Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2020/02195

 

 

 

 

 

 

 

 

 

Т -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэртэй,

 

Т -гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Т -гээс 98 036 859 төгрөгийг гаргуулж, Хустын ургац ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот, 29 мкв талбайтай, Ү-2205002561 тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцанд төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч Хустын ургац ХХК хүлээн аваагүй үндэслэлээр НШШГГ-ын тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 89 739 300 төгрөгөөр үнэлсэн болохыг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/16288 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаж чадаагүйгээс төлбөр төлөгчийн эрх ашиг хохироосон. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 29 м.кв талбайтай гэж бичсэн үнэлгээ гаргахдаа 66.44 м.кв талбайгаар тооцож үнэлгээ гаргасан. 66.44 м.кв-ийг ямар тусгай эрхтэй компани хэрхэн хэмжилт хийж тооцсон талаар хөрөнгийн үнэлгээний тайланд дурдаагүй.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хэт их, багаар үнэлсэн тухайд маргаагүй. Анх гэрчилгээг улсын бүртгэлээс олгохдоо үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, тагт зэргийг орон сууцны талбайд тооцож оруулдаагүй байсан. Тус талбайг ямар аргачлалаар, ямар багаж хэрэгслийн тусламжтай, ямар тусгай зөвшөөрөлтэй компани хэзээ хэмжилт хийж тогтоосныг хөрөнгийн үнэлгээндээ хавсаргаснаар 66.44 м.кв талбайн хэмжилт үндэслэлтэй болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд хэмжилт хийсэн материалыг хавсаргаагүй учир хөрөнгийн үнэлгээ үндэслэл бүхий болж чадахгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Т -гээс 98 036 859 төгрөгийг гаргуулж, Хустын ургац ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т -д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлс хийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол 12 байр, 94 тоот орон сууцыг 144/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 144/06 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 4/220 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/16288, 4/16287 тоот мэдэгдлээр мэдэгдсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205002561 тоот дугаартай, 2 өрөө орон сууцыг 89,739,300 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Элжигэн овогтой Гантөмөрийн Түвшингийн /РД:МЭ88072213/ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ 89 739 300 төгрөгөөр үнэлснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах гэж байгаа мэт боловч нэхэмжлэлийг хангахгүй хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээ нь зохих үндэслэл бүхий, тодорхой байх талаар тусгасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээч нь үнэлгээг тодорхой, үндэслэл бүхий гаргаж чадаагүй.

Мөн хөрөнгийн үнэлгээнд талбайн хэмжээг хэмжсэн хэмжилтийг үнэлгээнд хавсаргаагүй байна. Үнэлгээний тооцооллын үндэслэлийг тайланд тусгаагүй гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Т - нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24ий өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Т -гээс 97 391 949 төгрөгийг гаргуулж Хустын ургац ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан дарааллаар ажиллагааг явуулж, төлбөр төлөгч нарын дансны мэдээлэл, эд хөрөнгийн лавлагааг гаргуулж, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэн хасалт хийх ажиллагааг хийсэн нь хуульд нийцжээ.

 

Хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, Т -гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205002561 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 хороо, 6 дугаар бичил хороолол, 12 дугаар байр, 94 тоот орон сууцыг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр битүүмжилж, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хураан авах ажиллагаа явуулсан ба уг ажиллагаанд талууд гомдол гаргаагүй болно. /хх38, 40/

 

Төлбөр авагч Хустын ургац ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилуулах хүсэлт гаргаж, төлбөр төлөгч Т - нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр орон сууцны 120 000 000 төгрөгөөр үнэлэх тухай үнийн санал ирүүлснийг хариуцагч байгууллага нь талуудыг үнийн саналд тохиролцоогүй гэх үндэслэлээр 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 89 739 300 төгрөгөөр үнэлсэн, шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/16288 тоот албан бичгээр уг үнэлгээг төлбөр төлөгчид мэдэгдсэн, мэдэгдлийг төлбөр төлөгч 2020 оны 05 дугаар сарын 01-ний хүлээн авсан байна. /хх 54-55/

 

Хөрөнгө эстимэйт ХХК нь Т -гийн өмчлөлийн орон сууцыг орлогын хандлагын аргаар 31 839 000 төгрөг, зардлын хандлагын аргаар 22 992 000 төгрөг, зах зээлийн харьцуулалтын аргаар 89 739 000 төгрөг гэж үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 89 739 300 төгрөгөөр тогтоосныг буруутгах боломжгүй. Шинжээчийн тогтоосон үнэ үндэслэл бүхий, тодорхой байх шаардлыг хангаагүй гэж дүгнэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолыг хангах боломжгүй.

 

Орон сууцны талбайн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 29 м.кв гэж тодорхойлсон ба бодитоор 66.44 м.кв байгаа талаар шинжээч дүгнэлтэд тусгаж үнэлгээ тогтоосныг үндэслэлгүй гэж дүгнэхгүй юм.

 

Түүнчлэн, Сангийн сайдаас олгосон 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон 111200195 тоот тусгай зөвшөөрлөөр Хөрөнгө эстимэйт ХХК нь эд хөрөнгийн үнэлгээ гаргах эрх бүхий этгээд байна.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/02632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА