| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 102/2018/02573/И |
| Дугаар | 210/МА2019/00578 |
| Огноо | 2019-03-29 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2019/00578
| 2019 оны 03 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2019/00578 |
Т.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Т.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-д холбогдох
Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Б-гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгах, олох байсан орлого 5 500 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
зээлийн гэрээний үүрэгт болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 86 406 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин, түүний өмгөөлөгч М.Балжинсүрэн, хариуцагч Б.Б-, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- нь 2017 оны 4 дүгээр сард өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар өр төлбөрт хураалгахаар болсон. Ийнхүү өөрийн орон сууцыг хураалгахгүйн тулд өр төлбөрөө яаралтай барагдуулах шаардлагатай болж зар мэдээнээс мөнгө зээлдүүлнэ гэх Б.Б-ын зарыг олж, түүнтэй уулзаж, тохиролцон 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 24.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 22.660.000 төгрөгийн өр төлбөрөө төлсөн. Тухайн үед Б.Б- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг барьцаална гээд өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан болно. Өмчлөлийг шилжүүлэхдээ орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд орон сууцны үнийг 28.000.000 төгрөгөөр тогтоосон байгаа. Т.Б- нь зээлийн гэрээний дагуу Б.Б-аас 22.660.000 төгрөгийг авсан, харин орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 28.000.000 төгрөгийг огт аваагүй. Б.Б- нь орон сууцны өмчлөлийг өөртөө шилжүүлж авсны дараа дотор нь байсан түрээслэгч нарыг хүчээр хөөж гарган, хаалганы цоожийг сольж, бүрэн өөрийн эзэмшилд авсан. Т.Б-гийн хувьд Б.Б-аас авсан зээлээсээ 4.500.000 төгрөгийг төлсөн. 2017 оны 5 дугаар сард тухайн орон сууцыг худалдах зарыг интернетэд тавьсан байсан, энэ талаараа Т.Б-д огт мэдэгдээгүй. Т.Б- нь маргаан бүхий орон сууцыг сард 500.000 төгрөгөөр түрээсэлж орлого олдог байсан. Б.Б-ын үйлдлээс болоод орлогоо олж чадахгүйд хүрсэн. Иймд Т.Б-, Б.Б- нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот 2 өрөө орон сууцыг Т.Б-гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулж, олох байсан орлого буюу орон сууцыг сард 500.000 төгрөгөөр бусдад түрээслүүлсэн бол 11 сарын хугацаанд 5.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Т.Б-тай зээлийн гэрээ байгуулан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай 24.000.000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүгээр зээлдүүлж, Т.Б-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 м/к талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Тухайн үед Т.Б-д итгэн өөрийн эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 24.000.000 төгрөгийг 1 сарын 8 хувийн хүүтэйгээр, 1 сарын хугацаатай зээлж авч Т.Б-д өгсөн. Т.Б- нь зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс миний эгч болох Д.Тамир надаас зээлийн төлбөрөө нэхэж эхэлсэн тул би дээрх орон сууцыг Канно финансиал ББСБ-д барьцаалан 23.000.000 төгрөгийн зээл авч, өөрөөсөө 1.000.000 төгрөг, сарын хүүнд 1.920.000 төгрөг нэмж гарган нийт 25.920.000 төгрөгийг эгч Д.Тамирт төлсөн. Ингээд Канно финансиал ББСБ-ын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг би өөрөө төлж явсаар зээлийн гэрээний хугацаа дууссан тул дахин өөрийн эгч Б.Өнөржаргалаас 20.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлэн авч, өөрөөсөө 7.280.180 төгрөгийг нэмж Канно финансиал ББСБ-д нийт 27,280,180 төгрөгийг төлж дуусгасан. Т.Б- зээлээ хугацаандаа төлөөгүйгээс болж би банк бус санхүүгийн байгууллагад 6 сарын турш хүүнд сарын 4 хувийн хүүтэй, хүүнд 1 сард 920.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 363.000 төгрөг, нийт 5.520.363 төгрөг төлж байна. Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн төлбөрийг төлж дуусгасан ч эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж дуусаагүй, сар бүр хүүгийн төлбөр төлсөөр нийт 73.541.100 төгрөгөөр хохироод байна гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үндсэн төлбөр 24.000.000 төгрөг, хүү 7.200.000 төгрөг, алданги 15.600.000 төгрөг, нийт зээлийн гэрээний үүрэгт 46.800.000 төгрөг, Канно финансиал ББС-аас зээлсэн мөнгөний хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 5.520.363 төгрөг, эгч Б.Өнөржаргалаас зээлсэн 20.000,000 төгрөгийг одоо хүртэл төлж чадаагүйгээс өнөөдрийг хүртэл 9 сарын турш төлсөн хүүнд 9.000.000 төгрөг, зээл өгөхөд эгч Б.Өнөржаргалаас зээлсэн зээлийн хүүнд төлсөн 7.280.000 төгрөг, эгч Д.Тамираас 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр зээлсэн мөнгөний 1 сарын хүүнд 1.920.000 төгрөг, өөрөөсөө гаргасан 1.000.000 төгрөг, тус байрны сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1.619.550 төгрөг, ашиглалтын зардалд буюу конторын зардал болох 401.007 төгрөгийг тус тус төлсөн, нийт 73.541.100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн Б.Өнөржаргалаас 20.000.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн ба хүүнд 5.200.000 төгрөгийг гаргуулна. Т.Б- нь надаас зээлсэн 24.000.000 төгрөгийг хугацаандаа төлөөгүйгээс би 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Эбо-Инвест ББС-аас 21.000.000 төгрөгийг 1 сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан. Гэвч зээлээ төлж чадаагүйгээс 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулан 15.000.000 төгрөгийг нэмж зээлсэн. Одоо үндсэн зээл 36.000.000 төгрөг болсон. Энэ зээлийн хүүнд 7.665.000 төгрөг, нийт 86.406.100 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээ 24.000.000 төгрөгөөр байгуулагдсан боловч яг 22.660.000 төгрөгийг авсан. Илүү 1.340.000 төгрөгийг хариуцагч зээл олгосонтой холбоотой зардал гэж тайлбарласан. Зээл олгосон өдрөөс эхлэн хүү тооцох ёстой. Зээлийн гэрээ 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэйгээр байгуулагдсан, зээлийн хүүнд 6.798.000 төгрөг, алдангид /үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй/ 11.330.000 төгрөг, үүнээс 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Т.Б-гийн төлсөн 4.500.000 төгрөгийг хасаад 36.288.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч Б.Б- нь Д.Тамир, Б.Өнөржаргал, Канно финансиал, Эбо-Инвест ББС-гийн байгууллагуудаас зээл авч Т.Б-д өгсөн гэж сөрөг нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч Т.Б- нь 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг зөвхөн Б.Б-тай байгуулсан ба Б.Б- нь хаанаас, хэнээс мөнгө зээлсэн талаар ямар ч мэдээлэл байгаагүй, мэдэх ч шаардлагагүй. Учир нь зээлийн гэрээний дагуу Т.Б- нь зөвхөн Б.Б-ын өмнө үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн. Б.Б- нь орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан, цоожийг сольж, түрээслэгч нарыг хөөж гарган орон сууцыг бүрэн өөрийн эзэмшилд авсан. Мөн түрээслэгч нар нь контор, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг бүрэн төлдөг байсан бөгөөд Б.Б-ын буруутай үйл ажиллагааны улмаас орон сууцтай холбоотой төлбөрийн өр үүссэн. Иймд 2017 оны 5 дугаар сараас хойшхи хугацаанд Б.Б-ын төлсөн СӨХ, конторын төлбөрийг Т.Б- хариуцах үндэслэлгүй, харин 2017 оны 4 дүгээр сараас өмнөх төлбөрийг хариуцагч төлсөн нь баримтаар тогтоогдвол нэхэмжлэгч тус хугацааны төлбөрийг төлнө гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Эбо-Инвест ББСБ шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Б- нь 2017 оны 11 дүгээр сарын 24-ний тус банк бус санхүүгийн байгууллагаас 36.000.000 төгрөгийг, нэг сарын 3.5 хувийн хүүтээгээр зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд ямар нэгэн эрхийн зөрчилгүй, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байр, 69 тоот, Ү-2203029323 улсын бүртгэлийн дугаартай, 42.4 м2 талбайтай орон сууцыг барьцаалсан. Тус байгууллагын зээлдэгч Б.Б- нь өнөөдрийн байдлаар үндсэн зээл 36.000.000 төгрөг, хүү 6.300.000 төгрөг, нийт 42.300.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу хийгдэж, барьцааны гэрээ холбогдох бүртгэлийн байгууллагад бүртгэгдэж барьцаалбар үйлдэгдсэн байдаг гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.5, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч Б.Б- нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Б-гийн нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Б-д даалгаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Б-гаас 58.054.571 төгрөг гаргуулан хариуцагч Б.Б-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28.351.529 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 400.900 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.162.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 448.223 төгрөг гаргуулж хариуцагч Б.Б-д олгох, хариуцагч Б.Б-аас 297.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Б-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Зээлийн гэрээнд заасан дүнгээр биш, харин зээлдэгчид бодитоор олгосон дүнгээр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцож, тухайн дүнгээс хүү, алдангийг тооцох ёстой. Зээлийн гэрээний нийт дүн болох 24.000.000 төгрөгөөс шийдвэр гүйцэтгэл дэх өрийг хаасан дүн болох 22.660.000 төгрөгийг хасаад үлдэх дүн болох 1.340.000 төгрөгийг Б.Б- нь Т.Б-д өгөөгүй. Ямар учиртай илүү дүн тавьсан болохыг лавлахад зээл олгох болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлж авахтай холбоотой гарах зардал гэж тайлбарладаг. Шүүхэд зөвхөн үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотойгоор төлсөн 2 хувийн татвар 560.000 төгрөгийг гаргаж өгсөн байна. Үүнээс өөр баримт байхгүй бөгөөд хариуцагчийн зүгээс 1.340.000 төгрөгийг зардалд тооцсон гэсэн тайлбар өгч байгаа нь тус дүнг Т.Б-д бэлнээр өгсөн гэдгийг үгүйсгэж байгаа тайлбар юм. Шүүх Т.Б-гаас Б.Б-д төлсөн 4.500.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлөх дүнгээс хасч тооцоогүй байх бөгөөд үүнийгээ шүүх нотлох баримтьш ямар шаардлага хангахгүй байгаа тухайгаа тодорхой дурдаагүй, нотлох баримтаас хасах тухай захирамж гаргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс 4.500.000 төгрөгийг төлсөн АТМ-ийн шилжүүлгийн баримтыг шүүхэд эхээр нь гаргаж өгсөн тул тус баримт нь нотлох баримтын шаардлага хангасан баримт бөгөөд хариуцагч Б.Б-ын зүгээс 4.500.000 төгрөгийг төлсөн гэдгийг үгүйсгэдэггүй. Зээл олгосон дүн нь 22,.660.000 төгрөг бол 3 сарын хүү сарын 10 хувиал тооцоод нийт 6.798.000 төгрөг болно. Шүүгч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Монгол Улсын ямар хууль тогтоомжийн ямар зүйл заалтыг үндэслэн 10.920.000 төгрөгийг Б.Б-д учирсан хохирол гэж үзсэн тухай 1 ч дурдагдаагүй. Б.Б- Д.Тамираас авсан мөнгийг юунд ч ашигласан байж болно. Өөр нэг хүнээс мөнгө хүүлэхдээ ашигласан ч байж болно. Энэхүүт үйл баримтыг тогтоох боломжгүй. Б.Б-ын бусдад төлөх зээлийн хүүг Т.Б- төлөх тухай ямар ч тохироо хийгдээгүй, зээлийн гэрээнд тийм заалт байхгүй болно. Б.Б-, Д.Тамир нар 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн гэх мөнгөний баталгаа гэсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Тухайн баримтад зааснаар Д.Тамир нь Б.Б-д 24.000.000 төгрөгийг бэлнээр, 1 сарын 8 хувийн хүүгэйтээр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон байна. Зээлийн нөхцлөөс харахад Д.Тамираас авсан зээлийн хугацаа нь Т.Б-гийн зээлийн хугацаанаас өмнө дуусгавар болсон байна. Иймд Б.Б-ын хувьд Т.Б- зээл төлөх хугацааг хэтрүүлсэн эсэхээс үл хамааран Д.Тамирт төлөх 1.920.000 төгрөгийн зээлийн хүүг төлөх байсан учраас Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Д.Тамирт төлсөн хүүг төлөх үндэслэлгүй. Т.Б- нь орон сууцаа нэг сарын 500.000 төгрөгөөр түрээслүүлж нэмэлт орлого олдог байсан. Энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан Т.Б-гийн дансны хуулга болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Тус орон сууныг түрээсэлж байсан эсэх дээр хариуцагч маргахгүй байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгүүдэд өөрчлөлт оруулуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний, найруулгын болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 мк талбай бүхий 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг Т.Б-гийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б-д даалгах, олох байсан орлого буюу 11 сарын түрээсийн төлбөр 5 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүрэгт 46 800 000 төгрөг, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч хугацаандаа биелүүлээгүйгээс учирсан хохиролд бусдаас авсан зээлийн төлбөрт болон хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн 37 585 543 төгрөг, СӨХ-нд төлсөн 1 619 550 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд төлсөн 401 007 төгрөг, нийт 86 406 100 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Т.Б-, хариуцагч Б.Б- нарын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78-69 тоот хаягт байрлах 42.4 мк талбай бүхий 2 өрөө орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь 28 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон байх бөгөөд орон сууцны өмчлөх эрх хариуцагчийн нэр дээр шилжсэн, хариуцагч Б.Б- нь 22 660 000 төгрөгийг нэхэмжлэгчийн өмнөөс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд төлсөн үйл баримт тогтоогджээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч Т.Б- нь өөрийн орон сууцаа Б.Б-д худалдаагүй, зээлсэн 22,660,000 төгрөгийнхөө барьцаа болгож худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан гэсэн тайлбар, хариуцагчийн ...орон сууцыг би өөртөө авах ямар ч бодол байгаагүй, зөвхөн эрсдэлээ тооцож, зээлсэн мөнгөний барьцаа болгож авсан гэх тайлбар зэргийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Т.Б- нь өөрийн өмчлөлийн орон сууцаа Б.Б-д худалдах, хариуцагч Т.Батжаргал нь тухайн орон сууцыг худалдаж авах хүсэл зориг байгаагүй, харин Т.Б- нь бусдад төлөх төлбөрөө барагдуулах зорилгоор 24 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт орон сууцаа барьцаалахаар харилцан тохиролцсон гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчийн өмчлөлд барьцааны агуулгаар шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул шүүх талуудын хооронд байгуулсан 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Харин шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж давхар дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл нь хийсэн үеэс хүчин төгөлдөр бус байдаг бөгөөд мөн хуулийн 56.5 дах хэсэгт талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Т.Б-гийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Их тойруу гудамж, 78 дугаар байрны 69 тоот, 42.4 мк талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээхийг хариуцагч Б.Б-д бус бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Нэхэмжлэгч маргаан бүхий орон сууцыг бусдад түрээслүүлж олох байсан орлого буюу 11 сарын түрээсэн төлбөрт 5 500 000 төгрөгийг хариуцагч Т.Батжаргалаас гаргуулахаар нэхэмжилснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч нь орон сууцыг бусдад түрээслүүлж байсан гэх гэрээ баримт байхгүйгээс гадна дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн явдалд дан ганц хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, талууд хэн аль нь буруутай гэж үзэхээр байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дах хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзнэ.
Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч Б.Б-тай 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж уг гэрээгээр 24 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч нэхэмжлэгч нь уг гэрээний 8 дэх хэсэгт Т.Б-гийн гарын үсэг бүхий ...2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 24 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан болно гэснийг эс зөвшөөрч 24 000 000 төгрөг аваагүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн 22.660.000 төгрөгийг авсан гэж маргаж байгаа тохиолдолд хариуцагч нь 1 340 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй. /хх-ийн 51/
Хариуцагч Б.Б- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар 22 660 000 төгрөгийг Т.Б-гийн төлбөрийн орлого гэж төлсөн байх тул зээлийн гэрээний 8 дэх хэсгийн заалтаар Т.Б-г 24 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байхаас гадна түүний ...22 660 000 төгрөг дээр даатгал, байрны үлдэгдэл төлбөр нэмэгдсэн... гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул талуудын хооронд 22 660 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцэхээр байна. /хх-ийн 8, 51, 239/
Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээ бичгээр хийгдсэн тул хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Т.Б-гаас үндсэн зээл, хүү, алданги шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 3 сарын хугацаа дуусахад үндсэн зээл 22 660 000 төгрөг, 3 сарын хүү 6 798 000 төгрөг нийт 29 458 000 төгрөг төлөх үүрэгтэй байх ба 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 4 500 000 төгрөгийг төлсөн /хх-ийн 92/ байх тул үлдэх 24 958 000 төгрөгт алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүнг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хязгаарлаж алданги 12 479 000 төгрөг, нийт 37 437 000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б- нь Д.Тамир, Б.Өнөржаргал нараас болон Канно финансиал ББСБ ХХК, Эбо инвест ББСБ ХХК-иудаас авсан зээл, хүүний төлбөрт төлсөн нийт 37 585 543 төгрөгийг Т.Б-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой хохиролд тооцож гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Д.Тамир, Б.Өнөржаргал нараас болон Канно финансиал ББСБ ХХК, Эбо-Инвест ББСБ ХХК-иудаас хариуцагчийн зээлсэн мөнгөн хөрөнгийг Т.Б-тай байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой гэж үзэх, тэдгээрт зээлийн хүү төлсөн нь нэхэмжлэгч Т.Б-гийн үүргээ биелүүлээгүйтэй шалтгаант холбоотой гэж үзэх тус тус хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хохиролд 37 585 543 төгрөгийг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 10 920 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагч Б.Б-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Б-гаас орон сууцны ашиглалтын болон сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт нийт 334 571 төгрөг гаргуулж, хариуцагч Б.Б-д олгож шийдвэрлэсэнд хэн аль нь давж заалдах гомдол гаргаагүй тул нэхэмжлэгчээс нийт 37 771 571 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч Т.Б- нь зээлийн гэрээний үүрэгт 4 500 000 төгрөгийг хариуцагчийн ХААН банкин дахь 5026176504 тоот дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан Хаан банкны депозит дансны хуулга баримтаар нотлогдсон байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2019/00240 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 56.1.3 гэснийг 56.6 гэж, ...шилжүүүлж өгөхийг хариуцагч Б.Б-д... гэснийг ...сэргээхийг улсын бүртгэлийн байгууллагад ... гэж өөрчилж, 2 дах заалтын 58 054 571 гэснийг 37 771 571 гэж, 28 351 529 гэснийг 48 969 100 гэж , 3 дах заалтын 448 223 гэснийг 346 807 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Б-гаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 610 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Н.БАТЗОРИГ