Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 221/MA2018/0270

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2018/0270

Улаанбаатар хот

 

 

 

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.К, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэртэй, “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 34 449 454 /Гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойнг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Б, Налайх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2 206 329 /Хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин ес/ төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ ... Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөх” гэж тодорхойлсон нь өмнө нь ерөөсөө тайлагнаж байгаагүй “далд орлогыг ил болгосон харилцаанд үйлчлэх агуулгатай байх тул үндэслэлгүй” гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Д а” ХХК, “А о” ХХК-иуд нь өөрийн борлуулалтдаа тайлагнасан бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, эрүүгийн хэрэгт хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болох нь тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг үгүйсгэх аргаггүй.

Гэвч захиргааны актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгээс тус тус тодорхой харагдана. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн сайн дурын үндсэн дээр хийгдсэн байх гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт үйлдсэнийг дээрх хуулинд хамааруулахгүй байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус хуулийн этгээд нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу худалдан авсан бараа, орлогод ногдох төлбөл зохих татвараа мэдүүлсэн мөн татварын улсын байцаагчийн актын 03 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт үндэслэл болгосон прокурорын 464 тоот тогтоолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хулээн зөвшөөрсөн аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна” гэсэн захиргааны актын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтуудыг прокурорын байгууллагаас гаргуулан өгсөн мөн Х.Чинтуяа ч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ манай компанитай хамааралгүй болохоо нотолж мэдүүлсэн. Хэдийгээр татварын улсын байцаагч нь гэмт хэргийн шинжтэй үйл баримтад дүгнэлт өгөх эрхгүй боловч “Е” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан тухайн НӨАТ-ын падаан хуурамч эсэх асуудлыг мэдэх боломжгүй бөгөөд энэ талаараа өмнө нь тухайн харьяа дүүргийн татварын улсын байцаагчаас хүртэл асууж тодруулж байсан болно.

Улсын байцаагчийн актын үндэслэл болсон буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж заасны дагуу гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл “E” ХХК-ийн зүгээс байхгүй ба энэхүү асуудлаас үүдэн бид хохирогч болж үлдлээ. Актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдийн мэдүүлгээс тодорхой харагдана.

Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх НӨАТ-ын падаан хуурамч болох талаар асуудал өрнөж энэхүү асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “ ... хөрөнгө орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 4 дүгээр зүйлийн 4.1 “Татварын болон нийгмийн даатгалын хуулийн хүрээнд шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр шинээр бүртгүүлсэн мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, бараа, ажил үйлжилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, алданги, нөхөн ногдуулахгүй” гэж заасны хүрээнд мэдүүлэх ёстой гэж ойлгон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр татварын байгууллагад шударгаар мэдүүлсэн. Дээрх хуулийн зорилтыг эдийн засгийн хүндрэлтэй үед татвар төлөгч нарт ижил гараанаас гарах, санхүүгийн бэрхшээлийг даван орлогоо ил болгон, татварын бааз суурийг өргөтгөх, нэг удаагийн боломжийг тэгш олгох гэсэн үндсэн зорилго агуулсан гэж ойлгож байгаа. Нөгөө талаас ийнхүү хуулинд сайн дураараа хамрагдан мэдүүлсээр байхад хяналт шалгалт явуулан акт тогтоосон нь үндэслэлгүй буюу дээрх хуулийн эсрэг үйл ажиллагаа болсон гэж харж байгаа болно.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ Иймээс “Е” ХХК-д пгатварын улсыи байцаагчипн 220017286 тоот актаар тогтоосоп төлбороос 36,449,545.0 тагрөгипп нөхои татварыг хасч багасган, 2,206,329.6 төгрөгийн торгуулипг Өршөөл үэүүпэх тухай хуулийн дагуу өршооп хэлтруүлэх нь зүптэп байна” гэжээ. Гэтэл шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт “ ... 220017286 тоот актаар Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон толбөрөос 34,449,454.0 төгрөгжг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгосуай” гэсэн нь хоорондоо зөрүүтэй бөгөөд ойлгомжгүй болсон байгааг анхаарах биз ээ.

Эцэст нь энэхүү хэргийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцагч Ц.Б, Налайх дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Т нар “Е” ХХК-ийн 2013-2015 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар 79.188.040,5 төгрөгийн төлбөрийг ногдуулснаас нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нөхөн татвар 34.449.454,0 төгрөгийг хасч, багасган, үлдэх нөхөн татварт холбогдох торгууль 2.206.329,6 төгрөгийг төлөх хариуцлагаас өршөөж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К давж заалдах гомдолдоо “... Актад дурдсан НӨАТ-ын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдийн мэдүүлгээс тодорхой харагдана. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Нэхэмжлэгч “Е” ХХК нь “Х и” ХХК-иас тоосго худалдан авсан гэх атлаа “А О” ХХК, “Д а” ХХК, “С т” ХХК-иас худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нятлан бодох бүртгэлийн баримт, гэрээ зэргийг бүрдүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх зарчмыг баримтлана”, 7 дугаар зүйлийн 7.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж заасныг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. 

“А о” ХХК, “Д а” ХХК, С т ХХК-иуд нь хэдийгээр санхүүгийн тайландаа “Е” ХХК-д бараа худалдсан гэж падааны үнийн дүнгээр тайлагнасан, гэрээ байгуулсан боловч уг компаниудаас нэхэмжлэгч бараа худалдан аваагүй, эдгээр компани нь тоосго худалдах үйл ажиллагаа эрхэлдэггүй болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Үүнээс үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж тоосго худалдсан /бэлтгэн нийлүүлэгч/ “Х и” ХХК-д нэмэгдсэн өртгийн албан татвараа төлсөн баримт, падаан бүрдүүлэлгүй, бэлтгэн нийлүүлэгч биш, тоосго худалдаагүй дээрх 3 компаниас хий бичилттэй падаан, баримтыг үндэслэн төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон зөрчил гаргасан гэж үзсэн татварын улсын байцаагчийн актыг буруу гэж үзэх үндэслэлгүй. Учир нь дээрх компаниуд тоосгыг худалдаагүй учраас тоосгоны үнийн хамт нэмэгдсэн өртгийн албан татварыг хүлээн аваагүй тул уг нэмэгдсэн өртгийн албан татварыг тэднээр төлүүлэх үндэслэлгүй, харин падааныг хууль бусаар ашиглаж хий бичилт хийсэн гэм буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх боловч Өршөөлийн хуулийн дагуу хариуцлагаас өршөөгдсөн байна.

Нэхэмжлэгч нь “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу сайн дураар тайлагнасан байхад хяналт шалгалт явуулж акт гаргасан” гэж гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг өмнө нь тайлагнаж байгаагүй нуусан хөрөнгө, орлого, үзүүлсэн үйлчилгээг ил тод болгосон харилцаанд үйлчилнэ, ... “Е” ХХК-ийн хувьд маргаж байгаа нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн төсөвт төлөх албан татвараас хасч тооцон тайлагнасан байх тул дээрх хуульд хамаарахгүй гэж хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй.

Хариуцагч татварын улсын байцаагч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хэргийг шийдвэрлэж гомдол гаргасан нэхэмжлэгчийн эрхийг дордуулахгүй байх зарчмыг баримтлан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.К-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ