Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2018/01534

 

“Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1372 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 104 694 784 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128 168 477 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч А.Лхамжавын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн төлөөлөгч А.Лхамжав, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхбат, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Ү” ХХК нь “Ц Б Ө Э” ТББ-тай 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 04/13 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 11/14 тоот ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан.

2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээгээр “Ү” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог хэмээх газарт Чингис хааны хөшөөний өөдөөс харуулж, Өүлэн эхийн хөшөө цогцолборыг “Ц Б Ө Э” ТББ-ын захиалгаар байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр, нийт 530 000 000 төгрөгийн өртөгтэй ажил үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон болно.

2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талууд хөшөөний суурийг 30 000 000 төгрөгөөр, чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын НӨАТ-ын зардал 31 517 000 төгрөгийг “Ү” ХХК-д олгохоор, хөшөөний суурь чулуун тулганы өртөг болох 70 000 000 төгрөгийн НӨАТ 7 000 000 төгрөгийг захиалагч төлөхөөр тус тус тохиролцож, нийт 108 517 000 төгрөгийн 11/14 тоот гэрээг дахин байгуулсан болно. Гүйцэтгэгч “Ү” ХХК нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг нэг бүрчлэн захиалагч талд хүлээлгэн өгсөн юм. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр тохиролцсон ажлуудаас захиалагч талын хүсэлтээр 40 000 000 төгрөгийн өртөгтэй чулуун тулга хийх ажлыг цуцалсан. 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний нийт өртөг нь 598 517 000 төгрөг болсон байна. “Ү” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай 2.5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэр, чулуун хаалгыг захиалагч тал “Ц Б Ө Э” ТББ нь хүлээн авсныхаа дараа 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр сүр дуулиантайгаар нээлт хийж, гэрээт ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн гүйцэтгэгч талын нэр бүхий ажилчдыг тус бүр 1 000 000 төгрөгөөр урамшуулан шагнаж байсан. Захиалагч “Ц Б Ө Э” ТББ-ын тэргүүн А.Лхамжав нь “Сайхан булган” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай бөгөөд 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний ажлын хөлсийг “Сайхан булган” ХХК хариуцан төлж байсан. 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх тооцооны үлдэгдлийг “Сайхан булган” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Нямдоржтой гүйцэтгэгчийн төлөөлөгч Э.Оюунбилэг нар нь хамтран гаргасан бөгөөд энэ актаар гэрээний үлдэгдэл төлбөр 70 177 784 төгрөг болохыг баталгаажуулсан юм. Гэвч дээрх тооцоо нийлсэн актанд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээнд заасан “Ү” ХХК-д олгогдох 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын 31 517 000 төгрөг, түүнчлэн 30 000 000 төгрөгийн өртөгтэй хөшөөний суурийн НӨАТ 3000 000 төгрөгүүдийг орхигдуулсан байдаг.

“Ү” ХХК нь дээрх НӨАТ-уудыг өөрийн харилцах данснаасаа татварын албанд төлсөн болно. Хийж гүйцэтгэсэн ажлын зарим төлбөрийг ...бэлэн мөнгө болон бартераар тооцож авсан. Уг бүтээл нь Чингисийн морьт хөшөөтэй дүйцэхүйц урлагийн, түүхийн үнэт бүтээл болсон бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч “Ц Б Ө Э”  ТББ-ын тэргүүн А.Лхамжав нь өдөр тутмын Өдрийн сонины 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дугаарт Өүлэн эх цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ гарчигтай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг.

Өөрөөр хэлбэл захиалгат ажлыг гүйцэтгэгч нь чанар, стандартын шаардлагад бүрэн нийцүүлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл захиалагч талаас ямар нэг санал гомдол гараагүй болно.

 “Ү” ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид 2013 оны 05 сараас 2014 оны 05 сар хүртэл бүтэн 1 жилийн хугацаанд өөрсдийн ур ухаан, чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж, чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл хийж чадсан. Гэвч захиалагч “Ц Б Ө Э” ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу захиалгат ажлын төлбөрийг бүрэн төлөлгүй өнөөдрийг хүртэл манай байгууллагыг хохироосоор байна. Иргэний хуулийн 343.1, 346.1, 351.1.1-д заасны дагуу “Ц Б Ө Э” ТББ-аас 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний үүрэг болох 104 694 784 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Тус гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зузаантай 2.5 м өндөр, 23 м урт рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр тус тус нийт 530 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр болсон.

Мөн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №11/14 дүгээр гэрээгээр байгалийн боржин чулуугаар 3 м өндөртэй хөшөөний суурь, суурийн тойргийн диаметр доод суурь 3.8 м, дунд суурь 3.4 м, дээд суурь 3 м, суурийг 30 000 000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 2.6 м өндөр, 3 м диаметртэй чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр тус тус нийт 70 000 000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба чулуун тулгыг гүйцэтгэгч хугацаандаа хийж амжихгүй болсон тул төмрөөр хийлгэхээр болсон юм. 

Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560 000 000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрийг бид гэрээний хугацаанд ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тухайлбал Өүлэн эхийн хөшөөний ар талд буюу хондлой дээр нь хар толбо үүссэн. Түүнчлэн хөшөөний гурван давхар суурин дээр мөн адил том том хар толбууд үүсч улмаар сууриных өнгө өөрчлөгдөж байна.  Рельефэн сийлбэр хөшөөний дээд хэсэгт хужир ургаж, өнгөнд нь өөрчлөлт ороод дээд хэсгээрээ харлан доошоогоо нэвчиж байна. Үүдний чулуун хаалганы тухайд Монголын түүхэн хатадын Өүлэн эх цогцолбор нь Монголынхоо түүх, соёл уламжлалыг аялагч, жуулчдад тодорхой хэмжээнд таниулах зорилготой учир аялал жуулчлалын том оврын автобусыг оруулах нь зүй хэрэг бөгөөд энэ үүднээс үүдний хаалгыг автомашины 2 том орц гарцтай, баруун зүүн талд нь явган хүний орох гарах хаалгыг хийлгүүлэхээр захиалсан юм. Чулуун хаалганы загвар, хэмжээг ажил гүйцэтгэгчээс анх гаргаж өгсөн зураг дээр тэмдэглэсэн бөгөөд уг хэмжээгээр явган хүний хоёр хаалганы өргөнийг тус бүр 1.5 м, автомашины хоёр хаалганы өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу гүйцэтгэсэн бөгөөд одоо уг автомашины хаалгаар зориулалтын жуулчны автобус өргөн болон өндрөөрөө багтаж орох боломжгүй болсон.

Энэхүү доголдлуудын талаар манайхаас удаа дараа амаар хэлэхэд хөшөөн дээрх хар толбуудыг янзалж өгнө гэдэг боловч өнөөдрийн байдлаар доголдлыг арилгаагүй ба үүдний чулуун хаалгыг автобус багтахааргүй байгааг хэлэхэд багтана, бид тооцоолсон гэх боловч бодит байдал дээрээ мөн л автобус багтахгүй доголдол бий болоод байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд “Ү” ХХК-тай анх гэрээ байгуулахаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь өөрийн гэрээний үнэд ажлын зардал, хөлс болон татвар зэргээ тооцсоны үндсэн дээр бид харилцан тохиролцсон. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасны дагуу тухайн байгууллага өөрийн орсон орлогоосоо татвар төлөх ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ц Б Ө Э” ТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560 000 000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрт нийт 489 822 216 төгрөгийг өгсөн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тодруулбал Өүлэн эх түүхэн танилцуулга бүхий цогцолборын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлал юм. Тиймээс ч гадаад дотоод жуулчдыг хүлээн авч тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор цогцолборын агуулга, үндсэн хийц, зохион байгуулалт, төлөвлөлтийн дагуу төв хаалгыг чулуугаар хийлгэсэн боловч зориулалтын аялал жуулчдын автобус өндөр өргөнөөрөө багтахгүй байгаа нь чулуун хаалгыг зориулалтын дагуу ашиглах боломжийг үгүй хийхийн зэрэгцээ доголдлыг нь арилгах боломжгүй байх тул чулуун хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. 

Иймд дээрх дүнг нэгтгээд ажил гүйцэтгэгч “Ү” ХХК-иас хөшөөний доголдол арилгах зардалд 48 346 261 төгрөг, үүдний чулууны хөлсөнд төлсөн 79 822 216 төгрөг нийт 128 168 477 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ дурдсан хөшөө засах зардлыг урьдчилсан байдлаар гаргахад 48 346 261 төгрөг хэмээн дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх тоо нь ямар үндэслэл, тооцоо, нотлох баримт дээр тулгуурлаж гарсан нь ойлгомжгүй, санаанаасаа зохиосон дүн хэмээн үзэж байна. Мөн 2 дахь шаардлагадаа чулуун хаалганы үнэд төлсөн 79 822 216 төгрөг буцаан гаргуулах тухай дурдсан нь бүр ойлгомжгүй байна.

Учир нь хөшөө, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот нэг л гэрээний дагуу хийсэн бөгөөд хэрэв гэрээнээс татгалзах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх мэт шаардлагууд гаргаж буй бол дээрх үр дагавар яригдах бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар огт дурдаагүй байна. 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлдээ чулуун хаалганы нийт өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар харилцан тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу хийсэн, одоо жуулчны автобус орохгүй байгаа гэх мэтээр баримт нотолгоогүй зүйлс дурджээ. Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2017 оны 12 сард шүүгчийн захирамжаар “Уран Асар” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 24-нд хаалганы хэмжээнд дүгнэлт гаргасан байна. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч гэрээний нөхцлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно хэмээн заажээ. “Ү” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельфэн сийлбэр, чулуун хаалга нь үл хөдлөх хөрөнгө, барилга байшин биш тул захиалагч тал нь хүлээн авснаасаа хойш 1 жилийн дотор энэ талаарх гомдол, хүсэлтээ гаргах ёстой байсан ч дээрх хугацаанд гомдол гаргаагүй байна. 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4 дэх хэсэгт зааснаар шаардлага мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дахь хэсэгт заасан шаардлага гаргах эрхээ алдсан байна. 

Хариуцагчийн тайлбарлаж буй хар толбо үүссэн, суурины өнгө өөрчлөгдсөн, хужир ургасан гэх шалтгаанууд нь чулуун хөшөө, чулуун хөшөөний хийц, бүтцийн эвдрэл, хагарал биш бөгөөд 102/Ш32017/16758 тоот “Шинжээч томилох тухай” захирамжаар томилогдсон Геологийн төв лаборатори ТӨҮГ-ын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 38 тоот дүгнэлтэд “...байгалийн чулуу нь ерийн нөхцөлд дотроосоо хувирч өөрчлөгддөггүй, зөвхөн температурын өөрчлөлт, ус, салхи, хөрс, ургамал зэрэг гадны нөлөөгөөр өгөршилд ордог” хэмээн дүгнэжээ. Иймд захиалгаар бүтээлгэсэн бүтээлүүдэд захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжсэний дараа байгалийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөө орсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. “Ү” ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид нь зөвхөн захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургийн дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Чулуун хаалга хэмжээнээс бага хийгдсэн гэж байгаа боловч хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гаргаж өгсөн эскиз зурган дээрх хэмжээнээс харин ч илүү хийсэн нь харагдаж байна. 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр чулуун хаалга, 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр чулуун хөшөө, рельефэн сийлбэрийн нээлтүүдийг хийх үед ч нийлүүлсэн бүтээлийн чанарын талаар асуудал гараагүй байсан. Чулуун хаалга, бусад бүтээлийг захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургын дагуу 1 см-ийн дутуугүй, харин ч илүү хэмжээтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Чулуун хаалга, бусад бүтээл нь нэгэнт захиалагчийн эзэмшил, ашиглалтанд ороод 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн З53.1, 353.2, 353.3 дахь хэсэгт тус тус зааснаар дээрх бүтээлүүд нь ямар ч доголдолгүй байна.  Хужир ургасан, өнгө өөрчлөгдсөн, автобус орохгүй байгаа гэх шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Уг хэрэг маргаан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байх үед хариуцагчийн зүгээс автобусны зогсоолыг чулуун хаалганы гадаа байгуулж өгвөл эвлэрэх боломжтой гэсэн санал тавьж байснаас үзэхэд хаалгатай холбоотой асуудлыг эзэмшигч тал бүрэн зохицуулах боломжтой нь харагдаж байна. Хариуцагчийн гаргасан  сөрөг нэхэмжлэлд  хуулийн болон бусад үндэслэл бүхий нотолгоо, нотлох баримт, няцаалт байхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3  дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-аас 104 694 784 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Ү” ХХК-д холбогдох доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128 168 477 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681 424 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөгөөс 798 792 төгрөгийг тус, тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 681 424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, улсын төсвөөс илүү төлсөн 109 158 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1372 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Ц Б Ө Э” ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 480 216 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн аль аль нь ажлын үр дүнг 2014 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан, ажлын үр дүн доголдолгүй гэж дүгнэхдээ хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан баримтыг гол нотлох баримт болгодог. Гэтэл уг баримтыг шинжлэн үзвэл шүүхүүд дараах хэдэн зөрчилтэй дүгнэлт хийсэн болохыг мэдэж болно. Тухайлбал, уг актын гарчигт “Байгалийн боржин чулуугаар 15 м урт, 7 м өндөр чулуун хаалга...” гэсэн бөгөөд уг баримтын агуулга, бичвэрт ч чулуун хаалганы уртыг 15м гэж хоёр ч удаа тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, чулуун хаалганы уртын хэмжээг талууд 15м-ээр тохиролцсон болохыг нотлох бөгөөд үүнийг батлах бас нэгэн баримт нь хаалганы эскиз, загвар болон автомашин, явган хүний хаалганы өргөнийг тус бүрийг заасан гүйцэтгэгч Ц.Энхтайваны надад өгсөн зурагт хаалганы уртыг 14.8 гэж тэмдэглэсэн байгаа болно. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн №1 дугаар шинжээчийн дүгнэлтэд чулуун хаалганы уртыг 13821 мм буюу 13,8 метр байгаа болохыг тогтоосон байхад үндэслэл болгож буй баримтаас 1,2 метрээр дутуу байхад анхан шатны шүүх яагаад доголдолгүй хэмээн үзсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж чадахгүй байна.

Түүнчлэн уг баримтад захиалагчийг буюу “Ц Б Ө Э” ТББ-ийг төлөөлж Э.Оюунбилэг гэдэг хүн гарын үсэг зурсан байдаг. Гэтэл Э.Оюунбилэг гэх хүн нь гүйцэтгэгч “Ү” ХХК-ийн нягтлан бодогч болох нь хавтаст хэргийн 15-18 дахь талд авагдсан кассын орлого зарлагын баримтууд, мөн 37-57 дахь талуудад гүйцэтгэгч компаниас НӨАТ төлсөн баримтууд дээр “Ү” ХХК-ийг төлөөлж гүйлгээ хийсэн болох нь тодорхой харагдана. Мөн шийдвэр, магадлалд их татаад буй тооцоо нийлсэн актад нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж Эрдэнэчулуун овогтой Оюунбилэг уг тооцоог үйлдэж гарын үсэг зурсан байдаг. Тиймээс гүйцэтгэгч компанийн нягтлан бодогч нь захиалагчийг төлөөлж ажлын үр дүнг хүлээн авсан байх боломжгүй бөгөөд уг акт нь гэрээний зөвхөн нэг талын буюу гүйцэтгэгч талын үйлдсэн баримт болохыг илтгэх тул ажлын хүлээн авсан гэх, хөөн хэлэлцэх хугацааг үнээс тоолох зэрэг үйл баримтыг нотлохгүй юм.

Гэтэл анхан, давж заалдах шатны шүүх энэ баримтыг үндэслэн талуудын хооронд болсон бодит үйл баримт, маргаан, харилцаанаас үнэн, зөвийг тогтоож чадахгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нотлох баримт үнэлэх үндсэн зарчмыг баримтлахгүйгээр гажуудуулж байна.

Дээрхээс гадна шүүх А.Лхамжав миний сонинд өгсөн ярилцлагыг үндэслэж ажлыг хүлээж авсанд тооцжээ. Гэтэл сонин, олон нийтийн хэвлэл нь өөрсдийнхөө авсан ярилцлагыг нэмэх, хасах зэргээр өөрчлөгддөг бөгөөд ажил гүйцэтгэх гэрээний талуудын хоорондох ажлын үр дүнг хүлээж авсан эсэх, доголтой, доголгүй байсан эсэхийг тогтоох баримт бичиг биш юм. Уг ярилцлага нь зөвхөн хаалга хүлээж авсан тухайд бус “Өүлэн эх” цогцолборын үйл ажиллагаатай холбоотойгоор ярилцлага өгсөн. 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр НӨАТ төлөхөөр тохиролцсон гэх боловч манай байгууллагын тамга тэмдэг дарагдаагүй байх бөгөөд миний гарын үсэг өөрөөр бичигдсэн байна. Тодруулбал, тус гэрээ нь хуульд зааснаар талуудын албан ёсны гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй байна. Мөн түүнчлэн НӨАТ төлсөн гэсэн баримт нь манай байгууллагаас орсон орлогодоо төлснийг нь нотлохгүй байхад шүүх гэрээгээр тохирсон гээд шууд НӨАТ-ыг гаргуулахаар шийдэж буй нь үндэслэлтэй болоогүй.

Мөн давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгож буй Геологийн төв лабораторийн албан тоотод дурдсан шиг өөрчлөгддөг юм бол боржин чулуун хаалганы өнгө ч мөн өөрчлөгдөж, толбо үүсэх ёстой. Гэтэл зөвхөн хөшөөнд ийм зүйл илэрч байгаа ойлгомжгүй бөгөөд гүйцэтгэгч компани нь өөрсдөө ч үүнийгээ өмнө засаж янзалж байсан. Мөн Хөшөөн дээр үүссэн толбын талаар шинжээчийн дүгнэлт хийж огт ирүүлээгүй бөгөөд шинжээч томилсон боловч аль аль нь шинжээчээр ажиллахаас татгалзсан байхад уг асуудлыг Монгол улсад өөр ямар ч шинжээч, мэргэжлийн хүн ажиллах боломжгүй мэтээр хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, ажлын үр дүнгийн доголдлыг нотлох боломжгүй болгосон гэж үзэж байна.

Бид хаалганы өндрөөс илүүтэйгээр өргөн дутуу болох талаар маргаж, улмаар төлөвлөн барьсан зориулалтын дагуу буюу аялал жуулчлалын автобус өргөнөөрөө орох боломжгүй байгааг харуулсан фото зургийг хавсаргаж өгсөн байхад магадлалд “хэргийн 78 дахь талд авагдсан чулуун хаалгаар том оврын автобус гарч байгаа фото зургаас харахад чулуун хаалгаар жуулчны том оврын автобус багтдаггүй гэсэн хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна” гэх зэргээр хэрэгт авагдсан баримтуудыг маргааны үйл баримтуудаас илтэд зөруүтэй мушгин гуйвуулан дүгнэж буй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Хэрэгт хавсарган өгсөн фото зурагтайгаа холбогдуулан бодит үйл баримтыг үзлэг хийлгүүлэн жуулчны автобус багтаж байгаа эсэхийг тогтоолгохоор хүсэлт гаргахад шүүх хангаж шийдвэрлээгүй хэрнээ хожим нь шүүх өөрөө маргаан бүхий газар очиж тогтоосон мэтээр фото зургийг тайлбарлаж учир зүйн дутагдалтай дүгнэлтийг хийлээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанаас үүссэн зохигчийн хоорондох эрх зүйн маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн мэтгэлцэх эрхийг хязгаарлаагүй байна.

Зохигчийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч “Ү” ХХК нь Өэлүн эхийн баримлыг 280 000 000 төгрөгөөр, рельефэн сийлбэрийг 100 000 000 төгрөгөөр, чулуун хаалгыг 150 000 000 төгрөгөөр нийт 530 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн ба 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр талууд дахин гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Ү” ХХК нь хөшөөний суурийг 30 000 000 төгрөгөөр, чулуун тулгыг 40 000 000 төгрөгөөр барьж гүйцэтгэхээр талууд тохиролцжээ. Хариуцагч “Ц Б Ө Э” ТББ нь дээрх хоёр гэрээнд заасан хөлсийг ажил гүйцэтгэгчид төлөх үүрэг хүлээжээ.

Зохигч нь дээрх хоёр гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний нөхцөл, агуулгын талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн ажлын хөлсийн үлдэгдлийг шаардсан бол хариуцагч ажлын үр дүн доголдолтой байсан тул төлбөр нэмж төлөхгүй харин доголдлыг арилгахад шаардагдах зардлыг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд дүгнэлт хийсэн байна. Хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцжээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна.

Нэхэмжлэгч “Ү” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул захиалагчаас ажлын хөлсөө шаардах эрхтэй болно.

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6.-д зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй.

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2., 352.4.-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол захиалагч нь ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах эрхтэй боловч ажлын үр дүнг хүлээж авах үед доголдлыг мэдсэн, мэдэх боломжтой боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр дээрх шаардлагыг гаргах эрхээ алддаг байна.

Хариуцагч ““Ц Б Ө Э” ТББ нь ажлын үр дүнг хүлээж авахдаа хаалганы хэмжээг мэдэх боломжтой байсан, хаалганы өндөр, өргөний хэмжээ гэрээнд зааснаас дутуу биш харин илүү байгаа, хөшөө барималд толбо үүссэн байдалд ажил гүйцэтгэгч буруутай болох нь тогтоогдоогүй учир шүүх сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж, үндсэн нэхэмжлэлийг хангасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00949 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1372 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 480 216 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

     ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН