Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 79

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Хяналтын  прокурор Ө.Мөнхнавч,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Г.Ч нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Ч-д холбогдох эрүүгийн 1819000370022 дугаартай хэргийг 2018 оны 05-р сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, лам мэргэжилтэй, Дорноговь аймгийн Мандах сумын Өлгий хийдэд лам ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Мандах сумын 1 дүгээр багийн Өлгийн хийд гэх газарт оршин суух хаягтай, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж байсан, Б овогт Г.Ч

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Яллагдагч Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг Зараа гэх газар Мандах Сайншанд чиглэлийн шороон зам дээр өөрийн эзэмшлийн 8501 ДГО улсын дугаартай УАЗ 22069 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Г-н биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01-р сарын 24-ний өдөр 14 цаг өнгөрөөгөөд Мандах сумаас 6 хүн аваад Сайншанд явж байгаад осол гаргаж Хандсүрэн, Ггэх хоёр хүн гэмтсэн. Мандах сумын түргэний машинаар Сайншанд суманд ирээд хот авч явж гэмтлийн эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. ...    гэсэн мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ... 2018 оны 01-р сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Мандах сумаас 6 зорчигч аваад Сайншанд сумын чиглэлд явж байгаад Мандах сумын 3 дугаар баг Зараа гэх газарт 15 цаг 30 минутанд зам тээврийн осол гаргасан. Тухайн үед замын зорчих хэсэг дээр цас орсон халтиргаа үүссэн байсан, би замаар явж байтал машин гэнэт буруу тийш шарваж зам тээврийн осол гаргасан. ...Замын үзэгдэх орчин чөлөөтэй замд ямар нэгэн хөдөлгөөний нягтаршил байгаагүй, цаг агаар тогтуун байсан, зам дээр цас орсон халтиргаа үүссэн байсан. ...Ойролцоогоор 40 километр цагийн хурдтай явж байсан. Би машины 4-р араанд дөнгөж хийгээд явж байтал машин унасан. ...Гын баруун гарын сарвуу шалбарсан цээжээр хатгуулж өвдөөд байна гэж хэлж байсан. Арын суудалд сууж явсан Хандсүрэн хүзүүгээр эвгүй болчихлоо гэж хэлж байсан, ил харагдах гэмтэл шарх байгаагүй, бусад зорчигч нар ямар нэгэн зүйл хэлээгүй, осол болсоны дараа эмнэлэг дуудаж эмнэлгийн машин ирээд зорчигч нарыг авч явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 5-7 дугаар хуудас/,     

 

           Хохирогч Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эхнэр Янжинсүрэнгийн хамтаар Сайншанд сум явахаар 2018 оны 01-р сарын 24-ний өдөр сумын шууданд явдаг Чын 8501 ДГО улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан юм. Би жолоочийн хажуу талын суудалд сууж явсан, манай эхнэр машины арын зааланд суусан. Тухайн өдөр Ч нийт 6 зорчигч авч явсан. Үүнд надаас гадна манай эхнэр Я, Д, Д, Х, А бид нар суусан. Бид 14 цагийн орчим сумаас гараад 30 орчим километр яваад цас орж хөлдсөн, зам хагараагүй цасан дундуур явж байгаад машин шарваж зам тээврийн осол гаргасан. Зам хагараагүй цасанд ороод 5-6 метр яваад машин зөв талдаа шарваж жолооч рүлийн хүрдийг хариулж дарж амжаагүй байхад машин унаж осол болсон. Ер нь маш хурдан хугацаанд шарваж унасан... Би Улаанбаатар хот явж компьютер томографийн шинжилгээ өгөхөд дээрээсээ 3 дахь нуруунд хугарал бяцрал үүссэн байна гэж хэлсэн... Би нийт 1.394.880 төгрөг одоогийн байдлаар нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

           Гэрч Э.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 01-р сарын 24-ний өдөр Сайншанд сум явах гээд Мандах сумаас шуудангийн 8501 ДГО улсын дугаартай фургон машинд суусан. Тухайн машин 6 зорчигчтой байсан. Би машины арын заалны суудалд суусан. Тухайн машин 14 цагийн орчимд  Мандах сумаас гараад 30 орчим километр яваад зам дээр байсан цасан дээр шарваж зам тээврийн осол гаргасан. Их түргэн хугацаанд машин онхолдсон машин шарвах шиг болсон тэгээд нэг мэдэхэд унасан байсан. Осол болсны дараа жолоочийн хажуу талд урд суудалд сууж явсан ах нуруугаар хөдөлж болохгүй байна гэж хэлж байсан. Мөн арын зааланд сууж явсан нэг охин хүзүү эвгүй болчихлоо гэж хэлж байсан. ...Хэдэн километр цагийн хурдтай явсан талаар нь сайн мэдэхгүй байна, ойролцоогоор 50 километр цагийн хурдтай явсан байх. ...Цаг агаар тогтуун байсан. Зам дээр манай машинаас өөр зорчиж байгаа ямар нэгэн машин байгаагүй, зам дээр цас орж хөлдөөд халтиргаа гулгаа үүссэн байсан. ...Миний биед учирсан гэмтэл байхгүй... Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

 

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2018 оны 01-р сарын 24-ний өдөр Мандах сумаас шуудангийн унаанд 12 цагийн орчим суусан юм. Тухайн үед тэр машин фургон маркийн машин байсан. Би тухайн машины хойд талаасаа хоёр дахь сандал дээр нь урагшаа хараад суусан ба машинд хүмүүс дүүрээд 14 цагийн орчим Сайншанд руу хөдөлсөн юм. Тухайн үед машин нээх хурдан яваагүй. 60 орчим километр цагийн хурдтай явж байсан ба сумаас гараад 22 орчим километр явж байгаад цасан дээр гулгаад хойд талын бөгс нь баруун талаараа гулгаад баруун талын бөөрөөрөө газар унасан. Би тэгээд машины буруу талын хагарсан цонхоор нь гарсан... Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би уг хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 35 дугаар хуудас/,

 

Гэрч Т.Я мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр Гын хамтаар Сайншанд сум орохоор сумын шуудангийн жолооч болох Г.Чын пургон маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан. Тухайн өдөр бид сумаас аймаг явахаар 14 цагийн орчимд гараад 30 орчим километр яваад Зараа гэх газарт зам тээврийн осолд орсон. Тухайн үед би машины арын заалны суудалд сууж явсан. Машин цастай замаар явж байтал гэнэт шарваад машин унаж осол болсон, маш түргэн хугацаанд осол болсон, машин явж байгаад гэнэт шарваад шууд унасан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр шуудангийн пургон маркийн машинд суусан. Тухайн машин нийт 6 зорчигч явсан. Г, Я, Д, Д, А нарын хүмүүс явсан... Бид мандах сумаас 14 цаг болж байхад гараад 30 орчим километр явсан байх, шороон зам дээр явж байгаад цасан дээр машин шарваж осол гарсан. Би осол болох үед машины арын зааланд сууж явсан. Ослын улмаас миний хүзүү эвгүй болсон. Одоо хөдлөхгүй байгаа. ... Хэдэн километр цагийн хурдтай явсан талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

 Насанд хүрээгүй гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 01-р сарын 24-ний өдөр Ч ахын 85-01 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан. Бид Мандах сумаас 14 цагийн орчимд  гараад 30 орчим километр яваад зам тээврийн осолд орсон, машин цастай замаар явж байгаад гэнэт шарваад осол гаргасан... Би пургоны арын заалны суудалд сууж явсан болохоор машин хэдэн километр цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 02-р сарын 05-ны өдрийн 34 дугаартай: “...Гын биед сээрний 3,4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 86 дугаар хуудас/,

 

Шинжээчийн 2018 оны 02-р сарын 05-ны өдрийн 35 дугаартай: “...Б.Х биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, баруун алганы ар хэсгийн зулгаралт, хүзүү толгойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 75-76/,

 

           Шинжээчийн 2018 оны 02-р сарын 14-ний өдрийн 05 дугаартай: “...УАЗ 22069 маркийн 85-01 ДГО улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 96 дугаар хуудас/,

            

              Шинжээчийн 2018 оны 04-р сарын 23-ний өдрийн 147 дугаартай:”... Б.Х биед хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, баруун алганы ар хэсгийн зулгаралт, хүзүү зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт Б.Х биед /тархи доргилт, тархины хаван, усжилт/ гэсэн онош бичигдэж, 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдөр тархины ховдол-хэвлийн хөндийг холбосон шунт тавих мэс засал хийгдэж, 2018 оны 03 дугаар сарын 29-ны ердийн мэргэжлийн өвчний жагсаалтын /4-27/ заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 80 хувиар 12 сараар тогтоолгосон байна. Тархины усжилт нь гэмтлийн гаралтайгаар блгино хугацаанд амь тэнссэн байдал хүргэхгүйгээр үүсэх боломжгүй тул Б.Хгийн биед учирсан тархины усжилт нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр зам тээврийн осолд орсны улмаас үүссэн байх боломжгүй байна.” гэсэн нэмэлт дүгнэлт /2-р хх-ийн 64-66/,

 

              Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 3 эмчийн бүрэлдхүүнтэй гаргасан 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 584 дугаартай: “...Шинжээчийн 2018.02.05-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, 2018.04.23-ны өдрийн 147 дугаартай нэмэлт дүгнэлтүүд үндэстэй байна. Б.Х тархины усжилт нь тархины эмгэг өөрчлөлт бөгөөд тухайн ослын улмаас үүсгэгдээгүй байна. Тиймээс гэмтлийн зэрэг тогтоохгүй. Тархины усжилт эмгэгийн эмийн болон мэс засал эмчилгээ нь тухайн өвчний явц, хувь хүний биеийн байдлаас хамаарна” гэсэн дахин шинжилгээний дүгнэлт /2-р хх-ийн 132-137/,

 

Гэрч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өвчтөн Б.Х нь 2018.03.09-нд тархи усжилт оношоор хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад хагалгаанд орж эмчилгээ хийлгэж, 2018.03.23-ны өдөр гарсан. ... Эмч нарын зөвлөгөөнөөр Б.Хгийн тархи усжилт оношны дагуу ... мэс засал хийхээр шийдвэрлэж мэс засал хийсэн .... гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 142-143/,

 

Б.Хгийн эмчилгээ хийлгэсэн, мэс засалд орсон баримтууд /2-р хх-ийн 24-63/,

              Хохиролын талаарх Гын нотлох баримтууд /1-р хх-ийн 130-142/, хохиролд Г.Чаас 210 000 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 232/,

              Иргэний нэхэмжлэгч Б.Хгийн хохирлын талаарх баримтууд /1-р хх-ийн 144-179/, 212-227/,

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 19-23 дугаар хуудас/,

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 121-122 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагийн орчимд Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг Зараа гэх газар Мандах Сайншанд чиглэлийн шороон замд 85-01 ДГО улсын дугаартай УАЗ 22069 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчиж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэдэг нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгоно. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлэг 9.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэж заажээ. Гэтэл шүүгдэгч Г.Ч нь хүн тээвэрлэсэн атлаа зам цастай, халтиргаа гулгаатай байгааг мэдэж байж хурдаа тохируулаагүй, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүй нь гэм буруутайгаар хууль зөрчсөн байна гэж үзэв.

         

            Зам тээврийн ослын улмаас хохирогч Гын эрүүл мэндэд сээрний 3,4 дүгээр нугалмын шахагдсан хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь шүүх эмнэлэгийн шинжээч эмчийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан байна. Хохирогч Г.Гнь ослын улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлсэн болох нь хавтаст хэргийн 189-193 дугаарт авагдаж, 129-131, 134-136, 138-140 дүгээрт авагдсан нотлох баримтаар нийт 244 880 төгрөгний эмчилгээний зардал зарцуулсан нь тогтоогдож байна. Харин хавтаст хэргийн 132 дугаарт авагдсан 150 000 төгрөгний зардал нь хавтаст хэргийн 134 дүгээрт авагдсан баримттай давхардсан байх тул хасаж тооцсон болно. Хохирогч Г.Гнь эмчилгээний зардалд 394880 төгрөг нэхэмжилснээс давхардсан 150 000 төгрөгийг хасаж үлдэх 244 880 төгрөгнөөс шүүгдэгч Г.Ч нь 210 000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 232 дугаарт авагдсан банкны хуулгаар нотлогдож байна. Нотлох баримтаар тогтоогдсон эмчилгээний зардал 244 880 төгрөгийг шүүгдэгч Г.Ч хариуцах үндэстэй ба дутуу төлөгдсөн 34 880 төгрөгийг Г.Чаас гаргуулах нь зүйтэй. Хохирогч Г.Гнь Мандах сумын Ерөнхий боловсролын сургуульд галчаар ажилладаг болох нь хавтаст хэргийн 188 дугаарт авагдсан тус сургуулийн захирлын 2018-03-15-ны 14 дугаартай албан бичгээр тогтоогдсон. Хохирогч Г.Гнь ажилгүй байсан хугацааны цалин 1 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй учраас хохирлыг тооцох боломжгүй байна. Учир нь: Хохирогч Г.Гнь хэдий хугацаанд эмнэлэгийн чөлөөтэй байсан, эмнэлэгийн хуудсаар цалингийн хэдэн хувьтай тэнцэх хэмжээний хэдэн төгрөг авсан, түүний зөрүү хэдэн төгрөгийг цалинд нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, хэдэн төгрөгний цалинтай болох нь нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байх ёстой. Эдгээр нь хэрэгт авагдаагүйгээс ажилгүй байсан хугацааны цалинг тооцох боломжгүй тул нотлох баримтаа хуульд заасан журмаар цуглуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Х нь 2018-01-24-ны өдөр осолд орсоны улмаас түүний эрүүл мэндэд хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, баруун алганы ар хэсгийн зулгаралт, хүзүү, зулайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдож, эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2018 оны 02-р сарын 05-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт, 2018 оны 04-р сарын 23-ний өдрийн 147 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 эмчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2018 оны 05 сарын 17-ны өдрийн 584 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон. Иргэний нэхэмжлэгч Б.Х осолд орсоны улмаас эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд хэдий хэмжээний эмчилгээний зардал гарсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, Б.Хгийн эмчилгээ хийлгэсэн, мэс засалд орсон баримтууд нь /2-р хх-ийн 24-63/ тухайн ослын улмаас үүсгэгдээгүй тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт оношоор эмчилгээ хийлгэж, мэс засалд орсон зардал байна. Шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчийн тайлбарласнаар шүүх хуралдаанд гаргасан 294 450 төгрөгний зардалтай нийлээд нийт 2 577 544 төгрөгний эмчилгээний зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь зам тээврийн ослын улмаас Б.Хгийн биед хөнгөн гэмтэл учирсан нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг дангаар бий болгохгүй бөгөөд гэмт этгээдийн гэм буруутай эсэхийг хэлэлцэх хохирлын хэр хэмжээ, шинж чанарт оруулан тооцох үндэслэлгүй юм. Тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт оношоор эмчилгээ хийлгэж, мэс засалд орсон зардал нь зам тээврийн ослын гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй юм. Иймд иргэний нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжилсэн 2 577 544 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ч нь иргэний нэхэмжлэгч Б.Хд 150 000 төгрөг өгсөн гэж мэдүүлсэн ба Х эх Ч.М 150 000 төгрөг авсан гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлснийг дурьдах нь зүйтэй. /2-р хх-ийн 2-4/

 

Иймд шүүгдэгч Б овогт Г.Ч-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Чад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа талуудын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирогч Гын цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн, түүний цалин хөлс, орлого олох боломж бодитой эсэх, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан торгох ялыг сонгож оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Г.Ч-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь 700000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 34880 төгрөгийг гаргуулж хохирогч Гт олгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Гын нэхэмжлэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 1 000 000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

 

8. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Хгийн 2 577 544 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Г.Чад  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА