Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 03130

 

 

   2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/03130

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхоны 8-15 тоотод байрлах, Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл /РД:5735785/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, өөрийн байранд байрлах, М ХХК/РД:2804204/-д холбогдох,

 

30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, газар чөлөөлүүлж, 22,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золбоо, Э.Баттулга, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Сонинбайгаль, хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар, гэрч З.Баярсайхан, А.Тэгшсайхан, Г.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Г.Гантулга миний бие 2013 онд Гнөхөрлөлийг үүсгэн байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Манай Гнөхөрлөл нь барьцаалан зээлдүүлэх, гутлын үйлдвэрлэл, авто угаалга, цайны газар, хүнсний дэлгүүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай нөхрлөл 2013 онд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах, “М” ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн сауны гадна талд байрлах 80 м.кв газрыг 1 сард 1,000,000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулан түрээсэлсэн. Ингээд 2013 онд 80 м.кв талбайтай авто угаалгын барилга барьсан. Тус барилгыг хөнгөн блок, модон карказ, сэндвичин дээвэр, өргөн нь 40 см, өндөр 40 см, урт 38 м хундамтай гэх зэрэг материалаар баригдсан. “М” ХХК-тай манай нөхөрлөл жил бүр гэрээ сунгаж ажилладаг байсан бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зогсоосон. Бид ямар шалтгаанаар түрээслүүлэхгүй болсон талаар асуухад цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласан тул гэрээгээр цуцласан гэж мэдэгдсэн. Ингээд манай авто угаалгыг үндэслэлгүйгээр зогсоосон нь гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд барилгын үнэ болох 30,000,000 төгрөгийг “Мн” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга, түүний өмгөөлөгч Б.Сонинбайгаль нар шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд н.Гантулга нь хариуцагч “Монсамхин” ХХК-ийн байранд ломбард ажлуулж байгаад 2013 оны 08 сард “Монсамхин” ХХК-ийн газар дээр авто угаалга барихаар болж хоорондоо тохирсон. Талуудын хооронд Баянгол дүүргийн, 18 дугаар хороонд байрлах “Монсамхин” ХХК-ийн газарт үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн нэртэй газрын гадна талын газрыг түрээслэхээр болж талуудын хооронд Иргэний хуулийн 318-д зааснаар тодорхой хугацаагүйгээр түрээсийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал тухайн газарт 2013 онд өөрийн хөрөнгөөр авто угаалгын газар барьж үйл ажиллалаа явуулж эхэлсэн. Газрыг түрээсэлж авто угаалгын газар барина гэдгийг талууд хоорондоо тохиролцсон бөгөөд түрээсийн гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдээгүй боловч талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлэгдсэн байгаа учир хууль ёсны дагуу байгуулагдсан түрээсийн гэрээ гэж үзэх боломжтой байна. Талууд анх нэг сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөг гэж тохирсон. Улмаар дахин гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөр нэг сарын 1,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал ийнхүү авто угаалгын газраа ажлуулаад явж байхад түрээслүүлэгч буюу хариуцагч талаас 2016 оны 08 сард тухайн авто угаалгын үйл ажиллагааг зогсоож тус газрын түлхүүрийг нь аваад та нар үйл ажиллагаа явуулахгүй. Учир нь та нар тог хулгайлсан гэж хэлээд хаасан. Хулгай гэдэг нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд энэ талаар ямар ч зүйл тогтоогдоогүй. Ийм үл ялих шалтгаанаар гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч талын үйл ажиллагааг зогсоож хохирол учруулсан. Хариуцагч байгууллагын эзэмшилд нэхэмжлэгчийн авто угаалгын газар бүхэлдээ шилжиж эзэмшил, ашиглалтад нь байгаа. Авто угаалгын газрын үйл ажиллагаа явуулаагүй ч гэсэн бүх барилга, склад нь хариуцагчийн эзэмшилд байгаа. Түрээсийн гэрээ нь тогтвортой, талуудын итгэл найдварын үндсэн дээр баталгаатай байх зорилготой бөгөөд дуртай үедээ гэрээнээс татгалзаж, цуцлахыг хориглосон. Гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлүүд Иргэний хуулийн 225.4-т байгаа бөгөөд гэрээ цуцлах үндэслэл байхгүй  байхад гэрээ цуцалж нэхэмжлэгчид хохирол учруулсан тул Иргэний хуулийн 227.2-т зааснаар гэрээ зөрчсөнөөс үүдэн гарах бодит учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй гэж хуульд заасан. Нэхэмжлэгч тал авто угаалгын газар барьсан 21,542,300 төгрөгийг шинжээчийн дүгнэлт дээр үндэслэж нэхэмжилж байна. Анхны нэхэмжлэлийн шаардлагаас багасгасан. Иймд М ХХКнь түрээсийн гэрээгээ зөрчсөнөөс нэхэмжлэгч талд учирсан хохирол 21,542,300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч талын хэлж байгаагаар биднийг өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжтой гэж байгаа боловч хариуцагч “МонСанХин” ХХК-ийн захирлаас 2017 оны 04 сарын 24-ний өдрийн шүүхэд гаргасан тайлбар байгаа. Тус тайлбарын 7-дахь хэсэгт Э.Баттулга авто угаалгын газар ажлуулж байх үедээ улсаас тог хулгайлж байсныг “МонСанХин” ХХК олж мэдээд өмгөөлөгч н.Баттогтохын хамт газар дээр нь очиж зураг авч баталгаажуулан үйл ажиллагааг нь зогсоож яг одоо өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог хэрэглэж байсан үйлдлээ таслан зогсоогоогүй учир үйл ажиллагааг нь зогсоосон гэж байгаа. 2016 оны 08 сард үйл ажиллагааг нь зогсоосон байж өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрсдийн санаачлагаар гэрээг зогсоосон байж түрээсийн төлбөр нэхэмжлэх эрхгүй. Мөн манай зүгээс түрээсийн төлбөрийг тухайн үед нь төлж байсан гэдгийг нотлохоор гэрч нар ирсэн байгаа. Харин 2016 оны 03 сараас эхэлж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга тухайн байгууллагад ажиллаж байсан өөрийнхөө цалингаар түрээсийн төлбөр өгч байсан гэдгийг “МонСанХин” ХХК-иас гаргасан тайлбарт бичсэн байгаа. Тус тайлбарт “МонСанХин” ХХК-ийн захирал нь “МонСанХин” ХХК-нд менежерээр ажиллаж байсан Э.Баттулгын цалинг бодвол машин угаалга ажлуулсан нь илүү ашигтай болохоор авто угаалгын газар ажлуулах санал тавьж “МонСанХин” ХХК-нд хийж байсан ажлаа хийхээр болж тохиролцсон болно гэж энэ талаараа “М” ХХК-ийн захирал өөрийнхөө гаргасан тайлбар дээр бичсэн. Гэвч өнөөдөр хариуцагч талаас төлөөлөгч нар нь орж ирээд үгүйсгэсэн, няцаасан байдалтай оролцож байна. Иймд нэхэмжлэгч талаас түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй бөгөөд хариуцагч талын эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг хөдөлгөж, өөр газарт шилжүүлэх юм бол тухайн авто угаалгын газар нь зориулалтаа алдана. Иймд бид гэрээнээс учирсан хохирлоо хариуцагч талаас нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч М ХХКнь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М ХХКнь анх 2004 онд гадаад худалдаа, Аялал жуулчлал, Саун массаж, боловсруулан гүйцэтгэх газар, түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол улсын хуулийн хүрээнд байгуулагдсан бие даасан компани юм. Манай М ХХКнь өнгөрсөн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнөөдрийг хүртэл Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу үнэнч тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай  М ХХКнь 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд түрээслэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэсэн тул түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1,000,000 төгрөг болгосон. Гэсэн хэдий ч Гнөхөрлөл нь мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан бөгөөд түрээслүүлэгч “М” ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээг цуцлах хангалттай шалтгаан юм. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар болж одоогийн байгаа барилга байгууламжаа буулган цэвэрлэж өгнө гэж 2015 оны 05 сарын 06-ны өдөр Г.Гантулга өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш удалгүй Гнөхөрлөлийн төлөөлөгч Г.Гантулга нь Тайванд хулгайн хэрэг хийн тус улсад  хоригдон шалгагдаж байгаа улмаас холбоо тасарсан болно. Энэ нь уг гэрээний 4.7 дугаар заалттай холбоотой. “М” ХХК-ийн захирал У Жон Сун нь “М” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Э.Баттулгад менежерийн цалинг бодвол машин угаалга ажилуулвал илүү ашигтай болохоор машин угаалга ажиллуулах санал тавин Э.Баттулга саналыг хүлээн авч “М” ХХК-д ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан ажлаа хийж өгөхөөр тохиролцсон болно. Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа улсын цахилгаан хулгайлан авч хэрэглэж байсныг М ХХКолж мэдээд өмгөөлөгч Г.Баттогтохын хамт газар дээр нь очиж шалгаад зургыг нь авсан бөгөөд яг одоо энэ үйлдэлээ шууд таслан зогсоохыг шаардан өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно. Энэ нь 2016 онд хувь хүн Э.Баттулгын хийсэн үйлдэл учраас Гнөхөрлөлийн нэхэмжлэлд дурдаж байгаа цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласнаас шалтгаалан үйл ажиллагааг нь зогсоосон нь нөхөн төлбөрийн нэхэмжлэлтэй хамааралгүй болно. Гнөхөрлөл нь манай компанитай гэрээ хийх үед 9011427033 бүртгэлийн дугаартай, РД:5735785 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш шинээр хийсэн гэрчилгээ байх тул үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд Гнөхөрлөлийг төлөөлөн зурсан гарын үсэг нь Г.Гантулгын гэрээнд зурсан гарын үсэгтэй зөрүүтэй өөр байгаа тул шалгах шаардлагатай байна. Иймд манай “М” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тус нэхэмжлэл нь Гнөхөрлөл болон “М” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ болон аж ахуй нэгжийн гэрчилгээ, Гнөхөрлөлийг төлөөлж буй баталгаа баримт бичиг байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М ХХКнь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Манай М ХХКнь 2013 оноос эхлэн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан түрээсэлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гээд түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1,000,000 төгрөг болгосон. Үүнээс хойш түрээслүүлэгч “М” ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн тул гэрээг цуцлах хангалттай үндэслэл юм. Иймд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн газраас Гнөхөрлөл барьсан барилгыг албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч М ХХКнь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “М ХХК-иас Г нөхөрлөлд холбогдуулан М ХХК-ийн газраас Г нөхөрлөлийн барьсан барилгыг албадан чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан билээ. Ганжил нөхөрлөл нь “М” ХХК-тай 2015 оны 5 сарын 6-ны өдөр Түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу сарын 1,500,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгийг түрээслэхээр тохирсон боловч талууд түрээсийн төлбөрийг бууруулан 1,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Гэтэл Гнөхөрлөл нь гэрээ байгуулсан цагаасаа эхлэн түрээсийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлж, удаан хугацаанд огт төлбөрөө төлөөгүй явж ирсэн, “М” ХХК-ийн тогноос хулгайлах, бусдад дамжуулан түрээслэх зэрэг олон зөрчил гаргасаар байсан. Тухайн байрыг барихад орсон эдматериалыг М ХХКгаргасан байхад одоо манай компаний хөрөнгөөр барьсан үнийг эгүүлэн манай компаниас нэхэмжилж, хүн чанаргүй шударга бус зүйл хийж байна. Г нөхөрлөл нь түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 1,000,000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 5 сарын 7-ны өдрийн байдлаар 22,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Гнөхөрлөлөөс 22,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмэгдүүлж байна” гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн харилцаа анх 2013 оноос эхэлсэн нь үнэн. 2013 онд газрын тодорхой хэсэг буюу газрын 80 м.кв-ыг Гнөхөрлөлд түрээслэхээр болж талбайн түрээсийг 1,500,000 төгрөгөөр тохирсон. Гнөхөрлөл нь үйл ажиллагаа явуулах ашиггүй байна гэдэг шалтгааныг “М” ХХК-д тавьсан учир манай талаас түрээсийн гэрээний нэг сарын төлбөрийг 1,000,000 төгрөг болгон бууруулж 2015 оны 05 сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Гэрээнд зааснаар тухайн газар нь 80 м.кв, гэрээнд хугацаа тохироогүй. Нэхэмжлэгч нар ярихдаа тог хулгайлсан гэдгээр гэрээг хязгаарласан бөгөөд үйл ажиллагааг зогсоосон гэж байгаа боловч хариуцагч талаас ямар ч тийм үйлдэл гаргаагүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хязгаарлаж, боогдуулсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч тал үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэдэг шалтгаанаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Улмаар түрээсийн төлбөрт 2015 оны 07 сарын 06-нд 1,500,000 төгрөг төлсөн. Бусад түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд газрыг гэрээний дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр манай талаас гэрээг цуцалж, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Түрээсийн гэрээгээр 1,000,000 төгрөгөөр тохирсон бөгөөд гэрээ байгуулагдсанаас хойш буюу 2015 оны 07 сарын 06-нд 1,500,000 төгрөг өгсөн. Үүнээс өөр төлбөр төлөөгүй. Бид шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд гэрээ хүчин төгөлдөр байсан гэж үзэж байна. Учир нь манай байгууллагын зүгээс үйл ажиллагаа явуулах боломжийг огт хаагаагүй Гнөхөрлөл үйл ажиллагаа явуулах боломжтой байсан учир гэрээ хүчин төгөлдөр. Иймд гэрээний төлбөр болох 2015 оны 05 сарын 06-наас 2017 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл нийт 24 сарын төлбөр 24,000,000 төгрөг, Ганжил нөхөрлөлийн төлсөн 1,500,000 төгрөгийг хасч 22,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Иргэний хуулийн 318.1-ийн дагуу түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч Гнөхөрлөлөөс шаардаж байна. Мөн Гнөхөрлөлийн манай газар дээр барьсан барилгыг буулгаж газар чөлүүлж өгнө үү” гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч шүүх хуралдаанд шаардлагын хэмжээг багасгаж 21,542,300 төгрөг гаргуулхаар нэхэмжилснийг хариуцагч М ХХКнь эс зөвшөөрч газар чөлөөлүүлэх, 22,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч М ХХКнь нэхэмжлэгч  Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлтэй 2013 онд Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах ашиглах эрхтэй, 3128 м.кв талбайтай газрын 80 м.кв тайлбайг авто угаалгын газрын зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигч 2013 онд харилцан тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Гнөхөрлөл нь түрээсийн газар дээр өөрийн хөрөнгөөр авто угаалгын зориулалттай барилга барьж, түрээсийн төлбөрт сар бүр 1,500,000 төгрөгийг хариуцагч “Монсамхин” ХХК-д төлөхөөр тохиролцсон тухайд маргаагүй байна.

 

Талууд 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан байх бөгөөд уг гэрээг хугацаагүй, нэг сарын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг төлөх нөхцөлийг гэрээнд тусгасан боловч 1,000,000 төгрөг төлөхөөр багасган харилцан тохиролцсон байна. /хх-ийн 5, 6 дугаар тал/

 

Дээрх гэрээг нэхэмжлэгч, хариуцагч өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан байх ба түрээслэгч нь түрээслүүлэгчийн ашиглах эрхтэй 3128 м.кв талбайтай газрын 80 м.кв тайлбайг хэсэгчлэн түрээсэлсэн байх тул түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т заасан агууллагад нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг түрээсийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан гэж үзэж гэрээ цуцалснаас учирсан хохиролд түрээсийн газар дээр барьсан барилгын үнэ 21,542,300 төгрөгийг гаргуулахаар, харицагч нь нэхэмжлэгчийг түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, авто угаалгын газрыг бусдад дамжуулан түрээсэлж гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж, газар дээр барилга барьсан тул чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 2015 оны 05 сарын 06-ны өдрөөс 2017 оны 05 сарын 07-ны өдөр хүртэл 24 сарын төлбөр 24,000,000 төгрөгөөс 1,500,000 төгрөг хасч 22,500,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан “...“М” ХХК-ийн захирал У Жон Сун нь “Монсамхин” ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Э.Баттулгад менежерийн цалинг бодвол машин угаалга ажилуулвал илүү ашигтай болохоор машин угаалга ажиллуулах санал тавин Э.Баттулга саналыг хүлээн авч “Монсамхин” ХХК-д ажиллаж байхдаа гүйцэтгэж байсан ажлаа хийж өгөхөөр тохиролцсон болно. Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа улсын цахилгаан хулгайлан авч хэрэглэж байсныг М ХХКолж мэдээд өмгөөлөгч Г.Баттогтохын хамт газар дээр нь очиж шалгаад зургыг нь авсан бөгөөд яг одоо энэ үйлдэлээ шууд таслан зогсоохыг шаардан өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно“ гэх тайлбар, шүүх хуралдаанд гэрч А.Тэгшсайханы “...Ямартай ч эхлээд сар бүр түрээсийн төлбөрөө өгч байгаад дараа нь цаг агаарын нөхцөл байдлаас болж төлбөр төлөлт нь алдагдаж байсан ч төлбөрөө хугацаанд нь төлж байсан. Мөнгө авсан гэх баримтууд ч гэсэн байгаа”, түрээсийн төлбөрийг “...цалин дээрээс нь авч байсан” гэх мэдүүлэг, гэрч З.Баярсайханы “...Хөнгөн блок, банз гэх мэт материалаар барьсан”, барилгыг барихад ашигласан материалыг дахин ашиглах боломжтой юу гэсэн асуултад “...Шавраар барьсан учир эвдрэх байх” гэх мэдүүлэг, гэрч Г.Бямбасүрэнгийн “Би 1,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгдөг байсан” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч түрээсийн төлбөр төлөөгүй,  түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд дамжуулан түрээсэлж гэрээний үүрэг зөрчиж байсан байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгчийн гаргасан“...авто угаалгын газрыг 2016 оны 08 сарын 20-ны өдөр хариуцагч хаасан, үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрсчөн гэх хариуцагчийн тайлбар дээрх тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байх тул гэрээ цуцлах зөрчлийг нэхэмжлэгч гараагүй байхад хариуцагч Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т “Газар буюу эрх түрээслэх гэрээний хугацааг талууд тогтоогоогүй бол гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно” гэснийг зөрчиж түрээсийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан байна гэж үзэв.  

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу түрээсийн гэрээ цуцлахад нэхэмжлэгч буруугүй, хариуцагчийн газар дээр барьсан барилгыг нэхэмжлэгч салган авах боломжгүй байх тул барилгын үнийг хохиролд тооцон шаардах эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтэд “М” ХХК-ийн газар дээр нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн барьсан барилгын үнэлгээг 21,542,300 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн 123-120 дугаар тал/

 

            Иймд хариуцагч “М” ХХК-иас 21,542,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагтай нөхөрлөлд олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч бэлнээр болон Э.Баттулгын цалингаас тооцож байсан нь нотлогдсон тул түрээсийн төлбөрт 22,500,000 төгрөг гаргуулах, түүнчлэн гэрээг цуцлахад нэхэмжлэгч буруугүй байх тул газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу хариуцагч “Монсамхин” ХХК-иас 21,542,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагтай нөхөрлөлд олгож, нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагтай нөхөрлөлд холбогдох газар чөлөөлүүлж, 22,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Гзарим гишүүд бүрэн хариуцлагатай нөхөрлөлөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 308,000 төгрөг, хариуцагч “Монсамхин” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,600 төгрөгөөс 340,650 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 38,900 төгрөгийг улсын төсвөөс буцаан  гаргуулж хариуцагчид, “М” ХХК-иас 265,661 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР