Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/ма2018/01232

 

 

 

 

 

 

 

 

 

Ганжил ЗГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ганжил ЗГБХНөхөрлөлийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монсамхин ХХК-д холбогдох,

 

Барилгын үнэ 30 000 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулах, газар чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Баттулга

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Сонинбайгаль

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Ундрах-Эрдэнэ, Т.Отгонбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гантулга 2013 онд Ганжил нөхөрлөлийг үүсгэн байгуулсан, 9 гишүүнтэй. Манай Ганжил нөхөрлөл 2013 онд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах, Монсамхин ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг Түндэмүн сауны барилгын гадна талд, 80 м.кв газрыг 1 сард 1 000 000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулан ажилласан. Уг газарт 2013 онд 80 м.кв талбайтай авто угаалгын барилга барьсан. Тус барилгыг хөнгөн блок, модон карказ, сэндвичин дээвэр, өргөн нь 40 см, өндөр 40 см, урт 38 м суурьтай барьсан. Монсамхин ХХК-тай манай нөхөрлөл жил бүр гэрээг сунгаж ажилладаг байсан бөгөөд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2016 оны 08 сард үйл ажиллагааг хариуцагч зогсоож, барилгын түлхүүрийг хурааж авсан. Бид ямар шалтгаанаар түрээслүүлэхгүй болсон талаар асуухад цахилгаан зөвшөөрөлгүйгээр ашигласан тул гэрээг цуцласан гэж мэдэгдсэн. Ингээд манай авто угаалгыг үндэслэлгүйгээр зогсоож хариуцагч гэрээгээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд барилгын үнэ болох 30 000 000 төгрөгийг Монсамхин ХХК-иас гаргуулахаар нэхэмжилсэн. Шинжээчийн дүгнэлтээр барилга 21 542 300 төгрөгөөр үнэлэгдсэн тул барилгын үнэд 21 542 300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлээ багасгаж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монсамхин ХХК нь анх 2004 онд гадаад худалдаа, аялал жуулчлал, саун массаж, боловсруулан гүйцэтгэх газар, түрээсийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Монгол улсын хуулийн хүрээнд байгуулагдсан, гадаадын хөрөнгө оруулалттай компани юм. Манай компани нь өнгөрсөн хугацаанд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаагүй, өнөөдрийг хүртэл Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Монсамхин ХХК нь 3128 м.кв газрыг ашиглах эрхтэй бөгөөд 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн газраас 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Монгол улсын Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар түрээсийн гэрээг байгуулан хариуцагчид түрээсэлж эхэлсэн. Түрээслэгч автомашины угаалгын газар барьж, 2013 оны 08 сараас ашигласан. Түрээслэгчийн зүгээс үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гэсэн тул түрээсийн төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс бууруулан сарын төлбөрийг 1 000 000 төгрөг болгосон. Гэсэн ч Ганжил нөхөрлөл нь мөн үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадалгүй түрээсийн төлбөрөө төлөхгүй байсан. Мөн түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл бөгөөд гэрээг цуцлах хангалттай үндэслэл болсон юм. Төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төлж барагдуулахаар болж одоогийн байгаа барилга байгууламжаа буулган цэвэрлэж өгнө гэж 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Г.Гантулга өөрийн гараар гэрээнд бичиж тохирсон. Үүнээс хойш удалгүй Ганжил нөхөрлөлийн захирал Г.Гантулга нь Тайваньд хулгайн хэрэг хийж, тус улсад хоригдон шалгагдсаны улмаас холбоо тасарсан. Монсамхин ХХК-ийн захирал У Жон Сун нь Монсамхин ХХК-ийн менежерээр ажиллаж байсан Г.Гантулгын дүү Э.Баттулгад машин угаалгыг ажиллуулахыг санал болгоход Э.Баттулга саналыг хүлээн авч Монсамхин ХХК-д ажиллаж авсан цалингаа түрээсийн төлбөрт суутгуулахаар тохиролцсон болно. Гэвч Э.Баттулга нь машин угаалга ажиллуулж байхдаа цахилгааныг манай тоолуураас залгаж цахилгааныг хулгайгаар хэрэглэж байсныг Монсамхин ХХК олж мэдээд энэ үйлдлээ шууд таслан зогсоохыг шаардаж, өмнө нь ямар байсан тэр байдалд нь оруул гэсэн боловч хулгайн тог ашиглаж байгаа үйлдлээ таслан зогсоогоогүйн улмаас үйл ажиллагааг нь зогсоосон болно. Ганжил нөхөрлөл нь манай компанитай гэрээ хийх үед 9011427033 бүртгэлийн дугаартай, РД:5735785 улсын бүртгэлийн гэрчилгээтэй байсан. Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзэхэд гэрээ байгуулснаас хойш шинээр авсан гэрчилгээ байх тул үнэн эсэхийг шалгах хэрэгтэй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд Ганжил нөхөрлөлийг төлөөлөн зурсан гарын үсэг нь Г.Гантулгын гэрээнд зурсан гарын үсгээс зөрүүтэй өөр байгаа тул шалгах шаардлагатай байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагч Монсамхин ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Монсамхин ХХК нь 2013 оноос эхлэн өөрийн эзэмшлийн 80 м.кв газрыг сарын 1 500 000 төгрөгөөр түрээслүүлэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээг байгуулан нэхэмжлэгчид түрээсэлж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа явуулахад ашиггүй байна гээд түрээсийн төлбөрийг бууруулан сарын 1 000 000 төгрөг болгосон. Үүнээс хойш түрээслүүлэгч Монсамхин ХХК-д мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд түрээслүүлсэн. Энэ нь гэрээний 1.7 дугаар зүйлийг зөрчсөн тул гэрээг цуцласан юм. Иймд Баянгол дүүрэг 18-р хороо, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжинд байрлах Монсамхин ХХК-ийн эзэмшлийн газраас Ганжил нөхөрлөл барьсан барилгыг албадан чөлөөлж өгнө үү.

Ганжил нөхөрлөл нь Монсамхин ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр түрээсийн гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу түрээсийн төлбөрийг зөвхөн нэг удаа төлж, удаан хугацаанд огт төлбөрөө төлөөгүй явж ирсэн. Тухайн байрыг барихад орсон эд материалыг Монсамхин ХХК гаргасан байхад одоо манай компанийн хөрөнгөөр барьсан барилгын үнийг эгүүлэн манай компаниас нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Ганжил нөхөрлөл нь түрээсийн гэрээний дагуу сар бүр төлөх 1 000 000 төгрөгийг төлөөгүй, 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар 24 сарын төлбөр 22 500 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Ганжил нөхөрлөлөөс түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Баттулга сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Ганжил нөхөрлөл  2016 оны 08 дугаар сарыг хүртэл үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагааг хариуцагч зогсоосон. Түрээсийн төлбөрийг 2015 оноос хариуцагч компанийн орчуулагч А.Тэгшсайханаар дамжуулж төлж байсан. 2016 оны 03 дугаар сард Г.Гантулга гадагшаа явсан тул би уг хугацаанаас автомашины угаалгын газрын үйл ажиллагааг эрхэлж, Монсамхин ХХК-д менежерээр ажилласан цалингаараа түрээсийн төлбөрийг төлсөн. Барилга нэхэмжлэгчийн газар дээр байгаа, манайх гэрээнээсээ татгалзаагүй, хариуцагч санаачлан гэрээг цуцалсан тул газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Монсамхин ХХК-д холбогдох барилгын үнэ 21 542 300 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл, нэхэмжлэгч Ганжил ХХК-иас 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 05 сарыг хүртлэх хугацааны түрээсийн төлбөр 22 500 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн эзэмшлээс автомашин угаалгын газрын барилга барьсан 80 м.кв газрыг чөлөөлүүлж, хариуцагчаас 4 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 308 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчаас төлсөн 376 600 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, сөрөг нэхэмжлэлийн хангагдсан хэмжээнд ногдох хураамж 70 200 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сонинбайгаль давж заалдах гомдолдоо: ...Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн дээрх зохицуулалтад түрээслэгч гэрээний зүйлийн өмчлөгч байх шаардлага тавигдаагүй байна. Түрээс нь субьектийн болон түүний үйл ажиллагааны зорилгын онцлогоос шалтгаалан эд хөрөнгө хөлслөх харилцааны тусгай төрөлд хамаардаг гэрээ юм. Түрээсийн гэрээ нь эд хөрөнгө хөлслөх гэрээний адил бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцаагч үүсгэдэг учир түрээслүүлэгчийг зайлшгүй тухай эд хөрөнгийн өмчлөгч байхыг шаарддаггүй болно. Эдгээр гэрээний дагуу хөрөнгө нь зөвхөн эзэмшил, ашиглалтад шилждэг учир ийнхүү шилжүүлж буй этгээд нь хөрөнгийг эзэмших, ашиглах эрхтэй этгээд байх учиртай.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д Газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр тухай газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад эзэмшүүлж болно гэж заасан боловч тухай төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол түүний үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар тухайн автомашин угаалгын газар нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд түүнийг нэхэмжлэгч тал буцаан авах боломжгүй юм. Иймээс автомашин угаалгын газрын үнэ болох 21 542 300 төгрөгийг буруутай тал болох Монсанхин ХХК-иас гаргуулах нь зүйтэй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ганжил ЗГБХН нь хариуцагч Монсамхин ХХК-д холбогдуулан барилгын үнэд 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 21 542 300 төгрөг болгон багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, газар чөлөөлүүлж, түрээсийн төлбөр 22 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 06-ны Түрээсийн гэрээ байгуулагдаж, 80 м.кв талбай бүхий газрыг автомашин угаалгын газар бариулж ашиглуулах зориулалтаар Ганжил ХХК-д түрээслүүлсэн, Ганжил ХХК уг газарт 2013 оны 09 дүгээр сард автомашин угаалгын барилга барьж ашиглаж, хариуцагчид түрээсийн төлбөр төлж ирсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

 

Хариуцагч Монсамхин ХХК нь 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай ХХК бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/829 дугаартай шийдвэрээр Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд 3128 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар ашиглах эрх олгосны дагуу нэгж талбарын 18640311798134 дугаартай газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах гэрээг Нийслэлийн өмчийн харилцааны газартай байгуулсан байна. /хх 94-99/

Зохигчдын хооронд газар түрээслүүлэх гэрээ байгуулагдсан боловч уг хэлцлийг хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Газрыг ашиглах эрхтэй Монсамхин ХХК-ийн хувьд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасан газар эзэмших эрхтэй этгээд эдлэх газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөршөөрөлтэйгээр тухайн газрыг бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасан бөгөөд газар ашиглагч нарт газрыг бусдад түрээслэх эрхийг хуулиар олгоогүй байна.

Нэхэмжлэгч Ганжил ХХК нь түрээсийн гэрээ байгуулах үед 80 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхгүй байхдаа хэлцэл хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул зохигчид түрээсийн гэрээний дагуу харилцан гэрээний үүрэг шаардах эрхгүй юм.

Иймд анхан шатны шүүх талуудын байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу хэлцлээр өгсөн авсан зүйлээ харилцан буцааж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгах үүрэгтэй гэж дүгнэн, хариуцагч Монсамхин ХХК-ийг өөрийн барьсан автомашины угаалгын барилгыг буулгаж, 80 м.кв газрыг чөлөөлөхийг даалгаж, барилгын үнэ гаргуулах үндсэн нэхэмжлэл, түрээсийн төлбөр 22 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагаас хальсан агуулгатай 4 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлснийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байх боловч хариуцагч Монсанхим ХХК нь энэ талаар гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн болно.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06ы өдрийн 102/ШШ2018/01101 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч өмгөөлөгч Б.Сонинбайгалиас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 245 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ЦОГТСАЙХАН