Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 167

 

Ч.Э-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 974 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1193 дугаар магадлалтай, Ч.Э-д холбогдох 1708014710254 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ч Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Ч.Э-ыг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Э-ын цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож” шийдвэрлэсэн” байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Улсын яллагчийн зүгээс Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан түүнд 3 жилийн хорих ял оногдуулж, бусад дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэж гэж анхан шатны шүүх дурдсан.

Шийтгэх тогтоолд шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруутайд тооцсон талаар дурдсан боловч баримтад үндэслэн Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно гэж шүүх дүгнэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу эрүүгийн хариуцлагын талаар дурдахдаа шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 3 жилийн хорих ял болгон өөрчилж бусад дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж анхан шатны шүүх дүгнээд байгаа нь ойлгомжгүй.

Өөрөөр хэлбэл, дээд шатны шүүхүүдийн магадлал буюу шийтгэх тогтоол шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа мэт санагдаж байна. Үүнээс гадна талуудын тэгш эрхийн хүрээнд мэтгэлцэх, шүүхийн шийдвэр нь аль нэг талыг барихгүй, онцлохгүйгээр хараат бус байдалд гарах ёстой гэсэн зарчимд нийцэхгүй мэт ойлгогдож байна. Шүүх хуралдаан дээр улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санаа, дүгнэлт нь адил тэгш байх хүрээнд яригдаж, үнэлэх эсэх нь шүүх бүрэлдэхүүнд бий. Үүнийг хяналтын шатны шүүх анхаарч өгнө үү.

Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэсэн атлаа хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж дүгнээд өмгөөлөгчийн болон шүүгдэгчийн хүсэлтийг хангасангүй.

Уг хэрэг нь нийгэмд аюултай нөхцөл байдалгүй, нарийвчлан шалгаж мөрдсөн бол гэр бүлийн үүдэлтэй хардалт, хувийн сэдэлтийн чанартай байсан эсэх талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох ажиллагаа хийгдээгүй нь туйлын харамсалтай санагдана.

            Хуулийн зүйл заалтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оргон зайлах” гэдэг холбогдлыг гэм буруутайд тооцох талаар тодорхойлж хүлээлгэх хариуцлагын талаар дурдсан байна. Хуульд заагаагүй нөхцөл буюу үйл баримтаар хувийн байдал гэх нөхцөлөөр ялын бодлогод тусгаж байгаа нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтэд хүргэж байна.

Иймд хэргийг бүхэлд нь хянаж, хүн бүрт хуулиар олгогдсон боломжийг олгон, хууль шүүхийн өмнө тэгш байх зарчмын хүрээнд нотлох баримт болон холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэж шүүхийн шийдвэр шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгааг хянаж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Ч.Э-д холбогдох хэрэг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүхээс оргон зайлсан учир анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Шүүх хуульд заасан төрөл, хэмжээний ялыг гэмт хэргийн нийгмийн аюулын хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзаж оногдуулсан. 2015 оны Эрүүгийн хуулиар баривчлагдсан, цагдан хоригдсон яллагдагч, цагдан хоригдсон шүүгдэгч, эсхүл хорих ял шийтгүүлсэн ялтан оргон зайлсан бол гэмт хэрэгт тооцохоор байна. Тэгэхээр түүний оргосон үйлдэл гэмт хэрэг биш учир гэм буруугийн асуудал яригдаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд хэрэглээгүй нь мөн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй. Шүүх Ч.Эад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Э-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Залуус хороолол”-ын 2 дугаар байрны 259 тоотод хохирогч Т.Э-ыг зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ч.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 3 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэж өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нь хяналтын шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгаж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх” талаарх зохицуулалт нь заавал хэрэгжих шинжтэй шүүхэд үүрэг хүлээлгэсэн заалт биш тул тухайн хэм хэмжээг хэрэглээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 974 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1193 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН