Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/00949

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ү” ХХК

Хариуцагч: “Ц” ТББ

Ажлын хөлс 104694784 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128168477 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б

                                хариуцагчийн төлөөлөгч Б.С

                              нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

Нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авав.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ү” ХХК нь “Ц” ТББ-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 11/14 тоот ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан. 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээгээр “Ү” ХХК нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог хэмээх газарт /Улаанбаатар хотоос 53 километрийн зайтай, Чингис хааны морьт хөшөө байрладаг/ Чингис хааны хөшөөний өөдөөс харуулж Өүлэн эхийн хөшөө цогцолборыг “Ц” ТББ-ын захиалгаар байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10см зузаантай, 2.5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэрийг 100000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар чулуун хаалгыг 150000000 төгрөгөөр, нийт 530000000 төгрөгийн өртөгтэй ажил үйлчилгээг үзүүлэхээр харилцан тохиролцсон болно. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр талууд хөшөөний суурийг 30000000 төгрөгөөр, чулуун тулгыг 40000000 төгрөгөөр, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын НӨАТ-ын зардал 31517000 төгрөгийг “Ү” ХХК-д олгохоор, хөшөөний суурь чулуун тулганы өртөг болох 70000000 төгрөгийн НӨАТ 7000000 төгрөгийг захиалагч төлөхөөр тус тус тохиролцож, нийт 108517000 төгрөгийн 11/14 тоот гэрээг дахин байгуулсан болно. Гүйцэтгэгч “Ү” ХХК нь 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг нэг бүрчлэн захиалагч талд хүлээлгэн өгсөн юм. 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээгээр тохиролцсон ажлуудаас захиалагч талын хүсэлтээр 40000000 төгрөгийн өртөгтэй чулуун тулга хийх ажлыг цуцалсан. 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний нийт өртөг нь 598517000 төгрөг болсон байна. “Ү” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай 2.5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэр, чулуун хаалгыг захиалагч тал “Ц” ТББ нь хүлээн авсныхаа дараа 2014 оны 10 сарын 26-ны өдөр сүр дуулиантайгаар нээлт хийж, гэрээт ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэсэн гүйцэтгэгч талын нэр бүхий ажилчдыг тус бүр 1000000 төгрөгөөр урамшуулан шагнаж байсан. Захиалагч “Ц” ТББ-ын тэргүүн А.Лхамжав нь “С” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай бөгөөд 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний ажлын хөлсийг “С” ХХК хариуцан төлж байсан. 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх тооцооны үлдэгдлийг “С” ХХК-ийн нягтлан бодогч Ж.Нтой гүйцэтгэгчийн төлөөлөгч Э.Оюунбилэг нар нь хамтран гаргасан бөгөөд энэ актаар гэрээний үлдэгдэл төлбөр 70177784 төгрөг болохыг баталгаажуулсан юм. Гэвч дээрх тооцоо нийлсэн актанд 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 11/14 тоот гэрээнд заасан “Ү” ХХК-д олгогдох 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын 31517000 төгрөг, түүнчлэн 30000000 төгрөгийн өртөгтэй хөшөөний суурийн НӨАТ 3000000 төгрөгүүдийг орхигдуулсан байдаг. “Ү” ХХК нь дээрх НӨАТ-уудыг өөрийн харилцах данснаасаа татварын албанд төлсөн болно. Хийж гүйцэтгэсэн ажлын зарим төлбөрийг бэлэн мөнгө болон бартераар тооцож авсан. Үүнд: Бэлнээр хүлээн авсан 130000000 төгрөг, харилцах дансаар хүлээн авсан 225000000 төгрөг, бартераар /2 өрөө орон сууц, гараж/ 134822216 төгрөг, бүгд 489822216 төгрөг хүлээж авсан. 2 гэрээгээр Өүлэн эхийн хөшөө 280000000 төгрөг, рельефэн сийлбэр 100000000 төгрөг, чулуун хаалга 150000000 төгрөг, хөшөөний суурь 30000000 төгрөг,  НӨАТ-ын зардал 2013 оны 5 сарын 27-ны өдрийн 04/13 тоот гэрээт ажлын 31517000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээт ажлын хөшөөний суурийн 3000000 төгрөг, бүгд 594517000 төгрөг өгөхөөс 489822216 төгрөгийг авч зөрүү 104694784 төгрөг болж байна. Уг бүтээл нь Чингисийн морьт хөшөөтэй дүйцэхүйц урлагийн, түүхийн үнэт бүтээл болсон бөгөөд гэрээт ажлын гүйцэтгэлийн талаар захиалагч “Ц” ТББ-ын тэргүүн А.Л нь өдөр тутмын Өдрийн сонины 2014/08/15-ны өдрийн дугаарт “Өүлэн эх цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ” гарчигтай дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл захиалгат ажлыг гүйцэтгэгч нь чанар, стандартын шаардлагад бүрэн нийцүүлж, цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл захиалагч талаас ямар нэг санал гомдол гараагүй болно. “Ү” ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид 2013 оны 5 сараас 2014 оны 5 сар хүртэл бүтэн 1 жилийн хугацаанд өөрсдийн ур ухаан, чадвар, мэдлэгээ дайчлан ажиллаж, чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл хийж чадсан. Гэвч захиалагч “Ц” ТББ нь гэрээгээр хүлээсэн үүргээ буюу захиалгат ажлын төлбөрийг бүрэн төлөлгүй өнөөдрийг хүртэл манай байгууллагыг хохироосоор байна. Иргэний хуулийн 343.1, 346.1, 351.1.1-д заасны дагуу “Ц” ТББ-аас 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 04/13 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/14 тоот гэрээний үүрэг болох 104694784 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан тайлбартаа: Нэг. Үйл баримтын тухайд: Тус гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9 метр өндөртэй, Өүлэн эхийн хөшөөг 280000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зузаантай 2.5 м өндөр, 23 м урт рельефэн сийлбэрийг 100000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуун хаалгыг 150000000 төгрөгөөр тус тус нийт 530000000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр болсон. Мөн түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №11/14 дүгээр гэрээгээр байгалийн боржин чулуугаар 3м өндөртэй хөшөөний суурь, суурийн тойргийн диаметр доод суурь 3.8 м, дунд суурь 3.4 м, дээд суурь 3м, суурийг 30000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 2.6 м өндөр, 3 м диаметртэй чулуун тулгыг 40000000 төгрөгөөр тус тус нийт 70000000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба чулуун тулгыг гүйцэтгэгч хугацаандаа хийж амжихгүй болсон тул төмрөөр хийлгэхээр болсон юм. Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560000000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрийг бид гэрээний хугацаанд дараах байдлаар ажил гүйцэтгэгчид шилжүүлсэн. Үүнд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 48А байрны 8 тоот 51.6 м.кв талбай бүхий 2 өрөө байрыг 134822216 төгрөг, бэлнээр болон дансаар 355000000 төгрөгийг нийт 489822216 төгрөгийг өгсөн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тухайлбал Өүлэн эхийн хөшөөнд: Хөшөөний ар талд буюу хондлой дээр нь хар толбо үүссэн. Түүнчлэн хөшөөний гурван давхар суурин дээр мөн адил том том хар толбууд үүсч улмаар сууриных өнгө өөрчлөгдөж байна. Рельефэн сийлбэр хөшөөнд: Рельефэн сийлбэр хөшөөний дээд хэсэгт хужир ургаж, өнгөнд нь өөрчлөлт ороод дээд хэсгээрээ харлан доошоогоо нэвчиж байна. Үүдний чулуун хаалганы тухайд: Монголын түүхэн хатадын “Өүлэн эх” цогцолбор нь Монголынхоо түүх, соёл уламжлалыг аялагч, жуулчдад тодорхой хэмжээнд таниулах зорилготой учир аялал жуулчлалын том оворын автобусыг оруулах нь зүй хэрэг бөгөөд энэ үүднээс үүдний хаалгыг автомашины 2 том орц гарцтай, баруун зүүн талд нь явган хүний орох гарах хаалгыг хийлгүүлэхээр захиалсан юм. Чулуун хаалганы загвар, хэмжээг ажил гүйцэтгэгчээс анх гаргаж өгсөн зураг дээр тэмдэглэсэн бөгөөд уг хэмжээгээр явган хүний хоёр хаалганы өргөнийг тус бүр 1.5 м, автомашины хоёр хаалганы өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу гүйцэтгэсэн бөгөөд одоо уг автомашины хаалгаар зориулалтын жуулчны автобус өргөн болон өндрөөрөө багтаж орох боломжгүй болсон. Энэхүү доголдлуудын талаар манайхаас удаа дараа амаар хэлэхэд хөшөөн дээрх хар толбуудыг янзалж өгнө гэдэг боловч өнөөдрийн байдлаар доголдлыг арилгаагүй ба үүдний чулуун хаалгыг автобус багтахааргүй байгааг хэлэхэд “багтана, бид тооцоолсон” гэх боловч бодит байдал дээрээ мөн л автобус багтахгүй доголдол бий болоод байна. Хоёр. НӨАТ-ын тухайд: “Ү” ХХК-тай анх гэрээ байгуулахаар гэрээний үнийг харилцан тохиролцож тогтоосон. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч нь өөрийн гэрээний үнэд ажлын зардал, хөлс болон татвар зэргээ тооцсоны үндсэн дээр бид харилцан тохиролцсон. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч албан татвар суутган төлөгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-д “тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө” гэж заасан журмын дагуу тухайн байгууллага өөрийн орсон орлогоосоо татвар төлөх ёстой. Тодруулбал, гэрээ орлого олж буй тал нь нэмэгдсэн өртөгийн албан татварын суутган төлөгч байгаа нь зарлага гаргаж буй тал татварыг нь төлөх хууль зүйн үндэслэлгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул “Ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ц” ТББ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагчийн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2013, 2014 онуудад гэрээ байгуулагдсан. Нийт гэрээгээр тохирсон зүйлүүдээс тулгын чулуу хийх ажил нь цаг хугацаандаа амжихгүй байсан учраас тулгын чулууг хийлгэхээс татгалзсан. Бусад ажлуудыг хийлгэсэн. Нийт өгсөн мөнгө дээрээ маргадаггүй. Үлдэгдэл төлбөрийг өгөх боломжгүй гэж тайлбарлаж байгаа. Татгалзаж байгаа үндэслэл нь хүлээлгэж өгч байгаа хийсэн ажил нь доголдол илэрсэн. Үүнтэй холбоотой баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайлбал хөшөөнүүд дээр толбо үүсч, харлаад хөшөөний өнгө үзэмжид нь сөрөг үр дагавар гарсан. Энэ цогцолбор нь Төв аймгийн Эрдэнэ суманд байрлах Цонжинболдог хэмээх газарт Чингис хааны хөшөөний өөдөөс харуулж хийсэн аялал жуулчлалын зориулалттай. Энэ цогцолборын хойно байрлаж байгаа гол хаалгыг нэхэмжлэгч компани хийсэн. Хаалгыг хийхдээ хэмжээг нь өөрсдөө гаргаж хийсэн. Гэрээн дээрээ хэмжээний талаар тохирсон зүйл байхгүй боловч харин нэхэмжлэгч компаниас өгсөн нэг зураг дээрх хэмжээгээр хаалга хийгдсэн. Хаалгыг хийж байх явцад нь хариуцагч байгууллагаас өөрсдөө очоод барьж байгаа хаалганы дундуур гарах гэхээр Ланд-200 маркийн автомашин арай гэж багтаж байсан. Энэ талаар хэлж, том оворын аялал жуулчлалын автобус багтахгүй гэхээр багтана бид өөрсдөө Хово маркийн машиныг багтааж хийсэн, бид нар ажлаа мэдэж байна гэсэн тайлбар гаргаад явж байсан. Гэтэл хаалгыг барьж дууссаны дараа хаалгаар машин багтах боломжгүй болох нь тодорхой болсон. Мөн хаалганы хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хаалганы нийт өргөн, уртын хэмжээ зурган дээрх хэмжээнээс бага байгаа нь тогтоогдсон. Иймд хаалганы үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй. Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухайд 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн анх байгуулагдсан гэрээнд ямар нэгэн нэмэгдсэн өртөгийн албан татварын талаар тохирсон зүйл байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 11/14 тоот гэрээгээр хоёр талууд  2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний нэмэгдсэн өртөгийн албан татварт 31517000 төгрөгийг төлөхөөр жилийн дараа тусгаж оруулж ирсэн. Гэтэл нэмэгдсэн өртөгийн албан татварыг Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулиараа олсон орлогодоо хариуцагч байгууллага нь өөрсдөө сар бүр төлбөрөө төлөх зохицуулалттай. Түүнээс нэмэгдсэн өртөгийн албан татварыг гэрээгээр тохироод үүнийгээ жилийн дараа төлөхөөр тохирсон байгаа нь ойлгомжгүй. Харин 3000000 төгрөгийг анх гэрээ байгуулж байхдаа тохирсон учраас төлөхийг зөвшөөрч байна. Иймд хүлээлгэж өгсөн ажил нь доголдолтой учир төлбөрөө төлөх боломжгүй.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №04/13 дугаар гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9м өндөртэй Өүлэн эхийн хөшөөг 280000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 10 см зуузантай 2.5 м өндөр, 23 м урт рельефэн сийлбэрийг 100000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуун хаалгыг 150000000 төгрөгөөр тус тус нийт 530000000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгүүлэхээр болсон. Мөн түүнчлэн 2014 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн №11/14 дугаар гэрээгээр байгалийн боржин чулуугаар 3м өндөртэй хөшөөний суурь, суурийн тойргийн диаметр доод суурь 3.8 м, дунд суурь 3.4 м, дээд суурь 3 м, суурийг 30000000 төгрөгөөр, байгалийн боржин чулуугаар 2.6 м өндөр, 3 м диаметртэй чулуун тулгыг 40000000 төгрөгөөр тус тус нийт 70000000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон ба чулуун тулгыг гүйцэтгэгч хугацаандаа хийж амжихгүй болсон тул төмрөөр хийлгэхээр болсон юм. Ингээд дээрх хоёр гэрээний ажлын гүйцэтгэлийн хөлс нь 560000000 төгрөг байхаар тохиролцсон байдаг бөгөөд төлбөрт нийт 489822216 төгрөгийг өгсөн. Гэтэл ажил гүйцэтгэх гэрээний дээрх зүйлүүдэд дараах доголдол илэрсэн. Тухайлбал, Хөшөөний тухайд: 1/ Өүлэн эхийн хөшөөнд: Хөшөөний ар талд буюу хондлой дээр нь хар толбо үүссэн. Түүнчлэн хөшөөний гурван давхар суурин дээр мөн адил том том хар толбууд үүсч улмаар сууриных нь өнгө өөрчлөгдөж байна. 2/ Рельефэн сийлбэр хөшөөнд: Рельефэн сийлбэр хөшөөний дээд хэсэгт хужир ургаж, өнгөнд нь өөрчлөлт ороод дээд хэсгээрээ харлан доошоогоо нэвчиж байна. Дээрх хоёр хөшөөний долголдлыг арилгах зардлыг тооцон гаргуулахад урьдчилсан байдлаар ажил хөлс, материалын зардал нь нийт 48346261 төгрөг болж байна. Чулуун хаалганы тухайд: Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох үүдний чулуун хаалганд дараах доголдол илэрсэн. Монголын түүхэн хатадын Өүлэн эх цогцолбор нь Монголынхоо түүх, соёл уламжлалыг аялагч, жуулчдад тодорхой хэмжээнд таниулах зорилготой учир аялал жуулчлалын том оврын автобусыг оруулах нь зүй хэрэг бөгөөд энэ үүднээс үүдний хаалгыг автомашины 2 том орц гарцтай, баруун зүүн талд нь явган хүний орох гарах хаалгыг хийлгүүлэхээр захиалсан. Чулуун хаалганы загвар, хэмжээг ажил гүйцэтгэгчээс анх гаргаж өгсөн зураг дээр тэмдэглэсэн бөгөөд уг хэмжээгээр явган хүний хоёр хаалганы өргөнийг тус бүр 1.5 м, автомашины хоёр хаалганы өргөнийг 13.5 м, өндрийг 3.5 м байхаар тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу гүйцэтгэсэн бөгөөд одоо уг авто машины хаалгаар зориулалтын жуулчны автобус өргөн болон өндрөөрөө багтаж орох боломжгүй болсон. Энэхүү доголдлуудын талаар манайхаас удаа дараа амаар хэлэхэд “Автобус багтана бид Хово /том оврын ачааны автомашин/-оор тооцоолсон” гэх боловч бодит байдал дээрээ автобус багтахгүй доголдол бий болоод байна. Тодруулбал. “Өүлэн эх” түүхэн танилцуулга бүхий цогцолборын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь аялал жуулчлал юм. Тиймээс ч гадаад дотоод жуулчдыг хүлээн авч тав тухтай үйлчлүүлэх нөхцлийг хангах зорилгоор цогцолборын агуулга, үндсэн хийц, зохион байгуулалт, төлөвлөлтийн дагуу төв хаалгыг чулуугаар хийлгэсэн боловч зориулалтын аялал жуулчдын автобус өндөр өргөнөөрөө багтахгүй байгаа нь чулуун хаалгыг зориулалтын дагуу ашиглах боломжийг үгүй хийхийн зэрэгцээ доголдлыг нь арилгах боломжгүй байх тул чулуун хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79822216 төгрөгийг ажил гүйцэтгэгчээс буцаан гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд дээрх дүнг нэгтгээд ажил гүйцэтгэгч “Ү” ХХК-иас хөшөөний доголдол арилгах зардалд 48346261 төгрөг, үүдний чулууны хөлсөнд төлсөн 79822216 төгрөг нийт 128168477 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Баяраа сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлдээ дурдсан хөшөө засах зардлыг урьдчилсан байдлаар гаргахад 48346261 төгрөг хэмээн дурдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Дээрх тоо нь ямар үндэслэл, тооцоо, нотлох баримт дээр тулгуурлаж гарсан нь ойлгомжгүй, санаанаасаа зохиосон дүн хэмээн үзэж байна. Мөн 2 дахь шаардлагадаа чулуун хаалганы үнэд төлсөн 79822216 төгрөг буцаан гаргуулах тухай дурдсан нь бүр ойлгомжгүй байна. Учир нь хөшөө, чулуун хаалга, рельефэн сийлбэрүүдийг 2013/05/27-ны өдрийн 04/13 тоот нэг л гэрээний дагуу хийсэн бөгөөд хэрэв гэрээнээс татгалзах, гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах гэх мэт шаардлагууд гаргаж буй бол дээрх үр дагавар яригдах бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад энэ талаар огт дурдаагүй байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлдээ чулуун хаалганы нийт өргөнийг 13.5м, өндрийг 3.5м байхаар харилцан тохиролцсон боловч уг хэмжээнээс дутуу хийсэн, одоо жуулчны автобус орохгүй байгаа гэх мэтээр баримт нотолгоогүй зүйлс дурджээ. Хариуцагчийн хүсэлтийн дагуу 2017 оны 12 сард шүүгчийн захирамжаар “У” ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд 2018/01/24-нд хаалганы хэмжээнд дүгнэлт гаргасан байна. Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 /Ажил гүйцэтгэгч гэрээний нөхцөлийг зөрчсөн буюу гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор, хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй дутагдлын тухай гомдлын шаардлагыг ажил хүлээн авснаас хойш нэг жилийн дотор гаргана. Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно/ хэмээн заажээ. “Ү” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельфэн сийлбэр, чулуун хаалга нь үл хөдлөх хөрөнгө, барилга байшин биш тул захиалагч тал нь хүлээн авснаасаа хойш 1 жилийн дотор хариу тайлбартаа дурдсан өө, сэвийн талаарх гомдол, хүсэлтээ гаргах ёстой байсан ч дээрх хугацаанд зөрчил гараагүй байна. ИХ-ын 352.4. /Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана/ заажээ. Өөрөөр хэлбэл шаардлага гаргах эрхээ алдсан байна. Хариуцагчийн тайлбарлаж буй хар толбо үүссэн, суурины өнгө өөрчлөгдсөн, хужир ургасан гэх шалтгаанууд нь чулуун хөшөө, чулуун хөшөөний хийц, бүтцийн эвдрэл, хагарал биш бөгөөд 102/Ш32017/16758 тоот "Шинжээч томилох тухай" захирамжаар томилогдсон “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын 2018/01/12-ны өдрийн 38 тоот дүгнэлтэд ".. байгалийн чулуу нь ерийн нөхцөлд дотроосоо хувирч өөрчлөгддөггүй, зөвхөн температурын өөрчлөлт, ус, салхи, хөрс, ургамал зэрэг гадны нөлөөгөөр өгөршилд ордог” хэмээн дүгнэжээ. Иймд захиалгаар бүтээлгэсэн бүтээлүүдэд захиалагчийн өмчлөл, ашиглалтад шилжсэний дараа байгалийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөө /өнгө хувирах, хужир ургах гэх мэт/ орсон зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. “Ү” ХХК-ийн уран бүтээлчид, ажилчид нь зөвхөн захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургийн дагуу гэрээт ажлыг хийж гүйцэтгэсэн. Чулуун хаалга хэмжээнээс бага хийгдсэн гэж байгаа боловч хариуцагчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гаргаж өгсөн эскиз зурган дээрх хэмжээнээс харин ч илүү хийсэн нь харагдаж байна.  Хэрэв захиалагчийн гаргаж өгсөн хэмжээнээс ямар нэг байдлаар зөрүүтэй хийсэн бол захиалагч тал хүлээн авах боломжгүй байсан, 9 метр өндөртэй Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, 10 см зузаантай, 2,5 метр өндөр, 23 метр урт рельефэн сийлбэр, чулуун хаалгыг захиалагч тал 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн актаар хүлээн авахад хариу тайлбарт бичсэн шиг дээрх доголдол зөрчлүүд огт байгаагүй, яригдаагүй. 2013/10/20-ны өдөр чулуун хаалга, 2014/10/26-ны өдөр чулуун хөшөө, рельефэн сийлбэрийн нээлтүүдийг хийх үед ч нийлүүлсэн бүтээлийн чанарын талаар асуудал гараагүй байсан. Чулуун хаалга, бусад бүтээлийг захиалагчийн гаргаж өгсөн эскиз зургын дагуу 1 см-ийн дутуугүй, харин ч илүү хэмжээтэйгээр хийж гүйцэтгэсэн болно. Чулуун хаалга, бусад бүтээл нь нэгэнт захиалагчийн эзэмшил, ашиглалтанд ороод 4 жилийн хугацаа өнгөрсөн байна. ИХ-ын 343.3./Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ./ хэмээн заасны дагуу дээрх бүтээлүүд нь захиалагчийн өмчлөл, ашиглалтад бүрэн шилжсэн. Үнэхээр хариу тайлбарт дурдсан доголдол, өө сэв байсан бол энэ хугацаанд яригдах ёстой байсан ч огт тийм асуудал байгаагүй нь цаг хугацаагаараа нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага гаргах үеэс эхлэн дээрх асуудлыг ярьж эхэлсэн. Хариуцагч тал ажил хүлээн авсан актыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргадаг. Иргэний хуулийн 351.2-т /Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно./ хэмээн хуульчилснаар мөн түүний шаардах эрх дуусгавар болсон байна. ИХ-ын 352.4. /Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана/ гэжээ. 353 дугаар зүйл. Ажлын үр дүнгийн доголдол, З53.1./Гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар гуравдагч этгээд захиалагчид ямар нэгэн шаардлага гаргах эрхгүй бол уг ажлын үр дүнг эрхийн доголдолгүй гэнэ./, 353.2. /Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ./, 353.3. /Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ./ хэмээн зааснаар дээрх бүтээлүүд нь ямар ч доголдолгүй байна. 2017/07/09-ний өдөр гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болох эрсдэл байсан тул арга буюу "Ү" ХХК нь гэрээний үүрэг шаардаж шүүхэд хандсан юм. Хужир ургасан, өнгө өөрчлөгдсөн, автобус орохгүй байгаа гэх шалтгаанаар гэрээний үүргээ биелүүлэхээс татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Уг хэрэг маргаан ЧД-ийн шүүх дээр хянагдаж байх үед хариуцагчийн зүгээс “автобусны зогсоолыг чулуун хаалганы гадаа байгуулж өгвөл эвлэрэх” боломжтой гэсэн санал тавьж байснаас үзэхэд хаалгатай холбоотой асуудлыг эзэмшигч тал бүрэн зохицуулах боломжтой нь харагдаж байна. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлд нэг ч хуулийн болон бусад үндэслэл бүхий нотолгоо, нотлох баримт, няцаалт байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Учир нь:

1. Нэхэмжлэгч “Ү” ХХК нь хариуцагч “Ц” ТББ-д холбогдуулан Өүлэн эхийн хөшөө, рельефэн сийлбэр, хөшөөний суурь, байгалийн боржин чулуун хаалганы ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 70177784 төгрөг, гүйцэтгэсэн ажлын дүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар 34517000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ. Харин хариуцагч дээрх ажлын үр дүн доголдолтой байсан үндэслэлээр доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнийг буцаан гаргуулахаар 128168477 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээгээр байгалийн боржин чулуугаар 9м өндөртэй Өүлэн эхийн хөшөө, 10 см зузаан, 2,5м өндөр, 23м урттай рельефэн сийлбэр хөшөө, байгалийн боржин чулуун хаалга хийх, уг гэрээний үүрэгт хариуцагч 530 сая төгрөг төлөх, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээгээр нэхэмжлэгч байгалийн боржин чулуугаар 3м өндөртэй хөшөөний суурийг 30 сая төгрөгөөр хийх, 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний ажлын нэмэгдсэн өртгийн албан татварт 31517000 төгрөгийг захиалагч тал ажил гүйцэтгэгчид төлөхөөр тус, тус тохирч, дээрх гэрээнүүдийг бичгээр хийж, гарын үсэг зуржээ. Дээрх гэрээгээр талууд хийж гүйцэтгэх ажил, түүнийг хүлээн авах хугацаа болон ажлын хөлс, түүнийг төлөх хугацаа, журмыг тохирсон байгаагаас үзвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.  

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч “Ц” ТББ нь ажлын үр дүнг хүлээн авч, ажлын хөлсөнд 560000000 төгрөг төлөхөөс 489822216 төгрөгийг төлж 70177784 төгрөгийн үүргээ гүйцэтгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татварт 34517000 төгрөг нийт 104694784 төгрөг гаргуулахаар нэхэмжлэгч шаардсанаас хариуцагч тал ажлын хөлсний үлдэгдэл үнийн дүнд маргаагүй боловч ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, Өүлэн эхийн хөшөө, суурь, рельефэн сийлбэр хөшөөнд толбо, хужир ургасан, чулуун хаалганы хэмжээ гэрээгээр тохирсон хэмжээнээс бага байгаагаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй буюу ажлын үр дүн доголдолтой үндэслэлээр хөлс төлөхөөс татгалзаж, мөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулиар ажил гүйцэтгэгч өөрөө төлөх үүрэгтэй үндэслэлээр 31517000 төгрөгийг төлөхөөс татгалзаж, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний нэмэгдсэн өртгийн албан татвар 3000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.   

Ажил гүйцэтгэгч хөлс шаардахын тулд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн буюу захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн байх, тухайн ажлын үр дүн ямар нэг доголдолгүй байх шаардлагатай. Хариуцагч “Ү” ХХК нь хууль болон гэрээнд заасан ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүргээ 2014 оны 7 дугаар сарын 06-ны өдөр биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, ажил хүлээн авсан акт /хх-ийн 14-р дүгээр тал/-аар тогтоогдож байна. Хариуцагчийн төлөөлөгч нь ажил хүлээн авсан акт дээрх тамганы бичээс уншигдахгүйгээс нотлох баримтын шаардлага хангахгүй тул уг актаар ажлыг хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж маргаж байх боловч бичмэл нотлох баримтыг заавал гэрээний талууд тамга, тэмдгээр баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд тухайн баримтыг үгүйсгэх нотлох баримт хариуцагч гаргаагүй болно. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн “нэхэмжлэгч ажлын үр дүнг одоог хүртэл хүлээлгэн өгөөгүй” гэсэн тайлбар нь хариуцагч “Ц” ТББ-ын захирал А.Лхамжавын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн “Өдрийн сонин” дахь “...боржин чулуун хаалга болон энэ хөшөөг Энхтайван захиралтай Үүдэн чулуу компанийнхан бүтээсэн юм, Өүлэн ээжийн хөшөөг сэтгэлд тултал урлаж өгсөн дөө. Чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл болсон” гэсэн ярилцлагаар үгүйсгэгдэж байна гэж үзлээ. Дээрх сонинг нэхэмжлэгч тал “Өдрийн сонин”-гийн архиваас нотлох баримтаар гаргуулсан байх ба ярилцлагад дурдагдсан мэдээллийг хариуцагч үгүйсгээгүй, тухайн мэдээллийг няцаасан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд дээрх мэдээллийг бодит нөхцөл байдлыг тогтооход хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзсэн ба ажил хүлээлгэн өгсөн акт болон Өдрийн сонин дахь мэдээлэл зэргээр хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч тал ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдов.

Талууд гэрээндээ чулуун хаалганы хэмжээ, зориулалтыг тохироогүй байх боловч хариуцагчийн төлөөлөгч чулуун хаалганы нийт өргөн 14,8м гэж тохирсон, ажлын үр дүн тохирсон хэмжээнээс бага байгаа гэж маргаж, нотлох баримтаар хэмжээсийг гараар бичсэн хаалганы зураг /хх-ийн 79-р дүгээр тал/-ийг гаргасан байна. Ажлын үр дүн гэрээнд заасан хэмжээнд тохирохгүй бол Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан биет байдлын доголдолд хамаарах боловч уг доголдлын талаар гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээгээр өөрөөр тохироогүй бол Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “...гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор гаргана“ гэж заасан хугацаанд гаргана. Талууд гэрээгээр гомдлын шаардлага гаргах хугацааг өөрөөр тохироогүй байх тул хуульд заасны дагуу захиалагч “Ц” ТББ нь ажлын үр дүнг хүлээн авснаас хойш 6 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй байжээ. Энэ хугацаанд чулуун хаалганы хэмжээний талаарх доголдлыг захиалагч илрүүлсэн атлаа ажил гүйцэтгэгчид мэдэгдээгүй бол гомдлын шаардлага гаргах эрхээсээ татгалзсан гэж үзэх ба харин гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан хойно доголдлыг илрүүлсэн бол гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Хариуцагч ажлыг хүлээн авснаас хойш буюу 2015 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн дотор чулуун хаалганы хэмжээний талаарх доголдлыг илрүүлсэн эсэх, энэ талаарх гомдлоо гаргаж байсан болохоо баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгчийг доголдолтой ажлын үр дүн хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлгүй байна.          

Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн талуудын гэрээгээр тохирсон чанар, шаардлагад нийцсэн байж доголдолгүйд тооцогдох бөгөөд харин энэ талаар заагаагүй бол Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэжээ. Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 27, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрүүдийн гэрээгээр Өүлэн эхийн хөшөө, түүний суурь, рельефэн сийлбэрийн боржин чулууны чанарын /чулууны хатуулаг, найрлага буюу эрдсийн агууламж гэх мэт бусад чулууны талаарх чанар/ талаар тохироогүй байх тул Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгчийг ердийн шаардлагад нийцсэн чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн, мөн хуулийн 353 дугаар зүйлийн 353.3, 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн гэж үзлээ.

Талууд гэрээгээр 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний борлуулалтын дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татварт 31517000 төгрөгийг захиалагч тал ажил гүйцэтгэгчид төлөхөөр тохирсон байх тул дээрх төлбөрийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Харин 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний нийт дүнг тооцож үзвэл ажлын хөлс 30 сая төгрөгт тооцогдох нэмэгдсэн өртгийн албан татвар 3 сая төгрөгийг захиалагч тал ажил гүйцэтгэгчид төлөхөөр /хх-ийн 8 дугаар тал гэрээний 2.3/ тохирсон байхаас гадна хариуцагчийн төлөөлөгч төлөхийг зөвшөөрсөн байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болон нэмэгдсэн өртгийн албан татвар нийт 104694784 төгрөг төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Ц” ТББ нь нэхэмжлэгч “Ү” ХХК-иас ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой зардал буюу Өүлэн эхийн хөшөө, суурь, рельефэн сийлбэр хөшөөнд үүссэн толбо, хужирыг арилгах зардал 48346261 төгрөг, чулуун хаалганы ажлын хөлсөнд төлсөн 79822216 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг гомдлын шаардлага гаргах хугацаанд доголдлыг илрүүлсэн эсэх, гомдлын шаардлага гаргаж байсан эсэхээ нотлоогүй буюу гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, мөн доголдолгүй эд хөрөнгө хүлээн авсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага 128168477 төгрөгт 798792 төгрөг төлөхөөс 907950 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 109158 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, 798792 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681424 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 681424 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.   

3. Хариуцагчийн төлөөлөгч хэрэг хэлэлцэх ажиллагаа дуусах шатанд хөшөө, цогцолборт үүссэн толбо, хужирыг арилгах зардал 48346261 төгрөгийн тооцоолол хийсэн баримтыг гаргаж өгөх талаар дурдсан ба үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг нэхэмжлэлдээ хавсаргах, нотлох баримтаа шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгөх үүргээ хариуцагчийг биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 352.2.3  дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ц” ТББ-аас 104694784 /нэг зуун дөрвөн сая зургаан зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, хариуцагч “Ц” ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч “Ү” ХХК-д холбогдох доголдлыг арилгах зардал болон чулуун хаалганы үнэ 128168477 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681424 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907950 төгрөгөөс 798792 төгрөгийг тус, тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ц” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 681424 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ү” ХХК-д олгож, улсын төсвөөс илүү төлсөн 109158 төгрөгийг гаргуулан хариуцагч “Ц” ТББ-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Т.ГАНДИЙМАА