Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01389

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2018/01389

 

 

М.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 184/ШШ2018/00810 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоогийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Монгол Улсын Засгийн газарт холбогдох

Засгийн газрын нөөц сангаас 17 932 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Энхтунгалаг

Прокурор: Б.Отгончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр иргэн н.Болормаагийн гомдлоор тус өдрөө Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар онц хүнд гэмт хэргийн зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр намайг цагдан хорьсон. Нийт 28 хоног цагдан хорьж, батлан даалтад гараад 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 351 дугаартай прокурорын тогтоол гарч хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд сэтгэл санаа, эд хөрөнгийн хохирол амссан. Энэ хэрэгт цагдан хоригдсон 28 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 140 400 төгрөгөөр тооцон 3 932 000 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4 000 000 төгрөг, нийт 17 932 000 төгрөгийг Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Сүрэнхорлоо нь 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 28 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон. Өмнө нь үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт сэжигтэн яллагдагч шүүгдэгч, удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн дахин гэмт хэрэгт сэжиглэгдсэн бол түүнийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхээс оргон зайлах, үйл байдлыг тогтооход саад учруулах, дахин гэмт хэрэг үйлдэхээс сэрэмжлэх зорилгоор цагдан хорино гэж заасан. М.Сүрэнхорлоо өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан мөн тухайн үед онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан учир хуульд заасан журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэргийг хэрэгсэхгүй болгохдоо М.Сүрэнхорлоо нь хохирогчтой гэрээ байгуулж, хохирогч нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлт гаргасан байдлыг харгалзан үзэж өгнө үү. Нэхэмжлэгч өмгөөллийн үйл ажиллагааны зардал нэхэмжилсэн байдаг. Өмгөөллийн гэрээг 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан байдаг. Тус гэрээний 4.3 дахь хэсэгт өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд урьдчилан 5 000 000 төгрөгийг талууд гарын үсгээ зурмагц төлнө гэсэн байдаг. Харин төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд төлбөрийг 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлсөн байна. Гэрээнд н.Ганжуурданжуур гэх хүн гарын үсэг зурсан нь гэрээг хүчин төгөлдөр эсэх мөн тухайн үед гэрээ байгуулсан эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь эрүүгийн хэрэг болон иргэний хэргийн өмгөөлөл хууль зүйн туслалцааны гэрээнүүд нь хоорондоо яг ижилхэн байгаа юм. Мөн М.Сүрэнхорлоо нь үйл ажиллагаа явуулж байсан тухай баримт нь нотлох баримтын шаардлагыг төдийлөн хангаагүй. Улсын дээд шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гаргасан зөвлөмжид эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны улмаас хохирсон тохиолдолд зардал нөхөх гээд тухайн үед ажил эрхэлдэггүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21,5 хоногт хувааж зардлыг нөхөх гэж тусгасан  нь нэхэмжлэгч 140 400 төгрөгийг 28 хоногтоо үржүүлж нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эрүүгийн хэрэгт шалгагдсанаар нэр төр сэтгэл санааны хохирол учирсан гэдэг. Энэ талаар тодорхойлсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Отгончимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

М.Сүрэнхорлоо нь 28 хоногоор цагдан хоригдсон хугацааны төлбөрийг ажилгүй байсан хугацаагаа гэж үзэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 3 339 000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 10 000 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. М.Сүрэнхорлоо нь 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар иргэн О.Болормаагаас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр мөнгийг нь авч хүүг нь өсгөж өгнө гэж 196 234 000 төгрөгийг хууран мэхэлж, итгэл эвдэх замаар авч, онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үед Млоус ХХК-ийн нийтийн байранд манаачаар ажиллаж, тухайн хаягт нь оршин суудаг байснаар М.Сүрэнхорлоо нь бүртгэгдсэн хаягтаа байнгын байрлах эсэх нь тодорхой бус оргон зайлж болзошгүй гэх үндэслэл, Увс аймгийн сум дундын шүүхээс 2005 оны 4 дүгээр сарын 27, 2006 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус тус ял шийтгэл авч байсан учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. М.Сүрэнхорлоогийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтад гаргасан. Нэхэмжлэгчийн орлогын талаарх гэрчүүдийн мэдүүлэгт өдөрт Драгон төвд ороомог хийж заран 30 000 төгрөгийн ашигтай ажилладаг гэж бодож байна, мөн М.Сүрэнхорлоогийн ажиллаж байсан компани сард 500 000 төгрөгийн цалин өгдөг байснаас 200 000 төгрөгийн байрны түрээсэнд авч гар дээр нь 300 000 төгрөг өгдөг, мөнгө хэрэг болохоор нь өгдөг  байсан гэх мэдүүлгүүдээс харахад Драгон төвд хэдэн төгрөгийн орлоготой болох нь тодорхойгүй, мөн Лоус ХХК-иас тогтмол цалин авдаггүй байсан тул төлбөрийг тооцох боломжгүй байна. Өмгөөллийн хөлсөнд төлсөн зардлын хувьд Үндсэн хуулийн 55.1, 55.2, 16.14-д зааснаар хүн өөрөө өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 41.1-д өмгөөлөгч нь хууль зүйн туслалцаа үзүүлэх үүрэгтэй, 35.2.7, 36.3.3-д өмгөөлөгч авах эрхтэйг тус тус тусгасан. Иймээс М.Сүрэнхорлоо эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч авч сайн дураараа өмгөөллийн хөлс төлсөн тул тус төлбөрийг төрөөс гаргуулах үндэслэлгүй байна. Эрүүгийн хавтаст хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн гэрээг хавсаргаагүй, уг мөнгийг өмгөөлөгчид бүрэн төлсөн гэх баримт байхгүй, өмгөөллийн хөлсний талаар сэжигтэн яллагдагчийн мэдүүлэгт тусгагдаагүй байгааг анхаарч үзнэ үү. Сэтгэл санааны хохирол гаргуулах тухайд хэрэг хянан шийдвэрлэж байх хугацаанд болон дараа нь хэрхэн ямар хор хохирол учирсан тухай баримт байхгүй. М.Сүрэнхорлоо нь эрүүгийн хэрэгт шалгагдаад хэрэгсэхгүй болгосон шалтгаан нь хохирогч талтай гэрээ байгуулсны үндсэн дээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иргэн О.Болормаа нар нь харилцан тохиролцож бусдад өндөр хүүтэй мөнгө зээлсэн тухай нотлох баримтуудаар тогтоогдсон боловч эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт заасныг журамлаж яллагдагчид ашигтай байдлаар эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хэргийн хэрэгсэхгүй болгосон боловч М.Сүрэнхорлоог шалгах хууль зүйн үндэслэлтэй байсан нь тогтоогдсон байгаа. Төрийн албан тушаалтны хууль бус ажиллагаанаас үүдэлтэй бол хохирлыг барагдуулдаг ч энэ байдал огт тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг баримтлан  Монгол Улсын Засгийн газраас 10 182 846 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Сүрэнхорлоод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 749 154 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатарт давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхээс М.Сүрэнхорлоогийн холбогдсон эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөр Н.Болормааг оролцуулан, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг түүний хүү Ц.Ганжуурданжууртай байгуулан, хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн. Хавтаст хэрэгт авагдсан өмгөөлөгч Н.Болормаатай байгуулсан гэрээ нь одоо өмгөөлөгч Д.Энхтунгалагтай байгуулсан гэрээтэй ижил байгаагаас харахад гэрээг нөхөж хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн тухайн үед эрүүгийн хэрэгт өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ авагдаагүй, мөнгө төлсөн баримт хэрэгт байхгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн шүүх хуралдааны явцад эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Н.Болормаа өмгөөллийн хөлс төлсөн баримтыг 2 хувь үйлдэж нэгийг нь өөрөө авч нөгөөг нь үйлчлүүлэгчид өгсөн гэх боловч иргэний хавтаст хэрэгт байгаа төлбөр төлсөн эх баримтууд нь хэнд байсан баримт болох талаар тодруулахад хариулт өгч чадахгүй байсан нь дээрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоо гэм хорын хохиролд 17 932 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлээ ...эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж 28 хоног цагдан хоригдсон, 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаар прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас амьжиргааны эх үүсвэр болох орлогод 3 932 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг, өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэж тайлбарлажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ ... М.Сүрэнхорлоо нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хоригдсон, өмгөөллийн гэрээг байгуулсан этгээд нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй эсэх нь эргэлзээтэй, өмгөөллийн гэрээ, төлбөр төлсөн баримтыг нөхөн хийсэн байх боломжтой, амьжиргааны эх үүсвэр болж байсан орлогод 3 932 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 4 000 000 төгрөг гарсан баримт байхгүй гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоо гэм хорын хохирол арилгуулах нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8.3-т заасан хугацаанд гаргасан болох нь Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор тогтоогджээ. /хх 113-114 тал/

Иргэн О.Болормаагийн гомдлоор М.Сүрэнхорлоод холбогдуулан 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн 201201031610 дугаартай хэрэг үүсгэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар иргэн О.Болормаагаас удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр 196 244 000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогдуулж сэжигтнээр тооцож, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 254 дугаар захирамжаар М.Сүрэнхорлоог цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь тогтоогдож байна. /хх 55 тал/

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоог 2012 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар татан иргэн О.Болормаагийн 196 234 000 төгрөгийг удаа дараагийн үйлдлээр өсгөж өгнө гэж залилан мэхэлж, итгэл эвдэж авсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 254/А дугаар захирамжаар яллагдагч М.Сүрэнхорлоог үргэлжлүүлэн цагдан хорьж, мөн өдрөөс эхлэн яллагдагчаар 14 хоног цагдан хорьсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх 56, 30 тал/

Яллагдагч М.Сүрэнхорлоогийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 254/Б дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, Ж.Баянбилэг, Т.Энхцэцэг нарын батлан даалтад гаргасан байна. /хх-57-61, 64-65/

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар прокурорын газрын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 351 дугаартай тогтоолоор М.Сүрэнхорлоо нь хуурч мэхлэх итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан авч онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдоогүй бөгөөд М.Сүрэнхорлоогийн гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дах хэсэгт заасныг журамлан 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан үндэслэлээр 201201031610 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ./хх 113 тал

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 45.2.1-д зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд учирсан хохирлоо арилгуулахаар төр буюу Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь зөв болсон байна.

 

Нэхэмжлэгч М.Сүрэнхорлоо хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж цалин авдаг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, уг байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул анхан шатны шүүх Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан орлогыг тодорхойлж, түүний цагдан хоригдсон 28 хоногт 182 846 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх хохиролд сэтгэл санааны хохиролд хамаарахгүй гэж үзэн нэхэмжлэгч М.Сүрэнхорлоогийн сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Түүнчлэн эрүүгийн хэрэгт М.Сүрэнхорлоогийн өмгөөлөгчөөр Н.Болормаа оролцон, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нэхэмжлэгчийн хүү Ц.Ганжуурданжууртай байгуулан, хөлсөнд 10 000 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх 133-135 тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...эрүүгийн хэрэгт өмгөөлөгч Н.Болормаатай байгуулсан гэрээ, иргэний хэрэгт өмгөөлөгч Д.Энхтунгалагтай байгуулсан гэрээтэй ижил байгаа нь нөхөж хийсэн гэх үндэслэлтэй гэсэн үндэслэл зааж байгаа боловч уг тайлбар нь нэхэмжлэгч М.Сүрэнхорлоог эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж байхдаа өмгөөллийн хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөгийн төлбөрийг үгүйсгэх нөхцөл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 184ШШ2018/00810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Монгол Улсын Засгийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО