Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 401

 

Г.Ч-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, хохирогч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Дагийнамжил, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар магадлалтай, Г.Ч-ад холбогдох 1819000370022 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан Б х овогт Г-ийн Ч.

Г.Ч нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын 3-р баг Зараа гэх газар Мандах Сайншанд чиглэлийн шороон зам дээр өөрийн эзэмшлийн 8501 ДГО дугаартай “УАЗ-22069” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Ч-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас 34.880 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Г-т олгуулахаар,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн 2.577.544 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-аас 775.780 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Х-д олгож”, “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.801.764 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар гаргасан гомдол болон  “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн “Амбулаториор эмчлүүлэгчдийн карт”-нд “Хүзүүний тодорхойгүй гэмтэл” гэсэн онош тавьж, хүзүүний бэхэлгээ зүүлгэв, мөн “Гэмтэл согог судлалын үндэсний төвд MRI оношлогоо хийлгэх” гэсэн заалтууд бичигджээ. “Med Trauma” эмнэлэгт 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хийлгэсэн хүзүүний компьютерт томографийн шинжилгээгээр “Хүзүүний нугаламуудад гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй” гэсэн хариу гарчээ. Б.Х-г онош тодруулахаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгээс 13А хуудсаар шилжүүлээгүй байхад ослын дараа эмчийн заалт, шийдвэрийн дагуу онош тогтоолгохоор УБ хот руу явж шинжилгээ хийлгэсэн, шинжилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж нотлох баримтыг дутуу, буруу үнэлж дүгнэсэн, нэхэмжлэгчийн “тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт” нь 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зам тээврийн осолд орсны улмаас үүсээгүй гэсэн шүүхийн шинжилгээний 2 удаагийн дүгнэлт гарсан байхад хэрэгт шалтгаант холбоогүй ердийн өвчний оношлогоо, эмчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулахаар магадлалд зааж шийдвэрлэсэн нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг хохиролд тооцох Эрүүгийн хуулийн заалтад нийцээгүй, хор уршгийг үндэслэлтэй тодорхойлоогүй, хохирлыг бодитой тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэл нотолгоо гаргаж байна.

Иймд магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил хэлсэн саналдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ процессын алдаа гаргаж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан хохирлыг Иргэний хуульд заасны дагуу гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хэргийн үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хохирогчид учирсан гэмтэл, шүүгдэгчийн гэм буруу нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэн хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ч-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ч нь өөрийн эзэмшлийн 8501 ДГО дугаартай “УАЗ-22069” загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2 дахь заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Г-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ч-ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэхдээ шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс дээрх гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирч иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Б.Х-гийн иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ “тархины эмгэг өөрчлөлт болох тархины усжилт оношоор эмчилгээ хийлгэж, мэс засалд орсон зардал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоогүй” гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ.

Иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн “тархины усжилт” өвчин нь 2018 оны 01 сарын 24-ний өдрийн зам тээврийн ослын улмаас үүсгэгдээгүй болохыг Шүүх эмнэлгийн шинжээчийн 2 удаагийн дүгнэлтээр тогтоосон боловч уг гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, энэ байдал нь түүний тархины өвчлөлд нөлөөлж сэдрээсэн, улмаар хагалгаа хийлгэх зайлшгүй шаардлагатай болсон гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдсон байх тул түүний эрүүл мэндэд учирсан гэм хорыг шүүгдэгч хариуцах үүрэгтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгчээс 775.780 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Б.Х-д олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 50 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

        ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН