Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2018/ДШМ/50

 

 2018            07              24                                                 2018/ДШМ/50

 

Г.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                      

        Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Ө.Мөнхнавч,

            Иргэний нэхэмжлэгч: Б.Хандсүрэн

            Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Дагийнамжил,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Эрдэнэбаатар,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/79 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Ч-д холбогдох, эрүүгийн 1819000370022 дугаартай, 2 хавтас, 476 хуудас бүхий хэргийг, иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн давж заалдсан гомдлыг  үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн .............суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, Дорноговь аймгийн ....... сумын .................... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн ........ сумын 1 дүгээр баг ...... гэх газар оршин суух, Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Бурд хатан овогт Г-ийн Ч /РД: ЕЕ94060415/-д холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.Ч 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг Зараа гэх газар Мандах Сайншанд чиглэлийн шороон зам дээр өөрийн эзэмшлийн 85-01 ДГО улсын дугаартай УАЗ 22069 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж, хохирогч Г.Гын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бурд хатан овогт Г-ийн  Ч-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 /долоон зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь 700000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас 34880 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Гт олгож,

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.Гын нэхэмжпэлийн шаардлагаас ажилгүй байсан хугацааны цалин 1 000 000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа цуглуулж иргэний журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,

Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн 2 577 544 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэн гдавж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүх осолд орсоны улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхэд хэдий хэмжээний эмчилгээний зардал гарсан тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нийт 2 577 544 төгрөгийн эмчилгээний зардал нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн, шүүх хавтаст хэргийн 63,69 - 74 хуудсанд авагдсан томографикийн шинжилгээ, комьпютерийн үзлэг, шинжилгээ, 144 дүгээр хуудаснаас хх-ийн 182 дугаар хуудсанд авагдсан замын зардал, эм тарианы зардлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан “ Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах “ тухай заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой байсныг мартаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эдгээр нэхэмжилж байгаа мөнгө 2018 оны 1 дүгээр сарын 24-ны ослоос үүссэн гэмтэлээс 2018 оны 4 дүгээр сарын 5-ны хооронд гарсан тархи толгойны гэмтэлдээ хэрэглэсэн эм тариа, замын зардал, шинжилгээний зардал юм. Иймд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцуулах, хэргийг бүхэлд нь хянуулахаар давж заалдах гомдол гаргасан гэв.

 

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шинжээчийн 2 дүгнэлт гарсан. Дараа нь 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Ер нь ямар гэмтэл учирсан юм бэ гэхээр хамарны таславчийн мурийлт, тархи доргилт, баруун бугалганы цус хуралт, баруун алганы ар хэсгийн зулгаралт, хүзүү толгойн зөөлөн эдийн няцралт гэсэн байгаа. Үүн дээр эмч нар дүгнэлтээ гаргаагүй. Эмч дүгнэлтээ гаргахдаа хөнгөн зэргийн гэмтэл гэж гаргасан. Хөнгөн зэрэг байна уу, үгүй юу гэдгийг шинжээчийн дүгнэлтээр удаа дараа гаргаж ирсэн. 5 эмчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргаад, хөнгөн байна уу, үгүй юу гэдгийг таслаад өгөөч. 2 эмчийн 2 өөр дүгнэлт гарсан. 1 шинжээчийн гаргасан дүгнэлт дээр дараагийн гаргасан шинжээчийн дүгнэлт нь зөрүүтэй байгаа. Тэр эмчийн дүгнэлтэнд байгаагүй зүйлийг буруутган бичиж ирүүлсэн байдаг. Иргэний нэхэмжлэгчээр оролцуулсан. Шүүгдэгч анхнаасаа худлаа зүйлийг ярьсан байгаа. Их хэмжээний мөнгө нэхсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3 дугаар хуудасны доод хэсэгт иргэний нэхэмжлэгч Хандсүрэн осолд орсоны улмаас эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхийн тулд хэдий хэмжээний эмчилгээний зардал гарсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлсэнгүй гэжээ. Арайчдээ энэ 2 хавтас дүүрэн нотлох баримтууд байгаа. Эрүүгийн хэрэг дээр иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод, гэмтлийн зэрэг тогтоох журмаар хөнгөн зэрэгт хамаарах гэмт хэргийн хохирогч биш байна гэж үзэж байгаа бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу иргэний нэхэмжлэгчийг хамтад нь шийдвэрлэх ёстой шүү дээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж болно шүү дээ. Тээврийн хэрэгслийн улмаас учирсан хүний бие, эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шийдэж болно шүү дээ. Үүнийг тас орхигдуулаад шийдвэрлээд нэг ч төгрөг олгохгүйгээр шийдвэрлэсэн байгаа. Шүүгч нэг талыг барьсан. Шударга байх зарчмыг алдагдуулсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Өнөөдрийн тооцоогоор хэдэн төрлийн баримт өгсөн билээ, эмчилгээний болон замын зардал нийлээд хэд болж байна вэ гэж үзэхээр 2581000 төгрөг байгаа. Энэ нь бүрэн биш. Энэ хүний бүхий л зардлаа өгсөн баримтууд биш.  2018.04.16-ны өдрөөс хойшхийг нь хаячихсан. Сая бас Улаанбаатар хот яваад 400-500 төгрөгийн зардал гаргаад ирж байна. Үүнийг оролцуулаагүй, түрүүнд нь Улаанбаатар явсныг оруулаагүй. Мандах суманд амьдардаг. Сум руугаа байнга явдаг зардлуудыг оруулаагүй байгаа. Зарим баримтууд нь байж л байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй юм байна гээд орхигдуулсан байгаа. Гэтэл анхан шатны шүүх хайр найргүй шийдвэрлэчихлээ. Шударга бус шийдвэр гаргачихлаа тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 дүгээр тогтоолоор Ч-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх гэмт хэргийн шинжийг заасан тул Хандсүрэн өнөөдрийг хүртэл энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа. Иргэний нэхэмжлэгч Улаанбаатар хот руу явсан замын зардалд шүүгдэгчийн зүгээс 150000 төгрөгийг өгсөн байгаа. Шүүхийн шинжилгээний байгууллагын 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр Хандсүрэнд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогддог. Яг энэ хөнгөн зэргийн гэмтлийг эмчлүүлэхэд хэдэн төгрөгийн зардал гаргасан юм. Тухайлбал үзлэг оношлогоо юм уу, эм тарианы юм уу, шинжилгээ хийх юм уу ямар зардлын баримтууд болох талаар хэрэгт нотлох баримтыг өгөөгүй. Хөнгөн зэргийн гэмтэлтэй холбоогүй, хэрэгт 2 сая гаран төгрөгийн баримт өгчихсөн байгаа. Шинжээчийн 147 тоот дүгнэлтэнд 2018.01.26-ны өдрийн мэдрэлийн эмчийн үзлэгт Хандсүрэнгийн биед тархины доргилт, тархины хаван усжилт гэсэн онош бичигдэж 2018.03.19-ний  тархи, хэвлийг холбосон шон тавих мэс засал хийгдэж 2018.03.29-ний ердийн өвчний 27 дахь заалтаар хөдөлмөрийн чадвараа алдалтаа 80%-иар 12 сараар тогтоогдсон байна. Тархины усжилт нь богино хугацаанд амь тэнцүүлэхгүйгээр үүсэх боломжгүй тул Хандсүрэнгийн биед учирсан тархины усжилт 2018.01.24-ний өдрийн зам тээврийн ослоор үүссэн байх боломжгүй гэж дүгнэсэн байна. 2018.05.17-ны өдрийн 580 тоот дүгнэлтээр Хандсүрэнгийн биед учирсан гэмтэл нь зам тээврийн ослоор үүсэгдээгүй тул гэмтлийн зэрэг тогтоохгүй гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. 3 удаагийн дүгнэлтээр Хандсүрэнгийн тархины усжилт нь 2018.01.24-ний өдрийн зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй байна гэсэн ийм дүгнэлт гарсан. Эдгээр дүгнэлтүүдийг үндэслээд цаашхи үр дагаврууд гарч ирсэн. Хандсүрэнгийн өвчний картад аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний 1000 дугаар шийдвэрт танин мэдэхүйн өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалтыг 2018.03.29-ний өдрөөс 80%-иар 1 жилийн хугацаагаар тогтоосон байгаа. Дээрх нотлох баримтуудаар Хандсүрэнгийн нэхэмжилсэн 2 сая гаран төгрөгийн хохирлыг Ч-ад холбоогүй, эрүүгийн хэрэгтэй шалтгаант холбоогүй болох нь тогтоогдож байгаа юм. Ийм учраас шүүгдэгч нэхэмжилсэн хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилсонгүй гэж байгаа. Энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдсэн байгаа. Тийм учраас иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Прокурор Ө.Мөнхнавч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт иргэний нэхэмжлэгчийн биед учирсан гэмтлийн талаар 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Үүн дээр Анхбаяр эмчийн анх удаа гаргасан дүгнэлт. Мөн нэмэлтээр гарсан. Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр тухайн хүний биед учирсан гэмтлүүд нь ямар гэмтэл байсан юм бэ, тархины усжилт гэж яригдаад байгаа нь гэмтлийн улмаас учирсан гэж үзээд байгаа юм уу, өвчний улмаас учирсан гэмтэл гэж үзээд байгаа юм уу гэдгийг тогтоолгохын тулд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Тархины усжилт гэдэг онош маань 2018.01.24-ний өдөр гарсан зам тээврийн ослын улмаас болоогүй гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан гээд 2 сая төгрөгийн эмчилгээний баримтуудыг  хэрэгт хавсаргуулж өгсөн. Гэвч 2 сая төгрөгийн зардал маань зөвхөн ослын улмаас үүдсэн хөнгөн гэмтлийн улмаас учирсан зардлууд мөн үү, үгүй юу. Тархины усжилтаа үзүүлэхийн тулд өөрийнхөө оршин сууж байгаа газраас Сайншанд сум руу, Улаанбаатар хот руу эмчилгээтэй холбоотой баримтууд байдаг. Шүүхээс тухайн хөнгөн зэргийн гэмтлийн улмаас тухайн хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг эмчлэхтэй холбоотой зардлыг хавтаст хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн. Үүнийг прокурорын зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа. Гомдлын холбогдох хэсэгт байна. Ч-ийн тээврийн хэрэгсэлд сууж яваад ийм гэмтэл авсан байхад намайг хохирогчоор тогтоогоогүй. Энэ нь миний эрхийг ноцтой зөрчиж байна. Гэмт хэрэг биш бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл санаатай орхигдуулсан байна гээд гомдолд дурдсан байна. Уг гомдол мэдээлэл нь анх цагдаагийн байгууллагад ирэхдээ зөрчлийн гомдол мэдээллээр бүртгэгдсэн байдаг. Зөрчлийн хэрэг нээгээд шалгагдах явцад гэмт хэргийн шинж илэрсэн учраас  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хүнийг зөрчлийн гомдол мэдээллийг шалгах явцдаа хохирогчоор тогтоогоод мэдүүлэг авсан байдаг. Гэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчоор тогтоохоор тогтоол үйлдэхээр хуульчлаагүй байдаг. Гэмт хэргийн шинж илэрсэн гээд тухайн хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд шалгаж байх явцад тухайн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэдэг нь тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан гэрчийн мэдүүлэг авсан. Өөрт учирсан хохирлыг нэхэмжилнэ гэсэн учраас иргэний нэхэмжлэгчээр тогтоогоод эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцуулаад явсан байгаа. Ч-ийн үйлдлийн улмаас учирсан гэмтлийг тусад нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар юм уу, Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй. Гэмт хэрэг байна. Гэмт хэргийн улмаас Хандсүрэнгийн биед хөнгөн хохирол, Г-ын биед хүндэвтэр гэмтэл учирсан байна гээд эрүүгийн хэргээр шалгаж шийдвэрлэсэн байгаа. Тухайн асуудлыг Г-ын биед учирсан гэмтлийг эрүүгийн хэргээр, Хандсүрэнгийн биед учирсан хөнгөн гэмтлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй юм. Тийм учраас шүүгдэгчид холбогдсон хэргийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч Г-т учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал зэргийг харгалзаад Ч-ад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүхээс гарсан шийтгэх тогтоол нь хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна гэв.

                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж,  иргэний нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад “иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн хохирол нэхэмжилсэн баримтаас ослын дараа онош тогтоолгохоор эмчийн заавар, шийдвэрийн дагуу хийгдсэн шинжилгээний үнэ, замын зардлыг хангаж” энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүн шинжилгээ хийж, харьцуулан судлаж үзэхэд шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3 дугаар баг Зараа гэх газар Мандах Сайншанд чиглэлийн шороон зам дээр өөрийн эзэмшлийн 85-01 ДГО улсын дугаартай УАЗ 22069 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчсөн буюу жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна, жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн/1хх-96/-өөс зам тээврийн осол гаргаж, Г.Гын биед хүндэвтэр, Б.Хандсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулсан, хохирогч Г.Г, иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэн нар эмчийн заалт, шийдвэрийн дагуу толгой, цээж, хүзүүний КТГ буюу дүрс оношлогоо, тархины тодосгогчтой MRI  шинжилгээ хийлгэсэн  үйл баримт тогтоогджээ.

 

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явуулсан байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчээс мэдүүлэг авахдаа хууль зөрчөөгүй, оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд чиглэсэн, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

Мөн иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн “тархины усжилт, тархины эмгэг өөрчлөлттэй”  холбоотой шинжилгээ, эмчилгээ, эм тарианы зардал нэхэмжилсэн баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт/2 хх-137/-ийг үндэслэн хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.  

 

            Харин иргэний нэхэмжлэгч Б. Хандсүрэнгийн эмчийн шийдвэрийн дагуу/1хх-69,70/, 2018-01-26,30-ны өдөр хийлгэсэн, толгойн компьютер томографийн шинжилгээ/1хх-71/, цээжний хөндийн компьютерт томографийн шинжилгээ/1хх-72/, хүзүүний компьютерт томографийн шинжилгээ/1хх-73/, тархины тодосгогчтой MRI шинжилгээ/1хх-74/, актовегин эм/хх1хх-154/, 201-01-25-ны өдөр ээж н.мөнхнарангийн хамт,  Сайншандаас Улаанбаатар, 2018-02-04-ны өдөр Улаанбаатараас Сайншанд, Сайншандаас Мандах сум руу тус тус зорчсон баримт/1 хх-159, 160, 167, 168,171, 172/-ыг тооцож, шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлээгүй нь үндэслэлгүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497, 499, 505 дугаар зүйлд заасан хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.  

 

Иргэний нэхэмжлэгч эдгээр зардлыг гаргасан нөхцөл байдлын талаар тодруулахад тэрээр ослын дараа эмчийн заавар, шийдвэрийн дагуу онош тогтоолгохоор УБ хот руу явж, шинжилгээ хийлгэсэн, ийнхүү шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх тогтоолдоо “...тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт оношоор эмчилгээ хийлгэж, мэс засалд орсон зардал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй” гэж  нотлох баримтыг бүгдийг хамруулж, дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

 

Ийнхүү иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн биед ослын дараа илэрсэн зарим зовиур шинж, шинжилгээ хийлгэж онош тогтоолгосноор “тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт” болох нь, энэ өвчин ослоос үүссэн гэмттэл биш болох нь тус тус тогтоогдсон байх тул 2018-01-26-ны өдрөөс 2018-01-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод хийлгэсэн шинжилгээг зайлшгүй хийлгэх шаардлагатай байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамаарна гэж үзнэ.

 

 Иймээс иргэний нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоос зам тээврийн ослын дараа, эмчийн шийдвэр, зааврын дагуу хийлгэсэн шинжилгээний зардал, эмний үнэ, замын зардал, нийт 925780 төгрөг/390000+435000+35580+65200/-өөс шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчид урьд өгсөн 150000 төгрөгийг хасаж тооцон, шүүгдэгч Г.Ч-аас 775780 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнд олгохоор, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.4 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1, 1.1,  39.6 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1,  1.5, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/79 дүгээр шийтгэх тогтоолын 8 дахь заалтын “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнгийн 2577544 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

 

“Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Чаас 775780 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Хандсүрэнд олгож”, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1801764 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                              ШҮҮГЧИД                                   А.САЙНТӨГС

 

                                                                                  Н.БОЛОРМАА