Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1193

 

 

 

 

 

 

 

                                   

Ч.Эад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулж,       

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Эад холбогдох 1708 0147 10254 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 2 дугаар байрны 259 тоотод хохирогч Т.Энхболдыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Ч.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ч.Эыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эад оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ч.Эын цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хохирол төлбөрийг хурлаас өмнө төлж барагдуулсан. Хохирогч гомдолгүй, хохирогчийн зүгээс цаашид биеэ эмчлүүлээд гарах зардлыг нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Бодит болон баримттай зардал бий болвол миний бие төлж барагдуулах болно. Анхан шатны шүүхээс хуульд заасан хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүдийг дурдаж, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн атлаа надад 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Гэхдээ шүүх хууль буруу хэрэглэсэн зүйл байхгүй гэж бодож байна. Миний бие болон манай өмгөөлөгчийн зүгээс торгуулийн ял шийтгэж өгөхийг хүссэн боловч шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж дүгнэсэн. Үүнийг би үгүйсгэхгүй, учир нь тухайн цаг үед би хуулийн мэдлэггүй, гэнэн томоогүй, үр дагаврыг нь мэдэхгүй явжээ. ...Миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч С.Чулуунбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрт, Ч.Эад холбогдох хэргийг шийдвэрлэх явцад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэсэн. Харин хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг дурдсан атлаа биечлэн эдлэх 3 жилийн хорих ял оногдуулсан байна. Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс гарган өгнө үү. Ч.Эын гомдлыг бүрэн дэмжиж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ч.Эын өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүнчлэн бага насны 2 хүүхэдтэй зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нь 3 жилийн хорих ял биечлэн эдэллээ гэж үзвэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг цаашид төлөхөө илэрхийлж байгаа. Ажил хөдөлмөр эрхлээд шүүхээс оногдуулсан торгуулийн ял шийтгэлийг төлбөл хохирогчид ч мөн ашигтай. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгуулийн ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэний дараа хохирлоо төлж барагдуулсан бөгөөд гэм буруугийн хувьд маргаагүй боловч 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч хохирол төлөхөөр завсарлага авсан боловч энэ хугацаандаа хохирлоо төлөөгүй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харгалзан үзэж, түүнд 3 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцэж байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааы үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Ч.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2017 оны 9 дүгээр сарын 15-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 2 дугаар байрны 259 тоотод хохирогч Т.Энхболдыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.Энхболдын “...2016 оны 12 дугаар сараас эхлэн fасеbоок-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг группэд орсноос хойш Аззаяа гэх эмэгтэйг таних мэдэх болсон. Тэгээд 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 14 цагийн үед намайг гадуур явж байтал Аззаяа залгаад уулзаж ярих ажил байна гэсэн. ...Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуус хороолол”-д ... байрны гадаа Аззаяатай уулзахад надаас “ажил төрөл байна уу” гэж асууж байсан. Бид хоёр ярилцаж дуусаад би 20 цаг 30 минутын үед би Аззаяагаас салаад яг явах гэтэл 30 орчим насны эрэгтэй над руу дөхөж ирээд “чи хэн бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “найз нь байна, надаас ажил төрөл асуугаад байх шиг байна, өөрөөс нь асуу” гэж хэлээд явах гэтэл хөөе “байж бай” гээд миний хойноос хувцсаар минь боогоод намайг байрны орц руугаа чирээд орсон. Тэгээд байрны 2 дугаар давхарт байх ... Аззаяагийн амьдардаг гэх гэр рүү орсон. ...Би буцаад гарах гэтэл тэр залуу миний нүүр нь тус газар нэг удаа толгойгоороо мөргөөд унагаасан. Би тэнцвэр алдаад хажууд ойролцоо байх орон дээр унасан. ...би “яагаад байгаа юм бэ” гэхэд тэр залуу гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгээд намайг нүүрээ дараад хэвтэж байхад тэр залуу гар, хөлөөрөө намайг өшиглөж цохисон. Намайг маш удаан цохиж зодсон. ...Аззаяа дундуур ороод болиулах гэсэн боловч тэр залуу болихгүй байсан. Зодож байгаад хэсэг болиод надаас “хаана ажилладаг талаар” асуугаад ярилцаж байгаад дахин зодож эхэлсэн. Тэгэхдээ миний үснээс зулгааж, шалан дээр унагаагаад хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл миний баруун хөмсөг сэтэрч цус гарсан. Тэр үед миний толгой эргээд дүүрээд унах гэж байгаа юм шиг болоод явсан. Баруун талын нүд хавдаад юм харж чадахгүй байсан. ...Би ухаан алдаад унасан. Хэсэг байж байгаад ухаан ороод өөрөө түргэн тусламж дуудсан. ...Баруун хөмсөг сэтэрсэн, баруун нүд юм харж чадахгүй хавдсан, зүүн чих хөхөрч хавдсан, нүүр бүхэлдээ хавдсан, бие бүхэлдээ хөхөрч хөндүүрлэсэн, толгойны ар дагз хэсэг хавдсан. ...” /хх 20-21/,

гэрч А.Аззаяагийн “...2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр би Энхболд гэдэг залуутай уйдах завгүй залуу нас гэсэн fасеbоок-ийн группээр танилцаж байсан бөгөөд ажил хэргийн шугамаар ганц хоёр удаа урьд нь уулзаж байсан. ...Энхболд бид хоёр ажил төрөл яриад зогсож байсан чинь манай хамтран амьдрагч Энхмандах ирээд ... Энхболдыг манайхаар ороод гар гэж хэлээд гэр рүүгээ дагуулаад орсон. Тэгээд гэрт ороод чи манай эхнэртэй юу хийж суугаа юм гэж уурлаад тэр залууг мөргөчихсөн чинь тэр залуу орон дээр сууж байгаад налаад гэдрэгээ болсон. Энхмандах ийм орой болсон хойно ийм залуутай юу хийж суудаг юм гээд уурлаад хардаж байсан. ...Хамгийн эхэнд мөргөж байсан, тэгээд баруун гараараа нүүрэн тус газар руу нь нүднийх нь хөмсөгний доод хэсэгт нэг удаа цохисон чинь Энхболдын баруун нүднийх нь хөмсөгний доод хэсгээс цус гарч байсан. Дараа нь шанаа руу нь цохисон. ...” /хх 8/,

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “...Т.Энхболдын биед зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, зүүн гайморын ар ханын ясны шугаман хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 11873 дугаартай /хх 29/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн Хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн “...Т.Энхболдын биед учирсан зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн гайморын ар ханын шугаман хугарал нь 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд нь 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх /хх 106-107/ 255 дугаартай дүгнэлтүүд,

            “...2017 оны 9 дүгээр сарын 15-нд Залуус хороололд бусдад зодуулсан...” гэсэн оноштойгоор хохирогч Т.Энхболд Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн болохыг нотолж буй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /хх 40-47/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтуудад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Эын хохирогч Т.Энхболдыг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт  хэргийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогч Т.Энхболдын хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлийг шүүх үндэслэл бүхий дүгнэж, зөв хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нар нь “...торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.   

Шүүгдэгч Ч.Эын бусдын эрүүл мэндэд санаатайгаар “...зүүн нүдний ухархайн дээд хана, духны хөндийг дайрсан духны хөндийн дотор ханын зөрүүтэй үргэлжилсэн хугарал, гавлын хөндийн хий хуралдалт...” гэсэн Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах, “...зүүн гайморын ар ханын шугаман хугарал...” гэсэн гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах, “...баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн доод хана, баруун нүдний зовхины цус хуралт, зулгаралт, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт...” гэсэн гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүдийг учруулсан үйлдлийн хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, хорих гэсэн ялын төрлүүдээс Ч.Эад хорих ялыг сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “....Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2019/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Т.ӨСӨХБАЯР

 

    ШҮҮГЧ                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                               Д.ОЧМАНДАХ