Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01372

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2018/01372

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үүдэн чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-д холбогдох

-               Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 104 694 784 төгрөг гаргуулах тухай үндсэн

-               Доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128 168 477 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Батболд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нямдорж

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Сод-Эрдэнэ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-ийн захирал Ц.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Үүдэн чулуу ХХК нь Цэцэн билигт Өүлэн эх ТББ-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 11/14 тоот ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээгээр Үүдэн чулуу ХХК нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог хэмээх газарт Чингис хааны хөшөөний өөдөөс харуулж Өүлэн эхийн хөшөө цогцолборыг Цэцэн билигт Өүлэн эх ТББ-ын захиалгаар байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр, нийт 530 000 000 төгрөгийн өртөгтэй ажил үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон болно.

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр талууд хөшөөний суурийг 30 000 000 төгрөгөөр, чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын НӨАТ-ын зардал 31 517 000 төгрөгийг Үүдэн чулуу ХХК-д олгохоор, хөшөөний суурь чулуун тулганы өртөг болох 70 000 000 төгрөгийн НӨАТ 7 000 000 төгрөгийг захиалагч төлөхөөр тус тус тохиролцож, нийт 108 517 000 төгрөгийн 11/14 тоот гэрээг дахин байгуулсан болно. Гүйцэтгэгч Үүдэн чулуу ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2014 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг нэг бүрчлэн захиалагч талд хүлээлгэн өгсөн юм. 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр тохиролцсон ажлуудаас захиалагч талын хүсэлтээр 40 000 000 төгрөгийн өртөгтэй чулуун тулга хийх ажлыг цуцалсан. 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээний нийт өртөг нь 598 517 000 төгрөг болсон байна. Үүдэн чулуу ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай 2.5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэр, чулуун хаалгыг захиалагч тал Цэцэн билэгт Өүлэн эх ТББ нь хүлээн авсныхаа дараа 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сүр дуулиантайгаар нээлт хийж, гэрээт ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн гүйцэтгэгч талын нэр бүхий ажилчдыг тус бүр 1 000 000 төгрөгөөр урамшуулан шагнаж байсан. Захиалагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-ын тэргүүн А.Лхамжав нь Сайхан булган ХХК-ийн ерөнхий захирал ажилтай бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээний ажлын хөлсийг Сайхан булган ХХК хариуцан төлж байсан. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх тооцооны үлдэгдлийг Сайхан булган ХХК-ийн нягтлан бодогч Ж.Нямдоржтой гүйцэтгэгчийн төлөөлөгч Э.Оюунбилэг нар нь хамтран гаргасан бөгөөд энэ актаар гэрээний үлдэгдэл төлбөр 70177784 төгрөг болохыг баталгаажуулсан юм. Гэвч дээрх тооцоо нийлсэн актанд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээнд заасан Үүдэн чулуу ХХК-д олгогдох 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын 31 517 000 төгрөг, түүнчлэн 30 000 000 төгрөгийн өртөгтэй хөшөөний суурийн НӨАТ 3 000 000 төгрөгүүдийг орхигдуулсан байдаг. Үүдэн чулуу ХХК нь дээрх НӨАТ-уудыг өөрийн харилцах данснаасаа татварын албанд төлсөн болно. Хийж гүйцэтгэсэн ажлын зарим төлбөрийг бэлэн мөнгө болон бартераар тооцож авсан. Үүнд: Бэлнээр хүлээн авсан 130 000 000 төгрөг, харилцах дансаар хүлээн авсан 225 000 000 төгрөг, бартераар /2 өрөө орон сууц, гараж/ 134 822 216 төгрөг, бүгд 489 822 216 төгрөг хүлээж авсан. Уг бүтээл нь Чингисийн морьт хөшөөтэй дүйцэхүйц урлагийн, түүхийн үнэт бүтээл болсон бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч Цэцэн билигт Өүлэн эх  ТББ-ын тэргүүн А.Лхамжав нь өдөр тутмын Өдрийн сонины 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дугаарт Өүлэн эх цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ гарчигтай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл захиалгат ажлыг гүйцэтгэгч нь чанар, стандартын шаардлагад бүрэн нийцүүлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл захиалагч талаас ямар нэг санал гомдол гараагүй болно. Үүдэн чулуу ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид 2013 оны 5 сараас 2014 оны 5 сар хүртэл бүтэн 1 жилийн хугацаанд өөрсдийн ур ухаан, чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж, чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл хийж чадсан. Гэвч захиалагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу захиалгат ажлын төлбөрийг бүрэн төлөлгүй өнөөдрийг хүртэл манай байгууллагыг хохироосоор байна. Иргэний хуулийн 343.1, 346.1, 351.1.1-д заасны дагуу Цэцэн билигт Өүлэн эх ТББ-аас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээний үүрэг болох 104 694 784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Тус гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зузаантай 2.5 м өндөр, 23 м урт рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр тус тус нийт 530 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр болсон. Мөн түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №11/14 дүгээр гэрээгээр байгалийн боржин чулуугаар 3 м өндөртэй хөшөөний суурь, суурийн тойргийн диаметр доод суурь 3.8 м, дунд суурь 3.4 м, дээд суурь 3 м, суурийг 30 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 2.6 м өндөр, 3 м диаметртэй чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр тус тус нийт 70 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба чулуун тулгыг гүйцэтгэгч хугацаандаа хийж амжихгүй болсон тул төмрөөр хийлгэхээр болсон юм. Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560 000 000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрийг бид гэрээний хугацаанд дараах байдлаар ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 48А байрны 8 тоот 51.6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 134 822 216 төгрөг, бэлнээр болон дансаар 355 000 000 төгрөгийг нийт 489 822 216 төгрөгийг өгсөн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тухайлбал Өүлэн эхийн хөшөөний ар талд буюу хондлой дээр нь хар толбо үүссэн. Түүнчлэн хөшөөний гурван давхар суурин дээр мөн адил том том хар толбууд үүсч улмаар сууриных өнгө өөрчлөгдөж байна.  Рельефэн сийлбэр хөшөөний дээд хэсэгт хужир ургаж, өнгөнд нь өөрчлөлт ороод дээд хэсгээрээ харлан доошоогоо нэвчиж байна. Үүдний чулуун хаалганы тухайд Монголын түүхэн хатадын Өүлэн эх цогцолбор нь Монголынхоо түүх, соёл уламжлалыг аялагч, жуулчдад тодорхой хэмжээнд таниулах зорилготой учир аялал жуулчлалын том оврын автобусыг оруулах нь зүй хэрэг бөгөөд энэ үүднээс үүдний хаалгыг автомашины 2 том орц гарцтай, баруун зүүн талд нь явган хүний орох гарах хаалгыг хийлгүүлэхээр захиалсан юм. Чулуун хаалганы загвар, хэмжээг ажил гүйцэтгэгчээс анх гаргаж өгсөн зураг дээр тэмдэглэсэн бөгөөд уг хэмжээгээр явган хүний хоёр хаалганы өргөнийг тус бүр 1.5 м, автомашины хоёр хаалганы өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу гүйцэтгэсэн бөгөөд одоо уг автомашины хаалгаар зориулалтын жуулчны автобус өргөн болон өндрөөрөө багтаж орох боломжгүй болсон. Энэхүү доголдлуудын талаар манайхаас удаа дараа амаар хэлэхэд хөшөөн дээрх хар толбуудыг янзалж өгнө гэдэг боловч өнөөдрийн байдлаар доголдлыг арилгаагүй ба үүдний чулуун хаалгыг автобус багтахааргүй байгааг хэлэхэд багтана, бид тооцоолсон гэх боловч бодит байдал дээрээ мөн л автобус багтахгүй доголдол бий болоод байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд Үүдэн чулуу ХХК-тай анх гэрээ байгуулахаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь өөрийн гэрээний үнэд ажлын зардал, хөлс болон татвар зэргээ тооцсоны үндсэн дээр бид харилцан тохиролцсон. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу тухайн байгууллага өөрийн орсон орлогоосоо татвар төлөх ёстой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Үүдэн чулуу ХХК-ийн нэхэмжлэлтэй Цэцэн Билигт Өүлэн Эх ТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 дугаар гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9м өндөртэй Өүлэн эхийн хөшөөг 280 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зуузантай 2.5 м өндөр, 23 м урт рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр тус тус нийт 530 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр болсон. Мөн түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 дугаар гэрээгээр байгалийн боржин чулуугаар 3м өндөртэй хөшөөний суурь, суурийн тойргийн диаметр доод суурь 3.8 м, дунд суурь 3.4 м, дээд суурь 3 м, суурийг 30 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 2.6 м өндөр, 3 м диаметртэй чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр тус тус нийт 70 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба чулуун тулгыг гүйцэтгэгч хугацаандаа хийж амжихгүй болсон тул төмрөөр хийлгэхээр болсон юм. Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560 000 000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрт нийт 489 822 216 төгрөгийг өгсөн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тодруулбал Өүлэн эх түүхэн танилцуулга бүхий цогцолборын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлал юм. Тиймээс ч гадаад дотоод жуулчдыг хүлээн авч тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор цогцолборын агуулга, үндсэн хийц, зохион байгуулалт, төлөвлөлтийн дагуу төв хаалгыг чулуугаар хийлгэсэн боловч зориулалтын аялал жуулчдын автобус өндөр өргөнөөрөө багтахгүй байгаа нь чулуун хаалгыг зориулалтын дагуу ашиглах боломжийг үгүй хийхийн зэрэгцээ доголдлыг нь арилгах боломжгүй байх тул чулуун хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд дээрх дүнг нэгтгээд ажил гүйцэтгэгч Үүдэн чулуу ХХК-иас хөшөөний доголдол арилгах зардалд 48 346 261 төгрөг, үүдний чулууны хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөг нийт 128 168 477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ дурдсан хөшөө засах зардлыг урьдчилсан байдлаар гаргахад 48 346 261 төгрөг хэмээн дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх тоо нь ямар үндэслэл, тооцоо, нотлох баримт дээр тулгуурлаж гарсан нь ойлгомжгүй, санаанаасаа зохиосон дүн хэмээн үзэж байна. Мөн 2 дахь шаардлагадаа чулуун хаалганы үнэд төлсөн 79 822 216 төгрөг буцаан гаргуулах тухай дурдсан нь бүр ойлгомжгүй байна. Учир нь хөшөө, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот нэг л гэрээний дагуу хийсэн бөгөөд хэрэв гэрээнээс татгалзах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх мэт шаардлагууд гаргаж буй бол дээрх үр дагавар яригдах бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар огт дурдаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлдээ чулуун хаалганы нийт өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар харилцан тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу хийсэнодоо жуулчны автобус орохгүй байгаа гэх мэтээр баримт нотолгоогүй зүйлс дурджээ. Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2017 оны 12 сард шүүгчийн захирамжаар Уран Асар ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 24-нд хаалганы хэмжээнд дүгнэлт гаргасан байна. Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно хэмээн заажээ. Үүдэн чулуу ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельфэн сийлбэр, чулуун хаалга нь үл хөдлөх хөрөнгө, барилга байшин биш тул захиалагч тал нь хүлээн авснаасаа хойш 1 жилийн дотор энэ талаарх гомдол, хүсэлтээ гаргах ёстой байсан ч дээрх хугацаанд гомдол гаргаагүй байна. Иргэний хуулийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна. Хариуцагчийн тайлбарлаж буй хар толбо үүссэн, суурины өнгө өөрчлөгдсөн, хужир ургасан гэх шалтгаанууд нь чулуун хөшөө, чулуун хөшөөний хийц, бүтцийн эвдрэл, хагарал биш бөгөөд 102/Ш32017/16758 тоот "Шинжээч томилох тухай" захирамжаар томилогдсон Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 38 тоот дүгнэлтэд ".. байгалийн чулуу нь ерийн нөхцөлд дотроосоо хувирч өөрчлөгддөггүй, зөвхөн температурын өөрчлөлт, ус, салхи, хөрс, ургамал зэрэг гадны нөлөөгөөр өгөршилд ордог хэмээн дүгнэжээ. Иймд захиалгаар бүтээлгэсэн бүтээлүүдэд захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжсэний дараа байгалийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөө орсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. Үүдэн чулуу ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид нь зөвхөн захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургийн дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Чулуун хаалга хэмжээнээс бага хийгдсэн гэж байгаа боловч хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гаргаж өгсөн эскиз зурган дээрх хэмжээнээс харин ч илүү хийсэн нь харагдаж байна.   2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чулуун хаалга, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр чулуун хөшөө, рельефэн сийлбэрийн нээлтүүдийг хийх үед ч нийлүүлсэн бүтээлийн чанарын талаар асуудал гараагүй байсан. Чулуун хаалга, бусад бүтээлийг захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургын дагуу 1 см-ийн дутуугүй, харин ч илүү хэмжээтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Чулуун хаалга, бусад бүтээл нь нэгэнт захиалагчийн эзэмшил, ашиглалтанд ороод 4 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн З53.1, 353.2, 353.3 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх бүтээлүүд нь ямар ч доголдолгүй байна.  Хужир ургасан, өнгө өөрчлөгдсөн, автобус орохгүй байгаа гэх шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг хэрэг маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед хариуцагчийн зүгээс автобусны зогсоолыг чулуун хаалганы гадаа байгуулж өгвөл эвлэрэх боломжтой гэсэн санал тавьж байснаас үзэхэд хаалгатай холбоотой асуудлыг эзэмшигч тал бүрэн зохицуулах боломжтой нь харагдаж байна. Хариуцагчийн гаргасан  сөрөг нэхэмжлэлд  хуулийн болон бусад үндэслэл бүхий нотолгоо, нотлох баримт, няцаалт байхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3  дахь хэсэгт зааснаар хариуцагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-аас 104 694 784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-д олгож, хариуцагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Үүдэн чулуу ХХК-д холбогдох доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128 168 477 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681 424 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгөөс 798 792 төгрөгийг тус, тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 681 424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-д олгож, улсын төсвөөс илүү төлсөн 109 158 төгрөгийг гаргуулан хариуцагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сод-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:

... Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 дугаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу Өүлэн эхийн хөшөө, рельенфэн сийлбэр бүхий хөшөө болон чулуун хаалгыг хийж гүйцэтгүүлэхээр болсон. Дээрх эд хөрөнгүүдэд доголдол илэрсэн талаар хариу тайлбар болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гүйцэтгэгч тал өөрийн материалаар хөшөөнүүдийг хийсэн ба маргааны зүйл болох гэрээний үр дүнд бий болсон хөшөөнд толбо үүссэн бөгөөд одоо ч уг толбууд улам тодорч, хэмжээ нь нэмэгдсээр байна. Энэхүү толбо нь гүйцэтгэгч талаас өөрсдөөс нь гаргасан материал болон хөшөө, сийлбэрийг зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн ажиллагаатай холбоотой эсэхийг бид мэдэхгүй юм. Тиймээс доголтой холбоотой асуудлыг тухай бүр нь гүйцэтгэгчид компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал Ц.Энхтайвантай нь байнга холбогдож байсан ба бид засаж янзалж өгнө гэж байсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд огт худал, бодит үйл баримтаас илтэд зөрүүтэй тайлбар гаргаж буй нь шударга бус юм. Чулуун хаалганы ажлыг ямар загвар, хэмжээтэй байх талаар талууд гэрээнд тохиролцсон зүйл байхгүй боловч хаалганы загвар зураг дээр тавигдсан хэмжээгээр хаалга хийхээр тохиролцсон талаар нэхэмжлэгчийн талаас шүүх хуралдаан дээр бичгээр тайлбар өгсөн байдаг. Гэтэл уг загвар зурагт хаалганы нийт уртыг 14.8 метр гэж заасан байхад шинжээчийн дүгнэлтээр хаалганы нийт уртыг 13.821 метр гэж тодорхой ирүүлсэн байхад шинжээчийн дүгнэлтийг ямар нэгэн байдлаар иш таталгүйгээр чулуун хаалгыг доголдолгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон. Түүнчлэн нэгхэн метрээр дутуу хийсэн гээд ажлын үр дүнгийн доголдлын үнийг мөн хэмжээнд дүйцүүлэн бууруулах боломжгүй юм. Учир нь нэг метрээр дутуу боловч уг хаалгыг зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын цогцолборын хаалгаар ашиглаж, хэрэглэх боломжгүй байгаа нь маргааны гол зүйл болж байгаа юм. Мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон. Тодруулбал, нэмэгдсэн өртгийн албан татварыг тухайн аж ахуйн нэгж байгууллагын олсон орлогодоо ногдох татварыг тайлагнаж тухай бүрд нь төлдөг. Гэтэл анх гэрээ байгуулах үед НӨАТ-ыг оруулан гэрээ байгуулсан байтал тэрхүү үнийн дүнг дахин нөхөж хариуцагчаас гаргуулахаар гэрээнд тусгах хууль зүйн боломжгүй. Түүнчлэн албан татварыг тодорхой олсон орлогодоо ногдуулан төлдөг байтал "Үүдэн чулуу" ХХК хавтаст хэргийн 36-56 дахь тал авагдсан баримт нь ямар орлогоосоо олсон орлогод татвар төлсөн нь тодорхойгүй байдаг. Гэтэл шүүх уг баримтыг зөвхөн хариуцагч байгууллагаас олсон орлогод төлсөн НӨАТ гэж үзэж "Цэцэн билигт Өүлэн эх" ТББ-аас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэл муутай болсон.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаарсарын 14-ны өдрийн 102/Ш32017/16758 дугаар шүүгчийн захирамжаар маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдал, маргааны зүйлийг тодруулахаар Геолигийн төв лаборатори болон "Уран Асар" ХХК-ийг шинжээчээр томилсон. "Уран асар" ХХК-аас шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн байх бөгөөд харин Чулуун хөшөөний доголдолтой холбогдох асуудлаар томилогдсон шинжээч Геолигийн төв лаборатороос 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар албан тоотоор шинжээчээр ажиллахаас татгалзсан байна. Улмаар захирамжийн биелэлтийг хангуулан Өүлэн эх болон рельефэн сийлбэр хөшөөний дээр үүссэн хар толбо, ургасан хужирын үүссэн шалтгааны талаар тусгай мэдлэг бүхий ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг шинжээчээр томилсон. Гэтэл ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 63 дугаар албан тоотоор "манай сургууль хүсэлтэнд дурдагдсан хөшөөний боржин чулуулгийн гадны өерчлөлтөнд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 16-р зүйлийн 16.1.7-д заасны дагуу тодорхойлолт өгч, дүгнэлт гаргах боломжгүй болохоо илэрхийлж байна" гэсэн хариуг ирүүлсэн. Үүнийг шүүх Монгол улсад энэ асуудлаар өөр шинжээч байхгүй, ажиллах боломжгүй мэтээр хүлээн авч өмнө гаргасан шүүгчийн захирамжийнхаа биелэлтийг хангаагүйгээс гадна ажил гүйцэтгэх гэрээний доголдлын мөн чанар, шалтгаан нөхцлийг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн хэрэг болсон. Улмаар уг ажиллагааг хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрнээ хариуцагчийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй хэмээн буруутгасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нь хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 104 694 784 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128 168 477 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа ...үлдэлдэл төлбөр болох 70 177 784 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт төлсөн 31 517 000 төгрөгийн хамт гаргуулна гэсэн үндэслэл заасан байна.

Талууд 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 04/13 дугаар гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нь Өүлэн эхийн баримлыг 280 000 000 төгрөгөөр, рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр, нийт 530 000 000 төгрөгийн үнэ бүхий ажлыг хийхээр харилцан тохиролцжээ. /хх-ийн 6-7 тал/

Мөн талууд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 11/14 дугаар гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нь хөшөөний суурийг 30 000 000 төгрөгөөр, чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, захиалагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ нь ажлын хөлс 70 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээт ажлын НӨАТ-ын зардал 31 517 000 төгрөгийн хамт нийт 108 517 000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 8 тал/ Талууд дээрх гэрээнүүдэд хийж гүйцэтгэх ажлын хэмжээ, загвар, материалын /хаалганы өндөр, рельефэн сийлбэрийн урт, өргөн, зузаан, хөшөөний урт гэх мэт/ талаар тохиролцсон байна.

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл байгуулж, гарын үсгээ зурсан хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нь хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-аас уг гэрээний үүргийг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх заалттай нийцжээ.

Захиалагч буюу хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 04/13 дугаар болон 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн гэрээнүүдийн ажлын хөлсөнд нийт 594 517 000 төгрөг төлөхөөс 489 822 216 төгрөг төлсөн асуудлаар зохигчид маргаагүй болно.

Хэргийн 14 дүгээр талд ажил хүлээж авсан тухай акт авагдсан байх бөгөөд уг актаар зохигчид 2014 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгалийн боржин чулуугаар 15м урт 7м өндөр чулуун хаалга, суурийн хамт 13,4 м өндөр Өүлэн эх, 24м урт хатадын рельефэн сийлбэрийг хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, захиалагчийг төлөөлж Э.Оюунбилэг, гүйцэтгэгчийг төлөөлж н.Эрдэнэчулуун нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Мөн талууд тооцооны үлдэгдлийн баталгаа №12 гэсэн баримтаар хоёр байгууллага хооронд 2013 оны 9 дүгээр сарын 7-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд захиалагч нь 70 177 784 төгрөгийн өртэй болохыг харилцан баталсан бичгийн баримт үйлджээ. /хх-ийн 13 тал/

Түүнчлэн Өдрийн сонингийн 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 193 дугаарт тухайн цогцолборыг барьж дуусгасан, цогцолборын барилгыг хүлээн авсан, нээлтийн үйл ажиллагаа хийсэн талаар хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-ын захирал А.Лхамжав ярилцлага өгсөн байна. /хх-ийн 58-60 тал/

Дээрх баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу гэрээнд заасны дагуу ажил гүйцэтгэгч буюу Үүдэн чулуу ХХК ажлаа хийж гүйцэтгэсэн, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасны дагуу захиалагч буюу Цэцэн билигт Өүлэн эх ТББ нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авчээ.

2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээний 2.3-т хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ нь нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээт ажлын НӨАТ-ын зардал 31 517 000 төгрөгийг төлөхөөр тохирсон байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр болох 70 177 784 төгрөгийг, нэмэгдсэн өртгийн албан татвар 31 517 000 төгрөгийн хамт нийт 104 694 784 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Өүлэн эхийн хөшөө, суурь, рельефэн сийлбэр хөшөө зэрэгт толбо үүссэн, хужир ургасан гэж зааж, засварын зардалд 48 346 261 төгрөг, хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу томилогдсон шинжээч болох Геологийн төв лаборатори ТӨҮГ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар дүгнэлтэд ...Манай байгууллага нь чулууны найрлагыг тодорхойлох шинжилгээ хийдэг. Уг цогцолборын хөшөөний чулууны найрлагыг тодорхойлж болох боловч байгалийн чулуу нь ердийн нөхцөлд дотроосоо хувирч, өөрчлөгддөггүй, зөвхөн температурын өөрчлөлт, ус, салхи, хөрс, ургамал зэрэг гадны нөлөөгөөр өгөршилд ордог гэж тайлбарлажээ. /хх-ийн 145 тал/

Түүнчлэн талууд гэрээндээ гүйцэтгэх ажлын чанарын талаар нарийвчлан тодорхойлоогүй байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ... ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажил гүйцэтгэх үүрэг хүлээсэн байдаг бөгөөд мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Үүдэн чулуу ХХК нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд ажил гүйцэтгэгчийн буруутай ажиллагааны улмаас ажлын гүйцэтгэлд хөх толбо үүссэн, хужир ургасан гэж үзэн нэхэмжлэгч байгууллагаас тухайн доголдлыг арилгах засварын үнэ 48 346 261 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч байгууллага чулуун хаалганы өндрийн хэмжээний талаар маргаж, хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм. Учир нь гэрээгээр чулуун хаалганы өндрийн талаар тухайлан тохиролцоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч болох Уран асар ХХК-ийн мэргэшсэн архитектор О.Оюунболдын дүгнэлтээр ...чулуун хаалганы автомашины хаалга 1-ийн өндрийн хэмжээ газраас тотго хүртэл 3743 мм, чулуун хаалганы автомашины хаалга 2-ын өндрийн хэмжээ газраас тотго хүртэл 3826 мм гэж дүгнэжээ. /хх-ийн 148 тал/

Түүнчлэн хэргийн 78 дугаар талд авагдсан тухайн чулуун хаалгаар том оврын автобус гарч байгаа фото зургаас харахад чулуун хаалгаар жуулчны том оврын автобус багтдаггүй гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Цэцэн билэгт Өүлэн эх ТББ-ын гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон гэж үзэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ... хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй атал хариуцагчид уг эрхийг эдлүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-аас 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр олгосон итгэмжлэлээр хариуцагч байгууллагыг төлөөлөн Б.Сод-Эрдэнэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх бөгөөд тэрээр 2017 оны 9 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 5, 2018 оны 3 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд тус тус хэргийн материалтай танилцсан байх тул энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм. /хх-ийн 86,89, 166, 194 тал/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Цэцэн билигт Өүлэн эх ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 480 216 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО