Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 02632

 

 

 

 

 

 

 

 

 

2020            09             16                                                   102/ШШ2020/02632                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: НШШГт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинтуяа, гуравдагч этгээд “Хустын ургац” ХХК-ийн төлөөлөгч Д.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.                                                                                                  

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

   

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Г.Тгээс 98,036,859 төгрөгийг гаргуулж, “Хустын ургац” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Миний өмчлөлийн Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот, 29 мкв талбайтай, Ү-2205002561 тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцанд төлбөр төлөгчийн өгсөн үнийн саналыг төлбөр авагч “Хустын ургац” ХХК хүлээн аваагүй үндэслэлээр НШШГГ-ын тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 2020.04.30-ны өдөр дээр дурдсан хөрөнгийг 89,739,300 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг хариуцагч нь 2020.05.01-ний өдрийн 4/16288 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой гаргаж чадаагүйгээс төлбөр төлөгчийн эрх ашиг хохирч байх тул “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.04.30-ны өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Төлбөр төлөгч Г.Тгийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд 29 м.кв талбайтай гэж бичсэн үнэлгээ гаргахдаа 66.44 м.кв талбайгаар тооцож үнэлгээ гаргасан. 66.44 м.кв-ийг ямар тусгай эрхтэй компани хэрхэн хэмжилт хийж тооцсон талаар хөрөнгийн үнэлгээний тайланд дурдаагүй. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээг хэт их, багаар үнэлсэн тухайд маргаагүй. Анх гэрчилгээг улсын бүртгэлээс олгохдоо үүдний хэсэг, ариун цэврийн өрөө, гал тогооны өрөө, тагт зэргийг орон сууцны талбайд тооцож оруулдаагүй байсан. Тус талбайг ямар аргачлалаар, ямар багаж хэрэгслийн тусламжтай, ямар тусгай зөвшөөрөлтэй компани хэзээ хэмжилт хийж тогтоосныг хөрөнгийн үнэлгээндээ хавсаргаснаар 66.44 м.кв талбайн хэмжилт үндэслэлтэй болно. Хөрөнгийн үнэлгээний тайланд хэмжилт хийсэн материалыг хавсаргаагүй учир хөрөнгийн үнэлгээ үндэслэл бүхий болж чадахгүй гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Г.Тгээс 98,036,859 төгрөгийг гаргуулж, “Хустын ургац” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Тд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол 12 байр, 94 тоот орон сууцыг 2020.03.18-ны өдрийн 144/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.04.01-ний өдрийн 144/06 дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу өмчлөгч болон талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шинжээч томилох тухай 2020.04.27-ны өдрийн 4/220 тоот тогтоолоор шинжээч томилж, үнэлэгдсэн үнэлгээг талуудад 2020.05.01-ний өдрийн 4/16288, 4/16287 тоот мэдэгдлээр мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д заасан “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” бөгөөд 55.3-д талуудад унэлгээг мэдэгдэж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээ хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Т нь НШШГт холбогдуулан “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2020.04.30-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Тус шүүхийн шүүгчийн 2019.01.24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаар захирамжаар Г.Тгээс 98,036,859 төгрөгийг гаргуулж, “Хустын ургац” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх захирамж, шийдвэрүүдийг албадан гүйцэтгүүлэхээр бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгийг 2020.03.18-ны өдрийн 144/05 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020.04.01-ний өдрийн 144/06 дугаар тогтоолоор хураажээ.

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2020.04.27-ны өдрийн 4/220 тоот тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, нэхэмжлэгч нь шинжээчийн 2020.04.30-ны өдрийн үнэлгээг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлагаа шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9.2.3, 9.3.8-д заасныг зөрчсөн тул үндэслэл бүхий гараагүй гэж маргалаа.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т Хөрөнгийн үнэлгээний тайлан нь хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцсэн байна гэж, 9.3.8-д Хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг тусгана гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч нь дээрх 29 мкв талбай бүхий орон сууцны үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч тухайн байрыг 89,739,300 төгрөгөөр үнэлснийг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

 

Учир нь шинжээч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр 29 мкв талбай бүхий орон сууцны үнэлгээг гаргасан байх бөгөөд өөрийн хэмжилтээр 66,44 мкв талбайн    аргачлал, харьцуулалт, тооцооллыг үндэслэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Баянгол дүүргийн 12 хороо, 6 бичил хороолол, 12 байр, 94 тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205002561 тоот дугаартай, 2 өрөө орон сууцыг 89,739,300 төгрөгөөр үнэлсэн “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Гнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ж.ЭРДЭНЭЧИМЭГ