлэгч-жижүүрийн ажилд тушаалтай. Миний тайлбар, нэхэмжлэл С.Мажиглхамынхтай адилхан. Манайх хөдөө нэг жижиг талбайд ногоо тарьсан, түүнийгээ ээлжээр явж эргэдэг юм. Намайг талбай дээр очсон байхад ир гэж СӨХ-оос утсаар ярихаар нь эхнэр С.Мажиглхамтай уулзчих гэж би хэлсэн.Удирдлагаа хууль бус гэж бодоод ажлаа 2018-11-10 хүртэл хийсээр л байсан тул 2018 оны 06 сарын 27 өдрөөс хойшхи хугацааны цалин 1 441 000 төгрөг, цэвэрлэгээний материал авсан мөнгө 70 000 төгрөг, нийт 1 511 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү?

Хариуцагч тайлбартаа: С.Мажиглхам, Д.Батхүү нарын гаргасан нэхэмжлэлийн дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-06-27 өдрийн шийдвэр гарч, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд авахаар нэхэмжлэгч нарыг би дуудсан. Д.Батхүү нь Би хөдөө талбай дээр байна., С.Мажиглхамтай ярьчих гэсэн. С.Мажиглхам ирсэн. Шарга-12 СӨХ-ны захирлын 2018-07-24 өдрийн 18, 19 тоот тушаалаар С.Мажиглхам, Д.Батхүү нарыг орцны үйлчлэгч- жижүүрийн ажилд нь эгүүлэн авч, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар СӨХ-ийн дотоод журмаа танилцуулах гэтэл С.Мажиглхам нь хөдөлмөрийн гэрээ байгуулах гэтэл чинь хаа хамаагүй дотоод журам танилцуулах гэлээ гээд танилцахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрт олгохоор тогтоосон 1 340 000 төгрөгийг бөөнд нь бүтэн авч байж, хөдөлмөрийн гэрээ хийх болно гэсэн. Ийнхүү хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурах, ажилд авсан тушаалыг хүлээн авах, дотоод журамтай танилцахаас татгалзсан. Нэхэмжлэгч нар үйлчлэгч-жижүүрийн ажлаа хийхгүй, хөлслөдөг байрандаа байхгүй, оршин суугчдаас гомдол гарсны үндсэн дээр ажлыг нь Оргодол гэдэг үйлчлэгчээр хийлгэсэн. 2018-07-27 өдрийн №22 тушаалаар цэвэрлэгээ, үйлчилгээтэй холбоотой үзлэг шалгалтыг Хяналтын зөвлөлийн даргаар ахлуулсан комиссоор хийлгэхээр тогтоож, хяналтын зөвлөл, өдөр тутмын ажилд хяналт тавьдаг нябо-байцаагч Номин, жижүүр Догоодорж нарын бүрэлдэхүүнтэй комисс 2018-07-30, 2018-08-13, 2018-08-27 өдрүүдэд шалгалт хийсэн. Удаа дараагийн шалгалтаар нэхэмжлэгч нар ажлын байрандаа байхгүй, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байсан тухай холбогдох дүгнэлтүүд гарсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг 2018-08-30 өдөр Удирдах зөвлөлд танилцуулсан ба хурлаас холбогдох арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд даалгасан тогтоол гарч, 2018-09-18 өдөр нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн. СӨХ нь орц бүрээр үйлчлэгчийг цалинжууулах санхүүгийн боломжгүй болсон тул цөөхөн үйлчлэгч, жижүүр ажиллуулах, бусад орцны цэвэрлэгээ, үйлчилгээг хавсруулах шаардлагатай болсон. Тэгээд цөөхөн ажиллаж байгаа ажилчдын нэг хэсэг нь болох эдгээр хүмүүс цэвэрлэгээ хийхгүй, ажлын байрандаа ирэхгүй, хөлслөсөн байрандаа байхгүй, хог ачилт хийх/хогийн бункер онгойлгох/, цахилгааны түгээх/тоолуур харах/ ажлыг хийх боломжийг бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй болохоор хэл ам гараад ийм асуудал болсон юм.Мөн СӨХ-ны удирдлагын талаар ёс зүйгүй/хууль бус удирдлага гэсэн/ хандаж, харилцсан. С.Мажиглхам, Д.Батхүү нар нь 3, 5-р орцны цахилгааны шиттэй 0 тоот өрөөг сард 100 000 төгрөгөөр хөлслөдөг юм. Нэг өрөөнд нь өөрсдөө амьдарч, нэгийг нь бусдад хөлслүүлдэг юм билээ. Байрандаа байхгүйгээс шитээс тоолуурын заалт харахаар удаа дараа очсон эрчим хүчний байгууллагын ажилтан ажлаа хийх боломж олгохгүй байна гэж гомдол гаргасан. 0 тоот өрөөний хөлсийг төлөөгүйгээс тус шүүхэд гэрээний үүргийн асуудлаар 2018-10-16 өдөр нэг хэрэг шийдвэрлэгдсэн бөгөөд энэ хэргийг шийдвэрлэхээр 2018 оны 08 сард шүүхээс товлосон хуралдаануудыг С.Мажиглхам ах хүнд өвчтэй байгаа гэсэн шалтгаанаар, 09 сард товлосон хуралдаануудыг хөдөө ургац хураалт дээр ажиллаж байгаа шалтгаанаар бүхэпд нь хойшлуулж, 10 сард ирж хэргийг шийдвэрлүүлсэн. Одоо энэ шийдвэрээс хойшхи түрээсийн гэрээний маргааны талаар өөр хэрэг тус шүүхэд бас хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлээ 2018-10-24 өдөр шүүхэд гаргасан, ажлаас чөлөөлсөн тушаал 2018-09-18 өдөр гарч, 2018-09-21 өдөр жижүүр Ц.Оргодолоор нэхэмжлэгч нарт хүргүүлж, хүлээлгэн өгсөн.Иймээс хуцльд заасан номдол гаргах хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан.

С.Мажиглхам, Д.Батхүү нар СӨХ-ны дотоод журмын 3.2.2-т зааснаар ажил олгогчтой ёс зүйтэй, хүндэтгэлтэй харьцах, ажилдаа чин сэтгэлээсээ хандах үүрэг хүлээсэн. Үүргээ биелүүлэхгүй, уг журмын 4.1-д заасан, удирдах ажилтнуудыг хууль бус гэж бүдүүлэг, ёс зүйгүй харилцсан, 4.4-т заасан оршин суугчид, удирдах ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй, 4.5-д заасан гэрээ болон ажлын байрны үүргээ биелүүлэхгүй , 4.6-д заасан энэхүү журмыг зөрчсөн ноцтой зөрчил гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40.1.2, 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэгч нарыг ажлаас халсан хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? 2018-09-18 өдрийг хүртэл ч ажиллаагүй, үүнээс хойш ч ажиллаагүй тул цалин шаардах эрхгүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэх, ажлаас чөлөөлсөн, ажилд томилсон, ажлын хэсэг байгуулсан ажил олгогчийн тушаалууд, ажлын хэсгийн тайлан, шүүхийн шийдвэрүүд, СӨХ-ны гэрчилгээ, удирдах зөвлөлийн тогтоол, контрактын гэрээ, СӨХ-ны дотоод журам, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, УБЦТС ХК-ийн шаардлага, шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, гомдол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нар Шарга-12 СӨХ-ны орцны үйлчлэгч-жижүүрийн ажлаас 2018-04-05 өдөр үндэслэлгүйгээр халагдсан тухай гомдолд шүүх иргэний хэрэг үүсгэж, 2018-06-27 өдөр шийдвэр гаргаж, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан дээрх ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт нийт 1 340 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор тогтоосон байна.

            Шүүхийн 102/ШШ2018/02127 шийдвэрийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч нарыг 2018-07-24 өдрийн 19, 20 тоот тушаалаар үйлчлэгч-жижүүрийн ажилд эгүүлэн томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нарыг дуудаж ирүүлж, СӨХ-ныхоо дотоод журмыг танилцуулах, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг хүсэхэд нөхрийгөө төлөөлж ирсэн нэхэмжлэгч С.Мажиглхам татгалзсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

            Ажил олгогч нь СӨХ-ныхоо дотоод журмыг ажилтандаа танилцуулах, ажил олгогчийн дотоод журмыг зөвшөөрч байгаа ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч С.Мажиглхам нь ажил олгогчийн таницуулахыг хүссэн СӨХ-ны дотоод журамтай танилцахаас татгалзсан, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах ажил олгогчийн саналаас татгалзсан байна.

Иймээс 2 талын хүсэл зориг, тэгш оролцооны үндсэн дээр байгуулагдах хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүйг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргээ хариуцагч буюу ажил олгогч зөрчсөн гэж үзэхгүй.

            Нэхэмжлэгч нарыг 2018-07-24 өдөр шүүхийн шийдвэрт заасан ажилд эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан 2018-06-27 өдрөөс, ажилд томилсон 2018-07-24 өдрийг хүртэл хугацааны олговрыг урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

            Нэхэмжлэгч нарыг ажил олгогч санаачлан, 2018-09-18 өдрийн 31 тоот тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, ажлаа хангалттай гүйцэтгээгүй, ажил олгогчид мэдэгдэлгүйгээр ажлаа олон хоногоор орхиж явсан зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4 дэх заалт, СӨХ-ны дотоод журмын 3.1.1, 4.1, 44, 4.5, 4.8 дахь заалтууд, ажлын хэсгийн дүгнэлт, удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, тогтоолыг үндэслэн үйлчлэгч-жижүүрийн ажлаас халсныг нэхэмжлэгч нар үндэслэлгүй гэж үзэж, гомдол гаргажээ.

            Хариуцагч гомдлыг гаргахдаа нэхэмжлэгч нар Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул шүүх хэлэлцэх үндэслэлгүй гэж тайлбар гаргасан байх боловч ажлаас халсан тушаалыг 2018-09-21 өдөр нэхэмжлэгч нарт Оргодол гардуулан өгсөн болохыг, хуулбарын үнэн зөвийг нотариат гэрчилсэн Ц.Оргодол гэсэн тодорхойлолт нотлохгүй тул түүний тайлбар үндэслэлгүй байна.

            Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарснаас хойш одоог хүртэл нэхэмжлэгч нар ажлаа эрхэлсээр ирсэн, өдөрт хийсэн ажлаа нябо-байцаагч Номинд танилцуулдаг гэж , хариуцагч нь нэхэмжлэгч нарыг 2018-06-27 өдрөөс хойш жижүүр-үйлчлэгчийн ажлыг эрхлээгүй, 2018-07-24 өдрөөс хойш томилсон ажлыг хийгээгүй, эдгээр хүмүүсийн эрхэлбэл зохих ажлыг нь өөр хүмүүсээр гүйцэтгүүлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлийн талаар тус тус зөрүүтэй тайлбарласан боловч хариуцагч байгууллагаас томилсон комисс 2018-07-30, 2018-08-13, 2018-08-27 өдрүүдэд тус СӨХ-ны нийт ажлын байранд нь хяналт, шалгалт хийхэд нэхэмжлэгч нар ажлаа хийгээгүй, ажил дээрээ байгаагүй болох нь нябо-байцаагч Номин бүрэлдэхүүнд нь орж ажилласан комиссын ажлын дүгнэлтээр тогтоогдож байна.

Ажлаа өнөөдрийг хүртэл эрхэлсээр ирсэн тухай тайлбараа нэхэмжлэгч нарын нотлоогүй байгаа, мөн хариуцагчаас ирүүлсэн баримтаар ажлаас халагдах хүртэл хугацаанд СӨХ-ноос хийсэн шалгалтын 3 өдрөөс бусад өдрүүдэд нэхэмжлэгч нар ажил эрхлээгүй тухай тайлбараа хариуцагч бас нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нар 2018-07-24 өдрөөс 2018-09-18 өдрийг хүртэл хугацаанд дээрх 3 өдрөөс бусад хугацааны цалинг сард 240 000 төгрөгөөр тооцон, хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ. Ийнхүү ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалинг нийт 2 сар 15 хоногоор тооцож, нэхэмжлэгч тус бүрт 600 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тогтоов.

            Тус СӨХ нь 2018-06-29 өдрийн 15 дугаар тушаалаар дотоод журмаа баталсан байх бөгөөд уг журмын 4-т ноцтой зөрчилд тооцох үйлдлүүдийг заасан байна.

Ажил олгогч нь нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлөхдөө дотоод журмын 4.1-д заасан оршин суугчид, удирдах ажилтнуудтай бүдүүлэг, ёс суртахуунгүй харилцах, 4.4-т заасан оршин суугчид, удирдах ажилтны тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байх, 4.5-д заасан гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчих, 4.8-д заасан оршин суугчдын амар тайван, байдлыг алдагдуулах үйлдлүүдийг гаргасан гэж үзжээ.

Дотоод журамтай нэхэмжлэгч танилцахаас татгалзсан, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахаас татгалзсан нь уг дотоод журмыг ажилтан мөрдөхгүй байх, томилогдсон үйлчлэгч-жижүүрийн үүрэгт ажлаа эрхлэхгүй, гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу, сууц өмчлөгчдийн холбоо нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг сууц өмчлөгч нар дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй, тухайн байшингийн сууц өмчлөгч бүрийн заавал гишүүнчлэлтэй, сууц өмчлөгчдийн санаачлага, хүсэл зоригоор байгуулагддаг, тэднээс сар бүр төлдөг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээний зардлаар санхүүждэг.

Иймээс Шарга-12 СӨХ Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12-р байрны сууц өмчлөгчдийн хурлаас байгуулагдсан болохыг нотолж, 264 тоот гэрчилгээг Баянгол дүүргийн Засаг дарга тус СӨХ-д олгосон байна.

Нэхэмжлэгч нар 12-р байранд сууц өмчилдөг болох нь тогтоогдоогүй бөгөөд хариуцагч СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээгээр 0 тоот 2 өрөө эзэмшиж байгаа, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үйлчлэгч-жижүүрийн ажил эрхэлж байгаа нь нотлогдож байна.

Гэвч 2018 оны 04 сараас томилогдсон СӨХ-ийн удирдлагыг хууль бус гэж нэхэмжлэгч нар үзэж, энэ шалтгаанаар ажил олгогчийн тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлэх, хэрэгжүүлэх, ажил олгогчоор гэрээтэй үүрэгт ажлаа удирдуулахаас татгалзаж, цааргалах байдал гаргаж, ажил олгогчид ажлаа танилцуулахгүй байх, түүнээс чөлөө зөвшөөрөл авахгүйгээр ажлын байраа удаа дараа орхиж явах, үүрэгт ажлаа гүйцэтгэхгүй орхигдуулах зэргээр ажил олгогчтой ёс суртахуунгүй харилцсан зөрчил гаргасан, үүнээс шалтгаалж оршин суугчдын хэвийн амьдрах нөхцөлд сөргөөр нөлөөлөх, ажил олгогчтой харилцагч гуравдагч байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах боломж алдагдуулахад хүрсэн үйл явдал болсон нь зохигчийн тайлбар, мэтгэлцээн, хэрэгт авагдсан бичмэл баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нарыг СӨХ-ны дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн гэж ажил олгогч үзээд, ажлаас нэхэмжлэгч нарыг халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийн давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасанд үндэслэсэн тушаалын үндэслэл нотлогдож байна.

Иймд жижүүр-үйлчлэгчийн үүрэгт ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нар одоог хүртэл үйлчлэгч-жижүүрийн ажлыг эрхэлсээр байгаа, энэ хугацаанд нэхэмжлэгч С.Мажиглхам 150 000 төгрөгийн, Д.Батхүү 70 000 төгрөгийн цэвэрлэгээний материал худалдан авч ажилдаа хэрэглэсэн тухай нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн бусад хэсгийг хангах үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч нар анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Шарга-12 СӨХ-ноос түрээсийн гэрээгээр эзэмшдэг 12-р байрны 3, 5-р орцны 0 тоот өрөөнүүдэд хийсэн засварын зардалд 220 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлага гаргасан байсан боловч зохигчийн байгуулсан түрээсийн гэрээний маргаан нь тус шүүхэд тусдаа иргэний хэрэг үүсгэгдэн хэлэлцэгдэж, 2018-10-18 өдрийн 3077 шийдвэрээр шийдвэрлэгдсэн, үүнээс хойшхи түрээсийн гэрээний маргааны талаар зохигч дахин нэхэмжлэл гаргасанд тус шүүх иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаа явагдаж байгаа учраас түрээсийн байранд нэхэмжлэгч нар хийсэн засварын зардлын талаарх шаардлагаа түрээсийн гэрээний үүрэг шаардсан иргэний хэрэгтэйгээ хамтатган шийдвэрлүүлэхээр, тус хуралдаанд нэхэмжлэгч нар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагаа энэ шаардлагаар багасгаж, дэмжээгүй учир хэлэлцээгүй болохыг дурдах шаардлагатай гэж үзлээ.

           

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч С.Мажиглхам 43 910 төгрөг, нэхэмжлэгч Д.Батхүү 39 126 төгрөг төлөх үүргээс С.Мажиглхам 11 750 төгрөгийг төлсөн байгааг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч С.Мажиглхамаас 32 160 төгрөгийг, Д.Батхүүгээс 39 126 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод нөхөн төлүүлэх, хариуцагчаас 37 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь хэсгийг удирдлага болгон,

 

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 128.1.6, 69 дугаар зүйлийн 69.1, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Шарга -12 СӨХ-оос ажилгүй байсан хугацааны олговор, ажилласан хугацааны цалинд 1 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мажиглхам, Д.Батхүү нарт тус бүр 600 000 төгрөгийг олгож, нэхэмжлэлээс үйлчлэгч-жижүүрийн ажлаас үндэслэлгүй халсан тухай гомдлын хэсгүүд болон цэвэрлэгээний материалын үнэ, ажилласан хугацааны цалинд С.Мажиглхам нэхэмжилсэн 1 150 000 төгрөг, Д.Батхүү нэхэмжилсэн 911 000 төгрөгийн нэхэмжлэлүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.