Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00310

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/00310

 

 

 

Ганжил ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03130 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ганжил ЗГБХН-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монсамхин ХХК-д холбогдох

30 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, газар чөлөөлүүлж 22 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, Э.Золбоо

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундарах-Эрдэнэ, Т.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, Э.Золбоо болон өмгөөлөгч Б.Сонинбайгаль нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Баянгол дүүргийн, 18 дугаар хороонд байрлах Монсамхин ХХК-ийн газарт үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн нэртэй газрын гадна талын газрыг түрээслэхээр болж талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар тодорхой хугацаагүйгээр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал тухайн газарт 2013 онд өөрийн хөрөнгөөр авто угаалгын газар барьж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Газрыг түрээсэлж авто угаалгын газар барина гэдгийг талууд тохиролцсон бөгөөд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байгаа учир хууль ёсны дагуу байгуулагдсан түрээсийн гэрээ гэж үзэх боломжтой. Талууд анх нэг сарын түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг гэж тохирсон. Улмаар дахин гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөр нэг сарын 1 000 000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч авто угаалгын газраа ажлуулж байхад түрээслүүлэгч буюу хариуцагч талаас та нар тог хулгайлсан гэж хэлээд 2016 оны 08 дугаар сард тухайн авто угаалгын үйл ажиллагааг зогсоож тус газрын түлхүүрийг нь авсан. Ийм шалтгаанаар гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын үйл ажиллагааг зогсоож хохирол учруулсан. Хариуцагч байгууллагын эзэмшилд нэхэмжлэгчийн авто угаалгын газар бүх барилга, склад нь бүхэлдээ шилжиж эзэмшил, ашиглалтад байгаа. Түрээсийн гэрээ нь тогтвортой, талуудын итгэл найдварын үндсэн дээр баталгаатай байх зорилготой бөгөөд дуртай үедээ гэрээнээс татгалзаж, цуцлахыг хориглосон. Гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлүүд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт заасан байгаа бөгөөд гэрээ цуцлах үндэслэл байхгүй байхад гэрээ цуцалж нэхэмжлэгчид хохирол учруулсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар гэрээ зөрчсөнөөс үүдэн гарах бодит учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж хуульд заасан. Нэхэмжлэгч авто угаалгын газар барьсан 21 542 300 төгрөгийг шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж нэхэмжилж байна. Иймд Монсамхин ХХК нь түрээсийн гэрээгээ зөрчсөнөөс нэхэмжлэгч талд учирсан хохирол 21 542 300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Монсамхин" ХХК нь анх 2004 онд гадаад худалдаа, аялал жуулчлал, саун массаж, боловсруулан гүйцэтгэх газар, түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор хуулийн хүрээнд байгуулагдсан бие даасан компани юм. Монсамхин ХХК нь 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд түрээслэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэсэн тул түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1 000 000 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч Ганжил ЗГБХ нөхөрлөл нь мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээг цуцлах хангалттай шалтгаан юм. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар болж одоогийн байгаа барилга байгууламжаа буулган цэвэрлэж өгнө гэж 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г.Гантулга өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш удалгүй Ганжил ЗГБХ нөхөрлөлийн төлөөлөгч Г.Гантулга нь Тайванд хулгайн хэрэг хийн тус улсад хоригдон шалгагдаж байгаа улмаас холбоо тасарсан болно. Энэ нь уг гэрээний 4.7 дугаар заалттай холбоотой. Монсамхин ХХК-ийн захирал У Жон Сун нь Монсамхин ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Э.Баттулгад машин угаалга ажиллуулах санал тавин Э.Баттулга саналыг хүлээн авч Монсамхин ХХК-д ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан ажлаа хийж өгөхөөр тохиролцсон болно.

Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа улсын цахилгаан хулгайлан авч хэрэглэж байсныг Монсамхин ХХК олж мэдээд өмгөөлөгч Г.Баттогтохын хамт газар дээр нь очиж шалгаад зургыг нь авсан бөгөөд яг одоо энэ үйлдэлээ шууд таслан зогсоохыг шаардан өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно. Энэ нь 2016 онд хувь хүн Э.Баттулгын хийсэн үйлдэл учраас Ганжил ЗГБХ нөхөрлөлийн нэхэмжлэлд дурдаж байгаа цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласнаас шалтгаалан үйл ажиллагааг нь зогсоосон нь нөхөн төлбөрийн нэхэмжлэлтэй хамааралгүй болно Ганжил ЗГБХ нөхөрлөл нь манай компанитай гэрээ хийх үед 9011427033 бүртгэлийн дугаартай, РД:5735785 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш шинээр хийсэн гэрчилгээ байх тул үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд Ганжил" нөхөрлөлийг төлөөлөн зурсан гарын үсэг нь Г.Гантулгын гэрээнд зурсан гарын үсэгтэй зөрүүтэй өөр байгаа тул шалгах шаардлагатай. Иймд манай Монсамхин ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монсамхин ХХК нь 2013 оноос эхлэн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гээд түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн тул гэрээг цуцлах хангалттай үндэслэл юм. Иймд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах "Монсамхин" ХХК-ийн эзэмшлийн газраас Ганжил ЗГБХ нөхөрлөлийн барьсан барилгыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ Ганжил ЗГБХ нөхөрлөл нь Монсамхин ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг 1 500 000 төгрөгөөр түрээслэхээр тохирч байсан боловч талууд түрээсийн төлбөрийг бууруулан 1 000 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Ганжил ЗГБХ нөхөрлөл нь гэрээ байгуулсан цагаасаа эхлэн түрээсийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлж, удаан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Монсамхин ХХК-ийн тогноос хулгайлах, бусдад дамжуулан түрээслэх зэрэг олон зөрчил гаргасан. Тухайн байрыг барихад орсон эд материалыг Монсамхин ХХК-иас гаргасан байхад одоо манай компанийн хөрөнгөөр барьсан үнийг эгүүлэн манай компаниас нэхэмжилж, хүн чанаргүй шударга бус зүйл хийж байна. Ганжил ЗГБХ нөхөрлөл нь түрээсийн гэрээний дагуу cap бүр төлөх 1 000 000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 22 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ганжил ЗГБХ нөхөрлөлөөс 22 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч Монсамхин" ХХК-ийн захирал 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбартаа Э.Баттулга авто угаалгын газар ажлуулж байх үедээ улсаас тог хулгайлж байсныг Монсамхин ХХК олж мэдээд өмгөөлөгч н.Баттогтохын хамт газар дээр нь очиж зураг авч баталгаажуулан үйл ажиллагааг нь зогсоож яг одоо өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог хэрэглэж байсан үйлдлээ таслан зогсоогоогүй учир үйл ажиллагааг нь зогсоосон гэж байгаа. 2016 оны 08 дугаар сард үйл ажиллагааг нь зогсоосон атлаа өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд төлбөр нэхэмжлэх эрхгүй. 2016 оны 03 дугаар сараас эхэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга тухайн байгууллагад ажиллаж байсан өөрийнхөө цалингаар түрээсийн төлбөр өгч байсан гэдгийг Монсамхин ХХК-иас гаргасан тайлбарт бичсэн байна. Тус тайлбарт Монсамхин ХХК-ийн захирал нь машин угаалга ажлуулбал илүү ашигтай учраас авто угаалгын газар ажлуулах санал тавьж "Монсамхин ХХК-д хийж байсан ажлаа хийхээр болж тохиролцсон болно гэж энэ талаараа Монсамхин ХХК -ийн захирал өөрийнхөө гаргасан тайлбар дээр бичсэн. Гэвч өнөөдөр хариуцагч талаас төлөөлөгч нар нь орж ирээд үгүйсгэсэн, няцаасан байдалтай оролцож байна. Иймд нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч талын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөж, өөр газарт шилжүүлэх юм бол тухайн авто угаалгын газар нь зориулалтаа алдана. Иймд бид гэрээнээс учирсан хохирлоо хариуцагч талаас нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Монсамхин ХХК-иас 21 542 300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ганжил зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд олгож, нэхэмжлэгч Ганжил зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлд холбогдох газар чөлөөлүүлж, 22 500 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Монсамхин ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ганжил" зарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308 000 төгрөг, хариуцагч Монсамхин ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379 600 төгрөгөөс 340 650 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 38 900 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагчид, Монсамхин ХХК-иас 265 661 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар нар давж заалдах гомдолдоо: Ганжил ЗГБХ нөхөрлөл нь Мон Сан Хин ХХК-ийн эзэмшлийн 80 м.кв хэмжээтэй талбайг түрээслэхээр харилцан тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү газрыг автомашин угаалгын газрын зориулалтаар ашиглахаар тохиролцож, Мон Сан Хин ХХК-иас шаардсан тохиолдолд зардлаар газрыг чөлөөлж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулж байсан. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсийн гэрээний үргэлжлэх хугацааг заагаагүй байдаг. Тиймээс түрээсийн гэрээг гэрээний аль нэг талаас цуцлах санал гаргаснаар цуцлагдсан тооцогдох бөгөөд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болсны дараа ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцож түрээсэлсэн эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Ганжил ЗГБХ нөхөрлөл нь түрээсийн 1.7 дах хэсгийг зөрчиж гэрээнд заасан үүргийн зөрчлийг гаргаж түрээсэлсэн эд хөрөнгийг бусдад дамжуулан түрээсэлсэн, мөн түрээсийн гэрээний төлбөрийг төлөөгүй учраас шүүхэд хандан газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж гэрээг цуцласан болно. 2015 оны 05 сарын 08-ний өдрийн Түрээсийн гэрээний Бусад зүйл хэсэгт 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Ганжил ЗГБХ нөхөрлөлөөс бэлнээр 1 000 000 төгрөг өгөх, хэрвээ Мон Сан Хин ХХК-иас барилгыг нураах, ачих талбайг цэвэрлэж гарсан зардлыг Г.Гантулга хариуцахаар тохиролцсон байсан. Энэхүү гэрээний заалтын агуулгаас үзвэл 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор барилгыг нурааж түрээслүүлэгчийн газрыг чөлөөлж өгөх ёстой байсан. Ганжил ЗГБХ нөхөрлөл нь газрыг чөлөөлж өгөөгүй тул газрын ашиглах эрхийг нээлттэй орхиж түрээслэх ашиглах боломжоор хангаж байсан.

Түрээсийн гэрээнд хугацаа зааж өгөөгүй тул гэрээг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан шиг түрээслүүлэгч талаас гэрээг ундэслэлгүйгээр цуцлах, гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзах тухай ойлголт үүсэхгүй гэж үзэж байна. Түрээсийн гэрээний хугацааг тодорхойлох боломжгүй учраас түрээслэгч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дах хэсэгт Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдий ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна гэж заасны дагуу гэрээг цуцалж шүүхэд хандан газраа чөлөөлүүлэх эрхтэй юм. "Мон Сан Хин" ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Э.Баттулгад менежерийн цалинг бодвол машин угаалга ажиллуулбал илүү ашигтай болохоор машин угаалга ажиллуулах санал тавин Э.Баттулга саналыг хүлээн авч, "Мон Сан Хин" ХХК-д ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан ажлаа хийж өгөхөөр тохиролцсон болно" гэх хариу тайлбар, мөн гэрч А.Тэгшсайханы эхлээд cap бүр түрээсийн талбөрөө өгч байгаад дараа нь цаг агаарын нөхцөл байдлаас болж төлбөр төлөлт нь алдагдаж байсан ч түрээсийн төлбөрөө төлж байсан, мөнгө авсан гэх баримтууд нь байгаа, түрээсийн төлбөрийг цалин дээрээс нь авч байсан гэх нотлох баримтад үндэслэгдээгүй эргэлзээтэй гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгч, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн учир дутагдалтай. Түрээсийн төлбөр төлж байсан баримт түрээсийн гэрээний аль нэг талд байхгүй, мөн түрээсийн төлбөрийн "Мон Сан Хин" ХХК бодитойгоор хүлээн авч байгаагүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 320.3 дах хэсэгт заасныг түрээслэгч зөрчиж түрээсийн гэрээг цуцалсан гэх дүгнэлтийг шүүхээс өгсөн байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Түрээсийн гэрээний түрээсийн жил 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон ба үүнээс эхлэн 1 сарын дотор гэрээг цуцлах эрх үүссэн. Энэ хугацаанд түрээслэгч гэрээг цуцлаагүй хэдий ч гэрээ цуцлах эрх иргэний хуулийн 294.2.1-т зааснаар түрээслэгч түрээсийн гэрээний 1.7 дахь заалтыг зөрчсөн үйлдэл, мөн түрээсийн төлбөрийг төлөлгүй 3 сараас дээш хугацаа хожимдуулсан буюу иргэний хуулийн 288.1.3 дах хэсэгт зааснаар гэрээ цуцалж, түрээсийн эд хөрөнгийг шаардах эрх үүссэн болно. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг нь гэрээ татгалзсантай холбоотой харилцаанд үүсэх хуулийн зохицуулалт ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага нь гэрээ цуцалснаас үүссэн хохирол нэхэмжилсэн гэх үндэслэлтэй юм. Тиймээс энэхүү цуцлах харилцаанд гэрээг татгалзсантай холбоотой хохирол шаардах Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан явдал нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, "Мон сан хин" ХХК-ийн эзэмшлийн газарт баригдсан авто угаалгын зориулалттай барилга нь улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байдаг. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж авснаар өмчлөх эрх баталгаажна гэж заасан тул эд хөрөнгийн хохирол шаардах эрх Ганжил ЗГБХ нөхөрлөлд үүсэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ганжил ЗГБХН нь хариуцагч Монсамхин ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, газар чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 22 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Ганжил ХХК болон Монсамхин ХХК нар нь 2015 оны 05 сарын 06-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагчийн эзэмшлийн 80 м.кв газрыг түрээслэхээр тохирсон. /хх-33/

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тодорхойлох шаардлагатай байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй түрээсийн гэрээг Ганжил ХХК нь Монсамхин ХХК-тай байгуулсан. Хэрэгт 2013 онд олгогдсон Ганжил нөхөрлөлийн, Ганжил ХХК-ийн /хуулбар/ улсын бүртгэлийн гэрчилгээ тус тус авагдсан. /хх-3, 33/ Талуудын хоорондын гэрээний тал хэн болохыг эргэлзээгүй тодорхойлох боломжгүй, нөхөрлөлийн зүгээс компанийн эрхийг хэрхэн шилжүүлэн авсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүйгээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй, нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийг шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч Б.Азбаярыг захирамж гарган томилоогүй, шийдвэрийг албажуулаагүй алдаа гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг зөрчжээ. Энэ тохиолдолд хэргийг хууль бус шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03130 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 606 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Б.НАРМАНДАХ