Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 974

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У

улсын яллагч Б.У (томилолтоор),

хохирогч Т.Э, түүний өмгөөлөгч Э.Ш (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2142)

шүүгдэгч Ч.Э түүний өмгөөлөгч Д.Э (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 0147 00000 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Ч. Э, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “ГХ” ХХК-д жолооч ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, Туулын .. дугаар гудамжны .. тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар НЙ0000000.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ч.Э нь согтуурсн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Залуус хороолол”-ын .. дугаар байрны .. тоотод хохирогч Т.Э-г зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                          

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх өгөх…” гэв.

2. Хохирогч Т.Э мэдүүлэхдээ: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 20 цагийн орчим гадуур ажил хөөцөлдөөд явж байхад найз А над руу залгасан. Би ойрхон явж байсан учир түүний надад зааж өгсөн “залуус” хороололд очоод байрны гадаа нь уулзахад надаас ажил төрөл асууж байсан. Бид хоёр 20 цаг 30 минутын орчим салаад явж байхад 30 орчим насны залуу над руу дөхөж ирээд “байж бай” гэж хэлээд орц руу чирж орсон. Тэр залуу миний нүүрэн тус газар толгойгоороо нэг удаа мөргөж унагаагаад намайг нүүрээ дараад хэвтэж байхад тэр залуу гар хөлөөрөө намайг өшиглөж цохисон. А дундуур ороод болиулах гэсэн боловч тэр залуу болихгүй байсан, миний үснээс зулгаагаад шалан дээр унагаасан миний хөмсөг сэтэрч цус гарсан, намайг зодож зодож байгаа “цусаа угаа” гээд намайг угаалгын өрөө рүү оруулсан. Намайг зодсон залуу над руу дөхөж ирээд “хүн андуурчихлаа уучлаарай хөгшөөн” гэж хэлсэн. Миний биеийн байдал одоог хүртэл эмчилгээ хийгдэж байна. 2019 оны 8 дугаар сарын 1-нээс даралт бол 160-170 хүрсэн, тархины судасны нарийслалтай гэж онош тавигдаад гэмтлийн эмнэлэгт хийгдэж байсан эмчилгээ дахиад хийгдээд явж байгаа. Шүүгдэгчийн талаас 5.500.000 төгрөг төлж барагдуулсан. Баримтыг хэмжээнд бүх хохирлыг төлж барагдуулсан. Одоо хэрэг үйлдэгдээд 2 жил болсон ч гэсэн хор уршиг нь одоо хүртэл байна. Иймд цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх саналтай байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2016 оны 12 дугаар сараас эхлэн Facebook-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг группэд орсноос хойш Аззаяа гэх эмэгтэйг таних мэдэх болсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн орчим намайг гадуур явж байтал А залгаад уулзаж ярих ажил байна гэсэн. ...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуус хороолол”-д ... байрны гадаа А уулзахад надаас “ажил төрөл байна уу” гэж асууж байсан. Бид хоёр ярилцаж дуусаад би 20 цаг 30 минутын үед би А салаад яг явах гэтэл 30 орчим насны эрэгтэй над руу дөхөж ирээд “чи хэн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “найз нь байна,  надаас ажил төрөл асуугаад байх шиг байна өөрөөс нь асуу” гэж хэлээд явах гэтэл хөөе “байж бай” гээд миний хойноос хувцсаар минь боогоод намайг байрны орц руугаа чирээд орсон. Тэгээд байрны 2 дугаар давхарт байх... А амьдардаг гэх гэр рүү орсон. ...Намайг тэр залуу гэр лүүгээ түлэхээд оруулсан. Би буцаад гарах гэтэл тэр залуу миний нүүр нь тус газар нэг удаа толгойгоороо мөргөөд унагаасан. Би тэнцвэр алдаад хажууд ойролцоо байх орон дээр унасан. ...би “яагаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгээд намайг нүүрээ дараад хэвтэж байхад тэр залуу гар хөлөөрөө намайг өшиглөж цохисон. Намайг маш удаан цохиж зодсон. ...А дундуур ороод болиулах гэсэн боловч тэр залуу болихгүй байсан. Зодож байгаад хэсэг болиод надаас “хаана ажилладаг талаар” асуугаад ярилцаж байгаад дахин зодож эхэлсэн. Тэгэхдээ миний үснээс зулгааж шалан дээр унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний баруун хөмсөг сэтэрч цус гарсан. Тэр үед миний толгой эргээд дүүрээд унах гэж байгаа юм шиг болоод явсан. Баруун талын нүд хавдаад юм харж чадахгүй байсан. ...Намайг зодож зодож байгаад цусаа угаа гээд намайг угаалгын өрөө рүү оруулсан. Намайг зодсон залуу над руу дөхөж ирээд хүн андуурсан байна уучлаарай хөгшөөн эр хүмүүст ийм зүйл байх ш дээ” гээд байсан. Би ухаан алдаад унасан. Хэсэг байж байгаад ухаан ороод өөрөө түргэн тусламж дуудсан. ...Баруун хөмсөг сэтэрсэн, баруун нүд юм харж чадахгүй хавдсан, зүүн чих хөхөрч хавдсан, нүүр бүхэлдээ хавдсан, бие бүхэлдээ хөхөрч хөндүүрлэсэн, толгойны ар дагз хэсэг хавдсан, ...А найз залуу гэх нэрийг нь мэдэхгүй залуу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр намайг зодохдоо гэмтэл учруулсан... Намайг зодсон залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...Гомдолтой байна. Биеийн байдал муудсанаас болж өөрийн ажил төрлөө хийж чадахгүй, хэцүү байдалд байна. Зодуулснаас болж эмчилгээ хийлгэсэн. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 1.350.000 төгрөг зарцуулаад байна. Энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

“...Миний бие ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэхдээ эм тарианы мөнгө гэж 700.000 төгрөг болон ор хоногийн мөнгө гэж 100.000 төгрөг төлсөн. Эм тарианы зарим баримтыг өгсөн байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад хоол хүнс гэж ойролцоогоор 250.000 төгрөг, тээврийн зардал гэх 150.000 төгөрг зарцуулсан. Мөн гэмтэл бэртэл авснаасаа хойш 3 сар ажилгүй байсан. Миний сарын цалин 800.000 төгрөг юм. Миний бие 10.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргйин 23-24),

2. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би Э гэдэг залуутай уйдах завгүй залуу нас гэсэн facebook-ийн группээр танилцаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар ганц хоёр удаа урьд нь уулзаж байсан. Тухайн өдөр ажил асуух зорилгоор хаана байгаа талаар асуухад .. дугаар хороололд байна гэхээр нь би хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд Э манай гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Залуус хороолол”-ын гадна ирээд над руу залгасан. ...Э бид хоёр ажил төрөл яриад зогсож байсан чинь манай хамтран амьдрагч Э ирээд чи юу хийж сууж байгаа юм гэж надаас асуусан тэгэхээр нь найзтайгаа ажил яриад сууж байна гэж хэлсэн. ...Э Энх манайхаар ороод гар гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон. Тэгээд гэрт ороод чи манай эхнэртэй юу хийж суугаа юм гэж уурлаад тэр залууг мөргөчихсөн чинь тэр залуу орон дээр сууж байгаад налаад гэдрэгээ болсон. Э ийм орой болсон хойно ийм залуутай юу хийж суудаг юм гээд уурлаад хардаж байсан. Тэгээд тайвшраад унд цай өг гэхээр нь би цай хийж өгсөн. Хамгийн эхэнд мөргөж байсан тэгээд баруун гараараа нүүрэн тус газар руу нь нүднийх нь хөмсөгний доод хэсэгт нэг удаа цохисон чинь Энх баруун нүднийх нь хөмсөгний доод хэсгээс цус гарч байсан. Дараа нь шанаа руу нь цохисон өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би Э Энх зодож байхад нь дундуур нь орж болиулсан Энх сүүлд цай уугаад сууж байхдаа бие чичрээд байна би угаасаа унаж татдаг юм аа гэж хэлээд цүнхнээсээ эм гаргаж ирээд ууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

3. Шүүгдэгч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...А бид хоёр 2017 оны 6 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “Залуус хороолол”-ын 2 дугаар байрны .. тоотод түрээсээр амьдрах болсон. Тэгсэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22-23 цагийн орчим ажлаа тараад ...гэртээ иртэл байрны гадаа эхнэр А нь үл таних 20-25 орчим насны залуутай уулзаж байсан. Тэгэхээр нь би эхнэр А дөхөж очоод хоёулаа гэртээ оръё гэж хэлсэн. Тэгтэл хамт зогсож байсан залуу би уулзаж байна араас чинь оруулчихъя өөрөө орж бай гэсэн. Тэгэхээр нь би уурлаад ...баруун гараараа зүүн хацарт нь 2 удаа алгадаж цохисон. Мөн Энх гэх залуугийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгсэн Энх гэх залуугийн баруун хөмсөгнөөс цус гарсан. Энх хариу үйлдэл хийж миний зүүн бил үү баруун хөлийн шилбэ хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Хальт шүргээд өнгөрсөн. Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Энх гэх залуу өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Түргэн тусламж ирээд Энх аваад явсан. ...Миний эхнэр А руу орой болгон танихгүй эрэгтэй хүн залгаад байдаг байсан. Тэгэхээр нь тэр залууг ирээд уулзаж байна гэж бодоод андуураад Энх зодчихсон. Цусаа арчиж цэвэрлэ гэхэд цэвэрлэхгүй байхаар нь угаа гэж хэлээд нэг удаа түлхсэн. Өөрөө цохиж зодоогүй... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),

4. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .. дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд ягаан өнгийн цус хуралттай, дээд зовхинд 0,5х0,1см зулгаралттай, зүүн чихний дэлбэнд ягаан өнгийн цус хуралттай.

ГССҮТ-ийн толгойн КТГ-д тархины эдэд голомтот өөрчлөлтгүй, тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, субарахнойдаль зайнууд хэвийн, зүүн нүдний ухархайн гадна дээд ирмэгээс зүүүн духны хөндий дайран дээш үргэлжилсэн шугаман хугаралтай ба зүүн духны хөндийн дотор хана зөрүүтэй хугаралтай, гавлын хөндийд духны болон зулайн оройн түвшинд бага хэмжээний хийтэй, баруун нүдний ухархайн дотор хана 1,5х1,4см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0,3см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайд нүдний алимны дээд хэсгээр хийтэй, зүүн талын нүдний ухархайн доод хана дайрсан зөрүүгүй, зүүн гайморын хөндийн арын хана гадна доод хана доош хоншоор ясны зүүн таод 2-р бага араа болон их арааны хоорондуур дайрсан бага зэрэг зөрүүтэй хугаралтай, зүүн талын гайморын хөндийд +68 нягтралтай цустайба агааржилт буурсан, хамрын таславч баруун тийш мурийлттай, баруун нүдний зовхи хацрын зөөлөн эдэд хавантай ба зүүн нүдний зовхины зөөлөн эдэд хийтэй... ДҮГНЭЛТ:

1. Т.Энх биед зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын ар ханын ясны шугаман хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаар Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн .. дугаар дүгнэлтэд “...1. Т.Энх биед 2017.09.19-нд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Г 2017.09.18-ны өдрийн тогтоолоор .. тоот дүгнэлтийг гаргасан байна. 2. Т.Энх биед учирсан зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, Зүүн гайморын ар ханын шугаман хугарал нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 106-107),

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), хохирогч Т.Энх эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх (хавтаст хэргийн 40-47), хохирол, хор уршгийн 675.350 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 14-16, 120),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 134), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 68), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар лавлагаа (хавтаст хэргийн 54-64, 67), хувийн байдлын талаарх баримт (хавтаст хэргийн 94-96, 121-122, 163), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 162) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс шүүгдэгч Ч.Э-д холбогдох хэргийг хянан хэлэлцүүлээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг оролцогч нар дүгнээд:

Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн .. дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Хохирогч, шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч Ч.Э нь Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Залуус хороолол”-ын гадаа, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орой 20 цагийн үед хамтран амьдарч байсан А.А-г Т.Энх уулзаж байхад нь хардаж “чи хэн бэ”, “байж бай”, “манай эхнэртэй юу хийж суугаа юм” гэх зэргээр түүнийг дээрэлхэн улмаар өөрийн түрээсэлж байсан тус хорооллын 2 дугаар байрны .. тоотод дагуулан орж түүний нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөх, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын ар ханын ясны шугаман хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.Энх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуус хороолол”-д ...байрны гадаа А ...ярилцаж дуусаад ...20 цаг 30 минутын үед ...салаад явах гэтэл 30 орчим насны эрэгтэй над руу дөхөж ирээд “чи хэн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “найз нь байна,  надаас ажил төрөл асуугаад байх шиг байна өөрөөс нь асуу” гэж хэлээд явах гэтэл хөөе “байж бай” гээд миний хойноос хувцсаар минь боогоод намайг байрны орц руугаа чирээд ...2 дугаар давхарт байх... А амьдардаг гэх гэр рүү орсон. ...тэр залуу миний нүүр нь тус газар нэг удаа толгойгоороо мөргөөд унагаасан. ...би “яагаад байгаа юм бэ” гээд ...нүүрээ дараад хэвтэж байхад ...хөлөөрөө намайг өшиглөж цохисон. ...Намайг зодсон залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21),

- Гэрч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ...манай гэр буюу Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, “Залуус хороолол”-ын гадна ...Энх бид хоёр ажил төрөл яриад зогсож байсан чинь манай хамтран амьдрагч Э-д ирээд “чи юу хийж сууж байгаа юм” гэж надаас асуусан тэгэхээр нь найзтайгаа ажил яриад сууж байна гэж хэлсэн. ...Э Энх манайхаар ороод гар гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон. Тэгээд гэрт ороод “чи манай эхнэртэй юу хийж суугаа юм” гэж уурлаад тэр залууг мөргөчихсөн... Э намайг “ийм орой болсон хойно ийм залуутай юу хийж суудаг юм” гээд уурлаад хардаж байсан. ...Хамгийн эхэнд мөргөж байсан тэгээд баруун гараараа нүүрэн тус газар руу нь нүднийх нь хөмсөгний доод хэсэгт нэг удаа цохисон ...Дараа нь шанаа руу нь цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8),

- Шүүгдэгч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...А бид хоёр 2017 оны 6 дугаар сараас хойш Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо “Залуус хороолол”-ын 2 дугаар байрны .. тоотод түрээсээр амьдрах болсон. Тэгсэн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 22-23 цагийн орчим ажлаа тараад ...гэртээ иртэл байрны гадаа эхнэр А нь үл таних 20-25 орчим насны залуутай уулзаж байсан. ...би эхнэр А дөхөж очоод ...гэртээ оръё гэж хэлсэн. Тэгтэл хамт зогсож байсан залуу “би уулзаж байна араас чинь оруулчихъя, өөрөө орж бай” гэсэн. Тэгэхээр нь би уурлаад ...баруун гараараа зүүн хацарт нь 2 удаа алгадаж цохисон. Мөн Энх гэх залуугийн нүүрэн тус газар нь толгойгоороо нэг удаа мөргөсөн... ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-38),

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн .. дугаар дүгнэлт: “...1. Т.Энх биед зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын ар ханын ясны шугаман хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.Э нь эр, эмийн хардалтын сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр хохирогч Энх зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба Ч.Э цохилтоос болж хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.  

Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Энх-д нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд баримтаар 675.350 төгрөгийн (хавтаст хэргийн 14-16, 120) зардал гаргасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Э нь хохирогчид 5.500.000 төгрөг (хавтаст хэргийн 162) төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч болон түүний өмгөөлөгч нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа хэдэн төгрөгийн зардал гарах талаар тооцоолох боломжгүй байна гэх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийг нь хэлэлцэхгүй орхих нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хохирогч нь өөрт учирсан гэм хорын зардлаа холбогдох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас: Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч: Өнөөдрийн байдлаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирол төлөгдсөн байгаа...хохирогч нь тархиндаа хүнд гэмтэл авсан байх тул цаашид гаргах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлсний эцэст жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэх дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ч.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн зардлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэг, бага насны 2 хүүхэдтэй ам бүл 4 лээ амьдардаг. Мөн хохирол төлөгдөж эхэлсэн зэрэг болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тус зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн.” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчаас Ч.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулахаар дүгнэлт гаргасан хорих ялыг 3 жилийн хорих ял болгон өөрчилж бусад дүгнэлтийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нөгөө талаас шүүгдэгч Ч.Э нь 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл (хавтаст хэргийн 121-154) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан алга болсон түүний хувийн байдал нь шүүхээс оногдуулсан 3 жилийн хорих ялд тохирно гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан түүний хувийн байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 4 лээ эхнэр, бага насны хоёр хүүхэдтэй гэх байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хорих ялыг мөн зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Э нь энэ хэрэгт 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэл 22 хоног цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.

Эрүүгийн 1708 0147 00000 дугаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ч.Э-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-г 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-д оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э-н цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 22 (хорин хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч Ч.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХ